#BOOKTELLER:Намрын улиралд уншихад тохиромжтой найман МОНГОЛ НОМ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Алаг дэлхий алтан шаргал болох нь тун дөхжээ. Нэг л өглөө сэрэхэд модод бүх навчсаа гөвчихсөн байна. Байгаль эх хэрхэн өнгөө хувиргаж байгааг үзэх гэж л би моддын орой, тэнгэрийн өнгө, үүлс болоод уулсын хэлбэрийг, одод хийгээд нар сарыг ажиглан алхах дуртай. Бага насны төрөлх хот минь өдрөөс өдөрт үгүй болж байна. Энэ гуингт мэдрэмжийг давахын тулд, бас дурсамжийн өлгий болсон тэр л сэтгэл зүрхнийхээ нийслэлийг үүрд хадгалж үлдэхийн тулд би бичдэг.

Өөрийгөө олох, хувьсан өөрчлөгдөх их хүсэлд автаад ирэхээрээ л хүн жинхэнэ бүрэлдэн бий болж эхэлдэг яг л тийм үеүддээ амьдаралаас би эдгээрх асуултыг ээрч явсан юм. Гэтэл бүх хариулт ном дотор л байсан билээ. Ном уншина гэдэг маш олон хүний дотоод ертөнцөөр аялах сайхан боломж. Тэдгээрх урьд хожид үзэж байгаагүй газруудаараа бүдэрч, бэдчин явахдаа л хүн өөрийгөө олж, таньж нээн, бий болгодог ажээ. Харин энэ удаа уншигч та бүхэнд хамгийн гунигтай улиралд уншихад тохиромжтой монгол номуудыг санал болгож байна.

 “Залуу насны гоо үзэсгэлэнгээ ном бүтээлд хувирга! Урлаг болгон хувирга! Тэгж чадвал чи үүрд залуугаараа үлдэнэ” Мишель Монтень.

1. Шар

Шар өнгө надтай салшгүй холбоотой санагддаг юм. Аль багадаа би шав шар охин байсан гэдэг. Оюутан болоод ангийн маань найз надад “Тэр зүгээр л шав шар” нэртэй хөрөг зориулж бичсэн удаатай. Тийм ээ, “шар” бүхэн надад нэг л ойр байдаг. Шар нар, шар навч, шар охин, шар ном... Тэдэн дундаас хамгийн дуртай “Шар ном” минь энэ. Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Нүдний шилэнд үлдсэн зургууд” хавтас нь шар хэдий ч дотор нь өнгө өнгийн үгүүллэгүүдтэй, мөн унших бүрт толгой руу цохиод авах шиг л мэдрэмж төрүүлдэг хоёр ч жүжигтэй энэ ном намрын улиралд яг тохирох сонголт.   

Шар өнгө халуун дулааныг мэдрүүлдэг. Шар бас гунигийг илэрхийлдэг. Шар үстэй хүүхэлдэйн тухай гардаг тэр үгүүллэг надад маш их таалагдаж билээ. Ер нь хэр олон эмэгтэйчүүд  утсан хүүхэлдэй, ажилсаг хүүхэлдэй, хөөрхөн хүүхэлдэй, дуулгавартай хүүхэлдэй, томоотой хүүхэлдэй гэх мэт “хүүхэлдэй” нэр зүүж амьдардгийг бид мэдэхгүй.

Жаахан хүүхдүүд нарыг зураад шараар буддаг. Яг үнэндээ нар гал улаан шүү дээ. Гэхдээ бид анхнаасаа л нарыг шараар төсөөлчихсөн нь ямар их зол вэ! Яруу найрагч Д.Урианхай гуайн “Шар харандаа” гэж шүлэг бий. Миний хамгийн дуртай шүлэг. Хүн бүрийн сэтгэлд нар үгүй мэт гундуу үед гартаа шар харандаа атгаад нарыг шараар будаарай гэх утгыг илэрхийлэх мэт санагддаг юм.  Бид бүгд гартаа шар харандаагаа атгаж явахад сэтгэлдээ нартай! Тэр шар харандаа нь мэдээж “Итгэл” юм. Тэр шар харандаа “Дурлал бас инээмсэглэл”. Тэгэхээр дурлал шар өнгөтэй. Дурлал ер нь л их олон өнгөтэй.

2. Дурлал

Габриел Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардлыг”-ыг хэн хүнгүй л мэдэх биз. Ихэнх хүмүүс “Ганцаардлын тухай” шилмэл бүтээл гэвэл эл номыг нэрлэх нь их. Харин би хайрын тухай аугаа роман гэж боддог. Хүний төрөлх мөн чанар нь “ганцаардал” гэдгийг өгүүлсэн жинхэнэ ганцаардуулагч бүтээл гэвэл би Милорад Павич “Салхины дотоод тал”-ыг нэрлэнэ. Дээрх хоёр зохиолыг анх удаа уншаад “Гайхалтай!” гэх ганц л үг  толгойд эргэлдэж  байсан сан. Өөр юу ч ойлгоогүй. Ерөөс сайн номыг хэдэн ч удаа уншсан авах зүйл байж л байдаг. Бас нэгэн тод жишээ бол зохиолч, яруу найрач  Г.Аюурзанын “Дурлалгүй ертөнцийн блюз” бүтээл юм.

“Хүмүүсийн сэтгэлийг хамгаас их догдлуулсаар ирсэн гуравхан гол нууц бий. Эхнийх нь Бурхан. хоёр дахь нь Үхэл, гурав дахь нь Дурлал юм”

Г.Аюурзана /Дурлалын тухай яриа эсээ/

Тэр яагаад заавал бүтээлээ “Дурлалгүй” гэх үгээр эхлүүлэн нэрлэсэн юм бол? Ертөнц үнэхээр дурлалаар дүүрэн үү? Эсвээс бидний дурлал хэмээн бодож сэтгэл зүрхийг маань эзэмдэн баясгадаг тэр зүйл “Илбэ зэрэглээ” төдий оргүй хоосон уу? Хоосон учраас л “Дурлалгүй ертөнцийн блюз” гэж нэрлэсэн үү? Ингэхэд ер нь дурлалгүй ертөнцөд ямар блюз эгшиглэх бол? Хөг аялгуу нь чихэнд хэр сонсголтой байх бол оо?

Зөвхөн нэрээс нь л их олон асуулт урган гарна. Асуулт бүхэн цааш салаалаад нүцгэн моддын саргар мөчрийг санагдуулна. Нүцгэн модод хийгээд НАМАР цаг! Бүх асуултын хариу ном дотор бий. Харин та энэ номыг хэр гүн утга агуулгатай бүтээл гэж бодож байна. Бодсоноос тань ч илүү байж мэднэ!

3. Намар

“НАМАР” гэх үгийг бичих бүрт дотор минь баяснам! НАМАР, НАМАР, НАМАР... Хичнээн бичиж, хэлээд ч ер уйдахгүй ганц үг минь. Магад дурлалаас ч илүү. Магад түүнээс ч илүү... Эргэн тойрон намраар дүүрч, намраар амьсгалж буй энэ хот яасан дотно. Моддын мөчрөөс тасран унах навчис бүр гунигт хувиран газраар нэг хөглөрөөд л.

Намрын улиралд яагаад ч юм эрх чөлөө, үхлийг хүсэмжлэх нь их байдаг. Энэ нь зүгээр нэг хөнгөн бодол төдий бус амьдралын утга учир, оршихуйн тухай асуудал билээ. Хэрвээ хүмүүс өдөр бүр өөрөөсөө “Би хэн бэ?, Би яах гэж амьдарч байгаа вэ?” гэж асуудаг байсан бол амьдрал там диваажингийн аль нь байхыг хэн ч мэдэхгүй. Мэдэхгүй тулдаа л намар үнэ цэнэтэй.


 

Ийн эргэцүүлэн суухуйд хорвоо бүхлээрээ л нууц шиг санагдана. Харамсалтай нь тэр жинхэнэ нууцыг их цөөхөн хүн сонирхох юм даа. Иймээс л намрыг хүсэмжлэх хүмүүсийн сэтгэл хувиршгүй байдаг биз. Тэр хувиршгүй сэтгэлтэй хүмүүсийн нэг бол яруу найрагч Б.Батзаяа билээ. Түүний шүлгүүдээс мэдэрдэг зүйлс надад бишгүй их бий.  Иймээс л та бүхэнд яруу найрагч Б.Батзаяагийн “Баяртай, гуниг минь...” шүлгийн түүврийг санал болгож байна.

***

Навч мөчир дотроос үүсэн хэсэгхэн амьдраад

Намар ирэхэд бүхнийг орхиод хийсэн одно

Хойтон жил ахиад ургавч ахиад л эмтрэн унана

Хорвоо түүнд баяр өгөхгүй үүснэ, тэгээд үгүй болно

Мөчир юу ч үгүй нүцгэрээд газар ширтэн

гашуудахыг харсан уу

Мөнх амьдарвал яг л ийм гунигтай байна даа.

Үхэх минь

***

"МИНИЙ МЭДЭХ НАМАР"
Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч
сэтгэл үймүүлэх чинь юу вэ

Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын чинь хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг л урт санагдаж байна

Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг нь ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн түрлэг шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэж ээ
Ямар их уйтгар вэ, намар минь... намар минь... намар минь...

2007.07.07
Б.Батзаяа “Баяртай, гуниг минь...” шүлгийн түүврээс 

4. Навч

Дарамын Батбаяр гэх эрхэм хүмүүний монголын уран зохиолд оруулсан хувь нэмэр бишгүй их. Түүнийг бид “Цахилж яваа гөрөөс”-өөр нь андашгүй мэднэ. “Бүтээхүйн зүй тогтол”, “Сайхныг бүтээх нууц” хоёр бүтээл нь уран бүтээлч болох гэж зорьж яваа нэгнээс эхлээд хэн хүнд л үргэлж сөхөж, эргүүлж тойруулан хардаг, ширээний ном, гарын авлага шиг үнэ цэнэтэй бүтээлүүд болсон билээ. Дарамын Батбаяр гуайн “Навчсын хүүрнэл” гэх тун ч гоё нэртэй хөрөг эсээ, уянгын эсээ, шинжлэл эсээ гэсэн гурван бүлэг эсээсээс бүрдэх номонд одоогоос 20-иод жилийн өмнө бичигдсэн эсээ ч бий.

Зохиолч Л.Нямаа гуай өгсөн нэгэн ярилцлагадаа “Их сургуульд ороод Ш.Гаадамба багшийн уран зохиолын дугуйланд орсон. Нэгдүгээр байрны 119-р өрөөнд цугларна. Шүлгээ хэлэлцэнэ. Сонирхолтой түүх гэвэл геологийн ангийн оюутан Дарамын Батбаяр байнга шахуу ард ирээд суучихдаг байв. Зохиолч ч ярихгүй, шүлэг ч уншихгүй. Дуугүй суугаад л байна. Гэтэл хожим тэрбээр агуу их Дарамын Батбаяр болсон шүү дээ” гэсэн байдаг. Түүний доторх агуу их бясалгагч шинж энэ номонд ч тод мөрөө үлдээжээ.

“Шүлэгийн санаа орно гэдэг эрэл. Алдаж гээгээгүй юмны эрж хайгаагүй эрэл. Навчин дундаас навч эрэхүй. Цэцэгэн дундаас цэцэг эрэхүй. Цэцэг хийгээд навчийг эрэх нь салхин дундаас салхи эрэхүй юм. Ургаж байгаа навч бол навч биш, зүгээр л ургаж байгаа навч. Дэлбээгээ нээсэн цэцэг бол цэцэг биш, зүгээр л дэлбээгээ нээсэн цэцэг. Тийм болохоор салхи ч салхи биш, агаар ч агаар биш. Тэгэхээр навч гэж юу юм? Салхи гэж юу юм?”

/Навчисын хүүрнэл эсээ/

Нээрээ л тэгэхээр юу жинхэнэ навч, юу жинхэнэ салхи болж буй хэрэг вэ? Навчсын яруу сайхныг өөртөө нээн, бахдан биширч түүнээ ном зохиолдоо буулгасан нь тус бүтээлийг цааш унших сэдлийг тань хангалттай өдөөсөн гэж найдна. Энд хүрээд зогсоё.

“Уйдаж залхах нь бидний сэтгэлийн төрх. Уйдахын сэтгэл хагацахын үрийг тарина. Хагацал санан мөрөөсөхийн үүдийг нээнэ. Хайрлан санагалзаж, эвлэрэн нэгдэхийн тулд бидэнд орон зай хэрэгтэй. Алс хэрэгтэй. Алсын алсад оршиж гэмээн бидний эв эе бөхөждөг. Хагацал бол бидний ая дуу. Найраг шүлгийн ундарга.”

