Эмэгтэй гишүүд Канадын Олон Улсын Хөгжлийн агентлагтай хамтарна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

УИХ-ын эмэгтэй гишүүд Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ, Д.Арвин, Ц.Оюунгэрэл нар Канадын Олон Улсын Хөгжлийн агентлаг болох СИДА-ийн Жендэрийн тэгш байдлын ахлах зөвлөх Нанси Спенс, Мари Коллинс нартай уулзлаа.

Гишүүд улс төр, хууль тогтоох түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн квотыг хэрхэн өсгөх, нийгмийн шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг хэрхэн хийх, иргэд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, шинээр улс төрд орж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах сургалтыг явуулах зэрэг хэд хэдэн чиглэлд Канадын Олон Улсын Хөгжлийн агентлагтай хамтран ажиллахаар болж байгаа юм байна. Канадын Төрийн захиргааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Канадын Олон Улсын Хөгжлийн агентлаг болох СИДА-тай хамтарч дээрх асуудлын хүрээнд нэг жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

УИХ-ын эмэгтэй гишүүд өөрсдийн хувиараа болон хамтран боловсруулж байгаа хуулийн төсөл, өмнөх намрын чуулганы хугацаанд батлуулсан хууль, хийсэн ажлуудынхаа талаар товч танилцуулж, өнгөрсөн хугацаанд шүүмжлэл дагуулж байсан ч нийгмийн асуудалд голлон анхаарч ажиллаж ирснээ онцлов. Мөн 2016 онд улс төрд хичнээн тооны эмэгтэйчүүд гарах нь биднээс шууд хамааралтай учраас 2013-2014 хэрэгжүүлэх энэ төсөл цаашид урт хугацааны хамтын ажиллагааны суурийг тавьж өгөх, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хатагтай Мари Коллинс хэлэхдээ, “Дэд бүтэц, бүтээн байгуулалт чухал хэдий ч эцсийн бүлэгт нийгмийн хөгжлийн асуудлаар нь Монгол Улсыг тодорхойлно. Та бүгдийн ажлын цар хүрээ гайхамшигтай байна. Энэ бүх асуудлын дийлэнх нь Канадад мөн л бидний ярьдаг асуудалтай адил байгааг хэлмээр байна. Парламентын олон улсын туршлага гэдэгт би нилээд болгоомжтой ханддаг. Та нарт ч тийм байхад илүүдэхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Канадад эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж байгаа ч ердөө 24 хувь хэвээр байсаар байна. Доод талын 30 хувьдаа ч хүрэхгүй байгаа. Мэдээж олон улсад ямар байгааг мэдэж байх нь чухал. Гэхдээ Монгол Улсад ямар систем, арга барил, тогтолцоо чухал вэ гэдгийг бодолцож, тооцох ёстой. Бидний хамтын ажиллагаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Канадын Олон Улсын Хөгжлийн агентлаг болох СИДА-ийн төлөөлөгчдийг товч танилцуулбал:

Нанси Спенс нь Жендэр ба хөгжлийн зөвлөхөөр 25 жил ажилласан. Тэрээр жендэрийн талаархи институцын үнэлгээг удирдаж, жендэрийн тэгш байдлын стратеги, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байсан бөгөөд тэдгээрийн дунд жендэрийн мэдрэмжтэй ажлын байр, институци доторхи жендэрийн үр дүнд мониторинг хийх зэрэг нарийн ажлуудыг хийж байжээ. Мөн жендэрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, анализ хийх, зөвшилцөлд хүрэх, бодлогын хэлцэл хийх өргөн туршлагатай нэгэн аж. Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж 2010 онд Олон Улсын эмэгтэйчүүдийн Альянсаас “Өөрчлөлтийн Ертөнц 100” буюу “World of Difference 100” шагналыг түүнд төрийн алба /засгийн газар/ гэсэн ангилалд олгожээ.

Мари Коллинс нь 1984-1993 онд Канадын парламентын гишүүн байжээ. Тэрбээр Эмэгтэйчүүдийн аж байдлын яамны сайд, Батлан хамгаалах яамны дэд сайд, Баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн яамны сайд, Эрүүл мэндийн сайд, Холбооны улсын байгаль орчны сайдаар тус тус ажиллаж байсан. Мөн Жендэр, парламент дахь эмэгтэйчүүдийн үүрэг рольтой холбоотой олон улсын төсөлд зөвлөх, Вьетнамын “Парламент дахь эмэгтэйчүүд” хөтөлбөрт тусгай зөвлөх, ОХУ-ын “Эмэгтэйчүүд ба хөдөлмөрийн зах зээлийн хөгжил” төслийн зөвлөх, Украйны “Эмэгтэйчүүд улс төр, иргэний манлайлал” төслийн тэргүүнээр ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
?(142.59.100.86) 2013 оны 04 сарын 11

Eme humuus Mongold irsen um uu ?

0  |  0
Top