Токиод төвтэй Thediplomat.com онлайн сэтгүүлийн тоймч Бершир Миллерийн нийтлэлийг хүргэж байна.
БНАСАУ-ын удаа дараагийн өдөөн хатгалтын дараа зүүн Ази дэлхийн хамгийн халуун цэг болоод буй. Бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэж чадна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.
Удирдагчид солигдсон ч төдийлөн өөрчлөгдөөгүй Умард Солонгосын дэглэмийн ээлжит сүрдүүлэг, пуужингийн туршилт тэргүүтэй асуудлуудаас болж сүүлийн үед зүүн Азийн аюулгүй байдал эгзэгтэй болсон. Мөн дээрээс нь Токио, Бээжин хоорондын арлын маргаан, АНУ болон Япон, БНСУ хоорондын харилцаа хүйтэрсэн зэрэг асуудлууд шил шилээ даран гарсан.
Энэ бүх маргааныг дипломат аргаар шийдвэрлэх боломж Монголд байна. Thediplomat.com сайтын тоймч Э.Элизабет мөн энэ талаар сарын өмнөх нийлэлдээ дурдаж, бүс нутгийн харилцааг бүлээсгэх гол түлхүүр Монгол Улсад байна гэж үзжээ. Э.Элизабет өөрийн нийтлэлдээ “Зүүн Азийг өнөө маргаашгүй дэлбэрэх цагийн механизмтай тэсрэх бөмбөгтэй зүйрлэж болно. Үүсээд буй хурцадмал байдлыг шийдвэрлэх боломж Монголд байна. Хятадын төр засаг шинээр бүрэлдэн тогтож, гадаад бодлогоо тодорхойлохыг хүлээж суух зуураа бид Монголоос дэмжлэг хүсэх нь зүйтэй. Монголын удирдагчид Умард Солонгостой найрсаг харилцаатай байдгаа гайхуулдаг” хэмээжээ.
Үнэхээр Улаанбаатар Пхеньянтай халуун дотно харилцаатай бөгөөд үүнийгээ олон улсын өмнө бардам хэлдэг. Жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны зургадугаар сарын 16-нд Бруукингийн институтэд хэлсэн үгэндээ хоёр улсын хоорондын найрсаг харилцааг чухалчилж, “Монгол Улс Умард Солонгостой халуун дотно харилцаатай. Манай Элчин сайдын яам Пхеньянд байдаг төдийгүй хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажилладаг” гэсэн.
Зарим ажиглагчдын үзэж буйгаар Монголын гүүрээр дамжуулж Умард Солонгостой хэл амаа ололцох нь төдийлөн үр дүнд хүрэхгүй ч Улаанбаатар энэ тал дээр хүчин чармайлт гаргаж, үүрэг хүлээхдээ бэлэн байгааг нь үнэлэх хэрэгтэй гэжээ.
Монгол Улс Ардчиллын хамтын нийгэмлэгийг тэргүүлж, бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болохын зэрэгцээ авлигатай тэмцэх үйлсэд өндөр амжилт үзүүлсэндээ нүүр бардам байгаа. Авлига хээл хахуульд хамгийн ихээр идэгдсэн улс орны нэг байсан Монгол цөөн хэдэн жилийн дотор ийм өндөр амжилт үзүүлнэ чинээ хэн санах вэ? Монголд ардчиллыг авчирхад гар бие оролцсон Ц.Элбэгдорж одоо зүүн Азид өөрчлөлт хийхийн төлөө зүтгэж байна.
Иймээс Монголын хувьд дипломат харилцаагаа шинэ түвшинд гаргаж, Умард Солонгосын тал дээр шинэлэг бодлого явуулахыг нь Вашингтон, Сөүл болон Токиогийн зүгээс түдгэлзэх ёсгүй. Ц.Элбэгдорж ч өөрөө “Монгол Улс 20-иод жилийн өмнө Умард Солонгостой төстэй улс байлаа. Харин өнөөдөр Монгол Ардчиллын төлөөх хамтын нийгэмлэгийг тэргүүлж, дэлхийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг манлайлж байна” гэж хэлсэн шүү дээ.
Барьцаалагдсан япон иргэдийн асуудлыг шийдэх Токио болон Пхеньян хоорондын хэлэлцээрт Монгол хөндлөнгийн зуучлагчаар ажиллах саналыг Токио өнгөрсөн онд зөвшөөрсөн. Гэвч үүнээс хойш олон зүйл өөрчлөгдөж, Умард Солонгосын тал дээр хатуу үзэл баримтлалтай Шинзо Абе 2012 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд болсноор дээрх асуудал замхарсан.
Гэвч Умардтай хэлэлцээрийн ширээний ард суух өөр олон асуудал, шалтаг шалтгаан бий. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зургаан талт хэлэлцээрийг шинэ түвшинд нэн даруй үргэлжлүүлж, энэ асуудлыг болж бүтэх талаас нь шинэлгээр харах ёстой.
Зүүн Азийн бүс нутагт Монголын оролцоо хэрэгтэй өөр маргаантай асуудлууд мундахгүй байна. Жишээ нь ОХУ болон Япон хоорондын газар нутгийн маргаан. Олон жилийн турш үргэлжилсэн маргааныг Монгол очоод шийдвэрлэж чадахгүй ч хоёр талын хооронд хэлэлцээр зохион байгуулах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Ингэснээр хоёр тал хэлэлцээрийг дахин дахин цуцалж, харилцаагаа улам бүр хүйтрүүлэхээс зайлсхийх боломжтой юм.
Иймээс Монгол газар нутгийн маргаан зэрэг асуудалд хөндлөнгийн байр сууринаас болгоомжтой хандахын зэрэгцээ бүс нутгийн хурцадмал асуудлуудыг шийдвэрлэх үйлсэд зоримог алхам хийх нь зүйтэй. Гэвч Вашингтон, Сөүл болон Токиогийн дэмжлэггүйгээр Монгол хүчин мөхөс гэдэг нь тодорхой юм.
Эх сурвалж http://thediplomat.com/2013/03/15/east-asias-new-peacemaker-mongolia/
Сэтгэгдэл ( 3 )
Монголоо Улс шиг байлгаж газар шороондоо эзэн болохгүй байж Хүн ардаа хүн шиг амьдруулж амар амг****анг тогтоож чадахгүй байж гадагшаа харж орилооод яахав
Elbegeegiin ner xund delxii daxind iim ondor baigaa yum baina.