МУИС-ийн сургалтын бааз, эрдэмтэн багш нарын хүч нөөцөд түшиглэн байгаль шинжлэлийн гүнзгийрүүлсэн сургалттай “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийг байгуулаад өдгөө 17 жил болж байгаа юм. Ингээд тус лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал, доктор Ч.Батцэцэгтэй ярилцлаа.
-“Байгаль-Эх” (БЭЛАС) лицей ахлах сургуулийн талаар манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу?
-МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургууль нь байгаль шинжлэлийн төрөл хичээлүүдээр гүнзгийрсэн сургалт явуулдаг, Монгол Улсын цорын ганц ахлах сургууль юм. МУИС-ийн эрдэмтэн багш нар, сургалтын орчны нөөц боломжид түшиглэн 2001 онд математик, физик, хими, биологийн, 2008 онд газарзүйн, 2011 оноос мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг нээж, суралцагчдыг улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар элсүүлэн бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ сонгосон чиглэлээр нь гүнзгийрүүлэн суралцуулдаг ахлах сургууль болон хөгжиж байна. Манай үндсэн багш нарын 90 гаруй хувь нь магистр болон тэргүүлэх, заах аргач зэрэгтэй бүтээлч хамт олон. МУИС-ийн харьяа ахлах сургууль гэдэг утгаараа Их сургуулийнхаа багш, эрдэмтэдтэй хамтран ажиллаж тэднээс суралцаж, хөгжин, сургалтын шинэлэг арга зүйг нэвтрүүлж байдаг онцлогтой.
-“Байгаль-Эх” лицей ахлах сургууль нь эко сургууль гэдэг утгаараа Экологийн боловсролын төвдөө түшиглэн танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт явуулдаг гэж сонссон?
-Тийм ээ. Экологийн боловсролын төв (ЭБТ) бол суралцагчид, иргэд, олон нийтэд байгаль орчинд ээлтэй хандах мэдлэг ухамсар, соёл төлөвшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг. ЭБТ нь сургалт, судалгаа, танин мэдэхүйн амьд, бодит орчин болсон амьтны музей, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнтэй. “Мянга сонсохоор нэг үз” гэдгийн адил хүүхдүүдэд өөрсдөөр нь харуулах, мэдрүүлж таниулах зорилготой уг сургалтын хөтөлбөр нь хүүхдийн насны онцлогт тохирсон байдгаараа онцлог.
-Жишээлбэл хэдэн төрлийн ямар ургамал, амьтны бодит үзүүлэн байдаг вэ? Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаад байна вэ?
-Амьтны музейд монгол орны ой, ойт хээр ус, намаг, тал хээр говь цөлийн эко системийн бүрдэл хэсэг, түүний төлөөлөгч амьтдын 300 гаруй үзмэр бий. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд гээд бүх насныхан үүгээр үйлчлүүлэх боломжтой. Мөн өвөл, зуны цэцэг, модны тарьц ургуулах цэцгийн хүлэмжтэй. Энд 80 орчим зүйлийн 600 гаруй тасалгааны цэцэг, сарнайн дөрвөн өнгийн бут, нэн ховор лалар, лимон, олон наст ургамлуудтайгаас гадна манайд 10 жилийн өмнө устаж үгүй болсон Монгол царсны суулгацыг энд арчлан ургуулж байна. Энэхүү байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмжийг 2014-2015 онд ХБНГУ-ын 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн засварлаж тохижуулсан. Бодит хэрэглэгдэхүүн, үзүүлэн, таниулах материал бүхий уг хөтөлбөрт одоогийн байдлаар 23 мянган гаруй хүүхэд, залуус хамрагдсан тооцоо судалгаа байна.
-БЭЛАС-ийн суралцагчид сургуулийнхаа гаднах цэцэрлэгт хүрээлэнгээс байгалийг бодитоор нь таньж мэдэх боломжтой гэдгийг олж харлаа.
