АНУ-ын эдийн засгийн төлөв 2013 онд ялимгүй сэргэсэн ч, Евро бүсийн байдал сайжрахгүй, нөхцөл байдал хэр зэрэг удаан үргэлжлэх нь тодорхой бус байсан нь бүрэлдэж буй эдийн засагтай орнууд болон хөгжиж буй орнуудын төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, эдгээр орнуудын эрсдэлийг нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөвт сөргөөр нөлөөлжээ.
АНУ-ын эдийн засаг 2012 онд 2.2 хувийн өсөлттэй байсан бол судлаачид 2013 оны эхэнд 1.5-2.1 орчим хувийн өсөлттэй байна хэмээн таамаглаж байлаа. 2013 оны эхэнд “Бушийн татварын хөнгөлөлт”-ийн хугацаа дуусах, төсвийн зардлыг танах зэрэг ажлууд хийгдэхээр байсан нь эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгож, бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын шийдвэрээ хойшлуулах, хэрэглэгчид хэрэглээгээ бууруулснаар эдийн засгийн бодит өсөлт 1.5 хувь хүртэл буурах эрсдэлтэй хэмээн шинжээчид үзэж байв.
Харин оны эхний улиралд бага, дунд орлоготой иргэдэд татварын хөнгөлөлтийг хэвээр үлдээж, төсвийн зардлын өөрчлөлтийг энэ оны 9 дүгээр сар хүртэл хойшлуулсан нь дээрх сөрөг нөлөөг саармагжуулсан үйлдэл болсон юм. Үүний зэрэгцээ Холбооны нөөцийн банк ажилгүйдлийн түвшинг 6.5 хувь болж буурах хүртэл сар бүр 85 тэрбум ам.долларын бонд, үнэт цаас худалдан авч байгаа нь санхүүгийн салбарыг тогтворжуулж, шинэ хөрөнгө оруулалт хийгдэх, шинээр ажлын байр бий болгохыг дэмжсэн чухал алхам болсон. Ингэснээр оны эхэнд 7.9 хувь байсан ажилгүйдлийн түвшин тогтмол буурсаар 7 дугаар сарын байдлаар 7.4 хувьд хүрч, сар бүр 200 мянган ажлын байр шинээр бий болжээ. Эдийн засгийн өсөлт 2013 оны I, II улиралд тус тус 1.1, 1.7 хувь байсан бол 2013 онд дунджаар 1.9 хувиар өснө хэмээн шинжээчид таамаглаж байлаа. Сүүлийн үед АНУ-ын Холбооны нөөцийн банкийг бонд, үнэт цаас тогтмол худалдан авах арга хэмжээгээ хязгаарлана гэсэн хүлээлт бий болсон хэдий ч, тус банкнаас худалдан авах бонд, үнэт цаасны хэмжээг хязгаарлах тохиромжтой нөхцөл хараахан бүрдээгүй байна гэж үзээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )