Саяхан МАН-ын дарга Ө.Энхтүвшин гишүүддээ хандан захидал илгээсэн. Тэгвэл гишүүдээс нь түүнд хандан захидал илгээх болжээ. Түүний нэг МАН-ын бага хурлын гишүүн О.Алтансүхийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН ТАНАА
Эрхэм Таны намын гишүүд, дэмжигчиддээ хандсан илгээлттэй сайтар танилцаад, гишүүд, дэмжигчдийг өөрсдийн дүгнэлт, санал бодлоо нээлттэй хуваалцахыг хүссэн байх тул энэхүү захидлыг бичих болсноо юуны өмнө хэлэх нь зүйтэй болов уу.
Намын дарга намын шинэчлэлийн асуудлаарх өөрийн байр суурийг хэт оройтуулан илэрхийллээ гэж байгаа зарим хүмүүстэй нэг талаар санал хуваалцаж байгаа хэдий ч, зөвхөн намын шинэчлэлийн асуудлаар хязгаарлаагүй уг илгээлтэд улс орны болон намын хөгжлийн олон чухал сэдэвт нухацтай дүгнэлтүүд хийсэн байх тул талархал дэвшүүлж, намын ажилд тодорхой ахиц дэвшил гарах болов уу гэсэн найдлага төрснөө илэрхийлье.
Та ард түмний зүгээс Монгол Ардын Намаас хүсэж буй хүлээлт, энэ хариуцлагыг ухамсарласан шийдвэртэй арга хэмжээг жирийн гишүүдтэйгээ хамтран яаралтай хийх шаардлагатай болсон талаар өгүүлж илгээлтээ эхлүүлжээ. Энэ бол шинэчлэлийн бодлогод таны баримтлах гол зарчим болох юм байна хэмээн ойлгов. Энэ бол эгэл мэт боловч, эрхэм чухал санаа биз ээ.
Олноороо хэлэлцүүлэх нь намын шинэчлэлд гол зарчим мөн. Гэсэн ч анзаарахгүй өнгөрч боломгүй нэгэн санааг заавал дуулгахыг хүсэв.
Намын шинэчлэлийг ёстой бүгд л ярьж байна. Гишүүн бүр олон чухал санааг хөндөж байгааг нэг бүрчлэн анхаарч үзэх нь мэдээж. Гэхдээ олны дунд ойворгон нэгэн байдгийн жишгээр таагүй хандлага, амиа бодсон бяцхан “тоглолт” ч бас байна. Үнэндээ шинэчлэл ярих болсон зарим гишүүдийн хувьд болчимгүй гэмээр үйлдэл гаргаж, энэ нь олны ярианы үндэс болж буйд сэтгэл эмзэглэхгүй байж чадахгүй нь.
Манай зарим нэг шинэчлэгчид, намын гишүүдийн дундаас авилга авсан байж болох 21 хүний нэрийг зарлана гэх мэт зүйл ярьж, өөрийн нэр хүндээ өргөж, “шудрага болох” гэсэн үйлдлийг эрээгүй хийж байх юм. Өмнө нь намд чухал ажил хийж байсан энэ эрхэм одоо “шудрага” болчихсон гэж үү. Эсхүл өмнө нь нүдэн балай явсан хэрэг үү? Эрхэм чухал ажилтай байхдаа үнэнийг илчлэхгүй юу хийж явсан хүн бэ гэх мэт содон гайхмаар асуултууд хөврөх юм.
Энэ нь өнгөндөө түүнийг хэн болохыг нь намын нөхөд бид таниад өнгөрөх мэтээр харагдаж буй боловч, нөгөө талаас иргэдийн дунд энэ мэдээлэлд нь гайхах, цаашлаад намд бүхэлд нь эргэлзэх сэтгэлийг давхар дагуулж мэдэх тул харамсал төрүүлэм байна.
Нуухыг нь авах гэж байгаад.... гэж Монголчуудын үг бий. Энэ зарчмыг намын шинэчлэлийн гол арга, зарчим болгож гэмээн олон хүмүүс санаа амар байхсан. Тэгэхгүй бол “шудрага байр суурь” илэрхийлэх гэсэн зарим бие хүмүүсийн “тодорхой зорилготой кампанит ажил” нь цааш гүнзгийрвэл, намын нэгдмэл чанар, үгүйдээ нэр хүндэд арилшгүй толбо үүсгэх аюултайг олон мянган эгэл жирийн гишүүд сэтгэлд зовинон байгааг бүх шинэчлэгчид анзаарч буй хэмээн найдна.
