Аавын минь хэлсэн үг миний амьдрал болсон

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 18
Ув улаан тойрог гэдэг итгэл төрүүлчихсэн байсан Увс аймгийг ардчиллын цэнхэр хязгаар болтол нь ялалтанд хүргэж, аймаг орон нутгаа удирдаж яваа хүн бол Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн юм. Увс аймагт Ардчилсан нам ялна гэж тэр бүр хүн итгээгүй хүмүүсийн бодлыг эргүүлж чадсан Засаг даргын яриа сонирхолтой байх болов уу.  

-Таны анх ардчилалд хөл тавьж байсан үеэс яриагаа эхлэе гэж бодлоо?
-1989 онд ардчилсан хувьсгал эхлэхэд манай Малчин суманд бас бидний хэдэн залуус их сонирхож дэмжиж байсан анхдагчид нь юм. Ер нь монголчууд аливаа шинэ юмыг хурдан тусгаж авдаг мэдрэмжтэй хүмүүс шүү дээ. Би ч мөн тэдний л нэг. Нэгэн удаа Яруу найрагч Эрдэнэ ах зөвлөгөөнд явж ирээд Насанбат бид хоёрт ярьж, бид ч их сонирхож байсан санагдана. Сумын захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад нэг өдөр ажил тараад Чулуун бид хоёр гараад ирсэн чинь захиргааны хойд талд хэдэн нөхөд сууж байна. Яваад очсон чинь анхны МСДН-ын дарга бид хоёрыг элсэх үү гэж байна.Бид ч элсэе гээд л элчихсэн. Ингээд дараахан нь Чулуун МСДН-ын дарга болж, би АСХ-ний тэргүүн болж байлаа. Харин гэртээ ороод аавд хэлж их загнуулж байв.

-Аав тань их эсэргүүцэж байжээ?
-Аргагүй шүү дээ. Манай аавын аав нь Увс нь аймгийн дарга байсан, Увс аймгийн МАХН-ыг үндэслэн байгуулсан анхны хүмүүсийн нэг юм. Тийм болохоор аав маань МАХН-ын гал улаан хувьсгалч хүн байлаа. Ингээд гэрээсээ хөөгдлөө дөө. Нэг ахынхаа долоо хонолоо. Тэгээд л өдөрт аав байхгүй үед гэрт хувцасаа сольчихоод гараад явчихдаг байв.

-Та хэдэн настай байсан бэ тэр үед?
-Тэр үед бид 21 настай байлаа.

-Тэр үед залуучууд улстөрийн идэвхтэй байжээ?
-Тийм шүү. Захиргаа даяар намайг муухай хараад л эвгүй байсан даа. Би ааваасаа их айдаг байсан ч долоо хоног айлд хоночихсон. Нэг өдөр аав дуудаж байна гэхээр нь одоо болохгүй бол бууж өгөе дөө, хөгшин хүнийг зовоогоод гэж халгаж халгаж гэртээ орсон доо. Би юу ч хэлсэнгүй, толгойгоо илээд л орсон. Гэтэл аав минь “Аавын хүү, миний цаг үе өнгөрч, чиний цаг үе ирсэн байна. Цаг үедээ үнэнч яваарай. Эр хүн эргэж буцах муухай шүү” гэж захиад аягатай чихэр өгч байсан даа. Аав минь их мундаг хүн байсан юм билээ.

-Аав тань таны зорилгодоо үнэнч байгааг хүндэтгэсэн байх даа?
-Тэр үед би Баабарын “Айл гэр болж тоглох нь” гэдэг номыг гэрт үлдээчихсэн юм. Аав минь тэр номыг эргүүлж уншиж, бодож үзээд л намайг дуудсан юм шиг билээ. Аавынхаа захиснаар энэ улстөрд 20 жил нэг ч алхам эргэж буцах тухай бодож байсангүй. Аавын минь хэлсэн үг миний амьдрал болсон доо.

