1994 оны дөрөвдүгээр сарын 7, Руандад 100 гаруй өдөр үргэлжилсэн аймшигт яргалал эхэлж, хуту үндэстний хэт давруу, анархистууд 800 мянган хүнийг хоморголон хяджээ. Тэд цөөнхийг бүрдүүлэгч туци нар руу довтолсон ба олонхууд цөөн буурай бусдадаа улстөрийн боломж олгохыг хүсээгүй юм.
Хутугийн дайчид туцисуудыг устгахыг хүссэн шалтгаан
Руандагийн хүн амын 85 хувийг хуту үндэстэн эзлэдэг ч туцисуудын улстөрийн нөлөө давамгайлах байр суурьтай байлаа. 1959 онд хутусууд туцисын засаглалыг унагаасан ба чухам тэр цагаас хядлага эхэлсэн. Тэр үед олон зуун мянган туцис хөрш орнууд руу зугтан гарсан юм.
Улмаар туцисууд Руандагийн Эх орончдын фронт гээчийг байгуулж, 1990 онд Руанда руу довтолсон ба 1993 онд хутусуудтай эвийн гэрээ байгуулах хүртэл тэмцэлдсэн. Гэвч 1994 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ерөнхийлөгч Жювенал Хабиаримана цус урсгах тушаал буулгав.
Ингээд Африкийн дайнд цучил нэмсэн харгислал эхэлж, хэт үндэсрхэг хутусууд цөөнхийг устгах кампанит хядлагаа эхлүүлсэн аж. Анархистууд туцисуудыг буудаж, шатааж, тамалж, эрүүдэн шүүж, зодож, онгоцоор хуаран руу нь галлаж, үй олноор устгах бүхий л аргыг ашигласан.
Аллагын техник
Кампанит хядлагыг харахад замбараагүй, яг л Камбожийн анархистуудынх шиг байсан ч яг нарийн ажиглавал асар зохион байгуулалттай байв. Засгийн газар алуулах тавилантай туцисуудын жагсаалтыг хутусуудад өгнө. Гэвч тэд ганцаараа үхэхгүй, гэр бүлийнхнийг нь ч газрын хөрснөөс арчин хаяж байлаа.
Хөрш нь хөршөө, нөхөр, эхнэрүүд туци гаралтай гэр бүлийнхнээ, цусан тангарга өргөсөн “хутус” хүүхдүүд аав, ээжийгээ, эсвэл энэ аллагаас татгалзсан хутусуудыг хөнөөж байв. 1994 онд Руандад зэвсэг авах мөнгө байгаагүй учраас нишингийн ишийг тас огтолдог мачете хутга алуурчдын гол зэвсэг болж байсан аж. Мөн энэ хядлагын үед олон зуун мянган туцис эмэгтэй секс боолчлол, хүний наймааны золиос болсон юм.
Тэднийг хэн ч зогсоосонгүй
Уг нь АНУ, Бельги, Францын арми Руандад орсон. Гэвч НҮБ аллагыг зогсоох эрх өгөөгүй. Ингээд Бельги улс 10 цэргээ алуулж, Францын Засгийн газар хутугийн Засгийн газартай холбоо тогтоож, уул уурхай руу орох гэрээ байгуулсан тул энэ аймшгийг зогсоох гэж оролдсон ч үгүй. Жилийн дараа Сомалид америк цэргүүд алуулж, АНУ Африкийн дайнд хүч хаяхаа болив.
Хутусууд Руандагийн сонин, телевиз, радиог бүхэлд нь эзэмшиж, олон нийтэд туцисуудын хор уршгийг сурталчлан, хаа дайралдсан газраа жоом мэт алж болно гэж сурталчилж байсан юм.
Тэд алж болох болон аль хэдийнэ алуулсан туцисуудын нэр, хаягийг радиогоор цаг тутам зарлаж байжээ. Алуулах хүмүүсийн тоонд туцисуудаас гадна сүмийн номлогч, гэлэнмаа нар ч байлаа.
Аймшигт яргаллын төгсгөл ирсэн үү
Туцисууд мачетегийн хурц ирэнд огтлуулж байсан ч үнэндээ Руанда дахь улстөр, нийгмийн нөлөө нь арилаагүй байсан. Руандагийн Эх орончдын фронт дахин сэргэж, их яргалал эхэлснээс гурван сарын дараа Кигали хотыг эзэлж чадсан ба хядлагаас залхсан олон нийт ч туцисуудыг дэмжиж эхлэв.
Ингээд байдал бишидснийг ойлгосон хоёр сая орчим хутус иргэн, туцисуудын цусаар гараа угаасан хүмүүс Конго руу дүрвэжээ. Хамгийн аймшигтай нь цусан өшөө авахыг хүссэн туцисуудын гарт олон мянган энгийн хутус өртсөн байна. Конгод тэр үед булчин задрах тахал, холер газар авч, хутусуудын үндсэн хүч задран унажээ.
Руандагийн өнөөдөр
Руандагийн Эх орончдын фронтын тэргүүн, Ерөнхийлөгч Пол Кагаме өнөөдөр Руандагийн эрхийг барьж байна. Ашигт малтмалын нөөц ихтэй энэ бяцхан улсын эдийн засаг ч хурдай өсөж байгаа. Ноён Ерөнхийлөгч эх орондоо технологийн хөгжлийг авчрахыг хичээдэг.
Гэвч иргэний дайны хар сүүдэр, уй гашуу өш хонзон туцисуудын ой тойнд дэндүү бат тогтсон учраас өнөөдөр Руанда дэлхийн аймшигт газрын нэг байсаар байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )