“АНГАРАГ ДЭЭР ҮХЭХИЙГ ХҮСЭГЧ”

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Манай үеийн хамгийн агуу сэтгэгч, зохион бүтээгчдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нэгнийг танилцуулж байна. “XXI зууны Леонардо да Винчи” нэрээр алдаршсан энэ хүн бол “Tesla Motors”, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск юм.

Бага нас

Илон 1971 оны зургадугаар сарын 28-нд ӨАБНУ-ын Претори хотод төржээ. Ээж нь загвар өмсөгч, эрүүл хооллолтын чиглэлээр мэргэшсэн алдартай нэгэн байсан бол эцэг нь инженерийн бизнес эрхэлдэг байв. Гэвч тэд хүүхдүүдээ бага байхад салж, Илон эцэгтэйгээ үлдсэн юм. Эцэг эхийн салалт хүүд хүндээр нөлөөлж, Илон хор шартай, шазруун нэгэн болж өсчээ. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа бусадтай таардаггүй, зодоон цохион хийдэг байж. Нэг удаа хамраа хуга цохиулсан ч удаатай аж.

Илон 10 настайдаа  Commodore VIC-20 компьютер бэлгэнд авсан нь түүнийг программ хангамж бичиж сурах хүслийг өдөөж өгчээ. Хоёр жилийн дараа тэрээр “Space Invaders”-тай төстэй “Blast Star” хэмээх видео тоглоом бүтээж, түүний 500 ам.доллараар зарсан байна. Энэ мөнгөө эмийн үйлдвэрийн компанид оруулсан гэдэг. Сургуулиа төгссөний дараа тэрээр эцэг, эхийнхээ эсэргүүцлийг үл харгалзан хувьцаагаа зарж зардал хийгээд дээд боловсрол эзэмшихээр Канад руу явжээ. Онтариод хамаатныдаа амьдарч, Стэнфордын их сургуульд элссэн ч хоёрдугаар курсээсээ сургуулиа хаясан гэдэг.     

Зорилгоо тодорхойлсон нь

Өсвөр насны хямрал эхлэх үед Элон гүн ухаан, шашны уран зохиолын номд татагддаг байв. Өөрийнх нь дурссанаар, энэ үедээ олж уншсан Дуглас Адамсын “The Hitchhiker”s Guide to the Galaxy” ном амьдралд нь хамгийн чухал сургамжийг өгчээ. “Хийх зүйлээ зөв сонгох л хамгийн хэцүү гэдгийг би эндээс ойлгосон юм. Олчих л юм бол үлдсэн нь амархан болно”. Орчлонт ертөнц, амьдрал, хүн төрөлтөн болон бусдын хувьд хамгийн чухал асуудал юу болохыг супер компьютераар бодуулахад 42 орон бүхий санаанд оромгүй олон хариулт гаргаж ирдэг тухай уг номд бичсэн байсан нь түүнд энэ санааг төрүүлжээ.

            Э.Маскийн хувьд шийдэх ёстой чухал асуудлаа аль хэдийнэ олсон. Тэр нь хүн төрөлхтний хувь заяаг шийдэх чухал асуудлыг шийдэх явдал. “Би хүн төрөлхтний ирээдүйд юу хамгийн чухал болохыг олон гэж толгойгоо гашилгадаг байлаа. Тэгээд интернэт болон эрчим хүчний уламжлалт бус эх үүсвэр юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж тэрээр ховорхон өгдөг ярилцлагынхаа нэгэнд дурьдсан нь бий. Түүний бодлоор дэлхийн нөөц удахгүй барагдаж дуусна. Тэр үед өөр гариг руу шилжин нүүх нь хамгийн эхний тулгамдсан асуудал болж хувирна гэж Э.Маск үзжээ. Тэгээд энэ асуудлыг шийдэхээр зориг шулуудсан байна. Гэхдээ санаагаа бодит ажил болгохын тулд түүнд мөнгө хэрэгтэй байв. Ингээд тэрээр бизнесийн салбарт ажиллаж эхэлсэн юм.

