Францын “Арева” бидний өмнө биш ч, хар тивийнхний өмнө бууж өгөх нь...

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 20

Манай улсад сүүлийн 15 жилийн турш ураны хайгуул хийж байгаа Арева групп Дорноговь, Сүхбаатар аймгуудад хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа талаар өмнө нь дуулгаж байсан. Түүнчлэн Аревагийн охин компани Кожеговь компани Дорноговь аймгийн Улаанбадрах болон Зүүнбаян сумдад ураны хайгуул хийж, туршилтын журмаар 2,700 гаруй тонн шар нунтаг олборлосонтой холбоотойгоор мал сүрэг,  тэрдундаа  төл мал нь олноороо үхсэн асуудлыг газар дээр нь очиж шинжилсэн Мал Эмнэлэг Үржлийн Газрын мэргэжилтнүүд 2013 оны 3 сард малын үхэл нь “цацрагийн болон хүнд металлын ужиг хордлогоос үүдэлтэй ” гэх  дүгнэлтийг гаргасан ч дараа нь энэхүү дүгнэлтдээ засвар хийсэн гэдгийг бид анх мэдээлж байсан.

 

Тэгвэл Аревагийн үйл ажиллагааг бидний Монголчууд л дангаараа эсэргүүцээд байдаг юм биш. Дэлхийн улс орнуудад тус группын эсрэг нутгийн иргэд тэмцэж босдог жишээ олон. Ерөнхийдөө хар тив Аревагийн эсрэг босч  байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тухайлбал, саяхан Нигерийн 5 мянга орчим иргэд Арева компанийг эсэргүүцэн жагсаад байна. Францын Арева компани нь нэн ядуу Нигер улсад сүүлийн 50 жил уран олборлож ирсэн юм. Жагсаалд оролцсон Аревагийн охин компани Арлит тосгоны орчим хуримтлагдсан 50 сая тонн цацраг идэвхит хог хаягдлыг нутгийн иргэдэд өв болгон үлдээж байна. Ард иргэд уух усгүй хатаж үхэж байхад Арева жилд 20 сая шоо метр ус ашигладаг хэмээн ярьсныг golomt.org уламжилжээ.  Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Нигер улсын Засгийн газар  Ареватай хийсэн гэрээ хэлэлцээрүүд нь хэт тэнцвэргүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа олон нийтэд мэдэгдээд, гэрээг дахин нягтлана гэдгээ амласан нь иргэдэд таатай сэтгэгдлийг төрүүлээд байгаа аж. Ареваг эсэргүүцэн жагссан иргэд Нигерийн засгийн газраас Ареватай ураны асуудлаар тусгайлан ярилцах явдлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын Засгийн газраас Аревагийн охин компани  Сомайр ба Коминак компаниудтай хийсэн гэрээний хугацаа энэ онд дуусгавар болж байгаа бөгөөд тэдгээрийг ч нягтлан авч үзнэ гэдгээ Ерөнхий сайд эрхэм мэдэгджээ. Тэгэхээр Нигерийн Засгийн газар болоод олон нийтийн эсэргүүцэл энэ янзаараа үргэлжилбэл Арева тэндээс гарахаас өөр аргагүй байдалд хүрч болзошгүй юм.

 

Түрүүн хэлсэнчлэн хар тив өөрийгөө хамгаалж байгаа нэг томоохон жишээ бол Конго улс юм. Арева компани Конго улс дахь уран олборлолтоо зогсоогоод байгаа. Энэ нь  эх орныхоо төлөө тэмцэгчдийн тэмцэл, зүтгэлийн үр дүн гэдгийг тодруулан хэлэх нь зөв болов уу. Тэдний тэргүүлэгч бол Ардчилсан Конго улсын Анти-Нуклеар үзэлтэн Голден Мисабико юм. Тэрээр  “Конго улс байгалийн их баялагтай. Шинколобвэ уурхайн ураны хүдрийн орц 65-70% гэдэг нь дэлхийн дээр хамгийн их хэмжээ юм. Эхлээд Белгийн колончлогчид 1000 тонн уран олборлож АНУ-д зарж байсан бөгөөд эндхийн уранаар Хирошима, Нагасаки дээр хаясан атомын бөмбөгийг хийсэн юм. Белгүүд явсны дараа уурхайг цементээр таглаж битүүлсэн боловч 1990 оноос хойш   хулгайн аргаар олборлох болсон”.хэмээн  “Атомын Африк” баримтат киноны нээлт Германы Хэрфорд хотод болох үеэр ярьсан байна. Тэрээр  нээлтийн  үеэр  “Африкт уран олборлолт өвчин үхэл авчирч байна” гэсэн сэдэвтэй илтгэл тавьсан аж. Түүний илтгэлд өгүүлснээр Арева 2009 онд Конго улсад орж ирсэн бөгөөд Францын ерөнхийлөгч Саркози, Арева группын дарга Anne Lauvergeon айлчлалынхаа үеэр Конгийн засгийн газартай Конго улсын ураныг олборлох гэрээ хийсэн аж. Харин Мисабико  тэрхүү  гэрээг ил гаргаж тавьсны улмаас  шоронд хоригдсон аж.

