НӨАТ бидний амьдралд

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Бараанд ногдох НӨАТ-ыг үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт ногдуулж, төлж байдаг. Энэ нь түүхий эд, материал худалдан авах, түүнийг боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг бөөний үнээр нийлүүлэх, жижиглэнгийн худалдаа зэрэг шат дамжлага бүр бэлэн бүтээгдэхүүний “өртгийг нэмдэг” тул уг татварыг НӨАТ гэж нэрлэдэг. Хэрэглэгчид НӨАТ-ыг төлөх нь хэрэглээгээ чанаржуулж байгаа хэрэг юм.

Үйлдвэрлэгч, худалдаачид түүхий эд материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн худалдан авах бүрдээ НӨАТ төлж, өөрийн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнээ цааш борлуулах үедээ худалдан авагчаас НӨАТ-ыг цуглуулдаг. Иймээс аж ахуй нэгж, иргэд бүгд худалдан авч буй бүтээгдэхүүндээ НӨАТ төлдөг гэсэн үг юм.

 Манай улсад 3 төрлийн татвар байдаг. Үүнд

  • Орлогын татвар - цалин хөлс болон тэдгээртэй адилтгах бусад орлогоос авах татвар,
  • Хөрөнгийн татвар - хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс авах татвар,
  • Хэрэглээний татвар - аливаа хэрэглээнээс авах татвар, 

НӨАТ нь нэг төрлийн хэрэглээний татвар бөгөөд бусад төрлийн татварыг бодвол буцаан авч болдогоороо онцлогтой.  Гэвч өнөөдөр хүмүүс тэр бүр ач холбогдлыг  нь сайн ойлгохгүй байгаа нь дараах шалтгаантай. Үүнд:

  • НӨАТ-ын бүртгэлийн механизм хурдан шуурхай бус, хүндрэлтэй механизмаар явагддаг.
  • НӨАТ-ын талаархи иргэдийн мэдлэг хомс байдгаас шалтгаалан буцаан олголтыг тэр бүр авч чаддаггүй байна.

НӨАТ-ын босго болох 10 сая төгрөгийг 200 сая төгрөг болгон өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдын хамт  санаачлан өргөн барьсан байдаг.  НӨАТ-ын босгыг 200 сая болгосноор дунд орлоготой аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлвэрлэл сэргэх боломжтой гэж үзжээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас дэмжих боломжгүй гэсэн бөгөөд хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа учраас төсөл санаачлагч гишүүд Онлайн парламенттай хамтран онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тиймээс НӨАТ-ын босгыг 200 сая, 100 сая эсвэл үүнээс өөр саналтай байгаа аж ахуй нэгж эрхлэгч иргэн таныг eparliament.mn сайтад нэвтэрч хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top