ВАЛЕНТИН КАТАСОНОВ: “САНХҮҮГИЙН МАХЧИН БҮРГЭДҮҮД” ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ТАСЧИН ХУВААЖ БАЙНА.
“Манайхан их зовлонтой. Хятадын тухай буюу хятад хүний “юмыг” бичихээр “хятадын тагнуул”, “хужаагийн эрлийз” гэж загнана, оросын тухай буюу орос хүний “юмыг” бичихээр “оросын тагнуул” гэж загнана. Хаа очиж “оросын эрлийз” гэх нь гайгүй, харин “коммунист” гэж хараана. Ер нь бол хоёр хөршдөө аятайхан хандах нь бүү хэл, ном зохиол ч иш татаж болохгүй болж. Үүнийг би санамсаргүй үзэгдэл гэж огт бодохгүй байгаа. Энийг бол жич ярина. Харин одоо бол Оросын Эдийн Засгийн Нийгэмлэгийн дарга, профессор Валентин Катасоновын өгүүллийг бага зэрэг товчлон орчуулан хүргэж байна. Яг бидний бодох асуудал мөнөөс мөн шиг байгаа юм. Ингээд Катосоновын өгүүлэл…
Саяхан “Их Хорийн” ээлжит уулзалт Петербургт болж өнгөрөв. Сирийн асуудлаас болоод санхүүгийн гол гол асуудлаа сайн хэлэлцэж чадсангүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Том аваргууд дэлхийн эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг бараг ярихгүй буюу тойрч өнгөрөхийг хичээж байна. Ийм асуудлын нэг нь “Vulture Funds”-ын асуудал болно. (Монголоор “дэлт бүргэд” юм, харин би “махчин бүргэд” гэж орчуулав-Х.Д.Г.)
“Санхүүгийн махчин бүргэд” гэж юу вэ ?
Энэ оны 6 дугаар сард Их Хорийн уулзалтын өмнөтгөл болгож, залуучуудын “хорийн” уулзалт болсон ба энэ үеэр “махчин бүргэдийн” хөнөөлт үйл ажиллагааны асуудлыг сөхөж, “өрийн бичгийг дефольт болтол нь санхүүжүүлж байгаа “махчин бүргэд-сангуудын” үйл ажиллагаа, өрийг зэрэгцүүлэн дахин бүтэцжүүлэх боломжгүйд “хорийн бүлгийн” лидерүүдийн анхаарлыг хандуулна” гэж ярьсан аж. Владимир Путин ч үүнийг “Их хорийн” сонорт дуулгахыг хичээнэ гэж амласан юм.
Мөн Их хорьд багтдаг Аргентины Ерөнхийлөгч Кристина Киршнер улс орныг нь дээрэм тонуулынхаа объект болгохыг оролдож буй “санхүүгийн махчин бүргэдийн” тухай асуудлыг гаргаж тавих бодолтой байгаагаа илэрхийлж байжээ.
Гэтэл энэ 9 дүгээр сард болсон Их Хорийн уулзалт Сирийн асуудлаас болоод энэ асуудлыг хэлэлцэж чадсангүй.
“Санхүүгийн махчин бүргэд” гэдэг нь үнэт, санхүүгийн ба санхүүгийн бус активуудыг өөр зорилгоор хямд үнээр олж аваад дараа нь илүү өндөр үнээр зарахад мэргэшсэн янз бүрийн сан хийгээд компаниудыг хэлдэг байна.
Ингээд үнэт цаасны эзэд болон эмитентуудыг янз бүрийн аргаар луйвардах замаар тэд асар их ашиг гаргаж авдаг байна. (Эмитент гэдэг нь зах зээл дээр “ийпоо” гэх мэтийг гаргадаг улс буюу компаниудыг хэлдэг юм-Х.Д.Г.)
