Ц.Чулуунзагд: Онлайн Парламент, Засгийн газарт хэн ч нэрээ дэвшүүлж, өрсөлдөх боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Таны дуу хоолой цуурай мэт замхардаг байсан бол цаашид тэгэхгүй нь. Харин бодит ажил болж таны амьралд үр дүн дагуулах цаг айсуй. Учир нь Монголд анх удаа Онлайн парламент, Онлайн засгийн газар байгуулагдах  гэж байна. Энэ талаар Zindaa.mn сайтын Ерөнхий захирал Ц.Чулуунзагдтай ярилцлаа.

-Интернэт бол  даяарчлалын нэг том элемент. Тэрчлэн интернэтэд суурилсан  онлайн сэтгүүл зүйн салбарын төлөөлөгч та бүхэн Онлайн парламент, Онлайн засгийн газар төслийг санаачилсан нь хэтийг тооцсон, ач холбогдолтой үйл ажиллагаа болов уу гэж харж байна?

-XXI зуун бол мэдлэг, мэдээллийн эрин. Технологийн хөгжил хурдацтайгаар урагшилж байгаа энэ цаг үед интернэт хэмээх дэлхийг хэрсэн сүлжээ хүмүүс бидний өдөр тутмын салшгүй хэрэгцээт зүйлсийн нэг болсон. Монгол Улсын 21 аймагт шилэн кабель нэвтэрснээр орон нутгийн иргэд ч интернэт хэрэглэгчид болжээ. 2011 оны байдлаарх судалгааг харахад 700 мянга гаруй хүн буюу насанд хүрсэн иргэдийн тал хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн дүн гарсан байдаг. Тэгвэл одоо энэ тоо нэмэгдэж Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрлээ гэсэн судалгаа байна.

Тиймээс ч Zindaa.mn сайт, “Online PR Agency” хамтран зохион байгуулж буй “Онлайн парламент”, “Онлайн засгийн газар” төсөл нь бодит үр дүнд хүрэх хөрс суурь нь хангалттай бүрэлдсэн гэж бид үзэж байгаа. Бид интернэт хэрэглэгч  бүхий л иргэдэд цахим ертөнцөөр дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалуулж, үзэл бодлоо илэрхийлэх Онлайн парламентад, Онлайн засгийн газарт   сонгох, сонгогдох боломжийг олгож байна. Энэ нь эцсийн дүндээ төрийн бодлого, шийдвэрийг  иргэн бүрийн амьдралд илүү ойртуулахад чиглэж байгаа юм.

-Монгол Улс хэлбэрийн хувьд Төлөөллийн ардчилалтай. Иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон эрхмүүд эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Гэвч манай тухайд хэтрүүлэн хэрэгжүүлэх хандлага давамгайлж ирсэн. Тиймээс ч иргэд  төр, засгийн газрын болон нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдөө биеэр оролцдог байх шаардлагын тухай ярих болсон. Тэгвэл Онлайн парламент, Онлайн засгийн газрын үйл ажиллагаа тийм боломжийг дагуулах болов уу?

-Ер нь ардчилал  гэдэг үг хоосон тунхаг байх ёсгүй. Ард түмний засаглал гэсэн агуулгатай үг. Тэгэхээр ардчиллын эд эс болсон иргэн бүр нийтлэг эрх ашгийнхаа үүднээс төрийн бодлого, шийдвэрт  дуу хоолойгоо тусгах нь нэг талаас эрх нь, нөгөө талаас үүрэг нь гэж үздэг.  Тиймээс ч Төлөөллийн ардчилалтай Монгол Улсын иргэд өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүд болоод, тэндээс сонгогдсон Засгийн газрын гишүүдтэй уулзаж, тухайлсан асуудлуудтай холбогдуулан  шууд санаа оноогоо солилцож, нөлөөлөх боломж тун бага. Тиймээс ч хууль тогтоогчдын баталсан хууль, гаргасан шийдвэр бүрийн араас иргэдийн шүүмж дагадаг. Хөрсөн дээр буухгүй байна. Бодит нөхцөл байдлаас зөрж байна гэх асуудлууд яригддаг. Тиймээс бид бүхэн  иргэддээ дуу хоолойгоо үр дүнтэй, хүчтэй илэрхийлэх боломжийг олгож байна.

