АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас Хятадын армийн таван офицерийг эдийн засгийн цахим тагнуул гэж буруутган, эрэн сурвалжилж байгааг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ. Бээжин өөрийн офицеруудаа цахим тагнуул хийх оролдлого ч гаргаагүй гэж мэдэгдээд, энэ байдал хоёр орны харилцааг сэвтээж байна гэв.
Энэ талаар АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер анх мэдээлж байсан ба Бээжингээс хариу шаардсан юм. Түүний хэлснээр, Хятадын офицерууд Америкийн таван компанийн мэдээлэл, худалдааны нууц хэлэлцээр, үйлдвэрчний эвлэлийн гэрээнүүд, санхүүгийн нарийн мэдээллүүдийг хулгайлсан аж.
Харин Хятадын Гадаад харилцааны яамнаас Вашингтоныг даруй мэдэгдлээсээ буцаж, нэхэмжлэлээ эргүүлэн татахыг шаарджээ. “Синьхуа” агентлагийн мэдээнд энэ нэхэмжлэлийг ор үндэсгүй, өдөөн хатгасан зүйл гэж бичсэн байна.
Яамны мэдэгдэлд одооноос БНХАУ болон АНУ-ын Цахим ажлын хэсгийн үйл ажиллагаа зогсож буйг албан ёсоор зарлажээ. Энэ ажлын хэсэг дөрөвдүгээр сард байгуулагдсан, стратегийн чухал үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгууллага юм.
Гадаад харилцааны яамны төлөөлөгч Чин Ган энэ талаар “Хятад улс цаг үргэлж Америкийн цахим халдлагад өртдөг. Харин одоо хоёр орны цахим хамтын ажиллагааны хүрээнд АНУ асуудлыг шийдвэрлэх ямар нэг алхам хийхийг хүсээгүй тул ажлын хэсгийг татан буулгахаар боллоо” гэжээ.
Харин Ерөнхий прокурор Эрик Холдер энэ хэргийн баримтыг үзүүлж болно гэсэн байна. Тэрбээр “Westinghouse Electric, US Steel, Alcoa Inc, Allegheny Technologies, SolarWorld, US Steelworkers Union зэрэг улсын томоохон таван компани хятад офицеруудын халдлагад өртсөн. Үүнийг бид манай улсын ашиг сонирхолд илт халдаж буй үйлдэл хэмээн үзлээ” гэсэн байна.
Үүний дагуу АНУ Хятадын армийн офицер Ван Дон, Сун Кайльан, Вэн Шинью, Хуан Жэнью, Гу Гунхуй нарыг албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн аж. Тэд Хятадын Ардын армийн 61398 нэгжийн офицерууд аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
manai ulc tsaxim xamgaalalttai bolox xeregtei ali ch ulc tsaxim daind ortoj bolomtoi .xarin nuutsaa aldaxgui baix manai mongol ulc ch gecen tsaxim xamgaalaltiin albatai .bolox ni mmash tsuxal dej bodoj baina daa
alaltsaachee