“Санхүүгийн махчин бүргэдүүдийн” шуналт үйл ажиллагааны үр дүнд эдийн засгийн бодит сектор сүйрч, нийгмийн асуудал хурцдаж, улс гүрний үндэсний тусгаар тогтнол алдагддаг байна. Түүнээс гадна “махчин бүргэд-сангууд” санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулж, санхүү-эдийн засгийн хямралын нөхцлийг бүрдүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл санхүүгийн системийг тогтвортой, тэнцвэртэй болгох гэж Их хорийн хийдгийн эсрэг ажлыг “махчин бүргэдүүд” хийдэг аж. “Махчин бүргэдүүд” өрөвдөх сэтгэлгүй, тэдний үйл ажиллагаа хорлогчинтой, өөрөө амьд гарахын тулд зах зээлийн бусад оролцогчдыг махчин шувуу шиг барьж иддэг. “Махчин бүргэдүүд” эдийн засгаа тогтворжуулах гэсэн улс гүрэн, олон улсын байгуулллагуудын дурын төлөвлөгөөг тас цохидог.
ОУВС-ын албан ёсны баримт бичигт хүртэл өнөөдөр “махчин бүргэд” нэр томъёог ашиглаж байна, гэхдээ тэдгээрийн үйл ажиллагааг таслан зогсоох бодит алхам ОУВС-гийн зүгээс ажиглагдахгүй байна.
“Санхүүгийн махчин бүргэдүүд” эдийн засгийн субъектуудыг золиосоо болгож, заримдаа субъектуудээ шулахад бэлэн болгодог (өөрөөр хэлбэл сулруулж орхидог.) “Махчин бүргэдүүдийн” бизнес дараах үйлдлээс (үе шатаас) бүрдэнэ:
1/ Сонгож авсан байгаа дефолт буюу дампууралд хүргэнэ;
2/ Доод үнээр объектыг (актив, үнэт цаасыг) худалдаж авна;
3/ Дээд үнэ хүртэл активын үнийг дээшлүүлнэ, түүнийг худалдана;
4/ Объектыг дефолт буюу дампууралд хүргэнэ, энэ мэтчилэн эцэс төгсгөлгүй үргэлжлүүлнэ.
“Махчин бүргэдүүдийн” амжилтыг төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг ихээхэн хэмжээгээр хангаж өгдөг. Тэр нь эсвэл санхүүгийн дэмжлэг байна, эсвэл шүүхийн дэмжлэг байна.
Санхүүгийн дэмжлэг нь сан болон компаниуд актив худалдан авах гэж зээл авах буюу луйврыг объектод мөнгө цутгах хэлбэртэй байдаг (бизнесийн капиталжилт босгохын тулд). Харин шүүхийн дэмжлэг ямар байдгийг дор өгүүлнэ. “Махчин бүргэдүүд” компаниудын хувьд яаж үйлддэг талаар багагүй зүйл бичигдсэн. Merges & acquisitions буюу “нийлэх ба уусгах” гэсэн аятайхан нэр томъёо байдаг. Үнэн хэрэг дээрээ 99 тохиолдолд уусгах явдал байдаг.
“Махчин бүргэдүүд” хуулийн зааг дээр голдуу байдаг янз бүрийн ихээхэн зальтай бүдүүвчийг ашигладаг. Ухаандаа татварын сүлжээнээс авахуулаад түүний зааг дээрх байх давхар нягтлан бодох бүртгэл хөтлөх гэх мэт. Зальтай, бохир бүдүүвчээ “санхүүгийн инженерчлэл” гэсэн бас нэг гоё нэр томъёогоор халхавчилдаг.
Америкийн “махчин бүргэдийн капитализм”
Бодит амьдрал дээр бол “махчин бүргэд сангуудыг” хеж сан, шууд хөрөнгө оруулалтын сан, стратегийн хөрөнгө оруулалтын сан, венчурын сан гэх мэтээр янз бүрээр нэрлэж болно.
“Махчин бүргэд сангуудыг” голдуу хөрөнгө оруулалтын банк болон тэдгээрийн хүрээнд байдаг банкууд байгуулдаг. Хөрөнгө оруулалтын банкууд өөрөө (хөрөнгө оруулалтын брокерууд) голдуу шууд “махчин бүргэд”-ийн үүрэг гүйцэтгэдэг.
Ялангуяа хөрөнгө оруулалтын банкны ихэнхи хэсэг төвлөрсөн АНУ-д “махчин бүргэд сангууд” олноороо өсөн гарсан байдаг.
