Загалмайлсан эцгийн жинхэнэ түүх буюу Америкийг эзэлсэн итали мафи-1

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 01

Альфонсе Габриел буюу дээрэмчдийн ертөнцөд Аль Капоне нэрээр алдаршсан нэгэн 1899-1947 онд хорвоо дэлхий дээр амьдарчээ. Хожим алдарт Марио Пьюзо түүний амьдралаар домогт "Загалмайлсан эцэг" хэмээх зохиолоо бичсэн юм.

Итали гаралтай Аль Капоне өнөөгийн Америкийн дээрэмчдийн бүлэглэл, мафийн ахан дүүсийн холбоог үндэслэж, хууль бус нийгмийн синдикатын суурийг тавьсан.

 


Чикаго хотын бүүдгэр гудамжуудад дамын наймаа, архи, тамхины хууль бус бизнес, биеэ үнэлэгчдийн клубуудыг ивээн тэтгэх гээд 1920-1930 оны америк гангстэруудыг хөлжүүлж болох бүхнийг тэр хийжээ. Гэхдээ тэр хэзээ ч өөрийгөө “МАФИ” гэж нэрлэж байсангүй.

Италийн цагаачид бүгсэн Нью-Йоркийн Брүүклин дэх ядуусын хороололд төрж, тарчиг амьдрал, хавчилт дарамтыг мэдэрч өссөн Капоне 14 настайдаа танхайрсан хэргээр сургуулиасаа хөөгдсөн аж. Чухам тэр үеэс л харанхуй гудамжуудад дээрэм тонуул хийж, мөнгийг сийрэг ухаан, гарын бяраар хэрхэн олж болдгийг сурч авсан байна.

 


Тэр 20 хүрэх гэж байхдаа Чикаго руу адал явдал хайн оджээ. Хойд нутгийн хатуу ширүүн уур амьсгал, төмөр мэт чанга нударгатай эрчүүд түүнийг айлгасангүй, харин ч хорхойг нь хүргэж орхисон гэдэг. Тэнд очсон даруйдаа хуурай хуулийн заалтуудыг өөрийнхөөрөө “залруулж”, хууль бус наймаа, архины дамын худалдаа, мөнгө угаах зэргийг ёстой л үзүүлж өгөв. Түүнд үйлдээгүй гэмт хэрэг байсангүй. Тэр Засгийн газрыг эсэргүүцэж буйгаа ингэж илэрхийлж байлаа.

Хамгийн гол нь түүнд нэр төр байсан. Хэдийгээр тэр зартай гэмт хэрэгтэн, алуурчин, дээрэмчин болсон ч жирийн иргэд түүнийг бурхан мэт хүндэлж, өөрсдийнхөө хэмжээнд хамгаалдаг болжээ.

Яагаад гэвэл түүний буруу замаар орж ирсэн мөнгөний ихэнх нь ядуу хоосон хүмүүсийг тэтгэх, боловсрол эзэмшиж чадахгүй байгаа борчуудын хүүхдүүдийг сургах, хүчин буурайг хүчирхийллээм хамгаалахад зориулагдаж байсан ба Капонег “Орчин цагийн Робин Гүүд” гэж нэрлэсэн юм.

Гэхдээ 1929 онд тэр нэр төрөө сэвтээсэн. Тэр оны Гэгээн Валентины өдрөөр өөрийн өрсөлдөгч долоон хүний бодийг хөтөлсөн бөгөөд Робин Гүүдийн төрх олны нүдэнд алуурчин болж харагдсан.

 


Хэдийгээр Капоне хязгааргүй эрхэт эзэн мэт байсан ч хуулийн өмнө хүчин мөхөстөж байлаа. 1931 онд түүнийг татвараас зайлсхийсэн, айлган сүрдүүлсэн хэргээр яллаж, 1939 онд өршөөлөөр суллав. Гэвч шоронгийн бат бөх хана хэрэм, төмөр тортой өчүүхэн цонх түүний замналд саад болсонгүйгээр үл барам рецедивүүдимйн ертөнцөд Капоне нэр алдаршиж, шоронгийн Алкатраз холбоо гээчийг байгуулсан байв.