Дарма Батбаяр /Навчсын хүүрнэл, Хайрлан шаналахын агаар эсээ/

5. Хагацал

Бидний нүдэнд харагдаж, гарт баригддаг юмс үзэгдлүүдийн аль нь ч жинхэнэ бус. Бас мөнх бус! Гагцхүү мэдрэмж л таны сүнслэг оршихуй хийгээд хорвоогийн гүнд ойртон очиж чадна. Эдгээр мэдрэмжүүдийг бид уйтгар, гуниг, гансрал, ганцаардал, шаналал, эмзэглэл гэх мэтээр нэрлэдэг. Тэдэн дундаас зүрх сэтгэл, оюун бодолд хамгийн хүчтэй нөлөөлж чаддаг тэр мэдрэмж бол “Хагацал” билээ. Яруу найрагч Э.Бүжинлхам өөрийн “Хагацал”-ыг  “Намрыг мартагсад” шүлгийн түүвэр болгон хувиргаж 2012 онд хэвлүүлсэн байдаг нь тун ч гайхалтай бүр хайрламаар.

 

“ Жинхэнэ хагацалд салах ёс гэж байдаггүй” гэх эртний хятадын мэргэн үгийг олж уншсан цагаас л сэтгэлд минь уяатай явдаг болсон юм. “Хагацал” гээчийг хичнээн үл хүссэнийг гэрчлэх мэт түүний шүлгүүд дэндүү гэхэд бүр хэтэрхий эмэгтэйлэг мэдрэмжтэй... Хагацал түүнд ямархан гунигт үгсийг бэлдсэнийг тэр даанч мэдээгүй явсан байх даа гэж бодох бүрийд хайрламаар “Яруу найрагч” эмэгтэйн зүрхийг халуун дулаанаар тэврэх сэн гэх хүсэл минь оргилдог юм. Хүмүүний амьдрал бүтэхгүй учрал тохиолоор дүүрэн. Бас хэзээ ч мартагддаггүй хүн гэж бий. Түүнээсээ хагацах хичнээн шаналантай. Бүтээх гээд ч нэгэнт Биелэхгүй учрал гэдгийг ухамсарлах үед бүрхээд авдаг тэр л гунигт мэдрэмжүүд байдаг тулдаа бид амьд явдаг ч юм билүү. Хэн мэдлээ.

“НАМАР, ХАГАЦАЛ” гэх энэ үгс надад яг л нэг утгатай юм шиг санагдаж байна. Дээр нь “ТЭР” гэх үгийг нэмчихвэл бараг л “хайку”...

“НАМАР

ХАГАЦАЛ

ТЭР...”

 Тийм байгаа биз. Ийм л учраас уншигч таньд Э.Бүжинлхамын “Хагацал дүүрэн”  ”Намрыг мартагсад”-ыг санал болгож байгаа хэрэг. Унших эсэх нь таны сонголт.

***

Модон завь шиг дүртэй бүүдгэр гэгээт навчтай

Найман сарын гуниг сэлүүрдсээр

Намрын зүг гэртээ харинам би...

Сагсандаа ямар ч олзгүй буцах загасчин эр шиг

Сар ч халаасанд үгүй, эрвээхийн цогцос л номын завсар

Эндхийн зун ийм тод өнгөтэйг хэн мэдэх вэ?

Эндээс би шүлэг ч үгүй буцаж л явна даа...

Нарнаас зүүгдсэн шувуудын дэвэлт шиг намар минь

Хайр минь, халуун илчит бүдэгхэн минь

Хичнээн ч жигүүртэн гэрэлд урваж

Моддын мөчрөөс нислээ ч

Хэзээд ч чиний энхрийлэлд

Зүрхээ нүцгэлж чадах шүлэг минь...

Ай амраг минь, намар минь.

 Э.Бүжинлхам 2011.08.21. “Намрыг мартагсад” шүлгийн түүврээс

6. Гуниг

“Дэлхийд гарах тууж даа!” гэж дүгнэх хүн ч байдаг эл туужийг олж унших нь битгий хэл огтоос байдгыг нь ч мэдэхгүй хүмүүс  цөөнгүй л байх. Ер нь аливаа сор бүтээл, сод хүмүүс тухайн амьдарч буй нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөггүй нь үнэн. Гэвч нэгэнт л мөнхийн бүтээлийг туурвичихсан хойно тэр асуудал биш юм.

