Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад тун дэлгэрэнгүй хариулжээ. Ярилцлагын гол сэдэв нь Украйн, Крымийн хямрал. Энэ ярилцлагыг орчуулан хүргэж байна.
В.Путин: Өдрийн мэнд хүргэе, эрхэм сэтгүүлчид ээ. Ярилцлагыг яаж хийвэл зүгээр вэ. Албаны ярилцлагаас илүү харилцан яриа өрнүүлбэл ямар байна. Та нар асуухыг хүссэн зүйлүүдээ бүгдийг нь асуучих. Би дараа нь нэгдсэн байдлаар хариулъя. Асуулт орхигдуулна гэж санаа зовох хэрэггүй. За эхэлцгээе.
Асуулт 1: Хамгийн эхлээд Киевт ямар бодлого чиглүүлж буй тань асууя. Киевийн өнөөгийн Засгийн газар, Ерөнхийлөгчийг манай улс хүлээн зөвшөөрөх үү. Хуулийн талаас энэ нь ямар ч бололцоогүй гэж байгаа?
Асуулт 2: Ноён Ерөнхийлөгч өө, Орос улс Крымийг бүхий л талаар дэмжихээр боллоо. Гэхдээ энд тодорхой болгох асуудал олон бий. Тухайлбал ямар эх үүсвэрээс гарах мөнгийг, ямар нөхцөлөөр өгөх вэ гэхчлэн?
Асуулт 3: Хэрвээ манай улс Украйнд цэргийн ажиллагаа явуулахаас өөр аргагүйд хүрлээ гэхэд олон улсын ямар журмыг даган биелүүлэх вэ?
Асуулт 4: Яагаад Крым гэж. Өнөөгийн нөхцөл байдлын чухам яг юу нь Крым дэх орос хэлтнүүдийн эрх ашгийг хөндөөд байгаа вэ?
Асуулт 5: Хэрвээ Орос улс хүч ашиглахаар үнэхээр шийдсэн бол ямар эрсдэл хүлээх бол. Европт нутаг нэгтнүүдийн маань эсрэг хориг тавиад эхэлчихлээ?
Асуулт 6: ОХУ-ын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт огцом унаж, рублийн ханш түүхэнд байгаагүй доод хэмжээ тогтоолоо. Та ийм үр дүн хүлээгээгүй биз дээ?
В.Путин: Юуны өмнө Киевт яг ямар зүйл өрнөөд байгааг өөрийнхөөрөө дүгнэе. Тэд Үндсэн хуулийг худалдаж авсан. Өөр ямар ч асуудал байхгүй. Өнгөрсөн өдрүүдийн турш би Украйны талаар л ярилаа.
Би үнэндээ та нарын анхаарлыг Ерөнхийлөгч Виктор Янукович руу хандуулахыг хүсэж байна. Польш, Герман, Францын Гадаад харилцааны сайд нар болон Оросын Хүний эрхийн зөвлөлийн дарга Владимир Лукин нар хоёрдугаар сарын 21-нд хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Энэ хэлэлцээрийн дагуу Виктор Янукович ажлаа хүлээлгэж өгсөн гэж хэлмээр байна. Энд би байдлыг сайн, муу гэж дүгнэх гээгүй, болсон үйл явцыг л ярьж байгаа. Янукович сөрөг хүчний бүх болзлыг хүлээн зөвшөөрсөн. Парламентийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, хуучин Үндсэн хуулийг сэргээх гээд бүхий л шаардлагыг нь шүү.
Түүнийг жагсагчдын эсрэг буудах тушаал өгсөн гэж огт бодохгүй байна. Харин ч нийслэлд төвлөрүүлээд байсан цагдаа, цэргийн хүчийг тараах тушаал гаргасан юм. Мөн суудлаас буусан даруйдаа өөрийн бүхий л байр суурийг хүлээлгэж өгөөд Харьков руу явсан.
Энэ бүхний зорилго чухам яг юу вэ гэж би өөрөөсөө асуудаг. Би үүнийг ойлгож авахыг хүсэж байна. Тэр нэгэнт өөрт байсан бүх хүчийг эсэргүүцэгчдэд өгчихсөн ба би түүнд дахиж сонгогдож чадахгүй гэдгийг нь хэлсэн.
Ойрд би дандаа л утсаар ярьж байх боллоо. Бүхэл бүтэн улсыг түйвээн байж төрийн эрхийг эргүүлэх нь хэнд ашигтай вэ. Өнөөдөр Киев хуучин тогтвортой байдалдаа буцаж чадав уу, тэгээд. Зэвсэглэж, нүүрээ халхалсан тусгайгийнхан гудамжаар нь хөлхөж байгаа.
Тэгэхээр асуултын хариу одоо ч тодорхойгүй гэсэн үг. Тийм болохоор би Киевийн шинэ дарга нарын шийдвэр эхнээсээ туйлын мунхаг буруу байсан гэж хэлнэ. Яг үнэндээ тэдний бодлого одоо зүүн болон зүүн өмнөд Украйны иргэдэд маш хүнд тусна гэдэг нь ойлгомжтой боллоо.