-Тэгвэл Онлайн парламент, Онлайн засгийн газрын талаар иргэдэд илүү тодорхой мэдээлэл хэрэгтэй байх?

- Онлайн парламент 33 тойргоос бүрдсэн 33 төлөөлөгчтэй. 30 нь Монгол улсын 21 аймаг есөн дүүргийн төлөөлөл. Харин үлдсэн гурав нь гадаадад байгаа монголчуудыг төлөөлөх юм.

Тодотгоход, энэхүү ярилцлагыг уншиж байгаа уншигч та ч гэсэн онлайн парламентын төлөөлөгч болж болно. “Онлайн парламент”-д  нэр дэвших хүсэлтэй иргэдийг энэ сарын 18-аас эхлэн арав хоногийн хугацаанд онлайнаар бүртгэж байна.  18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол Улсын иргэн хэн ч бай нэр дэвших эрхтэй. Онлайн парламентын  хувьд сонгогдсон төлөөлөгч зөвхөн тойргийнхоо асуудлыг л хэлэлцэнэ. Та Баянзүрх дүүргээс сонгогдсон бол иргэдийнхээ дуу хоолой нь болж, тэдний үзэл бодол, санал санаачлагыг төрийн түшээдэд хүргэнэ гэсэн үг. Тухайлбал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд зарцуулах ёстой нэг тэрбум төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэд юунд зориулахыг хүсч байгааг. Хүүхдийн цэцэрлэгтэй болох уу, эсвэл гэр хорооллын дунд худагтай болох уу, тоглоомын талбай барих уу өөр шинэ бүтээн байгуулалт хийх үү зэрэг тойргийнхоо иргэдийн саналыг нэгтгэж, сонгогдсон төрийн түшээдэд дамжуулан, асуудлыг зөв шийдвэрлэхэд тусална. Мэдээж та өөрийн сонгосон онлайн парламентын төлөөлөгч тойргийнхоо сонгогчдыг бүрэн төлөөлж чадахгүй байна гэж үзвэл  эргүүлэн татах бүрэн эрхтэй.

Онлайн парламентын төлөөлөгч нь эрх ашгийн зөрчилгүй, цалин пүнлүү авдаггүй, зөвлөх туслах зэрэг зөндөө олон ажилтангүй, зөвхөн өөрийн сэтгэлийн дуудлагаар иргэдэд үйлчлэх юм.  Онлайн парламентаар дамжуулан эх орныхоо хөгжилд таны оруулах хувь нэмэр, хувь хүний оролцоо улам бүр нээлттэй болж таны дуу хоолой  цуурай  биш бодит ажил  болох цаг ирж байна гэдгийг хэлье.

-Тэгвэл Онлайн Засгийн газрын тухайд гишүүдээ хэрхэн томилох вэ? Магадгүй сүүдрийн Засгийн газар гэдэгтэй холбож харах хэсэг байж болох юм?

-Онлайн Парламент байгуулагдсаны дараа буюу ирэх дөрөвдүгээр сард Онлайн засгийн газрыг байгуулна. Онлайн засгийн газар нь сүүдрийн Засгийн газар биш. Гэхдээ төстэй зүйл бий. Сүүдрийн засгийн газрыг улс төрийн сөрөг хүчин байгуулж, шинэчлэлийн засгийн газрын хийж байгаа үйл ажиллагааны зөвхөн буруу, сул болоод дутуу  дулимаг хийсэн зүйлийг л харж, шүүмжилдэг. Онлайн засгийн газар шинэчлэлийн засгийн газрын зөв зүйтэй алхам, ард түмэнд үр ашгаа өгөх шийдвэрүүдийг дэмжинэ.  Мэдээж болж бүтэхгүй, хэрэгжихгүй үйл ажиллагаа байвал эсэргүүцнэ, шүүмжилнэ.