-Тэгэлгүй яахав. Сургалтын бүхий л төрлийн бодит үзүүлэнтэй гэдгээрээ манай сургууль онцлогтой. 0,9 га бүхий тус цэцэрлэгт монос, тэрэлж, өрөл, тэхийн шээг, бургас, гацуур, хуш, нарс, улиас, гүйлс, буйлс, шинэс, тошлой, үхрийн нүд, чацаргана зэрэг говь цөл, хээр тал, хангайн нутгаар ургадаг 30 зүйлийн 3 мянга гаруй мод, сөөг ургаж байна. Японы GNG байгууллага 2004 оноос эхлэн хамтран ажиллаж жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
-Хичээлийн жилийн элсэлтээ хэзээ зохион байгуулдаг вэ?
-Суралцах зорилго хариуцлагаа ухамсарласан цаашид суралцах чиглэлээ тодорхойлсон, ЕБС-ийн 9-р анги төгсөж суурь боловсрол эзэмшсэн бүх хүүхдийн өмнө манай сургуулийн үүд хаалга нээлттэй. Ингэхдээ суралцагчдыг улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар элсүүлдэг. Заавал хавар гэхгүйгээр сурагчдын амралтаар элсэх боломжтой. Түүнчлэн хот, улсын төрөлжсөн болон, БЭЛАС-ийн нэрэмжит олимпиадад амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн суралцагчдыг элсэлтийн шалгалт авалгүйгээр элсүүлдэг. Энэ дашрамд хэлэхэд, 9-р анги төгссөн суралцагчдыг сургуульдаа элсэн суралцахыг урьж байна. Анги дүүргэлт 26- аас илүүгүй учир чанартай сургалтын үйлчилгээг хүртэх бүрэн боломжтой гэдгийг онцолж хэлмээр байна.
-“Байгаль-Эх” лицей ахлах сургуульд суралцахын давуу тал нь юу вэ?
-Ахлах сургуульд гурван жил суралцахдаа бүрэн дунд боловсролын агуулгыг эзэмшихийн зэрэгцээ өөрийн сонгосон байгаль шинжлэлийн гүнзгийрсэн хичээлийг МУИС-ийн болон БЭЛАС-ийн багш нараар заалгана. ЕБС-ийн ахлах ангид суралцах хугацаандаа МУИС- ийн эрдэмтэн багш нараас ном сонсож суралцах нь хэн бүхэнд олдох ховорхон боломж. ЭЕШ-даа 650-аас дээш оноо авсан манай сургуулийн төгсөгч МУИС-ийн тодорхой хөтөлбөрүүдэд суралцахдаа эхний жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг.
-Тухайн сургуулийн чансааг төгсөгчдийн ЭЕШ-ын онооны үзүүлэлт илтгэж байдаг. БЭЛАС-ийн төгсөгчдийн ЭЕШ-д үзүүлсэн амжилтыг дурдвал?
-Байгаль шинжлэлийн төрөл хичээлүүдээр гүнзгийрүүлсэн сургалттай манай ахлах сургуулийг өнгөрсөн хугацаанд 1300 гаруй суралцагчид төгссөн байна. Манай сургууль сүүлийн жилүүдэд төрийн өмчийн шилдэг 10 сургуулийн тоонд багтаж байна. Жил бүр 150 гаруй суралцагчид төгсдөг. Нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь МУИС-д, 20 гаруй хувьд төрийн өмчийн бусад Их, дээд сургуульд сонгон суралцдаг. Мөн Япон, Турк, Солонгос, ОХУ, АНУ, Канад, БНХАУ зэрэг олон улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцдаг. Түүнчлэн манай суралцагчид улсын болон олон улсын олимпиадад өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Тухайлбал, Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль, Азийн физикийн олимпиад, мөн Олон улсын химийн олимпиадад тус тус амжилттай оролцсон. 2016, 2017 онд Газарзүйн улсын олимпиадын алт, хүрэл медаль, 2017 онд Монгол хэлний олимпиадын хүрэл медаль хүртсэн гээд нэрлээд байвал олон амжилт бий.
-“Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог нь юу вэ?