 

Конгийн засгийн газар парламентаараа  хэлэлцүүлэлгүй Ареватай гэрээ байгуулснаар улсынхаа  бүх нутаг дэвсгэрт ураны хайгуул хийх, олборлох боломжийг тэдэнд олгосон байсан аж. Ийм гэрээг нь ил болгосон Мисабиког шоронд хорьсны дараа Эмнести Интернэшнл зэрэг олон улсын байгууллагууд болоод  Хилари Клинтон зэрэг нэр бүхий хүмүүсийн түүнийг сулла гэсэн шаардлагын өмнө Конго улсын эрх баригчид бууж өгсөн байдаг. Харин Мисабико одоо ярихдаа  “Надад ийм зүйл тохиолдоно гэж бодож байсан, гэхдээ хэн нэгэн дугарах хэрэгтэй байлаа.Тус гэрээ одоо ч хүчинтэй байгаа. Гэхдээ өнөөдөр Конго улсад уран олборлолт хориотой болсон. Хөрш орон Нигерчүүд шиг болох вий гэсэн айдас Конгчуудыг ураны эсрэг хүчтэй тэмцэлд татан оруулсан. Нигерт Арева уран олборлож, маш их ашиг олж байгаа ч Нигерчүүдэд хүртээлгүй байна. Конго, Нигер улсууд байгалийн баялаг ихтэй ч дэлхийн хамгийн ядуу орнуудад ордог. Нигерт уран олборлолтын ашгийн зөвхөн 5% үлддэг” гэсэн байна.

 

Тодотгоход, Конго бол цөмийн хөтөлбөр боловсруулсан африкийн анхны  орон.  Конго улс туршилтын реактор ажиллуулж байснаа зогсоож цаашид хэрэглэхгүй болохоор шийдвэр гаргажээ.Мөн Мисабико хэлэхдээ: “Нэг талаас Хирошимагийн атомын бөмбөг, нөгөө талаас 20 жилийн дараа Нигер улс шиг болохоос сэрэмжилж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Уран олборлолтын үед, тээвэрлэлтийн үед мөн хэрэглэгээний ба хаях, булах бүх үе шатуудад тооцоолон хянах , хамгаалах боломжгүй аюулууд байна”. “Фукушимагийн асуудлыг техник, технологийн  өндөр хөгжилтэй Япон шийдэж чадахгүй байна. Хөгжингүй орнуудын эзэмшиж чадахгүй байгаа зүйлийг боловсролын түвшингээр хоцорж яваа  Африк чадах уу?” хэмээн ярьж байсан юм.  Өдгөө Мисабико уран олборлолтын болон цөмийн энергийн хэрэглээний эсрэг Африкийн холбоонд ажиллаж байна. Тэр “Мали улсад уран олборлох талаар бүх ард түмний санал асуулга зохион байгуулахын төлөө ажиллаж байсан боловч Францчууд түрүүлээд орж ирсэн. Иргэний дайны шалтгааныг тэд бий болгодог,  Тэдний оролцоогүй юм гэж хуучин колонид нь байдаггүй” хэмээн ярьсан байдаг.

 

Тэгэхээр олон улс даяар ийм байдлаар ад үзэгдэж байгаа Аревад манай эрхмүүд тун найрсаг хандаж байгаа. Охин компанийнх нь үйл ажиллагаанд ямар ч асуудал байхгүй гэх агуулгатай тайлбарыг төр засгийн холбогдох байгууллагуудын зүгээс ээлж дараалан өгч хамгаалж байгаа нь анхаарал татсаар байгаа юм.

 

Б.Итгэлт

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fuck(76.218.69.21) 2013 оны 10 сарын 20

********

0  |  0
bid(202.55.191.35) 2013 оны 10 сарын 20

bayalag ihtei uls zugeer l tsolmuuleh umdo,yadag horvoo ve ,bid ch iim boloh gd bna daa

0  |  0
Top