Монгол улс ардчилсан тогтолцоо, ардчилсан сонголтыг сонгоод 23 дахь хавартайгаа золгож байна. Ардчилал Монгол улсад эрийн цээнд хүрсэн гэдэг ч төр, засаг үнэхээр ардчилсан зарчмаар ажилладаг эсэхэд ард түмэн эргэлздэг болсон. УИХ, Засгийн газрын гишүүд нь ард түмний дуу хоолойг илэрхийлж тэдний хүсэл, эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргахаасаа илүүтэй улс төрийн нам, хүчин, хэсэг бүлгийнхний ашиг сонирхол, эрх ашгийг нэгдүгээр тавьсаар ирсэн нь нууц биш. Энэ нь өнөөдөр Монголд ардчилсан тогтолцооны гурав дахь фронтыг нээхийг хүссэн ч, эс хүссэн ч шаардаж эхэллээ. Ард түмний амьдралаас, шахалт шаардлагаас үүдэн бий болсон энэ фронт бол аль нэг улс төрийн нам хүчин, хэн нэг улстөрчөөс ангид байх ёстой. Үүнийг онлайн Парламент, онлайн Засгийн газар бүрдүүлж чадах уу. Ард түмний дуу хоолойг цуурай биш бодит ажил болгох уриатай энэ төсөл албан ёсоор нээгдээд арав гаруйхан хонож буй. Энэ хугацаанд онлайн Парламентийн 33 тойрогт 474 хүн нэр дэвшжээ. Энэ нь ард түмэн дуу хоолойгоо төр, засагт хүргэх гэж ямар их ангаж, цангасныг харуулах бодит баримт. УИХ-ын зургаан сонгуулийн ганцад нь ч нэр дэвших байтугай, өрсөлдөх тухай үг цухуйлгаж үзээгүй МСS-ийн Ж.Оджаргалаас эхлээд нэртэй, төртэй хэд хэдэн бизнесмэнийг ард түмэн онлайнаар нэр дэвшүүлсэн нь улстөрчдийн төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байна. УИХ-д тангараг өргөсөн эрхэм гишүүд хүртэл онлайн Парламентад давхар сонгогдохыг хүсэмжилсэн гэсэн мэдээлэл ч бий. Үүнээс үүдээд нэр дэвшсэн, амбицалсан улстөрч бүхнийг ард түмэн онлайн Парламент, Засгийн газарт сонгох эсэх нь эргэлзээтэй юм. Уг нь энэ төслийг анх зарлахдаа нэр дэвшигчдийг нам нам бусаар, дарга цэргээр нь ялгаварлахгүй хэмээн мэдэгдэж байсан.
Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Онлайн Парламент, онлайн Засгийн газар нь өөрөө маш том эрсдэл, хүнд сорилтуудтай тулгарах нь дамжиггүй. Учирч болох хамгийн том бэрхшээл нь улстөрийн намууд төдийгүй эрх баригчдын зүгээс ирэх бодлого байх болно. Яагаад гэвэл онлайн технологийг ашиглаж олон түмний санаа бодолд нөлөөлөх, улстөрийн зорилгоор ашиглах сонирхлоор хандаж болох талтай. Хэрэв ингэсэн тохиолдолд гаж бодлогод орно. Үүнээс гадна одоогийн улстөрд нөлөөлдөг бизнес бүлэглэлүүд өөрийнхөө явцуу ашиг сонирхолд ашиглах боломжтой. Ер нь болгоомжлох зүйл их бий” хэмээн хэлсэн нь нэгийг бодогдуулж буй биз ээ.
Иргэд дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж, тэр дундаа амьдралд нийцсэн, хөрсөнд буусан шийдвэрийг төр, засгаар гаргуулах нь ардчилсан нийгмийн үнэт зарчмын нэг. Тиймдээ ч иргэдэд төр, засагт дуу хоолойгоо хүргэх шаардлагатай, тулгамдсан асар их асуудал бөөгнөрснийг эндээс харж болно.
Монголын нийгэмд танигдсан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, салбар салбарын эрдэмтэн судлаачид ч Онлайн төр, засгийн талаар байр сууриа илэрхийлж, дэмжиж байна. Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхий сайдын нэг Д.Бямбасүрэн гуай “Онлайн Парламент, онлайн Засгийн газар нь нам гэдэг үхширмэл тогтолцооноос аажмаар салах гарц хайхад ач холбогдолтой” хэмээн тодорхойлсон нь нэгийг бодуулж, хоёрыг сануулж буй биз ээ.
УИХ, Засгийн газрын гишүүд бол уг нь ард түмний төлөөлөл. Харамсалтай нь тэд ард түмэнтэйгээ, амьдралтай ойр байж, хэрэгтэй шийдвэрийг нь оновчтой гаргаж чаддаггүй. УИХ-ын гишүүдэд хуваарилдаг тэрбум, тэрбум төгрөг нь ард түмэнд, амьдралд нэн тэргүүнд шаардлагатай зүйлд зарцуулагдаж чаддаг бил үү. Түмэн олны татварын мөнгөнөөс өөрсдөдөө хуваарилсан энэ мөнгийг уг нь ард түмэн юунд зарцуулахаа шийдэх учиртай. Гэтэл үүнд олон нийт оролцож чаддаггүй. Хэрэгтэй, шаардлагатай зүйлээ хэлсэн ч цуурай болон замхардаг. Харин одоо онлайн Парламент, Засгийн газартай болсноор УИХ-ын эрхэм гишүүд тойргийнхоо иргэдэд яг юу хэрэгтэй, шаардлагатай байгааг онлайн Парламент, Засгийн газрын цахим хуудаснаас мэдэж, мэдэрч, хамтарч ажиллах боломж нээгдэнэ гэсэн итгэл, найдвар ард түмэнд бий.
Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы завсарлагаанаар сонгогчидтойгоо уулзахаас илүүтэй гадаадад томилолтоор ажиллахыг эрхэмлэдэг гишүүд энэ өдөр саарал ордондоо цугларна. Увсын хоёр гишүүнийг тойрсон сонгуулийн маргаан эцэслэснээс эхлээд энэ өдрүүдийн гол сенсаацийн нэг УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Швейцарийн банкинд хадгалуулсан нэг сая ам.долларын “хэрэг” гээд энэ хаврын чуулганаар “но”-той улстөрчдийн нэр холбогдсон ноцтой асуудлууд эрхэм гишүүдийг хүлээж байгаа. Харин онлайн Парламент, онлайн Засгийн газрын гишүүдийн хувьд бохир улстөрчдийн хэрүүл маргааныг биш ард түмний хүсэл, санаа бодлыг илэрхийлэх, цав цагаан цоо шинэ суваг удахгүй нээгдэнэ. Харин тэднийг улстөрийн ашиг хонжооноос ангид ард түмний жинхэнэ дуу хоолой, бодит шаардлагын индэр байж чадах эсэхийг гуравхан хоногийн дараа болох онлайн санал хураалтаас харах л үлдлээ.
Д.ЭРДЭНЭ
Сэтгэгдэл ( 5 )
Хэнч тоохгүй хэнд ч хэрэгтэй ийм юм хийж байдаг юм бэ дээ. Бас л нөгөө 4х4 гэдэг шиг сонгуулийн суртчилгаа л биз. 7 сар гээд л ****га болно шүү дээ.
dahiaad l sungchih yumaa hezee boltol sungahgaad bga ym Yamar togloomtoi yum but utgaa **dlaa shd
Дэмжиж байна
Äýìæèæ áàéíà.