Иргэдэд Онлайн засгийн газарт багтаж, Шинэчлэлийн Засгийн газрын сайдын хэмжээнд санал бодлоо илэрхийлж, улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг нээж өгч байгаадаа баяртай байна. Тавигдах шаардлагын тухайд мэдээж та 18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол Улсын иргэн байхад л хангалттай. Засгийн газрын бүтцийн хувьд 19 сайдтай. Ерөнхий сайд болон  асуудал эрхэлсэн 18 сайдтай. Тухайлбал, Оюутолгойн асуудал эрхэлсэн сайд, Эх нялхсын асуудал эрхэлсэн сайд  гэх зэргээр нийгэмд хамгийн анхаарал татсан томоохон асуудлуудыг эрхэлнэ.

Сайд бүр өөрийн гэсэн хариуцах ажилтай, хүлээх үүрэгтэй. Онлайн засгийн газрын сайд нар сайн дураар нэрээ дэвшүүлж байгаа ч олны саналаар сайд болох эсэхээ шийдүүлнэ. Тэдэнд төрөөс өгөх цалин, хангамж, унах машин, авах тендэр  гэж үгүй. Онлайн засгийн газрын сайдууд ард түмэнтэйгээ нийлж шийдвэр гаргах эрхтэй. Гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгохын  төлөө тууштай тэмцэх эрхтэй, үүрэгтэй.

-Онлайн засгийн газрын шийдвэр болоод Шинэчлэлийн тодотголт Засгийн газрын шийдвэрүүдийг уялдуулах тал дээр юу хийх вэ. Та бүхний сэдсэн энэхүү ажлыг засгийн нөхдүүд хэдийнэ мэдсэн байх. Ер нь хүлээж авч байгаа хандлага нь ямар байна вэ?

-Онлайн засгийн газраас гаргасан шийдвэр шинэчлэлийн Засгийн газрын шийдвэртэй заавал нийцэх албагүй. Учир нь нь аливаа шийдвэр иргэд олон нийт рүү чиглэсэн, ард түмний төлөө байх ёстой. Хэн нэгний эрх ашигт хавчуулагдаагүй, эрх мэдэл, мөнгө хөрөнгөнд худалдагдаагүй санал санаачлага эндээс төрнө. Онлайн засгийн газраар  дамжуулан эх орныхоо хөгжилд таны оруулах хувь нэмэр, хувь хүний оролцоо улам бүр нээлттэй болох боломжийг олгож байгаа юм.

Ер нь бол Онлайн парламент, Онлайн засгийн газар байгуулах болсон талаар Засгийн газар болон улс төрийн  нам, эвслийн удирдлагуудтай уулзаж дуулгасан.

-Иргэдийн дуу хоолойг цуурай биш бодит ажил болгох онлайн засаглалын эрхмүүдийг мэдээллээр хангах үүргийг зохион байгуулагч та бүхэн хүлээж байгаа биз?

-Тиймээ. Онлайн парламентийн төлөөлөгч, онлайн Засгийн газрын сайд нарыг мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй. Тиймээс манай Zindaa.mn  сайт, “Online PR Agency” гэсэн хоёр байгууллагаас Мэдээлэл судалгааны баг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг, Үйл ажиллагааны баг гэсэн гурван баг гарч ажиллаж эхэлж байна. Багууд  УИХ, Засгийн газар, аймаг, нийслэлийн ИТХ, дүүргийн Засаг дарга, яам, Тамгын газрын холбогдох мэдээллээр хангана. Гэхдээ УИХ, Засгийн газарт хэлэлцэж байгаа  олон асуудлыг бүгдийг нь хэлэлцэх биш. Иргэдийн өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлуудыг нь түүж, онлайнаар  хэлэлцэх боломжийг бүрдүүлэх юм. Мэдээж иргэдийн зүгээс  санал санаачилга, хуулийн төслийн талаар үзэл бодлоо хүргэж болно. Үнэхээр зөв зүйтэй санал байвал  Онлайн парламентийн төлөөлөгч, Засгийн газрын сайд нь хэлэлцээд, шийдвэртээ тусгана. Цаашлаад УИХ, Засгийн газарт хүргэж,  ажил хэрэг болгохын төлөө зүтгэх, шаардлага тавьж ажиллах үүрэгтэй юм.

