Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд эхний хоёр байрт эрэмбэлэгдэх Америк, Хятад улсуудын хооронд нэгэнт өрнөсөн Худалдааны дайны улмаас, түүхий эдийн ханшийн эрчтэй савлагаанд цохигдож болзошгүй манай улсад улс төрийн тогтворгүй байдал нүүрлэсэн нь таагүй хэрэг. Болзошгүй хямрал тулаад ирэхийн цагт угтаж авах арга хэмжээгээ сэдэж суухын оронд, эрх мэдэл, сандал суудлын хэрүүл хийж, улс орноо тэрчигээр нь үймрүүлж орхиод байна. Саарал ордноос цацагдах бараан мэдээллүүдтэй зэрэгцэн Төв банк Бодлогын хүүгээ өсгөж, ОУВС-ийн зөвлөснөөр мөнгөний бодлогыг хатууруулах арга хэмжээ авлаа. Энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцэж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байгаа гэж Төв банк мэдэгдсэн.
Зохицуулалт шаардсан нөхцөл байдал эдийн засагт үүслээ гэдгийг шинжээчид тэмдэглэж байсныг хэлэх хэрэгтэй. Тэгвэл эдийн засагт тулгарах эрсдэлийн тун хэмжээг багасгахын тулд Бодлогын хүүг өсгөж, шийдвэрлэхээс өөр сонголт өнөөдрийн тухайд манайд байсангүй гэж албаныхан хэлж байна.
ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаад тунчиг даруулгатай байсан эрх баригчид ирэх оны төсвийг тултал нь тэлсэн. ОУВС-аас төсөвтэй холбойгоор ноцтой хүндрэл үүсэхээргүй байна гэсэн байр суурийг илэрхийлсэн ч, эдийн засагт шинэ сорилтууд тулгараад буйг анхааруулсан. Дотоодын эрэлт нэмэгдэж байгаа нь урсгал дансны алдагдлыг ихэсгэж, нөөц хуримтлуулахад саад болж байгаа тул мөнгөний нөхцөл байдлыг чангаруулах хэрэгтэй байна гэж мэдэгдсэн. Манай тухайд эдийн засгийн бүтэц төрөлжөөгүй, гол тулгуур болох түүхий эдийн тоо нь нүүрс, зэсээс хэтрэхгүй, ийм нөхцөлд төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах нь “тогтмол” үзэгдэл гэхэд болно. Тиймээс бодлогын чанартай томоохон реформыг эдийн засагт хийхийн тулд эрүүл саруул улс төрийн орчин үгүйлэгдэж буйг хэлэх хэрэгтэй байх.
Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг өсгөх болсон суурь нөхцлүүдийг тайлбарлахдаа “Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшид дарамт учруулж байна. Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжилийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргалаа” гэж буй.
Мөн Монголбанкнаас ирэх арванхоёрдугаар сараас эхлэн Төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжаалах шийдвэр гаргасныг мэдэгдсэн. Тэгэхээр арилжааны банкууд зээл рүү оруулах мөнгөө Төв банк руу оруулна гэсэн үг.
Бодлогын хүүгийн хөдөлгөөнийг дагаж банкуудын зээл болон хадгаламжийн хүүнд өөрчлөлт ордог. Тэгэхээр энэ удаагийн Бодлогын хүүгийн өсөлт эдийн засагт үнэхээр нааштай өөрчлөлт дагуулна гэж бүрэн итгэлтэй хэлэхэд арай эрт байна. Түрүүн хэлсэнчлэн Бодлогын хүүгийн өсөлтийг дагаад банкуудын зээлийн хүү өсч, улмаар бизнесийн салбарынхны зардал нэмэгддэг. Өссөн зардлаа нөхөхийн тулд бараа үйлчилгээний үнээ өсгөх замыг бизнесийнхэн сонгодог. Ийм дүр зураг бий.
Тиймээс энэ удаагийн хатуу бодлого ЗӨӨЛӨН газардаасай!
Э.Болор
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
ARGAMJAA KINO