Өнгөрсөн даваа гаригт Хойд болон Өмнөд Солонгос харилцан буудалцаж дуулиан тарьсан. Харин яг энэ мөчид Хятадын армийн генерал авлига хээл хахууль, хөрөнгө зувчуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн хэвлэлийг хувьдаа ажиллуулсан зэрэг хэрэгт буруутгагдан, хятад орон даяар шуугиан болж байна.
Бас БНСУ-ын албаныхан умардын нисэгчгүй сөнөөгч онгоц далайн хилийг зөрчиж, осолдсон гэж мэдэгдсэн. Гэвч умардынхны мэдэгдэл арай өөр байсан ба өмнөдийн тэнгисийн цэргийн хөлөг даваа гаригийн үүрээр хойгийн баруун эргийн орчмоор хил давсан гэжээ. Тиймээс анхааруулж буудсан гэх тайлбарыг өгсөн талаар Хятадын хэвлэлээр бичиж байна.
Барууны хүчнүүд үүнийг Хятад, Хойд Солонгосын бат нягт харилцаатай холбон тайлбарлаж байгаа юм.
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Зүүн Азийн судлаач Ван Жуншэн энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө, Пхьенян буруугүй, анхааруулга өгсний дараа өмнөдөөс жинхэнэ дайралт хийж, улмаар хариу галласан гэжээ. Гэхдээ мэдээж өмнө нь хийсэн пуужингийн туршилтууд улстөрийн шинжтэй байсан бөгөөд АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилттай холбоотой гэсэн байна. Цэргийн сургуулилт энэ сарын 18-нд дуусна.
Үүнтэй зэрэгцэн Хонгконгийн “Ta Kung Pao” сонинд, саяхан Гаагад болсон Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын хариуг Пхьенян ийнхүү өгсөн ч байж болно гэв. Энд “Дээд хэмжээний уулзалт цөмийн зэвсэглэлийг таслан зогсооход чиглэсэн. Тодруулбал, Хойд Солонгосын зэвсгийн талаар л хэлэлцсэн юм. Олон улсын зүгээс Пхьеняныг шүүмжилж, хүчтэй шаардлага тавьж байгааг эсэргүүцэж буй бололтой” гэжээ.
Харин “Beijing Times”-т Хойд болон Өмнөд Солонгос хурцадсан томоохон асуудалд хүрэхгүй, тэд аль аль нь хэмжээ хязгаарыг мэдэж байгаа гэж бичсэн байв. “Хоёр тал ажиглалтын байр сууриас хандаж байгаа. Хойд Солонгос өмнөдийн хөлөгт анхааруулах дохио өгсөн нь үнэн. Тэд хохирол гаргахгүйг хичээсэн гэж ойлгож болно. Гэхдээ Өмнөд Солонгос хариу галласан нь байлдааны бэлэн байдалд байгааг харуулж байна. Тиймээс олон улс байдлыг хүндрүүлж тайлбарлах хэрэггүй. Хоёр тал одоогоор байр сууриа тайван замаар илэрхийлэх хэмжээнд л байна” гэж бичсэн аж.
Хойд Солонгосын асуудалтай зэрэгцэн Хятадын армийн генерал асан Гу Жуншаны хэрэг хэвлэлийн нүүр дүүрэн гарах болжээ. Ноён Гу Хятадын Ардын чөлөөлөх армийн Ложистикийн Ерөнхий газрын дарга байсан бөгөөд 2006 оноос хойш тэрбээр цэргийн шүүхийн өмнө сууж байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
haana ter tald ni bat zogsono gesen bgaan nusan buu
medeej shuu dee, ene 2 -g negdeesei gej xusne gejuu