Чухам энэ шаардлагыг намын шинэчлэлийн асуудлаар дуугарч, санаагаа чилээж буй журмын нөхөд маань анхаараасай гэж жирийн гишүүд бид чин сэтгэлээсээ хүснэ.
Илгээлтийн эхний бүлэг намын амьдралын түүхэн цаг үе, өмнөх сонгуулиудын алдааг оноог “базан дүгнэсэн” аж. Эдгээр асуудал их олон удаагийн намын хурал, идэвхитэнүүдийн зөвлөгөөнөөр яригддаг байсан тул, шинэ сэдэв байсангүй. Гэхдээ маш товч, цэгцтэй дүгнэлт нь намын шинэ залуу гишүүдэд танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
2012 оны сонгуулийн ялагдалын гол шалтгааныг олон талаас харсан ба тэдгээрийн дотроос МАХН нэртэй шинэ хүчин үүсчихээд санал хуваагаад байгаа нь уугуул нэрээ сэргээснээс болсон гэхээсээ илүү, томчуулын хоорондын үл ойлголцлын үр дагавар гэж Та дүгнэжээ.
Энэ нь нэг талаас үнэн боловч, эргэн санахад манай аливаа шийдвэр цөөн хүрээнд гарч, тэр нь аливаа бүлгүүдийн эрх ашгийн шууд шахалтаар явах болсоноор цөөнхийг үл хүндэтгэх бардамнал нь үйл ажиллагааны үндсэн арга болон баттай төлөвшиж буйг давхар сануулж байгаагийн илрэл гэж дүгнэмээр.
Намын ардчилалд энэ гажиг, голидрол болон замнаад буйн тод жишээ, бидний хамтын эмгэнэл болж байгааг сануулж буй хэрэг. Намын төлөөлөлийн зарчим нь бүлгүүдийн төлөөлөл болж явцуурсаны илрэл бол энэ. Чухам эндээс намын шинэчлэл эхлэх учиртай гэж бодно.
Одоо дүүрэг, аймгийн намын байгууллагуудын дунд шинэчлэл нэрийн дор намын тэргүүлэгчид, дарга нарыг хавтгайруулан солих, энэ солио дунд эрх мэдлийн хүрээнд нөлөөгөө тогтоох гэсэн бүлэглэлүүдийн зөрчил ид газар авч байгааг хэн хүнгүй л мэдэрч байна.
Ажлаа мэддэг, олонд нэртэй намын байгууллагын удирдлагуудыг шинэчлэл нэрийн дор аймаглан солих нь оноо гэхээс илүүтэй, алдаа болох биш үү. Тиймээс олондоо нэртэй, ажилдаа сэтгэлтэй нэгнийг ажлаа хийх боломжийг нь олгож, эрх мэдэлдээ ташуурч явсан нэгэнд нь алдааг нь ойлгуулах эрхийг намын үүрүүдэд, жирийн гишүүдэд олгох нь зүйтэй гэж бодно.
Илгээлтийн энэ хэсэгт аливаа ялагдалын шалтгааныг хаа нэгтээгээс олж, хөндлөнгийн хүчин зүйлсийн талаар ярихаасаа илүү өөрсдөөсөө шалтгаалсан асуудлууд, алдаа эндэгдлээ олж харж, ний нуугүй ярилцаж дүгнэлт хийх нь хожимдоо тустай гэж та үзжээ.
Ер нь бид гэмийг өөрсдөөсөө биш, бусдаас хайх хялбар арга, “уснаас хуурай гарах” технологид сайтар суралцаж байгааг жишээгээр нотлож, баримтаар батлах шаардлагагүй. Энэ талаар бид олон удаа эмзэглэн ярьдаг ч, яг ингэж түс тас дүгнэсэнийг өмнө нь хараагүй.