Дашрамд дурдахад өнгөрсөн зууны яг эцэст депозит -зээлийн байгууллагуудыг хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийхийг хориглосон Гласс-Стиголын хуулийг халсны дараагаар “махчин бүргэд” бизнест америкийн эдийн засгийн банкны секторын ихэнхи хэсэг татагдан орсон юм. Дурдсан хуулийг хямрал ид гаарч байсан 1933 онд АНУ-д гаргасан юм.
Банкнуудын зээл-мөнгө хүүллийн үйл ажиллагаа хоцрогдсон, ашиггүй харагдах болжээ. Ингээд Холбооны Нөөцийн системийн шууд өөгшүүлэл, зарим талаар банкнуудын луйврын үйлдлийг дахин санхүүжүүлэлтийн тусламжтайгаар банкууд үнэт цаасны луйвар хийхээр дайрах болжээ.
“Махчин бүргэд банкны” түгээмэл жишээ нь “Леман бразерс” болно. Уолл-Стриттийн энэхүү хөрөнгө оруулалтын банк 2008 онд нурж, түүний дампуурал Америкийн санхүүгийн хямралыг өдөөсөн билээ.
“Махчин бүргэдүүд” золиосоо Америкаас төдийгүй, даян дэлхийгээр хайж байдаг. АНУ-д “махчин бүргэдийн капитализм” гэсэн нэр томъёо хүртэл гарсан юм. Энэ нэр томъёог Техас мужийн бүгд найрамдах намын хэт консерватор амбан захирагч Рик Пери хөрөнгө оруулалтын “Bain Capital ” фирмийн үйл ажиллагааг шүүмжлэхдээ гаргасан аж.
Энэ фирм нь 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, венчур капиталист Митти Ромнид хамаарагддаг байна. Төрөлхийн хөрөнгө оруулалтын брокер Ромни үүнд гомдож: “энэ бол америк ёс биш, хүнийг амжилт, баялаг олсон гэж шүүмжилж байна, манайд капитализм байхгүй юм уу ?” гэж хариулсан юм.
Харин Перри: “Шууд хөрөнгө оруулалтын сангууд нь үйлдвэрүүдийг хэсэгчлэн хувааж, хүмүүсийг ажилгүй болгох гэж Америк тэмүүлж байна гэж би бодохгүй байна. Бүгд Найрамдах Нам үүнийг төлөө зүтгэхгүй гэж би итгэж байна” гэж зөрүүдэлжээ.
Цагаан Ордон дахь бүгд найрамдах намын өөр нэг нэр дэвшигч Ньют Гингрич “Бейн Кэпитал” бол бизнесийг яаж хууль ёсоор дээрэмдэх заль аргыг ямагт хайж байдаг” гэж мэдэгджээ. Гингрич: үүнийг “үндсэндээ бүх мөнгөө алдаж, ажилтнуудаа халж болдог” “Уолл-Стритийн загвар” гэж нэрлээд “хэрэв хэн нэгэн ирж, танай компанийн бүх мөнгийг аваад, дараа нь таныг дампууруулаад, тэгсэн атлаа өөрсдөө саятан болоод гарч байвал энэ бол яагаад ч уламжлалт капитализм биш” гэж хэлсэн юм.
Америк дахь санхүүгийн хямралыг чухамхүү “махчин бүргэдүүд” өдөөсөн нь өнөөдөр нууц байхаа аль хэдийн байсан. Гэхдээ одоо болтол тэдний хэн нь ч шүүхийн өмнө очоогүй байна. Энэнд гайхаад байх юу ч байхгүй бөгөөд “махчин бүргэдүүд” одоо болтол америкийн засгийн газрын түшмэдүүдтэй хуйвалдан ажиллаж байдаг юм.
