Хүлэмжийн хий ихэссээр, дэлхий дулаарсаар

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 21

Дэлхий нийтээр тулгамдаж буй асуудлын нэн чухал нь уур амьсгалын өөрчлөлт болсон. Өнөөгийн нийгэмд аж үйлдвэрлэл хэт эрчимтэй хөгжсөнөөр нүүрсхүчлийн хий болон бусад хорт бодисууд агаар, байгаль орчинд ихээхэн хор хөнөөл учруулж байгаа билээ. Үүнээс үүсэж байгаа хамгийн том сөрөг нөлөө нь цаг агаарын дулаарал юм.Хэт улаан туяаны халуун цацрагийг шингээсэн их хэмжээний хийн молекул нь цаг уурт нөлөөлөх чадвартай. Ийм төрлийн хийн молекулуудыг хүлэмжийн хий гэдэг.Яагаад хүлэмжийн хий ихээр нэмэгдэж цаг агаар дулаараад байгаа эхний шалтгаан нь үйлдвэрлэл явуулахад гарах хаягдал буюу ихэвчлэн органик гаралтай түлш шатааснаас үүсдэг. Хүлэмжийн хий, метан зэрэг хийнүүд агаар мандалд хуримтлагдах агууламж нь ихэссэнээр аяндаа газар орчимдоо нэмэлт дулаарлыг бий болгож байгаа юм. Агууламж ихэссэнээр сансар луу агаар мандлын дээш чөлөөтэй нэвтэрдэг байсан урт долгион цацрагууд нь нэвтэрч чадахгүй буцаад газар луу цацран нэмэлт дулаан үүсэж байгаа юм. Бас нэгэн  шалтгаан бол нүүрсхүчлийн хийг  хуримтлуулж хүчилтөрөгчийг ялгаруулдаг ой модыг их хэмжээгээр сүйтгэж байгаатай холбоотой.Хүлэмжийн хий нэмэгдэж нэмэлт дулааралт агаар мандалд бий болсноор Монголд 20, 30  жилийн тогтсон горим өөрчлөгдөх болсон. Арван жилд нэг удаа болдог байсан ган, зудын горим өөрчлөгдсөнөөр хоёр, гурван удаа тохиолдож, салхи шуурганы циклон эрчимжих, удаан хугацаанд үргэлжлэх гэх мэт гамшигт үзэгдлүүд ихсэж байгаа юм. Монголд өнгөрсөн 20 жилд болсон гамшгийн давтамжийг авч үзвэл сүүлийн 10 жил нь эхний 10 жилээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Үүнд хүчтэй салхи, үер ус, хэт халалт, их цас гэх мэт байгалийн агаар мандалтай холбоотой гамшигт үзэгдлийн давтагдах тохиолдлын тоо хоёр дахин ихэссэн байгаа юм. Ийм гамшиг нь яах аргагүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хойш татаж байгаа асуудал болоод байна.Тийм учраас хүлэмжийн хийн  хэмжээг бууруулах хэрэгтэй. Байгальд хоргүй технологи сэргээгдэх эрчим хүч агаар мандалд шинэ технологи зэргийг нэвтрүүлэх нь эх үүсвэртэй тэмцэж байна гэсэн үг. Мөн байгалийн унаган төрхөөрөө ургаж байгаа ой хүлэмжийн хийг их хэмжээгээр шингээдэг юм.Дэлхийн бүх улсууд өнгөрсөн жил хүлэмжийн хийг бууруулж, агаарын температурын өсөлтөд хязгаарлалт хийх үүрэг хүлээсэн. НҮБ-ын тооцоогоор сүүлийн арваад жилд агаар мандалд гаргасан нүүрсхүчлийн хийн 46%-ийг эрчим хүчний гаралтай буюу түлш шатааснаас, 24%-ийг аж үйлдвэрээс, 18%-ийг ойн аж ахуйгаас буюу ой модыг сүйтгэснээс, 9%-ийг хөдөө аж ахуйн буюу бордооноос шалтгаалж байгаа гэсэн юм. Манай орон жилд нийт 26 сая экв хүлэмжийн хий ялгаруулдаг гэсэн судалгаа гарсан. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад их юм. Иргэд бид хэрэглэж байгаа эрчим хүчний хэрэгцээнээс хэд дахин давсан хүлэмжийн хийг ялгаруулж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор монголд уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар Уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв хэлэхдээ “Ер нь бол хүлэмжийн хийн агаар мандал дахь агууламж улам ихэснэ. Яагаад гэвэл одоо байгаа байдлыг харахад өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийн ихэнх хувийг ялгаруулдаг. Дэлхийн улс орнууд Киотогийн протоколын дагуу өөрийн улсын дэлхийн агаар мандалд гаргаж буй нүүрсхүчлийн хийг тодорхой хэмжээгээр бууруулах үүрэг хүлээн ажилладаг. Гэхдээ ихэнх улсууд үүргээ хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр энэ дулаарал цаашдаа ч улам ихэснэ. Бидний хийсэн тооцоогоор Монгол орон 1940 оноос хойш 2.1 градусаар дулаарсан. Хур тунадас 7-8 градус багассан байна.  Жилийн дундаж температур ирээдүйн 100 жилд 4-6 градусаар дулаарахаар байна. Яг энэ байдал дээр нэмээд 4-6 градус нэмэгдэнэ гээд төсөөлөхөөр ямар их эрсдэл бий болох уу. Дэлхий нийтээр хүлэмжийн хийг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хамгийн чухал нөлөөг үзүүлнэ”.

Н.АЛТАНТУУЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top