#BOOKTELLER: Үй Хуа ”Амьдрахуй”

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Хятад гүрнийг бид философи, ёс зүйн сургаалиуд, Күнз, Ли Байгүйгээр төсөөлөшгүй.

 

“Зун дуусав

Ийм богино

Зуун жил ч

Ингээд л замхарна...” амьдралын хоосон чанарын тухай хамгийн гайхалтай шүлгийг Ли Бай л тэрлэсэн гэж би боддог.

“Гар хөдөлж байвал гэдэс цатгалан. Ах эхэсээ хүндэлвэл амьдрал тэгш сайхан” гэх Хятад түмний  философи  амьдралд бас үнэнд ойр.

Бид Хятадын уран зохиолыг “Алтан бумбан дах лишийн цэцэг”-ээс Мо Яны “Дарсны орон” хүртэл мэднэ. “Хувраг бүжиг”, “Халуун тогоо” зэрэг час хийсэн өгүүллэгийн түүврүүдээс гадна “Хятадын орчин үеийн яруу найраг” шилмэл сайхан шүлгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэгдсэн байдаг. Харин энэ удаа “Тагтаа паблишинг” хэвлэлийн газар Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуа-гийн “Амьдрахуй” нэрт зохиолыг эрхлэн гаргасныг онцолж байна.

Туужийг  Хятад улсад “Хятадын орчин үеийн уран зохиол” мэргэжлээр суралцаж буй яруу найрагч Мөнхцолын Батбаяр орчуулжээ. Монгол хэлнээ энгийн, ойлгомжтой буулгасан, уншихад торох зүйлгүй байгаа зэргээс л түүний орчуулгыг сайн болсон гэж дүгнэхэд гэмгүй.

АМЬДРАХУЙ

Өглөө эрт нийтээрээ хооллодог, цайны бус цагаар хоолны газруудад нь нэг ч хүн үзэгддэггүй, үргэлж л шоргоолж шиг хурдан хөдөлж, ажиллаж байдаг үй олон хятадуудын тухай эцэг минь ой тойндоо үлдсэн дурсамжуудаа хуучилж байсан үе уг зохиолыг уншиж суухуйд эрхгүй нэхэн санагдаж, нүдний өмнө тодроод ирэв.

Тийн бодохуйд Фу Гүй, Жиа Жэн, Фэн Шиа, Ёу Чин нарын цайны газар аяга дүүрэн хоол сэтгэл хангалуун идэж суугаа дүр зураг төсөөлөгдөнө.  Үнэхээр ч хятад  хүн хүүхэд ахуйгаасаа л хөдөлмөрч занг яс махандаа тултал мэдрээд өсчихсөн учир аж амьдрал нь тийм байх арга ч үгүй.

Магадгүй бид  Англи, Францын уран зохиолыг уншиж байсан бол ихэмсэг, дээдэс, язгууртнууд оройн зоогоо хэрхэн  барьж буй тухай  өгүүлэх сунжирсан, уйтгартай, хүүрнэл аль эсвэл олон зуун жилийн түүхтэй тансаг театрын ложинд сонгодог дуурь үзэж байгаа ухаалаг төрхнүүдийн байр байдал л төсөөлөлд ургах байсан биз. Харин дорнын уран зохиол бол тэрс өөр. Тэр дундаа япон, хятадын уран зохиолд тогоо дүүрэн будаа чанаад, хүн бүр шаазан аягаар цадталаа идэхийг мөрөөдөж байгаа дүрслэл их. Жинхэнэ хятад ахуй гээч энэ.

Яг угтаа ядуу зүдүү, ороо бусгаа амьдрал зохиолын гол шугам биш шиг санагдана. Ахуйн ачаа тээш, зовлон шаналал бол хүн өөрийн гараараа тарьж боловсруулсан үйлийн үр юм. Үйлийн үр хаана боловсордог вэ гэдгийг мэдэхийг хүсвэл эхлээд сэтгэл рүүгээ өнгийж үзэх хэрэгтэй. Тэнд ариун тунгалаг байна уу, эсвэл идээ бээрэндээ баригдсан байна уу зэргийг олж харах л хамгийн чухал гэдгийг Үй Хуа туужийнхаа гол санаа болгон шигтгэж өгчээ.