“Санхүүгийн бүргэдүүдийн” овоо хараанд бие даасан улсууд
“Санхүүгийн махчин бүргэдүүдийн” махчин хүслийн объект нь янз бүрийн улс орон хийгээд салбарын компаниуд төдийгүй улс гүрнүүд байдаг. “Махчин бүргэдүүд” бие даасан улсуудыг сонирхох болсон нь сүүлийн хэдэн арван жилд улс гүрнүүд олон улсын санхүүгийн зах зээлийн чухал оролцогчид болсонд оршино. Тэдгээр нь бараг бүгдээрээ өрийн бичиг (облигаци) байршуулах замаар мөнгөн хэрэгслийг татах зээлдэгч болсон. Улс үргэлж мөнгөний зээллэгээр ажиллах болсон нь мөнгө хүүлэгчдэд сайхан далим болдог юм. Одоо бол улсын зээллэг дээр зөвхөн мөнгө хүүлэгчид төдийгүй, бас “санхүүгийн махчин бүргэдүүд” нэмэгдэх болов.
“Махчин бүргэдүүдийн” бизнес маш энгийн: тэд тусгаар улсуудын дефольт дээр мөнгө саадаг. Олонхи улс өрөө төлж дийлэхгүй болохоороо дефольт зарладаг. Бие даасан өрөө дахин бүтэцжүүлдэг ба энэ нь облигаци (бонд) эзэмшиж буй этгээдээс өрийн хэсгийг хасах зөвшөөрөл авч, үлдсэн өрийг дарах бүдүүвчийг өөрчлөх зөвшөөрөл авах явдал байдаг.
Дефольт зарласны дараа үнэт цаасны хэсгийг бидний “санхүүгийн махчин бүргэд” гэж нэрлэдэг зах зээлийн зарим оролцогч хямд үнээр авна (жишээлбэл бодит үнийн 20%-иар) Дараа нь тэд “эрхээ шахаж” эхлэх ба “махчин бүргэдүүдийн” тулгасан үнэт цаасны бүрэн хэмжээгээр өрөө дарахыг төрөөс шаардана. Ийм маягаар “махчин бүргэдүүдийн” бүдүүвч: а/ бие даасан дефольт, б/ өрийг дахин бүтэцжүүлэх, в/ хямд үнээр өр бүхий үнэт цаасыг худалдан авах, г/ 100 хувь үнэт цаасаар төлөхийг улсаас шаардах байдалтай болдог юм.
Бие даасан өрөөр мэргэшсэн “махчин бүргэд-сан”-г анх үндэслэгч нь Нью-Йоркоос гаралтай америкийн миллиардер Пол Сингер болно: тэрээр 1977 онд Elliott Associates гэсэн хөрөнгө оруулалтын сан байгуулж, хэд хэдэн ядуу орныг хоосолж амжсан юм.
ОУВС, Дэлхийн Банкны илтгэлээс үзвэл хамгийн багадаа хөгжиж буй 11 улс бие даасан өрөөр ажилладаг “санхүүгийн махчин бүргэдийн” золиос болсон байна. Одоо гэхэд л “махчин бүргэд-сангууд” дэлхийн капитализмын зах хязгаар 40 гаруй орнуудтай шүүхэд заргалдаж байна. Олон орнууд тэдэнд “дарагдсан” бөгөөд тэд эндээс их мөнгө олдог аж.
1996 онд дээр нэр дурдсан милиардер Пол Сингер Перугийн 20 миллиард долларын бие даасан өрийг 11 миллиард доллараар худалдан авсан юм. Үүний дараа өөрийн лоббистууд, шүүхээр дамжуулан Лимаг дарамталж, хэрэв хүү тооцсон өрийг буцааж төлөхгүй бол улс орныг нь дампууруулна гэж сүрдүүлэх болсон юм. Перугийн засгийн газар нэр төрөө алдахгүйн тулд 2000 онд Сингерт шаардаж буй 20 миллиард доллар, дээрээс нь хүү тооцсон 38 миллиард доллар төлсөн билээ.
Шүүхийн зардлыг харгалзвал америкийн миллиардер 1 долларын зардал гаргаад 3 долларын цэвэр ашиг олжээ. Яршиг түвэг ихтэй ч маш их ашигтай бизнес байгаа юм.
Өөр нэг хөгжиж буй орон Замби Британийн Вержинийн арлуудад бүртгэлтэй Donegal International хэмээх хөрөнгө оруулалтын сангийн золиос болсон билээ. Энэ түүх маш их шуугиан тарьсан юм.