-Онлайн парламент болоод Онлайн Засгийн газрыг  улстөрийн намуудын ашиг сонирхлоос хэрхэн хамгаалах вэ? 

-Парламентад сонгогдсон 33 төлөөлөгч, Засгийн газрын 19 сайдтайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Онлайн Парламент, Засгийн газар өөрийн гэсэн дэгтэй, журамтай. Үүний дагуу гэрээгээ зөрчсөн төлөөлөгчийг эргүүлэн татаж, нөхөн сонгууль явуулах гэх мэт хариуцлага тооцох системүүд бий.

-Санал хураалт олны нүдэн дээр шууд онлайнаар явагдана гэж ойлгож байна.  Ер нь санал хураалтад ямар нэг байдлаар гадны нөлөөлөл оруулахгүйн тулд хэрхэн анхаарч байна вэ?

-Санал хураалт шударга явагдана гэдгийг бид баттай хэлж чадна. Интернэтээр олон нийтийн санал асуулга явуулах янз бүрийн арга байдаг. IP хаягаар явуулах,  эсвэл фэйсбүүк, твиттер хуудсаар нь дамжуулж авах гэх мэт. Бидний хувьд санал бүрийг алдалгүй авах, давхардуулахгүй авах хамгийн сайн технологийг ашиглана. Манай программ хангамжийн инженерүүд энэ тал дээр маш сайн зохицуулж ажиллаж байгаа.

Ер нь бол олон нийтийн санал асуулга явуулах учраас нэр дэвшиж байгаа хүн бүр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой. Тухайлбал, тухайн тойргоос нэр дэвшиж байгаа хүн  энэ зургаан сарын хугацаанд ямар асуудлыг шийдэх вэ гэдгээ дэвшүүлнэ. Хоёрдугаарт, санал хураалт явагдах гурав хоногийн хугацаанд зохион байгуулагчдын зүгээс тодорхой хэмжээний асуулгууд явуулна. Тэр хүрээнд хэн ямар үзэл бодол, байр суурь илэрхийлж байгааг иргэд уншиж, судалснаар  тухайн хүнд саналаа өгөх юм.  

йл ажиллагаа нь яг  хэдийнээс эхлэх вэ. Онлайн засаглалынхны ажиллах орчин нь интернэт гэхээр хүртээмжийн хувьд үнэхээр өргөн байна гэдэгт итгэж байна шүү?

-Парламентийн төлөөлөгчдийг сонгох санал асуулга дөрөвдүгээр сарын 1-нд дуусна. Дөрөвдүгээр сарын 3-нд олонхийн саналаар сонгогдсон 33 төлөөлөгчтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан анхны хуралдаанаа эхэлнэ.

Өөрийн тань хэлж байгаачлан интернэтийн орчин бол манай Онлайн парламент, Засгийн газрын танхим нь байх юм. Монгол Улсын иргэдийн тал хувь нь цахим хэрэглэгч гэж дээр хэлсэн.  Иргэд ажил дээрээ байхдаа ч, ажлаа тараад кофе ууж суухдаа ч интернэтэд л холбогдсон байгаа бол бидэнд саналаа хэлж болно. Бусдын санал, шүүмжлэлийг ч унших, үзэх боломжтой.

33 төлөөлөгч, 19 сайд нар  долоо хоног бүр онлайнаар хуралдахаас гадна хоорондоо уулзаж асуудлаа ярилцах, тэр бүгдийг нь онлайнаар шууд дамжуулах маягаар зохион байгуулна.

- Онлайн засгийн улстөрчид цалингүй бас ямар нэг тендер авахгүй гэхчлэн харвал  төрд байгаа эрх мэдэлтнүүдээс  ашиг сонирхлын хувьд тун их ялгаатай байх нь ээ?