Үзэл баримтлалын шинэчлэлийн тухай эргэцүүлэн ярьдаг, эмзэглэн хөнддөг, нухацтай санал дэвшүүлдэг бүх талууд, тэр тусмаа намын “уураг тархи болсон” оюунлаг хүмүүсийн нийтлэг зарчим нь зүүн төвийн байр сууринд баттай үлдэх эрмэлзлэл байдаг ба үүнтэй таны байр суурь давхцаж байгаа юм байна гэж жирийн гишүүн хүний хувьд үзэж, харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болох МАН-ын ээлжит XXVII Их Хурлаас өмнө энэ ажлыг улс төрчид, эрдэмтэн судлаачид, гишүүд дэмжигчдийн төлөөлөл бүхий чадварлаг баг гарган улс төрийн нухацтай дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэсэн нь эрүүл шийдэл болно гэж ихээхэн дэмжиж байна.
Намын шинэчлэлийг хөгжүүлэхдээ байнга л шахам дагалддаг, үзэл баримтлалын өөрчлөлт, өмнө, одоогийн нэр гэх зэрэг олон асуудлыг хөндөхгүйгээр нэгэнт олонхиор гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, харин үндсэн хэдэн зарчим дээр нэгдэж тэдгээрийг ягштал мөрдөх саналыг Та дэвшүүлжээ.
Нэг. Намын “Ахиллын өсгий”, эв нэгдлийн эмзэг цэгийг сохроор бишрэн шүтэх (фанатизм маягийн), эсхүл дарамт, шахалт, болгоомжлолд автан дуугүй гар өргөдөг хуурамч эв нэгдэл, нутаг нуга, амраг садан, анги танхим, бизнесийн хүрээ зэрэг явцуу эрх ашгийн сонирхлыг тойрон нягтарсан нэгдэл гэж тодорхой сануулан үүнээс ямагт сэрэмжлэхийн чухлыг хэлсэн нь ардын аманд байдгаар ёстой “загатнасан газар мааших” мэт сэтгэгдэл төрүүллээ. Гэхдээ энэ сэдэл аажим ахиж, тод зарчим болох хүртэл их замыг туулах биз ээ. Ямартай ч ийм сэдэл намын уураг тархинд бүрэлдэж буйг сонсох нь намын хөгжлийн талаар сэтгэл зовинох олон зуун гишүүдэд таатай байгаа нь мэдээж.
Хоёр. Эрх ашгийг зөв эрэмбэлэх гэдэг амаргүй үйл хэрэг. Чухам энэ зарчим зөрчигдвөл, нам нам биш, улс эх орон, улс эх орон биш болох алсын хөнөөлтэйг сануулжээ. Тиймээс аливаа нэгний санал санаачлагыг адлан шахахаас илүүтэйгээр намын бодлого болгох чиглэлд эерэгээр хандах нь гэсэн итгэл илгээлтийг уншсан олон гишүүдэд төрсөн байх.
Гурав. “Залуучуудад эрх мэдлийг хангалттай өглөө, гэвч чадсангүй” хэмээн сонгуулийн ялагдлыг гол нь тэдэнтэй холбох янзтай ярьдаг нэгэн байхад, нөгөө талаас,“ахмадууд хоцрогдсон, зөвхөн 70, 80-аад оныхон суудлаа эзлэх цаг болсон” гэж дунд, ахмад үеэ үгүйсгэх хандлагыг нэг хэсэг нь цухалзуулж байна гэж та дурьджээ.
Чухамдаа яг одоо өрнөж буй үйл явдлын цааш аминч үзлийн тэтгэх жишим нь энэ үзэл санаа, яриа хөөрөө гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ үзэл санааг таслан зогсоох гэхээс илүүтэй, зөв зүгт удирдах, магадгүй намын бүтцэд зөвшлийн механизмын гол институци болгон хэлбэржүүлж болох мэт сэтгэгдэл төрнөм. Бага хурлын дэргэд ТББ-уудын зөвлөлдөх зөвлөл ч байж болох мэт.
Дөрөв. Ер нь аливаа улс төрийн намын эв нэгдлийн амин сүнс болсон боловсон хүчний зохистой томилгооны “төгс сайн жор” хэзээ ч олдохгүй. Гэхдээ ил тод байх нь энэ зарчмын гол сүнс болохын зэрэгцээ, намын олны дунд төвч, нуруутай гэж энгийнээр нэрлэгдэн яригддаг олон хүмүүсийг оновчтой томилох нь цаашдаа намыг дэмжих хүмүүсийн санаа бодлын насны уртыг тодорхойлох гол хэмжүүр байна гэдэг нь иргэд, сонгогчдын хүслээр харагддаг, өөрөөр хэлбэл нэн тодорхой асуудал юм.