-Танай нутгийнхан тэр үед ардчиллыг хэр хүлээж авч байсан бэ?
-Биднийг эвгүй нөхдүүд гээд сумын хөдөлмөрчдийн хурлаар оруулаад нам хамгаалах зөвлөл байгуулна гээд Эрдэнэ ах бид хоёрыг даргаар нь тавина гэж хүртэл хуралдаж байлаа. Тэгэхэд “Ард түмнээс та нар юуг нь хамгаалдаг юм бэ” гээд Эрдэнэ ах уурлаад, бид хурлыг хаяад гарч байлаа. Мэдээж тэр үед дургүйцэх нь дургүйцэж байсан ч манай Увс аймгийн ард түмэн ардчиллыг эхнээс нь их дэмжиж хүлээж авсан хүмүүс юм шүү дээ.

-Эхнээс нь ардчиллыг дэмжиж байсан юм бол яагаад нэг ч удаа Ардчилсан нам ялалт байгуулж байгаагүй юм бол?
-Газар нутгийн хувьд хэт алслагдмал учраас дарамт ихтэй байлаа. Мөн мэдээллээс хол байдлыг нь ашиглан буруу сурталчилгаа их явагдаж байсан даа.

-Та хэдэн жилийн өмнө Малчин сумын Засаг даргаар ажиллаж байсан шүү дээ. Өөр хаана ажиллаж байв?
-Би хувийн хэвшилд зөндөө ажиллаж байлаа. Ганзагын наймаанд явж байсан. Үнэт цаасны зах зээлд оролцож байсан. 1992 оны шинэ Үндсэн хуулиар Малчин сумын Цалгар багийн даргаар мөн ажиллаж байв. Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Төрийн өмчит компаний даргаар ажиллаж байлаа. Ер нь бүх салбарт ажилласан даа.

-Сумын Засаг даргаар ажиллаж байхад тань аймгийн удирдлага МАН-ынх байлаа. Ажил явуулахад хүндрэл учирдаг байсан уу?
-Аймгийн Засаг даргатай зөрчилдөг үедээ зөрчилдөөд, санал нийлэх үедээ нийлээд ажиллаж байсан. Зарим үед ажил гацаах хэцүү л байсан. Тэгэхдээ би сумын Засаг дарга байхдаа ямар нэг юм шийдүүлчих гээд яам хавиар эргэсэн хүн байлаа. Харин манай нутгийн зөвлөл их сайн дэмжиж байсан юм шүү. Ардын нам, Ардчилсан нам хамааралгүй дэмждэг байсан. Үр дүнд нь намайг Малчин сумын Засаг дарга байхад 6,2 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн юм билээ. Тог, цахилгаан, шилэн кабель гэх мэтчилэн тэр үед хүнд л байсан. Төсөв санхүү ч хэцүү байж. 2004 онд сумын Засаг дарга болчихоод сая төгрөг олж аваад бөөн баяр болдог байсан бол 2010 онд 10 сая төгрөгтэй ажлаа өгч байлаа. Одоо бол тэрбум төгрөгөөр яригдаж байна. Орон нутагт санхүүгийн эрх мэдэл оччихлоо. Бусад эрх нь ч очиж, орон нутаг өөрсдөө асуудлаа шийддэг болох байх.

-Сумын Засаг даргаар ажиллах, аймгийн Засаг даргаар ажиллах ялгаатай биз?
-Аймгийнх арай томруулсан хувилбар гэхээс ялгаа үгүй. Одоо илүү их төлөвлөгөөтэй, барьцтай ажиллах боломж бүрдсэн байна.

