Оросын дипломатч, тагнуул, Богд хааны засгийн газартай хэлэлцээр хийх бүрэн эрхэт төлөөлөгч Иван Яковлевич Коростовецийн хөшөөг 86 саяар босгох шийдвэр түүхчдийн эсэргүүцэлтэй тулгаран түдгэлзээд байна. И.Я.Коростовец санаачилж сэдэн, төлөөлөн байгуулсан Монгол-Оросын Найрамдлын гэрээ нь Монголыг өөрийн хаан, засагтай, цэрэгтэй байх, Хятад цэрэг, иргэнийг үл оруулах, өөр улс оронтой харилцах эрхтэйг хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой, өнгөрсөн зууны манай орны хувьд олон улсын анхны гэрээ бичиг юм. Хэдий тийм боловч Монголын эзэн нь Хятад, өөртөө засах эрхтэй нэг хэсэг нь гэдгийг тулган хүлээлгэж, манай тусгаар тогтнолыг устгасан 1915 оны Хиагтын хэлэлцээрийн эхлэл болсон. Газар газрын ноёдын Монгол туургатнаа нэгтгэх хүслийг чухам энэ гэрээ цавчиж, Өвөрмонгол, Барга, Түшээт хан аймагт харъяалагдаж асан Урианхайн хязгаар буюу Туваг гал голомтоос нь салгасан юм. Монгол гэдэг их гэрийн гал голомтоо сэргээн бадраахаар цугласан монгол туургатны төлөөллийг Халхын ноёдтой хагаралдуулж, Ерөнхий сайдын орлогч Өвөрмонголын Бинт ванг Бээжингийн тагнуул гэх зэргээр хочлон яс хаяж байжээ. Бинт ван үдэлтийн ёслолын үеэр гэнэтийн хордлогоор насан элсэн нь Оросын тагнуултай холбоотой гэж үздэг.
Харц гаралтай, ясны эх оронч Ерөнхий сайд Да лам Цэрэнчимэд оройлон И.Я.Коростовец, Оросын тулган шаардлагыг хүчтэй эсэргүүцэж байсан билээ. Өөрийн эх орончиддоо босгоогүй хөшөөгөө өрөөл бусдад зориулна гэдэг буруу хэмээн түүхчдийн дийлэнх нь үзэж байна. Түвд, Украин, Балтийн герман Барон Унгерн зэрэг гадаадын хүмүүсийн гавъяаг бүрэн үгүйсгээгүй ч өөрийн үндэс угсаатан, монгол эх орончдоос дээгүүр тавих үзэл санаа сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Өвөг дээдэс, хэдэн үеийнхний амь нас, өртөг төлөөсөөр ирсэн тусгаар тогтнолтой, өнөө цагийн Монгол улсад, бидний цаг үед “Монголын эзэн нь Хятад, Монгол бол Хятадын өөртөө засах эрхтэй хязгаар” гэсэн заалт бүхий гэрээний авторт зориулан хөшөө босгох нь зохистой юу? Түүх зөвхөн түүхчдийн ч өмч биш, Монголын түүх монгол хүн бүрт хамаатай. Хавсарган баталсан худалдааны гэрээгээр оросууд Монголд алт, ашигт малтмал дангаар олборлох, гаалийн татваргүй ажиллах эрх олж авсаныг нь шүүмжлэл ихээр дагуулсан Оюутолгойг ашиглах хэлцэлтэй харьцуулах ч аргагүй дээрэм юм.
И.Я.Коростовец Монголд томилогдохынхоо өмнө Бээжинд ажиллаж байгаад шар сэмжилсэн садар самуунаасаа болж арга буюу Хятадыг орхин явсан байна. Хятад дахь Францын шуудангийн даргын 16 настай охин Ангелинаг жирэмслүүлж Оросын гадаад албаны нэр төрийг гутаасан явдалд орооцолджээ. Анхны гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй тэр охинтой ханилан Хүрээнд дагуулж иржээ. Орчин үеийн ойлголтоор бол бага насны охиныг садар самуунд уруу татсан хижээл эрийн хөшөө Улаанбаатарт босвол ёс бус явдлын нэгэн бэлэг тэмдэг болно. Хэнд зориулж хэцүү цагт хөшөө босгохыг хүснэ вэ? Төсвөө 800 саяар танасан, зардал чирэгдлээ хэмнэсэн нөхцөлд ажиллаж амьдаръя гэж шийдчихээд заавал эдийн засаг хүндэрсэн үед бага гэлтгүй мөнгийг ч цэцэрлэг, сургууль, нөөцийн мах мэтдээ зориулах хэрэгтэй биш үү?
Эх сурвалж: Зөгий.mn
Сэтгэгдэл ( 2 )
-------arai denduu yum aa. --Harin ter orosiin orshuulgiin gazariig nuulgeech ee. ------ .Maahuur tolgoin tend bgaa......!!!!!!!!!!!???????
Ene muu hogiin orost hushuu bariad bhdaa yahav dee...tertei tergui hotoor duuuren uhsen orosuudyn hushuug yaya gej bhad...