 

Мөнгөний эрэлд

            Илон Стэнфордын их сургуулийг хаясныхаа дараа “Zip2” нэртэй компанийг ахтайгаа хамтран байгуулжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагад зориулсан программ хангамж хөгжүүлдэг энэ компани дөрвөн жилийн дараа  “Compaq”-д 308 сая ам.доллараар зарагдахад Илонд 22 сая нь ногджээ. Өөрийн гэсэн хөрөнгөтэй болсон тэрээр санаа нэгтнүүдтэйгээ хамтран 2001 онд интернэт банкны үйлчилгээ үзүүлдэг X.COM компанийг байгуулсан нь яваандаа банк санхүүгийн салбарт хувьсгал хийсэн “PayPal” цахим төлбөрийн систем болон хөгжсөн юм. Интернэт худалдааны гигант “eBay” энэ компанийг 2002 онд 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авахад Илон хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувиар 165 сая ам.доллар хүртсэн байдаг. Тэрээр энэ мөнгөө бүгдийг нь “Tesla Motors”, “SpaceX” компаниа байгуулахад зарцуулсан байдаг.  “Zip2”, “PayPal” Илоны хувьд зүгээр л мөнгөтэй болох арга байсан бол сүүлд байгуулсан компани нь мөрөөдлөө биелүүлэх анхны алхам нь байжээ.

“Tesla Motors”, “SpaceX”-ийг байгуулснаар тэрээр зорилгынхоо төлөө зүтгэх “тулах цэг”-тай болж авав. Түүний төлөвлөснөөр, “Tesla Motors” хүлэмжийн хийг бууруулж, дэлхийн насыг бага ч гэсэн “уртасгана”, “SpaceX” энэ хооронд гариг хоооронд зорчих боломжийг хайх ёстой.

Энэ завсар “SolarCity” компанийн үүсгэн байгуулагч, анхны хөрөнгө оруулагч нь болсон ч ажлын цаг хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар татгалзжээ. Ингэснээр гол ажилдаа бүх хүчээ зориулах боломжтой болов.  

Хэвшмэл сэтгэлгээг эвдэгч

Хөгжилд учирч буй гол саад тотгор бол хэвшмэл сэтгэлгээ гэдэгтэй Илон Маск санал нийлдэг. Тэрээр энэ талаар нэгэнтээ “Эрдэмтэд ихэнхдээ шинэчлэлийн тухай боддоггүй. Их үсрээд л байгаа зүйлийг сайжруулдаг. Физикт гэхэд үндсэн ойлголтууд гэдэг суурь тавьчихаад түүн дээрээ л байшин барихыг оролддог. Энэ нь хөгжлийн хурдад сөргөөр нөлөөлдөг” гэж ярьсан нь бий. Түүнийхээр бол үндсэн ойлголтыг төгс гэж үзэлгүйгээр эсрэгээр нь үгүйсгэж, өөр бусад суурийг тавихад оюун ухаанаа зориулах хэрэгтэй аж.

Сансар нь хэдэн арван жилийн турш хувийн компаниудын “оролддог” ажил биш байлаа. Асар их зардал, түүнээсээ дутахгүй өндөр эрсдэл нь үүнд нөлөөлдөг нь гарцаагүй. Тэгвэл И.Маск оновчтой санаа, шинжлэх ухааны дэвшилтийн ачаар пуужин бүтээх, хөөргөх зардлыг 10 дахин бууруулж болно гэдэгт итгэлтэй байдаг. Гэхдээ ингэхийн тулд түүнд сансрын нислэгийн зорилгыг шинээр томъёолох шаардлага тулгарсан юм. “SpaceX”-ийн гол зорилго нь хүн, эсвэл ачааг дэлхийн тойрог замд гаргах бус өөр гаригийг олж эзэмших явдал. Хэн нэгний өмнө хүн төрөлхтний нэг хэсгийг Бархасбадийн нэг дагуул юм уу, өөр нарны аймгийн гаригт хүргэх зорилго тавьсан бол хамгийн түрүүнд яаж хамгийн бага зардлаар, илүү найдвартайгаар энэ ажлыг амжуулах вэ гэж бодно оо доо.   

SpaceX, И.Маск зөөгч пуужин “Falcon 9”, сансрын хөлөг “Dragon”-ыг бүтээхдээ яг энэ зарчмыг баримтажл ажилласаар хэлсэндээ хүрч чадсан. Falcon 9-ийг бүтээхэд 3.9 тэрбум ам.доллар шаардлагатай гэж NASA тооцоолсон. Харин Илон 13 дахин бага мөнгө буюу 300 сая ам.долларт багтааж, амалснаа давуулан биелүүлсэн юм. И.Маскийн компани өдгөө ачаа тээшийг дэлхийн тойрог зам руу хамгийн бага үнээр зөөвөрлөдөг бөгөөд дөрвөн тэрбум ам.долларын үйлчилгээний гэрээг байгуулж чаджээ. Үүний гурван тэрбум нь NASA-д хамаатай бол бусдыг нь хувийн компаниудтай хийжээ.