Яагаад Украйны ард түмэн хаа байсан II Николай, Кучмагаас эхлээд Ющенко, Янукович гээд бүх хаад, ноёдынхоо үед зовж байх ёстой гэж. Хэн нь ч илүү сайхан нөхцөл бүрдүүлж чадаагүй юм шүү.
Пост коммунистуудаас хамгийн хэцүүг нь нэрлэ гэвэл хэн ч Украйныг заана. Улстөр, эдийн засгийн бүтэц нь маш эмзэг, мэдрэмтгий хэвээр байгаа энэ улсад тогтвортой байдал л тус болохоос биш үймээн самуун ямар ч үр дүн авчрахгүй.
Мэдээж хэрэг улс орондоо сайн сайхныг авчирч магадгүй гэж итгэсэн жагсагчдыг би ойлгож байна. Тэд эрс өөрчлөлт гэхээс илүү эрх мэдэлд шунасан хүмүүст дөрлүүлснээ ойлгоогүй юм.
Тэгвэл шинэ Засгийн газрыг хар, тэнд олигархи, бизнесмэнүүд, эздүүд л дүүрэн байгаа. Жишээлбэл, ноён Коломойский, тэр Днеприйг удирдах гэж байх шиг. Гэтэл энэ хүн манай үндэсний олигархи Роман Абрамовичийн дэргэд 2-3 жил шавилсан. Нэгэнтээ Арбамовичоос хэдэн ч билээ тэрбум ам.доллар аваад сураггүй болсон бол одоо Днеприйн захиргааг толгойлно гээд сууж байна.
Одооны эрх баригчид хууль ёсных эсэхийг ярихад бас учир бий. Мэдээж бүгд биш ч тодорхой хувь нь хууль ёсных байж болно. Харин тэр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гээд байгаа нөхөр лав хуулийн хүрээнд энэ ажилд очоогүй. Украйн улсын хуулиар яг өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийвэл Януковичоос өөр хууль ёсны Ерөнхийлөгч байхгүй.
За одоо Крымийн санхүүгийн талаар ярья. Крымд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага байна. Цэрэг зэвсэг, эдийн засаг гэхээс илүү хүмүүнлэгийн тусламж. Тэрнээс биш би Крымийг Оросын хилийн дотор оруулах гэсэнгүй. Тэнд орос хэлтэй, гарал нэгтэй хүмүүс маань амьдарч байгаа учраас заавал туслах ёстой болчихоод байгаа юм.
Армийн тухайд онц шаардлагатай үед оруулахаас өөр аргагүй. Гэхдээ нэг зүйлийг онцлоход, ОХУ хэзээ ч дайныг хүсэхгүй, өдөөн хатгахгүй. Харин хариу цохилтыг хангалттай өгнө. Дахин хэлэхэд, армийн хүч гэдэг нь хамгийн эцсийн шатанд л авдаг арга хэмжээ.
-Манай барууны түншүүд одоо Орос руу яаж харах бол?
В.Путин: Их 8-ын уулзалтыг хүлээж байна /гуравдугаар сард Их 8 байсан одоо Их 7 болсон/. Гэхдээ уулзалт заримдаа аюулгүй байдалтай холбоотой нууц асуудлаар өрнөдөг болохоор тэнд яригдсан зүйлсийг ил гаргаж болохгүй.
Нэг зүйлийг заавал тунгаах ёстой юм. АНУ-аас Ливи, Афган, Иракт явуулж буй бодлого нэгээхэн ч болтугай үр дүнд хүрсэн үү. Тэгэхээр манай барууны түншүүд геополитик, улстөрийн ашиг сонирхол, бусад хүчин зүйлсэд дүгнэлт хийсний дараа мэдэгдэл гаргаасай. Тэд дэлхийн зургийг бүтээхдээ “Та нар бидний тойрогт ор, эсвэл гадна талд үлд” гэдэг.
Харин бидний замнал арай өөр. Хуулийн дагуу л ажиллана. Нэгэнт баталсан бол буруу ч бай, зөв ч бай хуулийн дагуу ажиллана гэсэн үг. Манай улсын тухайд, өөрийн үндэстэн, хэл соёл, уламжлал, улсын аюулгүй байдлаа ямагт, хэнээс ч хамгаална.
-Та Крымийн ирээдүйг хэрхэн харж байна. Энэ хойг Оросынх болох уу?
В.Путин: Тийм зүйл байхгүй. Крымийн ард түмэн өөрсдөө сонголтоо хийнэ. Тэрнээс Путин тэдэнд эрх чөлөөний сонголтыгтулгахгүй. Хэрвээ Косовогийн албаничуудад ийм сонголтыг өгсөн бол гэж харин би бодож байна. Бид зөвхөн крымчүүдийн аюулгүй байдлыг хамгаалахаас биш үнэт зүйл рүү нь халдахгүй. Мөн тэд биднээс хамгаалалт хүсэхгүй бол үүнийг бас албадахгүй.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
iim yunhiilugchtei bol taivan amaglan yavnaa eh orniihoo tuluu henii ch umnuus hariulj bn