-Танай аймагт Ардчилсан нам ялалт байгуулна гэж хүмүүс тэр бүр бодоогүй байх шүү. Харин та бүхэн ялна гэж бодож байв уу?
-Өрсөлдөгч МАН-ын хувьд 20 гаруй жил тасралтгүй эрх барьсан, бүх шатанд бэхжсэн, мөнгө, эрх мэдлийн сүлжээ үүсгэсэн аль аль талаараа давуу талтай байсан ч бид ялна гэсэн итгэлтэй байсан. Яагаад итгэлтэй байсан бэ гэвэл манай ард түмэн эрх чөлөөг хүсэмжилж байсан. Нөгөө талаар төрийн авлига, хээл хахууль, хүнд суртал, дарга бүгдийг зандардаг, иргэдийн өмнөөс асуудлыг шийддэг байдлаас залхсан байлаа. Тийм учраас ард олон Ардчилсан намд итгэж, Ардчилсан нам л иргэдийнхээ талд зогсож чадна гэж бодож байсан. Аймгийн намын дарга болсноос хойш удирдлага зохион байгуулалтын хувьд ч нэлээд амжилтад хүрч, намын гишүүдийнхээ итгэл урмыг сэргээсэн. Бид одоо  “Монгол хүн” хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард иргэдийнхээ үгийг сонсож, төлөвлөсөн ажил, зорьсон зорилтоо биелүүлж, эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ олгох чиглэлээр тууштай ажиллаж чадвал ардчиллын гүн бат суурь Увс аймагт сууна. Энэ бол эргэлзээгүй болсон.
 
Төрийг хариуцлагатай болгох эхний алхам
 
-Та өмнө нь нутгийн удирдлагуудад нэлээд шүүмжлэлтэй ханддаг байлаа. Засаг дарга нарын авлигын асуудлыг хөндсөн нь их олон аймагт давалгаалсан шүү. Харин өнөөдөр та өөрөө нутгаа удирдаж байна. Энэ бол том хариуцлага. Хийх ажлуудаас тань хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Бодох ч юу байх вэ, бид хийх ажлаа төлөвлөсөн байлаа. Хуучин удирдлагуудын явуулж байсан буруу бодлогыг өршөөх маягаар явбал өмнөх удирдлагаас ялгаа юу байх вэ, бидний арга барил үргэлж шинэ байх ёстой, ард нийтийнхээ талд зогсдог байх ёстой, иргэний нийгмийн байгууллага байгуулах явц тасралтгүй явдаг байх ёстой гэсэн зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд төрийг хариуцлагатай болгохоос л ажлаа эхэлсэн дээ. Эхний ээлжинд төрийн байгууллага дээр архидан согтуурах явцыг бүрэн таслан зогсоосон. Ажлын цагаар олон нийтийн газар, гудамж талбайд архи уусан байдалтай харагдвал үг дуугүй ажлаас нь чөлөөлнө. Төрийн байгууллага дээр ямарваа нэг нийллэг, дайллага зохион байгуулахгүй гэх зэргээр эхнээс нь журмаар шийдэх болох асуудлыг шийдэж байна.

Иргэний танхимийг манай аймагт байгуулаагүй байсан. Маш шуурхай зохион байгуулж, бүх сумдад иргэний танхим ажиллуулж эхэлнэ. Иргэний танхимтай зэрэгцээд Аймаг сумын Засаг даргын дэргэд иргэний зөвлөл шинээр байгуулж байгаа. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн, тухайн орон нутагт нөлөө үзүүлэх аливаа шийдвэрийг гаргахдаа зайлшгүй иргэний зөвлөлөөр хэлэлцүүлсэн байхаар журамлаж өгч байна. Иргэний зөвлөлд нам эвсэл гээд туйлшраад байхгүй, нутаг орноо гэсэн сэтгэлтэй зөв хүмүүсийг бүрдүүлж, тэр нь шийдвэр гаргах түвшинд иргэдийн дуу хоолой болж ажиллах юм. Өөрөөр хэлбэл хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зэрэг ажлыг хийнэ.

-Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх ажил их байх даа. Засгийн газар 1111 төвөөр маш их санал ирдэг юм билээ?
-Засгийн газар 1111 утсаар иргэдээ сонсдог шиг манайх бас 452222 утсаар иргэдийн саналыг байнга авч байна. Мэргэжлийн байгууллага, төрийн байгуулагууд хэлэлцүүлэг олноор зохион байгуулж байгаа. Шинэ санал, санаачилга юу байгааг сонсож байна. Яавал ард олондоо үйлчилдэг байж чадах вэ гэдэг асуудлаар ингэж ярилцах нь олон хүний санаа шингэдэг учраас их үр дүнтэй байгаа.