-Дэлхийд боловсролын чанараар тэргүүлдэг улс орнуудын ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийн чиг хандлага нь кредит систем, чөлөөт сонголтод тулгуурладаг. Манай улсын боловсролын талаар баримтлах төрийн бодлого ч олон улсын жишигт нийцсэн боловсролын тогтолцоог бий болгох, төрөлжсөн ахлах сургууль байгуулахад чиглэгдэж байна. Бид гүнзгийрсэн хичээлүүдийн сургалтын хөтөлбөрөө шинэчилж, мөн гүнзгийрсэн хичээлүүдийн лабораторийг шинээр байгуулан, сургалтын иж бүрэн хэрэглэхүүнтэй болсон. Мөн МУИС- ийн ерөнхий суурь зарим хичээлийг сонгон судлуулж багц цаг тооцуулах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, суралцагчид төгсөх ангидаа МУИС- ийн суурь 1-2 хичээлүүдээс судалж 85-аас дээш хувийн амжилттай суралцаж МУИС-д элслээ гэхэд тухайн хичээлийн кредитийг дүйцүүлэн тооцдог.
-Танай сургуулийн сургалтын орчин, техник хэрэгслийн хүрэлцээ хангамж хэр сайн хангагдсан бэ?
-Бид 2014 онд БЭЛАС-ийн стратеги төлөвлөгөөг шинэчлэн, олон улсын ахлах сургуулийн жишигт нийцсэн сургалт бүхий ахлах сургууль болох зорилтын хүрээнд гүнзгийрсэн хичээлүүдийг кабинет, лабораторийн системээр оруулж эхлээд байна. 2016 онд физикийн лабораторийн багаж тоног төхөөрөмж бүхий багц 70 гаруй төрлийн туршилт дадлага ажил явуулах лаборатори, хүний биеийн бүтэц, эрхтэн тогтолцооны иж бүрэн модель, амьтны бэлдмэл бүхий биологийн лаборатори, атом түүний бүтцийн загвар, химийн туршилт хийж гүйцэтгэх боломжтой химийн лабораторийг байгууллаа. 2017 онд мэдээлэл зүй, газар зүйн иж бүрэн лабораториудыг байгуулж хичээл сургалтдаа ашиглаж байна. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглан бүх ангийн хичээлийн танхимд мэдээллийн технологи өргөн ашиглах боломжийг бүрдүүлсэн.
-Танай сургууль сургалтаас гадна хүүхдийн хөгжил, төлөвшилд хэрхэн анхаардаг вэ?
-Бусад сургуулиудын адил хичээлээс гадуурх олон нийтийн ажлууд бүгд явагддаг. Бусдаас ялгарах ажлын тухайд ӨвөрЗайсанд байрлах МУИС- ийн оюутнуудын дадлагын баазад зуны сургалт зохион байгуулдаг. Математик, гадаад багштай англи хэлний ярианы дадлага хичээлээс гадна МУИС-ийн багш нарын удирддаг хээрийн дадлага ажиглалтад хамрагддаг. Мөн их сургуулийн багш нарын удирдлага дор одон орон судлал, робоконы дугуйланд хүүхдүүд маань тун ч сонирхон хичээллэж эхлээд байна.
-Цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Бид үндэсний шилдэг ахлах сургууль болох зорилттой. Ингэхийн тулд сургалтын сайн хөтөлбөр, таатай орчин, чадварлаг багш, мэрийлттэй авьяаслаг суралцагч, удирдлагын менежмент энэ бүхэн цогцоороо нийлж байж дээрх зорилт бодитойгоор биелэгдэнэ.
МУИС-ИЙН ХАРЬЯА “БАЙГАЛЬ- ЭХ” ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛЬ, ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, СБД, 11-Р ХОРООЛОЛ, АРДЧИЛЛЫН ОРДНЫ ЗҮҮН ХОЙНО
УТАС: 7730 7730 (8100) 9606 3982
Ярилцсан: Ш.Адъяамаа
2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506
Сэтгэгдэл ( 0 )