“...Дан цагаан далбааг гудамжны хоёр талаарх гэрлийн шон дээр хатгасан өдөр хэн нь хэндээ бууж өгснийг мэдээгүй ч хот даяараа ялалтын баяр тэмдэглэсэн билээ. Мөн хэн хэнийгээ ялснаа ч сайн мэдэлгүй бүгд л хөөр баяр дүүрэн, хөгжилдөн цэнгэсэн юмдаг...  Гудамжинд тэр өдөр цугларсан хүмүүсээс хамгийн сүүлчийн хүнийг тэнгэрт хальснаар шинэ түүх бичигдэж эхэлжээ. Хөөрхий тэр сүүлчийн хүн намрын сүүл сард яг тэр гудмандаа осгож үхээд, шатаахаар хамж овоолсон навчсын дунд хоёр гараа тэнгэр өөд сарвайсан байдалтай байхыг өглөө эрт олсон юм...”. Зохиолч, яруу найрагч, судлаач П.Батхуягийн “Тэнгэр хэмээх шувуу” номонд багтсан “Миний сэтгэл рок” тууж ингэж эхэлдэг.  Зохиолч Г.Аюурзанын “Илбэ зэрэглээ” гэх нэрт роман ч мөн “Харамсалтай нь, өрхийн тэргүүн гэнэт хүндээр өвчилснөөр, тэдний амьдрал эвхрэн эргэлдэх нь тэр. Аавыг нь гадаадад явуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул эцэг эх хоёр нь отгон охиноо аваад тухайн үеийн Зүүн Герман руу явав. Гэвч аав нь Социалист орнуудын хэмжээгээр хамгийн шилдэгт тооцогддог эмнэлэгт хэвтээд ч засал авсангүй, нас барж, хүүхдүүдээ ч бодох сэхээгүй болтлоо ухаан самуурсан ээж нь харь орны өндөр барилгын тагтнаас үсэрчээ. Эмнэлэгийн үүдэнд эгнүүлэн зоосон гурван далбааны нэг захын, том цэнхэр тугны зэв амиа хорлогчийг нэвт сүлбэж, далбаан дээрх тагтаа цусанд будагдсан байлаа...” ингэж эхэлдэг. Ерөөс сайн зохиолуудад түгээмэл ажиглагддаг нэг зүйл бол “төгс үхэл”-ийн тухай бичсэн байдаг нь. Хүн бүрийн мэдэх хамгийн тод жишээ гэвэл “Ромео, Жульетта” байна. 

Нэргүй, Боргил хоёр бол үлгэрт итгэдэг, мөрөөдөмтгий хөвгүүд. Нэг нь зураач, нөгөөх нь хөгжимчин болох хүсэлтэй. Гэвч Боргил өөрийнхөө биенээс , өөрөөсөө шалтгаалах бүхнээс дэндүү эрт хагацдаг. Боргил өөрийн эзэн биегүйгээр туужид өгүүлэгдсээр төгсдөг. Тууж нөхөрлөлийн тухай, хайр дурлалын тухай, уйтгар гунигийн тухай өгүүлдэг. Энэ ном ч гэсэн таны дотны нөхөр болохыг үгүйсгэхгүй. Гарцаагүй уншихыг би санал болголоо. Хэрхэхийг та шийд.

7. Ганцаардал

Сармагчин бол сармагчин! Хүн бол хүн! Сармагчин хичнээн хичээгээд хүн болж чадахгүй. Ер нь хүн болохыг хүсдэг сармагчин гэж үгүй л болов уу. Харин хүн сармагчин болох дэндүү амархан. Яг үнэндээ энэ эрээн амьдрал дунд хүн дүртэй сармагчингууд хичнээн байгааг бодоод ч хэрэггүй. Эмзэглэхээс цаашгүй.

 

Харин тэр их эмзэглэлээс ч үл эмээн бүхнийг бичсэн нэгэн эрхэм бол зохиолч П.Баярсайхан билээ.Түүний “Гүн ертөнц” гэх гүн сайхан таашаалыг өгдөг ном буй. Мөн хэд хэдэн жүжгийн зохиолууд бичсэн байдгаас “Хүн гөрөөс” жүжгийн нь шүтэн бишрэгчид их. Сүүлд уншигчдын гарт илүү ойр болгон Тагтаа паблишинг “Сармагчин бол сармагчин” шилмэл уран бүтээлийн түүврийг эрхлэн гаргасан билээ.