“Би түүнд итгэхгүй байна, гэхдээ худлаа яриагүй гэдгийг нь мэдэж байна”

“SpaceX” ийнхүү сансрыг эзэмших тал дээр амжилт олох завсар “Tesla motors” автомашин үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл хийж байв. Гэхдээ амжилт тийм амар ирээгүй. “Амь тавьж буй” компанийнхаа насыг уртасгахын тулд “Maclaren F1” машинаа зарж байсан хүнд үе ч тохиолдож байв. Гэсэн ч шантралгүй хөдөлмөрлөсөөр 2008 онд “Tesla Roadster” загварыг гаргасан нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин болжээ. Гибрид буюу хосолмол хөдөлгүүртэй машины үе дууссаныг “Tesla motors” ийнхүү зарлан тунхаглав. 2012 онд гарсан “Model S” нь бүр ч илүү нэр хүндийг дагууллаа. Шинэ загвараа танилцуулах ёслол дээр И.Маск ”20 жилийн дараа үйлдвэрлэгдэж буй бүх автомашины тал нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байх болно. Үүнд би бат итгэж байна. мөнгө тавьсан ч татгалзахгүй” гэж мэдэгдэж байв. Удалгүй хурд хүчээрээ дотоод шаталтат хөдөлгүүрийг хол хаяж гайхуулсан “Model X” загвар мэндлэв.

Энэ жил “Tesla Motors” компани “Model 3” загвараа олон нийтэд танилцуулсан бөгөөд танилцуулгыг нь Илон Маск өөрөө хийсэн. Ингэхдээ компани анх байгуулах үедээ боловсруулсан мастер төлөвлөгөгөө олон нийтэд тайлагнасан юм. Тэрхүү төлөвлөгөө нь дөрвөн үе шатнаас бүрдэж байжээ.

1. “Roadster”-ийн хөгжүүлэлтийн үе-МАШ ӨНДӨР үнэтэй машиныг ЦӨӨН ТООГООР үйлдвэрлэх

2. Model S-ӨНДӨР үнэтэй седан загварын машиныг ДУНДАЖ ХЭМЖЭЭГЭЭР үйлдвэрлэх. 

3. Model X- SUV төрлийн машиныг үүйлдвэрлэж СЕДАН машины үнээр борлуулах

4. Model 3- Model S, Model X-ээс ХЯМД машиныг олон нийтэд зориулж ОЛОН ТООГООР үйлдвэрлэх.     

“Tesla motors”-ын төлөвлөгөөний эхний үе шат 2008 онд, хоёр дахь нь 2012 онд, гурав дахь нь 2015 онд хэрэгжсэн бол энэ жил сүүлийн үе шатаа эхлүүлсэн байна.

Компани жилийн дараа 500 мянган ширхэг машин үйлдвэрлэх зорилт тавьсан. Үүний бэлтгэл ажил болгож, АНУ, Европ, Ази дахь супер-цэнэглэгч, цэнэглэгч станцын тоог 15000 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нэг удаагийн цэнэглэлтээр 346 км зам туулдаг, дундаж үнээр (35 000$) хэрэглэгчдэд хүрснээр, хүн төрөлхтөн газрын тосны хамаарлаа үлэмж багасгана. Ингэснээр эх дэлхийн нас бага ч гэсэн уртасна гэж И.Маск үзэж байна. Танилцуулга хийгдсэнээс хойших 24 цагийн дотор л 115 мянган худалдан авагч 1000 ам.долларын урьдчилгаа төлөн захиалгаа өгчээ.  

Автомашины чиглэлээр бичдэг “Jalopnik” сэтгүүлийн ерөнхий редактор Рэй Верт түүний талаар өгүүлсэн нийтлэлдээ “Би түүнд итгэхгүй байна, гэхдээ худлаа яриагүй гэдгийг нь мэдэж байна” хэмээн бичиж байв.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top