-Ашиг сонирхол гэж ярьвал Шинэчлэлийн Засгийн газрын сайд, онлайн Засгийн газрын сайд хоёрын дунд олон ялгаа байгаа. Онлайн Засгийн газрын сайд иргэдийн татварын мөнгөөр цалинждаггүй. Төсвийн мөнгийг зарцуулдаггүй.Засгийн машин унаж, утасныхаа төлбөрийг татварын мөнгөөр төлддөггүй. Тендер авах  эрх мэдэл байхгүй. Тийм учраас Онлайн Парламент, Засгийн газрын шийдвэр бол ард иргэдийн хүсэлд нийцсэн, нийгмийн хэрэгцээнд нийцсэн эрүүл шийдвэрүүд болж гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-21 аймаг интернэтэд холбогдоод байгааг та ярианы эхэнд онцолж байсан. Ер нь орон нутгийн иргэдийн оролцооны тал дээр анхаарах асуудлууд юу байна вэ. Тухайлбал, Хөвсгөлийн төлөөлөгчийг сонгоход Улаанбаатарын иргэн санал өгч болох уу?

-Интернэт орчин бол цаг хугацаа, орон зайнаас хамаардаггүй. Хөдөө, хотын хаана ч байсан интернэтэд холбогдсон л бол иргэд ижил хэмжээнд оролцох боломжтой. Тиймээс Онлайн парламентийн хувьд “Заавал тухайн орон нутагт амьдардаг байх ёстой” гэж заагаагүй. Улаанбаатарыг бодвол хөдөө орон нутагт интернэт хэрэглэгч бага учраас онлайн Парламентийн төлөөлөгчийг сонгох сонгуульд санал өгөх тоо орон нутгаас хязгаарлагдмал юм шиг санагдаж байж магадгүй. Тэгвэл хотод болон гадаадад амьдарч байгаа Хөвсгөлчүүд саналаа идэвхтэй өгөх боломж нээлттэй байна.

Бодоод үздээ. Хөвсгөлөөс сонгогдсон төлөөлөгч гадаадын улс оронд явж байхдаа ч Хөвсгөлд байгаа иргэдийнхээ санал, бодлыг онлайнаар ажил хэрэгтээ тусгаж явахад нээлттэй. Хамгийн гол нь, тухайн төлөөлөгч өөрийн төлөөлж буй аймгаа, тойргоо маш сайн мэддэг, ард иргэдийнхээ төлөө цохилох зүрхтэй хүн байх ёстой.

Эцэст нь хэлэхэд, улс орныхоо хөгжил, дэвшил иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сайн дураараа нэгдэж, хувь нэмрээ оруулах зорилготой үйл ажиллагаа. Тиймээс аль болох   олон хүнийг хамруулахын төлөө бид  ажиллана.

-Цаг гарган ярилцсан баярлалаа. Амжилт хүсье.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Il tod hii(122.201.18.5) 2013 оны 03 сарын 20

Bitgii tarhi ugaa. Uursduu ajlaa hii. Oyunyg bitgii hulgail. Uneheer tiim bol setgegdel buu ustga. Yadaj televiz ON-iin heregsleer zarlaj devshuul. Tsahim yurtuntsuur hunii oyun sanaag une tulburgui ashiglahaa zogsoo. Buduuleg usan ***** yum hiih yum.

0  |  0
**i**agch(182.160.5.241) 2013 оны 03 сарын 20

mun sain zvil sedej hiivee

0  |  0
111(94.86.67.62) 2013 оны 03 сарын 19

Zindaa mn iihen ih goi goi zuils sedej ajil hereg bolgoh ym aa deer ter 76gishuuniig taav** mungu ugnu ntr geed bsan yu bolson be?

0  |  0
orgilbro(202.170.80.45) 2013 оны 03 сарын 19

битий тэгэж нийгмийн сэтгэл зүйгээр тоглож бай

0  |  0
Сайд(203.194.114.130) 2013 оны 03 сарын 19

Өө наадах чинь тэгээд эрх мэдэл хиртэй юм бэ?? Авилг**** авч болохуу?? Унаатай юу??? Контор савтай юу??? Сайд болчихвол ядаж ганц тендер хусах боломж бий юу?? Ийм юмгүй бол наад сайд майдаар чинь яах юм. Цэвэрлэгч хийгээд хэдэн төгрөг олсон нь дээр. Ганхуяг сайд шиг Оюу-толгойгоос овоо юм унагахаар байв**** ч ёстой цусаа гарт**** үзмээр байна.

0  |  0
Top