Нэгдсэн улс төдийгүй Итали, Латин Америк, Канадад ноёрхлоо тогтоосон Аль Капоне хэдий домог мэт амьдралтай нэгэн ч насны эцэст өвчин зовиур, аз жаргалгүй хувийн амьдрал зэргээсээ болж шаналсаар хорвоог орхисон гэдэг. 1947 оны нэгдүгээр сарын 25-нд “Загалмайлсан эцэг”Альфонсе Габриел Капоне тархины цус харвалтын дараах зүрхний шигдээсээр өөд болсон юм.


Домогт “Загалмайлсан эцэг”-ийн намтар

Альфонсе Габриел Капоне 1899 оны нэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк дахь итали цагаачдын хороолол Брүүклинд төржээ. Түүний эцэг Габриел Капоне /1864-1920/, ээж Тересина Райола нар Италиас ирсэн ядуу цагаачид байв. Габриел Капоне үсчний жижиг газар ажиллуулдаг байсан ба Неаполиос холгүй оршдог Кастелламмаре ди Стабиагаас ирсэн. Харин ээж нь болох үзэсгэлэнт Тересина Ангри нутгийн нэр хүндтэй оёдолчны охин байжээ.

Альфонсе эхээс есүүлээ бөгөөд өнөр өтгөн энэ гэр бүлд католик шашны хатуу дэг жаяг байсан ч тэр эцсийн эцэст “Загалмайлсан эцэг” болж чадсан юм. Багын л аливаад баригдахгүй, хатуу ширүүн гудамжны амьдралд чанга гаруудтай үзэлцэж өссөн түүнд сургуульд сурч цаг алдах сонирхол угаасаа байгаагүй гэдэг.

Тэрээр тоглоомын газрын зөөгч, хамгаалагч, чихрийн дэлгүүрийн манаач, эмнэлгийн бохир зөөгч гээд өөрийнх нь хэлдгээр нийгэмд тустай олон ажил хийж байжээ. Гэвч түүний амьдралд Жонни Торрио гэгч гудамжны хутгатай дээрэмчин орж ирснээр амьдралын зам мөрөө шууд сонгосон аж.

 


Загалмайлсан эцгийн замнал

Түүний хамгийн анхны бүлэглэл нь “40 залуу хулгайч” болон “Сүүдрийн хөвгүүд” байлаа. Хэдий жижиг гарын дээрэмчид ч хариуцсан гудамжуудаасаа боломжийн мөнгө саадаг байсан энэ хоёр бүлэгт ороод удаагүй Капоне өөрийн гэсэн багтай болохыг мөрөөдөж эхэлсэн байна.

Энэ мөрөөдөл нь түүнийг хурцалж, хэдхэн сарын дараа жижиг бүлгийн Их ах болсон байв. Улмаар “Брүүклиний тасдагчид”, Манхаттений “Таван оноот дээрэмчид”-тэй холбоо тогтоож, хэдхэн сарын дотор Нью-Йоркийн томоохон дүүргүүдийн бүжгийн танхим, салонууд, архины мухлаг зэргээс татвар авч, тэднийг бусад бүлэглэлээс хамгаалдаг болсон байж.

Энэ л үед тэрээр өөрийнх нь төрхийг тодотгосон алдарт гурван сорвийг нүүрэндээ авсан. Үүнийг өөрийнх нь төрсөн ах Франк Галлучио Капоне үйлдсэн бөгөөд шөнийн клубын бүжигчин бүсгүйг дүүгээсээ өмөөрч, нүүрнийх нь зүүн хэсэгт гурван ч газар хутгаар сийччихсэн аж.

Ингээд Загалмайлсан эцэг Аль Капоне “Үзлийн царайт” хэмээх хочтой болсон байна. Энэ түүхийг Капоне гуйвуулж, дайны бөмбөгдөлтөөс авсан шархны сорви гэх тайлбарладаг байв.