Чин үнэндээ намын бүх шатанд гишүүдийн хэлэлцүүлэг, санал асуулга, цаашлаад олон шатны сонгуульд санаатай болон санамсаргүй оролцохгүйгээр дарга нартай ойртож, тэдний далбаанд амьдардаг хүмүүс л намын гишүүдийн итгэлийг үрж, цөхөрлийг бардаг болохыг Та юу эс андах билээ.
Тав. Намын гишүүдээс, тэр дундаа идэвхитэнүүдээс ирүүлсэн аливаа захидал, бүтээлч санал, замдаа гээгдэж, эргэх холбоо алдрах явдал даамжрах хандлагатай болж байгаа энэ үед гишүүд дэмжигчид ба удирдлагын нэгдлийг хангаж эргэх холбоотой ажиллах тухай дэвшүүлсэн санал “нүдээ олж”-ээ. Гишүүдийн захидал саналыг нэгтгэдэг, тэдэнд хариу өгдөг бүтэц бий болгож болох юм гэсэн товч саналыг энэ хэсэгт нэмэрлэе.
Зургаа. Намын гишүүнчлэлийн тооны хойноос хэт хөөцөлдөж буй тухай шүүмжлэл мэдээж шинэ зүйл биш. Гэхдээ үүнийг өөгшүүлдэг олон механизм манай намын ажилд амь бөхтэй байгаа цагт энэ санаа ажил болж, зам заахгүй. Жил бүр зарлаж дүгнэдэг намын байгууллагуудын болзолт уралдаан, дүгнэх механизмыг ч эргэн хармаар санагддаг.
Энэ л уралдаанууд тооны хойноос хөөцөлдөх сэдлийг төрүүлж, оноо авах хөшүүрэг болсон нь нууц биш, ер үүнд бүгдээрээ ч дуртай бус. Яг үнэндээ бүх шатны намын байгууллага иргэдтэй уулзахаас илүүтэй, дээрээс шаардсан тоо баримтыг бөглөж, тайлан бичдэг бүтэцтэй шахуу болж байгаагийн цаад шалтгаан нь чухам энэ. Магадгүй манай шинэчлэлийн “шинэхэн талбар” энэ байж ч мэднэ.
Ер нь намын шинэчлэлийн замын хамгийн том тээг бол хэн нэгнийг дэмждэг “морь унасан толгойгүй хүмүүс”-ээр дүүрсэн дунд шатны төлөөлөх байгууллагууд болсныг бүх гишүүд мэддэг, байнга эмзэглэдэг зүйл. Заримдаа огт хүсээгүй, тэнэг гэмээр шийдвэрийг бүх шатны төлөөлөх байгуулагууд гаргадаг болчихоод байгаа нь нууц биш. Тийм шийдвэрүүд намыг бүх шатанд ялагдуулж, идэвхтнүүдийг цөхрөөж байгааг “эрүүл гишүүд” бүгд мэднэ.
Эцэст нь намын бүтцийн талаар дэвшүүлж буй санаачлагад дээр өгүүлсэнчлэн анхан шатны үүргийг чухалчилах механизмыг бүрдүүлж чадвал “бүгдээрээ хэлэлцэж бурууг нь засах” ардын үгний амин сүнс “амилах” учиртай.
Тэгж гэмээн дарга нарын захисан хүмүүс намын ажлыг назгайруулах биш, гишүүдийн нууцхан дэмждэг, ажил хийх сэтгэлтэй, нуруутай гэгддэг хүмүүст чин сэтгэлээсээ ажиллах боломжийг олгоно гэж бодно.
Ардын итгэлийг олохын тулд сэтгэлийн авах тухай ухаант өвгөдийн үгний жинхэнэ санаа биелэлээ олж, намын шинэчлэлийн олон чухал санаачлагууд бодит ажил болно гэдэгт гүнээ итгэж байна.
Хүндэтгэсэн,
МАН-ын Бага хурлын гишүүн Очирбатын Алтансүх
Сэтгэгдэл ( 2 )
I feel saiitfsed after reading that one.
Ardiin nam shinelegdej bj heaven **xana namiinxaa udird****d bgaa olon tumenii durguitsliig zevuutsliig turuulj bgaa enxbold nyamdorj metiin nuxduudee zailuulax xeregtei shuu yasan ch idej uuh ene namaar togloj duu***ggui shunaxaa xumuus ve