Төрийн байгууллагуудын нэгжүүд дээр санал өргөдөл гомдлыг хүлээж авах ажлыг зохион байгуулж, болно, болохгүйг нь хурдан шийдвэрлэдэг болгож байгаа. Цаашдаа санал, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцох системтэй болно. Ингээд аймгийн Засаг дарга сар бүрийн эцэст иргэдээс ямар санал гомдол ирж байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгааг хүлээж авч сонсдог болж байна. Иймэрхүү захиргааны шинжтэй өөрчлөлт хийж байгаа.

-Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлуудаас тань сонирхоё?
-2013-2016 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүтэн хоёр сар хэлэлцээд нэг сарын 29-нөөр эцэслэсэн. Хөтөлбөрийн үндсэн цөм нь эдийн засгийн бодлого болсон. Манай аймаг үндсэндээ хүнсний үйлдвэрээс өөр үйлдвэргүй байгаа. Тиймээс ДЦС, барилгын материалын үйлдвэр, мах комбинатууд, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр зэрэг том үйлдвэртэй болох зорилт тавилаа. Цаашлаад Улаангом хотыг дахин шинээр төлөвлөж, шинэ дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Энэ жил 800 гаруй сая төгрөг төлөвлөсөн. Хүмүүс ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө чармайж ажиллаж байгаа.

Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр бодлого гаргасан. Эдийн засгийн томоохон хуваарилалтыг хийгээд айл болгоныг ажилтай, орлоготой болгочихвол манай эдийн засгийн суурь бүтэц зөв тавигдана. Бүс нутгийн эдийн засгийн харилцаа ч хөгжих их бололцоо бий. Манайх хөрш зэргэлдээ Тува, цаашлаад Красноярсктай соёлын харилцаа байсан бол одоо эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бүх талын боломж байна. Япон, Солонгос, Халимаг, Хятадын Шинжаан мужтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байна.

Энэ дөрвөн жилд дэд бүтцийн асуудлыг шийдэж, Оросоос эрчим хүч авдаг байдлыг болих зорилготой байна. Дотооддоо цахилгаан үйлдвэрлэж, Баян-Өлгий, Ховдыг хангах ажлыг хийж эхэлнэ. Тосонцэнгэл, Ховд хүртэл автозамын асуудлыг шийднэ. Шилэн кабельд холбогдоогүй сумаа холбоно. Газар тариалан, мал аж ахуйг эрсдлээс хамгаалах, хөгжлийг түргэтгэх талаар томоохон бодлого явуулж байгаа. Цаашдаа эрүүл мэнд, боловсролын асуудлыг хэрхэн талаар ажлууд төлөвлөсөн байна.

Багш солилцоод эхэлсэн. Улаангомын сайн багш нарыг хөдөө суманд, сумынхныг Улаангомд солилцож байна. Багш, эмч нарыг давтан сургах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, гадаад дотоод улсад явуулж туршлага судлуулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Манай эрүүл мэндийн байгууллага хурдтай ажиллаж эхэлж байгаа. Энэ бүхнийг хувийн хэвшилтэйгээ, иргэдтэйгээ хамтарч хийнэ.
 
Ард түмний сонголтыг хүндэтгэх л ёстой шүү дээ
 
-Засаг даргын шинэ баг эрч хүчтэй ажлаа явуулж байгаад эргэлзэхгүй байна. Гэхдээ өөрчлөлтийг хүмүүс тэр бүр амар хүлээж авдаггүй. Халаа сэлгээний асуудал хэл ам дагуулж байна уу?
-Дургүй ч гэлээ өөрчлөлтийг хийж байж ажил явна. Шийдвэр гаргах түвшний хүмүүсийг ажиллуулахгүй гэдгээ шулуухан хэлсэн. Тийм шаардлага ч байлаа. Нэг байгууллагын 13 хүний 12 нь ах дүү хамаатан байсан жишиг манайд байсан. Ингэж хувийн компани шиг болгочихсон газруудыг өөрчилж байна. Шүүмжлэл ч дагаж байна, гэхдээ ихэнх нь биш. Зарим нэг нь шүүмжиллээ гээд бид санаачилгаа өөрчлөхгүй.