 



Мафийн хувийн амьдрал

Капоне 1918 оны арванхоёрдугаар сарын 30-нд 19 настайдаа Мэй Жозефине Колин хэмээх бүсгүйтэй гэр бүл болсон юм. Ирланд гаралтай цагаач бүсгүй мөн л хатуу чанд католик шашнаар хүмүүжсэн ба Капоне энэ хорвоо дээр зөвхөн эхнэртээ л итгэдэг байсан ажээ. Тэд гурван хүү, нэг охинтой болсон юм. Альфонсе Габриел Капоне мафийн ертөнцөд Загалмайлсан эцэг гэгдэж, гэмт хэргийн торыг хуулиас дээгүүрт татаж чадсан ч гэр бүл нь түүний хувьд бүх зүйл нь байжээ. Тэрээр эхнэрээсээ салж, гоо үзэсгэлэнтэй залуухан бүсгүйг сонгосон ч энэ нь гэр бүлээ хамгаалах арга байсан гэдэг.

 



Чикаго дахь Загалмайлсан эцгийн тамга

Түүнд Нью-Йорк хэтэрхий уйтгартай санагдах болов. 1923 онд Капоне умард нутгийн хөл хөдөлгөөнт, янкуудын хотыг зорилоо. Тэнд өөрсдийгөө цусны америкчууд гэж итгэсэн креолууд ноёрхлоо тогтоосон байж. Харин Капоне тэднийг хүүхэлдэй шиг л санаж байжээ.

Энэ үед Жонни Торриогийн “Таван оноот дээрэмчид” бүлэг үндсэндээ итали Загалмайлсан эцгийн гарт орсон байв. Торриод нэг асуудал байсан нь түүний үеэлийн нөхөр хөзрийн клубуудыг атгасан “Хар гартан” бүлэглэлийн толгойлогч байсан. Хар гартанууд Торриогийн зам бүхэнд тээгэлдэж, төвөг удаж байсан учир Капонед боломж олгов. Ингээд итали залуу анх удаа бүлгийн хэмжээний аллагаар гараа цустаж, “Таван оноот дээрэмчид” Чикагогийн дүүргүүдэд амжилт олж эхэллээ.

Чикагод амьдрал жинхэнэ буцалж, өч төчнөөн онгорхойтой хуулиуд Капонед мөнгө болон харагджээ. Өргөн уудам газар нутаг, төмөр замын толгой эргэм зангилаанууд, Канад түншүүдтэй ойр ойрхон уулзаж болох байрлал гээд энд бүхий л боломж гэрэлтэж байсан.

 


“Хар гартан”-уудын Жеймс Колосимог үгүй хийсний дараа “Том Жим” гэх хуучны нэр хүндтэй бүлэг Торриогийн гарт орсон. Бусад бүлэглэл Нью-Йоркоос ирсэн дээрэмчдээс жийрхэж эхэллээ.

1924 он дээрэмчдийн хувьд жинхэнэ оргил тэмцлийн үе болжээ. Бүгд дээд эрх мэдлийн төлөө алалцаж, үзэлцэж байсан ба цуст тэмцлийн эцэст Аль Капоне хойд нутгийн Загалмайлсан эцэг болон хувирсан.

Тэр онд Капоне хатуу ширүүн он жилүүдийн анхны нулимсыг унагасан. Учир нь түүний ах Франк цагдаа нарын суманд өртөн амиа алджээ. Капоне ахынхаа оршуулга дээр үг хэлээгүй, зөвхөн уйлсан ба Чикаго даяар түүний мэдэлд байдаг, мөн түүнийг хүндэтгэдэг бүх дээрэмчин гурван өдрийн турш амнаасаа нэг ч үг унагалгүй гашуудсан гэдэг.

 


Үргэлжлэл бий...

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gangster(112.72.13.251) 2014 оны 05 сарын 01

Аятайхан зөөлөн үгтэй гээд амжилтанд хүрэхгүй ээ, аятайхан зөөлөн хэлсэн үгэндээ гар буугаар хачир баривал харин хол явна шүү. Аль Капоне

0  |  0
Top