Таван жилийн өмнө энэ сан Лондон дахь шүүхээр дамжуулан Замбийн засгийн газраас бараг 30 жилийн өмнөх өр гэж 55 сая доллар нэхсэн юм.
Замбийн анхны зээлдүүлэгч нь Donegal International сан ерөөсөө байгаагүй, харин аль 1979 онд Замбид хөдөө аж ахуйн техник нийлүүлж байсан Румын улс байсан юм. Гэтэл 1990-ээд онд африкийн орны байдал ихээхэн муудаж, өрийн хэмжээ хүүгийн хамт бараг 30 сая долларт хүрчээ. Замби Румынаас өрөө дахин бүтэцжүүлэхийг гуйж, түүнийг 10-15 дахин багасгахыг (2,0-2,5 сая доллар) хүсчээ. Гэтэл гэв гэнэт америкийн сан гараад ирэх нь тэр, тэд румынчуудад 3,3 сая доллар санал болгожээ. Тэр үед ихээхэн ядуу байсан Бухарест ийм “ашигтай” саналыг уухайн тас зөвшөөрчээ. Ингээд “махчин бүргэд-сан” африкийн орныг багалзуурдах эрхийг худалдаж авчээ.
2003 он гэхэд америкийн санд төлөх Лусакагийн өр хүүтэйгээ нийлээд 44 сая доллар болтлоо өсөв. Замби энэ сантай арван жилийн өмнө хийсэн гэрээгээр өрийн хэсэг болох 15 сая долларыг ойрын гурван жилд сард болгон жигд төлж дуусгана гэж амлажээ. Чингэхдээ өр төлөх график зөрчсөн тохиолдолд торгууль төлөх ба маргаантай асуудлыг Лондонгийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тохирсон байна.
Замби хэдхэн сар өрөө төлөөд дефольт зарлажээ. Ингээд Лондонгийн шүүхийн зарга эхэлж, шүүх өртөн (Замбийн засгийн газар) америкийн санд 15,5 сая доллар төлөх шийдвэр гаргажээ.
“Санхүүгийн махчин бүргэд” бүрэн ялалтад хүрээгүй нь мэдээж. Гэхдээ тэд шаардсаныхаа гуравны нэгээс арай илүүг олж авсан юм. Гэхдээ зардал олж авсан ашиг хоёрыг харцуулах юм бол 100 хувийг давсан “ашигт ажиллагаатай” байгаа юм. Нэхэмжлэгч 3,3 сая доллараар үнэт цаас олж авсан, шүүхийн ажилд 3,3 саяыг зарцуулсан.
Замбийн аймшигтай ядуурлыг харгалзах юм бол энэ дээрмийн цар хүрээ илт харагдана. Тэнд дундаж наслалт 38 хүрэхтэй үгүйтэй, хүн амын 70% ядуурлын шугамаас дор байдаг, нэг хүнд ногдох дундаж орлого өдөрт 1 доллар байдаг юм.
“Махчин бүргэд”-сангуудын” биенесийн чухал хэсэг нь өртөнгүүдийн эсрэг шүүхийн хэрэг өдөөх явдал байдаг юм. “Махчин бүргэдүүд” өөрсдөө сайн байр суурьтай, хэрэгтэй шийдвэрээ бараг зайлшгүй олж чаддаг АНУ, Их Британийн шүүхэд дагнан тулгуурладаг нь их гайхалтай байдаг.
Хэвлэл мэдээлэл болон хөгжиж буй орнуудад “махчин бүргэдүүдтэй” холбоотой “шүүхийн колоничлол” гэсэн нэр томъёо хүртэл гарчихаад байна. Өнөөдөр америкийн шүүх дээр Аргентины засгийн газрын эсрэг “махчин бүргэдийн” хэрэг явж л байна…
Энэ өгүүлэл дээр миний нэмж хэлэх юм бол: манай дараа дараагийн засгийн газар, аягүй бол бидний үр хүүхэд Лондонгийн шүүх дээр “бөөн өрөнд уначихсан”, “орох газраа олохгүй” зогсож байгаасай гэж монголчууд хүсэхгүй нь лавтай…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл ( 0 )