Гэхдээ би нэг их олон хүн халаагүй. Ардчилсан нам орохоороо МАН-ыг хашаанаасаа хөөж гаргана гэсэн зарчмаар ажиллаагүй. Адилхан манай ард түмэн шүү дээ. Ажлаа хийж чаддаг, төвөг чирэгдэл учруулахгүй, хамтран ажиллах хүмүүстэйгээ хамтран ажиллана. Манай баг итгэлтэй, сайн ажиллаж байгаа. МАН ялсан хэдэн сум бий. Тэд намайг яваад очиход зарим нь “Та дэмжих үү” гээд болгоомжилж байлаа. Би дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Урьд нь МАН засаг барьж байхад АН ялсан сумууд хаягддаг байсан. Тэгж сонголтоо хийсэн ард түмнийг хаядаг, хашраадаг байж болохгүй. Ард олны сонголтыг хүндэтгэж, ар өврөөр нь ард түмнээ ялгахгүй.

-Ерөнхийлөгчийн санаачилсан иргэдийн оролцоог хангах асуудал сүүлийн үед хэрэгжих суурь бүрэлдэж байна. Магадгүй ардчилал ялсны нэг үр дүн юм уу гэж харж байгаа?
-Энэ бол манай Үндсэн хуулийн зарчим. Бидний 20 жил ярьсан зүйл иргэдийн оролцоо шүү дээ. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаад ирэхээр хариуцлага тодорхой болдог. Хариуцлага тодорхой байвал бүтээлч байдал бий болно. Төрийн ажлыг зохион байгуулах, иргэдтэйгээ хамтран хийх ажил зөв явна. Дарга шийдээд, ганц даргын даалгавраар явсан ажил явдаггүй.

Анх иргэдээ сонсох утастай болоход эхэндээ утсаар ажилд оруулж өг гэсэн асуудал ярьдаг байлаа. Одоо бол энэ болохгүй байна, түүнийг янзлая, зогсооё өөрчилье гэсэн санал санаачилгууд хэлдэг боллоо. Иргэд өөрсдөө төрийн шийдвэр гаргах түвшинд оролцохын давуу талыг удахгүй мэдэрнэ. Дөрвөн жилийн дараа гэхэд төр ийм байх ёстой гэдгийг ард олон ойлгосон, хамтдаа асуудлаа шийддэг төртэй болсон байна.
 
-Ярилцсанд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд иргэддээ хандаж юу хэлэх вэ?
-Ардчилал ялдаггүй таван аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Төв, Булган, Баян-Өлгий, Ховд, Увс аймаг. Энэ бол Монголд ардчилал гүн бат суусныг харуулж байна. Одоо бид хөдөлмөрлөх, бие биенээ дэмжих, хамт хөгжихийн төлөө зүтгэх л үлдэж байна. Энэ олж авсан эрх чөлөөгөө тордож, эрх чөлөөнийхөө манаач байхгүй бол алдах амархан. Тийм учраас иргэдээ шийдвэр гаргах түвшинд оролцож, хамтдаа хөгжихийг уриалж байна. Миний өмнөөс хэн нэгэн шийднэ гэж битгий найд. Таны асуудлыг та өөрөө шийднэ. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд хийе бүтээе гэсэн бүтээлч санаачилгаа гарга. Түүнийг чинь аймгийн Засаг даргын хувьд бололцоотой бүхнээрээ дэмжинэ. Архи тамхи зэрэг муу зуршлаасаа салъя, төрөө шаардаж идэвхтэй хамтран ажиллаарай гэж хувийн хэвшил, иргэддээ хандаж хэлмээр байна.
 
М.Уранаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(122.201.18.204) 2013 оны 03 сарын 18

Ene ix syrxii z**uu b.a lee.Ix zyiliig uvsiin ard tymendee xiij byteegeeree. ardcchill**iig ergej buts**tgyi togs uragshluulna shyy.

0  |  0
буфф****о(202.55.191.35) 2013 оны 03 сарын 18

Цэндсүрэн сайн ажиллаж байгаа гэж ард түмэн бодож байгаа шүү.

0  |  0
Top