ҮДЭХҮЙ

Гол дүрийн нуруун дээрээс ахуй амьдралыг маш сайн буулгаж, тэр дундаа "Эр хүн уйлж болохгүй. Хатуу чанга байх ёстой” гэсэн үзлийн эсрэг тэрээр бүхий л эрэгтэй дүрүүдээ чадамгай гэгч нь уйлуулж гарав. “Мэгшиж гарлаа”, “Дотроо онгойтол уйлж аваад”, “Нулимс урслаа”, “Ван Шигийн нулимс л томоос том сүүдрийг зүсэн урсах ажээ”,... гэх мэт хэсэг зохиолд олноор дүрслэгдэнэ. Үй Хуа зохиолч эр хүний дотоод сэтгэлийн өнгө аясыг гойд гарамгай илэрхийлж гаргасан нь зохиолоороо бүтээсэн хамгийн том гавьяа мэт.

Нэг хүнийг чин үнэнчээр хайрлана гэдэг сэтгэлийн ямар их цэнгэл жаргал хийгээд шаналан зовохуйн агаар нэгэн болохыг мэдэрсэн хүн хэр их бол. Бидний амьдрал цаг ямагт түлхэлцэл болоод таталцахуйн хүчинд автсаар ирсэн. Үнэнч сэтгэлийг тохуурхагсад их.  Уг туужийн сэтгэлд тод мөрөө үлдээсэн нэгэн хэсэг бол Жиа Жэн хүүгээ алдаж, түүний дараа охин нь төрөхийн хүндрэлээс болж энддэг. “Цас лавсан орсоор л. Фэн Шиа яг л хөвөнгөөр хучуулсан мэт хамаг бие нь цав цагаан болжээ. Гэртээ явж ороход сэгсийсэн үстэй Жиа Жэн толгойгоороо хана түшээд орон дээр сууж байв...”

Энэ хэсэгт эх огтхон ч уйлдаггүй. Бүр огт шүү. “Тэр уйлсан ч үгүй. Гагцхүү толгойгоо л сэгсэрч байлаа. Фэн Шиагийн бие дээрх цас хайлж урсаад ор дэрийг нэвт норгожээ...” Магадгүй эх уйлсан бол тэр ор дэрийг хэдэнтээ норох хэмжээний нулимс урсгах байсан биз. Эмэгтэй хүн нэг л шийдсэн бол ямар ч гай гамшиг, гансралыг дусал ч нулимс урсгахгүй, гомдлын ганц ч үггүй давж чаддаг. Цагаа тулахад эмэгтэй хүний сэтгэл яг л хана хэрэм шиг бат бөх хүчтэй атлаа ероолгүй ангал лугаа бүхнийг өөртөө шингээж байдаг нь гайхам.

“БАЯРТАЙ” гэж хэлэхгүй!

Зохиолын дүрүүдийг энэрч хайрламаар, эвийлж өрөвдмөөр. Зохиолоос ихийг ухаармаар, тэр хэмжээгээрээ тунгаан бодмоор... 

Үхэл бол хагацал биш. Фу Гүй хэнд ч баяртай гэж хэлдэггүйг магадгүй хэлж амжаагүйг уншигч та анзаараарай. Туужийн төгсгөлд Фу Гүй хөгшин ганц үхэртээ хандаж “Өнөөдөр Ёу Чин, Ван Ши хоёр газар хагалж байгаа. Жиа Жэн, Фэн Шиа хоёр ч бас долоо найман хэсэгт талбай хагалж буй. Кү Гэн нас бага болохоор хагас талбайг хагална. Харин чи хэчнээнийг хагалахыг би хэлэхгүй. Хэллээ гэхэд лавтай чиний тоцоолсноос дутаах магад. Яриангүй чи минь өтөлжээ. Энэ олон талбайг хагалахад яах аргагүй, хүч хөдөлмөр сэтгэл шаардана шүү...” гэх хэсэг гардаг. Харин өвгөнийг Фу Гүй гэдэг шүү дээ. Өвгөн өөрийнхөө нэрийг үхэртээ өгсөн байдаг нь ерөөс тэр үхэр бүх дүрүүдийн төлөөлөл мэт. Тиймээс өвгөн магадгүй хэнийг ч алдаагүй. Тэр бүгдтэй нь хамт амьдралынхаа төгсгөлд ирсэн байж болно. Хэн үгүй гэх вэ, амьдралд бүх зүйл боломжтой гэдэг хойно.

"Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй..."/Амьдрахуй туужийн хэсгээс/   

Хичнээн үхэл, хагацал, уй гашуу, тохиолдсон ч амьдралд “Баяртай” гэж хэлэхгүй байх хүч хүн бүрт бий. Үхэл бол өөр нэгэн амьдралын хаалга юм. Амьдралын ямар ч нугачаанд эс бүдрэх сэтгэлийн хат,  итгэлийн галыг авчирч өгөх алтан хараацай хэмээн тэмдэглэлийнхээ төгсгөлд энэ зохиолыг дүгнэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top