“...Сарны туяа орны толгойноос дээш туурганы цулгуйн хадаасны тэрүүхэнд тусжээ. Олон  жилийн өмнө Дэлэг энэ хадаасыг суулгасан юм сан. Шинэ сууцанд орсондоо баяр хөөр болсоор хатуу ханыг өрөмдөж, хадаасыг тогтоогоод эхнэртэйгээ хамт авахуулсан зургийн жааз өлгөхдөө дуу аялж байсан санагдана. Тэр жаазтай зураг одоо үгүй болжээ. Эхнэр нь түүнийг аль хэдийн хэмх чулуудчихсан. Зураг яаж тэсэх вэ, шилний хагархайд зүсэгдэх нь зүсэгдэж, урагдах нь урагдаад хүн харахын эцэсгүй болжээ. Гэвч Дэлэг түүнийг хаяж зүрхлэлгүй, эвдэрхий жаазтай нь цуг хумьж номын шүүгээний араар шургуулжээ. Хоёул дэр нийлүүлээд авахуулсан анхны зураг шүү дээ... ”  

П.Баярсайхан /Сармагчин бол сармагчин үгүүллэгээс/

Бидний хэн нь зүрхэндээ нэг ч шарх соривгүй, гомдлын мөргүй, хадаасны оромгүй вэ гэж асуувал гараа өргөөд “би” гэх хүн бараг л үгүй болов уу. Тийм ээ, энэ чинь л амьдрал. Тиймээс П.Баярсайхан хүний сэтгэлийн өнгө аясыг хөндсөн, сэтгэлзүйн сэдэвт хамгийн сод бүтээлүүд туурвисан. Амьдралд зөвхөн хар цагаан өнгө хосолдог бус эрээн мяраан, олон өнгө эрээлжилдэг учраас л түүний бүтээлүүд амьд, магад цаг хугацаанаас ч хальсан мөнхийн настай биз.

8. Дурсамж

Зохиолч Чинагийн Галсан гуай ердөө л 4 цаг унтаж 4 цагт босдог, энэ байдлаараа их олон жил болж байгаа тухай хэдэн жилийн өмнө уншаад эрэмгий байдлыг нь биширч байсан билээ. Түүний “Эр Хар Сур” яруу найргийн ном номын санд маань байдаг юм. Маш хуучин бараг л анхны хэвлэл нь байх тэр ном дотор “Амь” гэж туурь бий. Ингэж л анх бүр жаахан хүүхэд байхдаа зохиолч Ч.Галсан гуайн бүтээлүүдтэй танилцаж байжээ.

 

Түүний 1991 онд хэвлүүлэн гаргасан “Арван сарын тэнгэр дор” туужийг өвөр, халаасандаа хийчхээд хаа ч явсан унших боломжтой. Яг ийм л намраар ямар нэг зүйл уншмаар санагдвал таньд хамгийн ойр байх нь энэ тууж.

“Эргэн тойрон намрын тал налайн шаргалтана. Түүнийг харах тусам цээж тэнийн, сэтгэл уясах нь амьдралын алтан өлгий болсон газар шороон дээр маань эрхлэн наадах наян живаа наран цацраг холдон одох цагийг мөнх бус амьдралтай цуг саатуулан байгааг мэдэрснийх болов уу. Тийнхүү дөтлөн шаргалтах талын хаяа хярхгаас тасран өндийх мэт цайвардуу эхэлснээ дээшлэх тусам хөхрөх тэнгэрийг хараад хараад хараа үл гүйцнэм. Аяа, арван сарын тэнгэр!

... Он цагийн урсгал дор элэгдэхээрээ болсон намхан мөлгөр дов толгод ард цувран үлдэнэ. Тэдгээрийг тоолж бүтгэх мэт, харуулдаж цагдах мэт, цуваатай зэрэгцэн нисэж явсан бор харцага гэв гэнэт агаарт эргэлдсэнээ хаачив гэхийн завдалгүй алга боллоо. Би бодлоосоо сэрж эвгүйрхэв...”

Ч.Галсан /Арван сарын тэнгэр дор туужаас/

Ч.Галсан гуайн бүтээлүүдийг уншиж суухад заримдаа Эрнест Хэмингуэйг уншиж байгаа ч юм шиг санагдана. Бүхий л сайн зохиолчид, тэдний уран бүтээлүүдэд ямар нэг адилхан зүйл, сэтгэл татах удвис гэж байдаг мэт.

Эх оронд минь намар цаг, арван сар айлчлан ирэх дөхжээ. Номын хорхойтон, шимтэн уншигчид маань сэтгэлийн цэнгэл эдлэх зохиол бүтээлүүдээ базаан намрыг улирлыг сэтгэл дүүрэн өнгөрөөхийг хүсье!

 

Нийтлэлийг: Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(59.153.114.82) 2018 оны 09 сарын 24

Таалагдаж бн

0  |  0
Top