А хүрээний вирусээс үүсгэгдсэн шувууны томуу өвчний дэгдэлт тэжээвэр, зэрлэг шувуудын дунд гарч, хүнд дамжин халдварласан тохиолдлууд Азид 2004 оноос гарч байна. Энэ хугацаанд энэ өвчний дэгдэлт 15 улсад 622 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 371 хүн нас барж, өвчний дэгдэлт тархалтыг хяналтад авах арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд 250 сая гаруй шувууг зориудаар устгажээ.
Энэ 4 дүгээр сарын 15-ны байдлаар манай урд хөршид вирусээр халдварлагдсан тохиолдол 51 бүртгэгдэж, 11 хүн нас бараад байна. Улсын Онцгой комиссийн ээлжит хуралдаанаар энэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ авах талаар хэлэлцэж, Улсын клиникийн төв эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарт вирусын халдвар илрэх онцлог, эмнэлзүйн болон лабораторийн оношилгоо хийх, халдвараас хамгаалах, халдвар илэрсэн тохиолдолд эмчлэх арга зүйн асуудлаар сургалт зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.
Онцгой байдал, гааль, хилийн албад, өрхийн болон хэсгийн эмч, ажилтнууд зэрэг өвчний голомтод ажиллах албан хаагчдад шаардлагатай нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, багаж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, лабораторийн оношилгооны оношлуур, урвалж бодис, эмийн тооцоог гаргаж, амьсгалын дутагдлыг эмчлэх аппаратыг судалж, танилцуулахыг Эрүүл мэндийн яамны удирдлагуудад даалгалаа.
Мөн БНХАУ болон бусад улсад шувууны томуугийн вирусын халдварын эсрэг эмчилгээнд ямар эм, вакцин хэрэглэхээр ажиллаж байгааг нарийн судлах үүргийг ч мөн өглөө.
илийн боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслүүд, импортоор их хэмжээгээр оруулж ирж байгаа тахианы мах, шувууны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавих шаардлагыг чангатгахаар болж байна.
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн 2 дугаар станцын хашаанд мөнгөн ус асгарсан асуудлыг энэ хурлаар мөн хэлэлцлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд худгийн дотор болон гаднах талбайд мөнгөн усаар бохирдсон шал, газрын хөрс, агаараас дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн лабораторид шинжлүүлсэн, тусгайлан бэлтгэгдсэн уусмалаар саармагжуулалт хийх, эрүүл хөрсөөр нөхөн сэргээх, станцын усан сангийн ёроол дахь усыг шавхаж лаг шаврыг цэвэрлэх зэрэг ажлыг хийжээ. Мөнгөн ус асгарсан хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, хариуцлага алдсан албан тушаалтан, хувь хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч эргэж танилцуулахыг Шадар сайд үүрэг болголоо.
Дорнод аймгийн Халхгол суманд хорогдсон малын тоо 10 мянга даваад байна. Малын сэг, зэмийг устгах, орчныг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулахдаа хүн малын халдварт өвчин гарах, байгаль орчин бохирдохоос урьдчилан сэргийлж газрын өнгөн хөрс, уст цэг, хашаа хороо, тоног хэрэгслийг халдваргүйжүүлж, цэвэрлэх арга хэмжээг яаралтай зохиож байгуулж ажиллахыг Улсын онцгой комиссийн хуралдаанаас холбогдох хүмүүст анхаарууллаа.
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг малчид, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх, учирч болзошгүй эрсдэл, хохирлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлах, үерийн эрсдэл бүхий нутаг дэвсгэрт далан шуудуу, ус зайлуулах сувгийг байгуулах үүргийг өглөө. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг мөн даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )