Тайландад хувьсгал гарах нь зайлшгүй болов. Засгийн газар эсэргүүцэгчдийн хөрөнгийг битүүмжилж, барьж шийтгэж байгаа ч үймээнийг зогсоох ямар ч аргагүй болжээ. Засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал долоо хоногийн өмнөөс чангарч эхэлсэн ба одоо армийн хүчийг оруулахаас аргагүй болсон гэж эрх баригчид мэдэгдэж эхлэв. CNN-ийн шинжээчид Тайландад үүссэн нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэж байна.
Эсэргүүцэгчид яагаад жагсах болов
Ерөнхий сайд Енлак Чинаватыг дахин сонгогдсоны дараа Засгийн газар Өршөөлийн хуулийг батлуулсан. Олон нийт үүнийг экс Ерөнхий сайд Таксин Чинаватын гэмийг цагаатгах гэсэн башир арга гэж үзэн Засгийн газрын ордоны өмнө, Бангкокын төв гудамжинд тайван жагсаал хийж эхэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, Таксин одоо шоронд байгаа ч үл үзэгдэх гараар Засгийн эрхийг атгаж байна. Енлак ердөө л ахынхаа утсан хүүхэлдэй гэж үзэж байгаа аж. Ард түмэн Таксин Чинават 2006 онд төрийн эрхийг цэргийн хүчээр авсныг эх орны эсрэг гэмт хэрэг гэжээ.
Чинаватын Засгийн газар арванхоёрдугаар сарын 9-нд тарсан ч хоёрдугаар сарын 9-нд дахин гарч ирэв. Одоо Засгийн газар хямралын эсрэг хөтөлбөр гээчийг хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь эсэргүүцсэн хэнийг ч нухчин дарж байгаа.
Гэхдээ одоо эрх баригчид эсэргүүцлийг хүчээр дарах аргагүй болжээ. Эсэргүүцэгчдийг Ард түмний ардчилсан шинэчлэлийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Шадар сайдын үүргийг түр гүйцэтгэгч, парламентийн гишүүн Сутеп Таугсубан толгойлж байгаа аж.
Сөрөг хүчин яагаад сонгуульд санал өгөхөөс татгалзав
Жагсагчдын гол эмзэглэл нь Таксины гар хөл бологчид Тайландын ардчиллыг нурааж байгаагаас үүджээ. Тиймээс яг одоо л эрс шинэчлэл хийх ёстой гэж үзсэн байна. Тэд Тайландын хааны томилсон Ерөнхий сайдын Засгийн газрын Ардын зөвлөлөөс бүрдсэн парламент удирдах ёстой гэсэн санаагаа илэрхийлж байгаа.
Уг зөвлөл орон нутгийн удирдлага, цагдаагийн хүчний төвлөрлийг үгүй хийж, шинэчлэлийн хүрээнд ардчиллын сонгодог зарчмуудыг хэрэгжүүлнэ гэсэн. Ажиглагчдын үзэж буйгаар, Ардчилсан нам Енлакийн Феу Тай намын эсрэг тэмцэхэд Тайландын хойд, зүүн хойд бүс нутаг ихээхэн нөлөө үзүүлнэ. Гэвч Таксиныг дэмжигчид 2001 оноос хойш парламентийн сонгуульд завсаргүй ялалт байгуулсаар иржээ.
Эсэргүүцэгчид амжилтад хүрэх үү
2010 онд Таксиныг дэмжигч “улаан цамц”-тануудын жагсаал, үймээний үеэр 90 гаруй хүн амиа алдаж байв. Тэгвэл одоо энэ хямрал дахин гарах нь гэж ажиглагчид үзжээ. Одоогийн байдлаар байдал өнгөрснийх шиг ширүүсээгүй ч найман хүн амиа алдаад байгаа. Эрх баригчид цус урсгасан тулаан гаргахгүйг хичээж байгаа ч байдлыг гартаа авах ямар ч боломжгүй болсон.
“Улаан цамц”-танууд 2010 онд Таксиныг өмөөрч боссон бол одоо түүний охин дүүд үйлчилнэ. Гэхдээ тэдний гол дэмжигч нь Енлак Чинават. Гэвч Енлакийн заавраар ажиллахаа нэгэнт больж, улайрсан тэмцэлд хөтлөгдөж эхэлжээ.
Харин Засгийн газрын эсэргүүцэгчид цуст мөргөлдөөнийг хүсэхгүй, зэвсэг барихгүй ч тэмцлээ зогсоохгүй гэдгийг хатуу анхааруулсан. АНУ-ын Элчин сайдын яамны мэдэгдлээс харахад, жагсаал тайван үргэлжлэх ямар ч боломжгүй болсон гэнэ.
“Бангкок Пост”-ын улстөрийн шинжээч Воранай Ванижака “Эсэргүүцэгчдийн ихэнхийн туйлын зорилго энх тайван, арчилал. Яг үнэндээ тэд тэмцлийг хэт хурцатгахыг огт хүсээгүй” гэжээ. НҮБ, АНУ болон барууныхан Тайландын эрх баригчдыг сонгуулиа шударга, ардчилсан зарчмаар явуулахыг шаардсан байна.
Сутэпийг дэмжигч хэн бэ
Тайландын ард түмэн ирээдүйн дарангуйллаас айж байна. Түүхэндээ энх тайван байж бараг үзээгүй энэ ард түмэн төрийн эрхийн тэмцлээс залхаж байгаа нь үнэн.
Бодит байдал дээр Сутэпийг дэмжигчид цөөрч байна. Тэрбээр цэвэр, тайван тэмцлийг биш улайрсан цуст мөргөлдөөнийг хүсч байгаа нь ийм байдалд хүргэжээ. Гэвч дундаж давхаргынхан, сэхээтнүүд түүнийг дэмжиж байгаа нь тэмцэл мөд дуусахгүйг харуулж байна.
Цэргийн хүч хаана төвлөрөх вэ
Ажиглагчдын үзэж буйгаар, 2006 онд Таксины эвдэлсэн ардчилсан зарчим өнөөгийн тэмцлийн галыг асаасан. Тайландын арми мэдээж төрийн эрхийг барьж буй хүчний талд үйлчилнэ.
Уг нь Засгийн газар арми төвийг сахих байр сууриас хандана гэсэн ч Засгийн газар эсэргүүцэгчдийг хамгаалахгүй гэдгээ эхнээсээ харуулсан.
Тайландын эдийн засаг хөдлөхгүй байж чадах уу
Тайландын эдийн засаг хэдийнэ доройтоод эхэлжээ. Бүр арваннэгдүгээр сард тэмцлийн нөлөө санхүүд тусаад эхэлсэн ба аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үзүүлэлтүүд эрс доошилж байгаа гэж эдийн засагчид анхааруулав.
Тайландын эдийн засаг Зүүн өмнөд Азидаа хамгийн том нь. Гэтэл 2006-2010 онд багагүй хувиар доошилсон эдийн засаг саяхнаас сэргэж эхэлсэн ч энэ удаагийн тэмцлийн галд удаан тэсч чадахгүй гэсэн.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )