УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн өргөтгөсөн уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Улсын Их Хурлын даргын 2013 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 28 тоот захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс энэхүү уулзалтыг зохиосон бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн юм.
Уулзалт, ярилцлагыг Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт удирдан явуулж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Р.Бурмаа, С.Дэмбэрэл, Г.Уянга, Ц.Оюунбаатар нар оролцсон. Түүнчлэн улс төрийн нийт 21 намаас 41 албан тушаалтан уулзалтад хүрэлцэн ирж, санал, бодлоо солилцлоо.
Улс төрийн намын тухай, улс төрийн намын санхүүжилтийн талаар ямар чиглэлээр өөрчлөлт оруулвал зохилтой талаар байр суурь, санал, бодлоо нийт 17 албан тушаалтан илэрхийлж байв. Ингээд 2013 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр гэхэд Улс төрийн нам тус бүр хуулийн төсөлд ирүүлэх саналуудаа томъёолон, албан бичгээр УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтсон.
Улс төрийн намын тухай хуулийг анх хорь гаруй жилийн өмнө баталж, 2005 онд шинэчилсэн найруулга хийн баталсан байна. Түүнээс хойш найман жил энэ хуулиар намуудын үйл ажиллагааг зохицуулж иржээ. Харин сүүлийн жилүүдэд намын санхүүжилтийн байдал болон бусад олон асуудал намуудын өмнө зайлшгүй урган гарах болсон учраас сайтар ярилцаж, ул суурьтай шийдэж, хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болсон хэмээн УИХ-ын дэд дарга С.Баярцогт хэлж байв. Ийм учраас улс төрийн намуудын санал бодлыг сонсож, харилцан байр сууриа илэрхийлэх, санаа оноогоо шүүн тунгаах нь чухал байгаа юм хэмээн тэрээр онцолсон. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын өмнө холбогдох судалгааны шаардлагатай ажлууд хийгдсэн талаар тэрээр хэлж байв.
Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болвол, дараах зүйлд төвлөрч анхаарах шаардлагатай тухай уулзалтад оролцогчид хэлж байлаа. Тухайлбал, улс төрийн нам нь бодлогын нам байх хэрэгтэй, намын гишүүнчлэл, улс төрийн нам өмчтэй байх эсэх, намын санхүүжилт ямар байх асуудлыг судлах, намууд бүгд нэг дүрмээр “тоглодог” байх зэргийг ярих хэрэгтэй байгаа тухай ч саналууд олон гарч байсан.
УИХ-ын дэд дарга Л.Цог намуудыг “жинхэнэ төрхөнд” нь аваачих, орчин цагийн нам болгох зориг хэрэгтэй байна гэж байв.
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, өнгөрсөн 23 жилийн хугацаанд амссан гашуун туршлагадаа суурилж Улс төрийн намын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулах ёстой. Намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох, намуудын нэрсийг сонгогчдын саналын хуудсанд бичихдээ сонгогчдын саналаар дараалуулж байх, намын санхүүжилтийг төр тогтоож өгөх, улс төрийн намын байрыг төрөөс олгох хэрэгтэй талаар саналаа хэлж, долоон зүйлийг жагсааснаа УИХ-ын дэд дарга С.Баярцогтод өгсөн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, өнгөрсөн жилүүдийн алдаа оноонд дүгнэлт хийж, үндэсний онцлогоо эргэн харж, тулхтай ярих нь зүйтэй. Бид төв төрөө зохион байгуулах хэрэгтэй. Үүний тулд нийтлэг үнэт зүйл дээрээ эхлээд тогтох нь зүйд нийцнэ хэмээсэн юм. Мөн тэрээр, өнөөдөр төр намуудад “дарлуулж”, нам нь бүлэглэлүүдэд “дарлуулж”, бүлэглэл нь гишүүддээ, гишүүд нь сонгогчиддоо “дарлуулж” явж ирсэн нь нууц биш юм гэсэн.
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, бид нэг их ухаантайдаа ч засаглалыг хариуцлагатай, ил тод болгоё гээд байгаа юм биш. Энд тэндээс хуулбарлаад л, түүнийгээ тойрч баахан худлаа ярьж байгаад л баталдаг. Германд, Англид ингэдэг гэцгээдэг. Тэгэхээр бид хуулийн шинэчлэлт гэхээсээ илүүтэй хуулийн хэрэгжилт өнгөрөгч 23 жилд ямар байсныг эхлээд ярих хэрэгтэй. МАН-ын хувьд өнгөрсөн хугацааны дийлэнхид нь төр барьсан. Энэ хугацаандаа төрийн мөнгөөр хагартлаа баяжсан. Элдэв тендэр, сангуудын мөнгө иддэг аргатай. МИАТ-ийн даатгалын мөнгийг хуваагаад идсэн нь ганцхан жишээ.
Сонгуулийн булхай луйвар хийдэг аргыг МАН бүх төрлөөр нь хийж ирсэн. Тиймээс эхний ээлжинд сонгуулийн хуулийг өөрчилмөөр байна. Дээр нь намуудыг гишүүнчлэлгүй болгомоор байна. Бас МАН-ын бүх хөрөнгийг хураамаар байна. Тэгэхгүй бол сонгуулийн гараа шударга биш байна гэж байлаа.
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа намуудын асуудал тэр тусмаа санхүүжилтийн асуудал нь ойлгомжтой болно. Монгол улсын иргэн бүр эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүнд улс төрийн нам байгуулж болно, улс төрийн намд гишүүнээр элсч болно гэсэн ойлголт багтана. Энэ бол шинэ Үндсэн хуулийн ололт. Намууд нь хариуцлагатай байх юм бол гишүүнчлэлийн асуудлыг зохицуулж болно. Намуудын санхүүжилтийг ч хурдан шийдэж болно. Гэхдээ манай сонгууль маш их мөнгө шаардсан тогтолцоотой учир улс төрийн намын санхүүжилт гол асуудал болоод байна. Сонгуулийн санхүүжилтийг багасгах замаар үүнийг шийдэж болно. Англид хэвлэл мэдээллээр өөрийгөө сурталчлах нь хориотой. Харин намууд тодорхой цагтайгаар телевизээр мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчээ сурталчилдаг. Ингэснээр зардал багасаад ирж байгаа юм. Бид өмнө нь хуульд өөрчлөлт оруулах гээд болдоггүй байсан. Гол нь Үндсэн хуульд зохицож чаддаггүй байсан. Тэгэхээр Үндсэн хуулиа өөрчлөх замаар асуудалд хандмаар байна гэлээ.
Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар, намын санхүүжилтийн асуудлыг гарааны ижил нөхцөлтэй байлгахад чиглүүлмээр байна. Ардчилал хөгжсөн улс орнуудад улс төрийн намын зөв төлөвшил нь ардчиллын амин сүнс нь байдаг. Ардчиллаа зөв төлөвшүүлэхийн тулд санхүүжилтийг нь өөрчлөх хэрэгтэй. Намуудад хандив өгдөг том бүлэглэлүүд гарч ирээд төрийн бодлогыг өөрт ашигтайгаар өөрчилдөг шүү дээ. Энэ чинь төрийг буруу эргүүлээд байна. Улс төрийн тэгш оролцоог бий болгохын тулд намуудын санхүүжилтийг шийдэх хэрэгтэй.
Улсын төсвийн хөрөнгөөр эмнэлэг барих гэхээр босдоггүй. Намын байр босоод байдаг. Тэгэхээр зарим нам энэ байр савнуудаасаа улсад буцаан өгч, тэгш гараанаас тэгш өрсөлддөг баймаар байна гэсэн юм.
ИЗНН-ын дэд дарга М.Бат-Ялалт, зөв улс төрийн нам бодлогоороо өрсөлдөж, эрх мэдэлд очдог. Өнөөдөр Монголд бодлого боловсруулах үйл ажиллагаа ямар ч үнэ цэнэгүй байна. Эрх мэдэл л үнэтэй байна. Эрх мэдлээр төсөв “хулгайлж” болж байна. Тэгэхээр улс төрийн намуудын хуулийг өөрчлөхөөсөө өмнө эрх мэдлийн үнэ цэнийг бууруулмаар байна. Улс төрийн намуудыг үнэ цэнэгүй болгомоор байна. Хаана хяналтгүй сул мөнгө байгаа юм, түүнийгээ засч залруулмаар байна. Алдаагаа засахгүйгээр хуулиа өөрчлөөд байж болохгүй гэж ярилаа.
МСДН-ын дэд дарга Д.Энхзаяа, Монгол улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна гэж хуулийн төсөлд заасан нь бүх насаараа нэг намд үйлчлэх юм шиг ойлгогдож байна. Намын тухай хуулийг батлахдаа намуудын төлөөллийг оролцуулахгүй бол намууд шинэ хуулийг дагаж мөрдөхгүй. Харин өнөөдрийн хуулийн заалтын санал дээр санхүүжилтийн хяналт хариуцлагад мөнгөн торгууль ногдуулжээ. Торгохоосоо илүүтэй улс төрийн намыг сонгуульд оролцох эрхийг нь хасах байдлаар шийтгэдэг болчихвол хууль зөрчих байдал улам багасна гэж байлаа.
Ийнхүү санал бодлоо харилцан ярилцаж, дараагийн уулзалт, хэлэлцүүлгүүдэд тодорхой, ач холбогдол бүхий шийдвэрүүдийг гаргах нь зүйтэй хэмээн улс төрийн намуудын төлөөлөл санал нэгдсэн юм.
Н.Тунгалаг
Сэтгэгдэл ( 0 )