Куба ч, Умард Солонгос ч НҮБ-ын сануулгад хариу өгөхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 19

Панамын эрх баригчид умард солонгосын ачаа тээврийн хөлөг онгоцыг саатуулахад элсэн чихэр хийсэн шуудайнуудаар дарсан зэвсэг илэрсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Тэдгээр зэвсэг нь Кубынх гэдэг нь тодорхой болсон юм. Харин чухам яагаад умардын хөлөг онгоц дээр ачигдсан бэ гэхээр БНАСАУ-д засварлуулахаар явуулсан хэмээн Кубын ГХ-ийн сайд мэдэгджээ. Оросын дуу хоолойд мэдээлснээр хөлөг онгоцонд нэгжлэг хийж байх явцад Кубын засгийн газраас «Чхочхонган» хөлөгт байж мэдэх ачааны цэсийг нийтлэсэн аж. Кубын төлөөлөгчийн хэлснээр тэнд цэргийн 240 тонн ачаа байжээ. Тухайлбал,  хоёр МИГ-21 сөнөөгч онгоц, эдгээр сөнөөгчийн 15 хөдөлгүүр, түүнчлэн зөвлөлтийн «Печора», «Волга» системийн «газар-агаар» ангилалын пуужингууд цэст багтсан байна.

Үүнийг олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн хэрэг хэмээн үзэж болох уу? Нэг талаас НҮБ-ын АЗ-ийн 2006-2013 онд батласан тогтоолуудаар ямар ч хүнд зэвсэг Умард Солонгост хүргэхийг  шууд хориглосон юм. Нөгөө талаас Кубын талын мэдээлэлд итгэвэл энэ удаад эдгээр системийг худалдах буюу уламжлах биш засварлахаар түр явуулж, хожим Кубад буцаах тухай өгүүлж байна.

Хуульчид энэ баримт нөлөөлөх эсэх асуудлаар маргалдаж л байг. Харин кубын талын тайлбар нэлээд итгэлтэй байна. Умард Солонгос Куба улсаас нэлээд ядуу байсан ч төмөрлөг боловсруулах аж үйлдвэр нь илүү хөгжсэн байна. Иймээс зөвлөлтийн хуучин нисэх онгоц, пуужингуудыг засварлахаар чухам Умард Солонгос руу явуулсан зүй ёсны хэрэг юм.

Түүнчлэн Умард Солонгос чухам ийм системийн зэвсэг ашиглах багагүй туршлагатайг харгалзах хэрэгтэй. Кубын ГХ-ийн сайд Умард Солонгос руу явуулсан зэвсгийг «хуучирсан» гэж тодорхойлсон нь үнэн зөв байна. МИГ-21 сөнөөгч онгоц тухайн үед дэлхийн байлдааны шилдэг онгоцны нэг байсан. 1959 онд Зөвлөлтийн Армийг түүгээр зэвсэглэжээ. «Печора» зенит-пуужингийн цогцолборыг бас 50-аад оны сүүлээр зохион бүтээсэн билээ.

Хэрэг явдал Умард Солонгос дэлхийн зэвсгийн зах зээлд ямар үүрэг биелүүлж байгааг дахин сануулав. Умард Солонгос цөмийн ба пуужингийн хөтөлбөртэй байсан ч гол төлөв зэвсгийн хямд систем-зөвлөлтийн ба хятадын хуучин загварын зэвсгийн хуулбарыг нийлүүлж байна. Умард Солонгосын аж үйлдвэр эдгээр хувилбарыг үйлдвэрлэж, хилийн чанадад худалдан авагчийг байн байн олж байна.

Гэвч сүүлийн жилүүдэд Умард Солонгос зэвсэг худалдаж мөнгө олоход хэцүү болсон. Нэг талаас БНАСАУ-аас зэвсэг худалдан авахыг НҮБ-ын гишүүн орнуудад шууд хориглосон арга хэмжээ тодорхой үүрэг гүйцэтгэж байна.

Нөгөө талаас одоогоос хагас зуун жилийн тэртээ зохион бүтээсэн зэвсгийн системийн балар бүдүүлэг хуулбарыг худалдан авах этгээдүүд цөөрөв. БНАСАУ-ын бүтээгдэхүүний хямд үнэ тухайн үед сонирхол татсан.

Гэвч одоо хуучирсан зэвсгийн системийг хямдхан үнээр ч худалдан авахыг бараг хүсэхгүй болсон. Иймээс зах зээлд БНАСАУ-ын байр суурь суларсаар байна.

Зөвлөлтийн хуучин их хэмжээний байлдааны техникийг засварлах тухай кубын талын санал умард солонгосын эрх баригчдыг баярлуулсан байх. Ийм захиалга ховор юм.

Энэ удаагийн будлиан Куба, Умард Солонгосын хоорондын үзэл суртал, улс төрийн хэлхээ холбоог тусган харуулж байна гэж хэвлэлд тэмдэглэжээ. Тус хоёр улс бие биенээ талархан дэмжиж байгаа нь эргэлзээгүй.

Гэвч тунхаглах төдий зүйлийн ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй. Үзэл суртлыг их сонирхохгүй хийгээд үзэл суртлын ямар нэг зорилгод хүрэхийн тулд хохирол хүлээхийг хүсэхгүй хүмүүс одоо Умард Солонгосыг удирдаж байна.

Дан арилжааны шинж чанартай панзлал тасалдсан гэж үзэж болно. Кубын тал хямд үнээр засварласан тоног төхөөрөмж, БНАСАУ засварлаж мөнгө авах байсан.

Мөн явуулга ямар нэг уршигтай болох уу? Үгүй байх. АЗ-ийн тогтоолыг зөрчсөн хэрэг хэмээн үзсэн ч Куба улс ч, Умард Солонгос ч НҮБ-ын сануулгад хариу өгөхгүй. Эдгээр хоёр улс ингэж дадсан юм. Иймээс будлиан барагцаалбал хоёр долоо хоногийн дараа мартагдах бололтой хэмээн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top