Загалмайлсан эцгийн жинхэнэ түүх буюу Америкийг эзэлсэн итали мафи-3

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

“Загалмайлсан эцэг” киноны бодит дүр, зартай дээрэмчин Аль Капонегийн намтрын сүүлчийн хэсгийг хүргэж байна.


... 1932 оны тавдугаар сар. Капонег Атлантагийн шорон руу илгээв. Энд баргийн аавын хүү нугардаг бол Аль Капоне хэдийнэ өөрийн өндөр байр суурийг тогтоочихжээ. Тиймээс түүнийг хэсэг хугацааны дараа Линкольны шорон руу шилжүүлсэн байна. Энд ирсэн ч “Загалмайлсан эцэг”-ийн алдар нэр, сүр хүч  нэмэгдсэн үү гэхээс буурсангүй.

Тэгж байтал Сан-Францискод шинээр байгуулагдсан Алкатраз шоронд хамгийн хүнд гаруудыг хүмүүжүүлж эхлэв. Ингээд Капоне хоёр жилийн дотор гурван шорон сэлгэж, 1934 оны наймдугаар сарын 11-нд Сан-Францискод ирсэн аж.

 


Өмнөх шоронгууд шиг түүний нөлөөнд шорон тун хялбар автсан ч энд давуу талууд байлаа. Юу гэхээр Нэгдсэн улсын хамгийн зартай хулгайч, дээрэмчин, алуурчид энд цуглажээ. Капоне шинэ холбоотнуудтай болж байсан юм.

Учир нь түүнийг эзгүйд бизнесүүд нь хумигдаж байжээ. Тэр Алкатразд байхдаа Техасын дээрэмчин, банк тонодгоороо алдаршсан Жеймс Лукас гэгчийг л дарж чадаагүй ба нэг удаа салхилж байгаад мэсэнд нь өртөж, шархдаж байсан аж. Үүнээс болж тэрээр шоронгийн эмнэлэгт багагүй хугацааг үджээ.

 


Гэхдээ Аль Капоне шоронд байх хугацаандаа эрүүл мэнддээ онцгой анхаарсан аж. Тэрээр Чикагогийн эмсийн хүрээлэнгээр хэтэрхий их зочилсныхоо хариуд тэмбүү өвчин туссан байна. Харин шоронд байхдаа Нэгдсэн улсын тэргүүний эмч нараар эмчлүүлжээ. Нэг үгээр түүний ялын үлдсэн жилүүд эмнэлэгт л өнгөрлөө. Капоне Алкатразд 1939 оны нэгдүгээ сарын 6-ныг хүртэл байсан ба суллагдах хүртлээ буюу 1939 оны арваннэгдүгээр сарын 16-ныг болтол Калифорни дахь холбооны Засан хүмүүжүүлэх газарт байсан юм.

Ингээд найман жилийн турш Америкийн шоронгуудыг хэссэний эцэст Флоридагийн Фалм-Айланд дахь гэртээ иржээ.


Амьдралын сүүлийн жилүүд

Капонег шоронд байх зуур гэмт хэргийн ертөнцөд том, жижиг олон бүлэг бий болж, тус бүрдээ эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнүүлж байв. Түүний нэр хүнд, сүр хүч, бизнесийн хүрээ багасчээ. 20 жилийн нөр их хөдөлмөр, аймшигт замнал эрүүл мэндийг нь юу ч үгүй сүйтгэжээ.

Шоронд эмчлүүлж чадсан гэж итгэж байсан тэмбүү дахин сэдэрч, мэдрэл сэтгэц нь хааяа хэвийн биш болоод байгааг өөрөө анзаарсан байна. Богино хугацаанд маш их турж, ажлаа хийхэд ч хүндрэлтэй болсон байлаа.

1946 онд түүнийг сэтгэцийн эмч нарын баг сорьсон гэдэг. Тэгэхэд 47 настайдаа тэмбүүний улмаас сэтгэцийн сааталд баригдаж, 12 настай хүүхэд шиг сэтгэдэг болсон байжээ.

 

Түүнийг нас барсныг гэрчлах баримт


Түүний “агуу” замнал бараг дуусгавар болж, хүч чадлаа сэргээж чадахгүйд хүрэв. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг тэрээр Флорида дахь харшдаа өнгөрөөсөн байна.

1947 оны нэгдүгээр сарын 21, бурхан агуу “Загалмайлсан эцэг”-ийн амьдралд нэг мөсөн цэг тавьсан аж. Түүний тархинд цус харваж, ухаан орсон ч бие нь саажсан байлаа. Дараа өдөр нь буюу 1947 оны нэгдүгээр сарын 22-нд зүрхний шигдээс болж, үүнээс гурван өдрийн дараа нас баржээ.


Капоне урлагийн ертөнцөд мөнх амьдардаг

Америкийн, ерөөс дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай дээрэмчин, XX зууны гэмт хэргийн ертөнцийн хаан гэгдсэн Аль Капоне маш олон ном, кино, жүжигт амилсан. Түүний замнал, зан араншин, үйл хэргийг гэмт хэрэгтнүүд гарын авалга болгожээ.

Киноны танхай жентельмэнүүдийн өнгө төрх болсон хазгай бүрх, хөх өнгийн хослол, хул шаргал пальто зэрэг нь загварын чиг хандлага биш. Ердөө л Капонегийн дуртай хувцаслалт байсан юм.

 


Төгсөв.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top