"СЭТ-ХИЛ"-ийн хүүрнэл
2018 оны арванхоёрдугаар сар. Жилийн төгсгөл ирж, ес эхэлж, агаарын хэм аргагүй чангарчээ. Улс төр бужигнаж, утаа ярьж бухимдсан өдрүүд үргэлжилсээр. Гэвч нийгэмд улс төрөөс илүү ярих ёстой, тулгамдсан асуудал олон бий. Хэдхэн хоногийн өмнө эрүүл ухаант хүмүүс бидний сэтгэлээсээ харж сонсох учиртай нэгэн үзэсгэлэн чимээгүй нээгдлээ. Нийгмийн хамгийн чухал бүлэг, анхаарал шаардлагатай, зайлшгүй хөндөх ёстой сэдэвт анхаарал чиглүүлсэн “СЭТ-ХИЛ” үзэсгэлэн Монголын уран зургийн музейд нээгдсэн юм. Та анхааралтай цааш нь уншаарай...
Хотын алслагдсан дүүрэгт дүнсийн харагдах гурав, дөрвөн давхар том цагаан барилгад нийгмээс далд, хамгийн хачирхалтай ертөнц оршдог. Тэр газар бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/. Бидний хэлдгээр “Шархад”-ны эмнэлэг. Оршин байна гэдэг нь амьд байгаагийн нэр. Хачирхалтай, сонин гэж тодорхойлсон минь зөвхөн тэнд оршдог хүмүүсийн дотоод ертөнцийн тухай ярьсан хэрэг юм.
Тус эмнэлгийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах тасгийн Б.Алтанзул эрхлэгчтэй хамт олон үйлчүүлэгчдийнхээ гар зураг, бас бус бүтээлээр хоёр дахь жилдээ үзэсгэлэн гаргасныг дээр дурьдсан билээ.
Сэтгэлээрээ нэгдэж, нийгэмд эерэг хандлага бий болгохыг хүссэн хэсэг залуус өнгөрсөн хугацаанд үзэсгэлэнд бэлтгэх өдөр тутмын ажилд туслан, завгүй өнгөрөөжээ. Тухайлан дурьдвал "Энэрэл" мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, "Ногоон цас" ТББ, "Миний урлан"-г онцолж хэлмээр байна.
Сэтгэц, нийгмийн сэргээн засах тасгийн үйлчлүүлэгчийн зурсан зургийг та яг одоо харж байна. Үзэсгэлэн уран зураг, фото хөрөг зураг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үйлчлүүлэгч, өвчтөнүүдийг "Уран бүтээлч" гэж нэрлэмээр санагдан, энд цаашид энэ хүндэтгэлт үгээр бичиглэснийг тодотгоё. Уран бүтээлчид энэ үзэсгэлэнд зориулан сэтгэлээ илэрхийлээд зогсохгүй өөрсдийгөө ил гаргасан юм. "СЭТ-ХИЛ"-ийн ертөнцөөр аялцгаая.
Урлагаар дамжуулан эдгэрэлийг олох нь
Урлагаар дамжуулж олон хүн "Эдгэрэл"-ийг олсон гэж ярьдаг. Урлагийг бүтээгч, урлагийг мэдрэн хайрлагч хэн бүхэнд энэ үг хамаатай. "СЭТ-ХИЛ" үзэсгэлэнд багтсан 10 уран бүтээлчийн 30 орчим бүтээл бүгд энэ л үгээр хөглөгджээ. Эрүүл саруул болох эдгэрэлийг эрсэн тэдний гэгээн хүсэл, итгэл, найдвар, урам зориг зураг бүхэнд нь шингэсэн мэт.
Өнгө будаг, дүрслэл, зураглал, бийр, цаастай харьцсан байдал зэргийг хараад тэдний ертөнц хэчнээн өнгөлөг, тод болохыг нь мэдэрч, тэгэх тусам хайрлах сэтгэл төрнө. Гэхдээ тэдний илэрхийлсэн санаа нь сэтгэлд хүнд мэдрэмж үлдээнэ. Зургийн эзэд ихэвчлэн л монгол ахуй, цэлгэр тал нутаг, хөх тэнгэр, нар зурсан байгаагаас ажиглавал энгийн сайхан амьдрал л тэдний мөрөөдөл гэмээр.
"СЭТ-ХИЛ"-ийн гол зорилго бол нийгэмд үүссэн "ТЭД", "БИД" гэсэн ойлголтыг үгүй хийх. "Тэд" гэдэг үгийн цаана хамгийн хүнлэг бус шинж чанар нуугддаг учраас. Өөрийн доторх олон дүр, түүнээс ангижрах хүсэл, эргэлзээ, басхүү айдас, гомдол, цөхрөл зэрэг хүн бүхэнд их бага хэмжээгээр мэдрэгддэг тийм л нарийн зүйлсийг эдгээр хүмүүс ч бас мэдэрдгийг бид төдийлөн ойлгодоггүй байх нь.
Сэтгэц, нийгмийн сэргээн засах тасгийн эрхлэгч Б.Алтанзул сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчдэд тулгардаг гол асуудлыг "Нийгмээс ирдэг ялгаварлан гадуурхалт" гэж тодотгосон. Энэ л хил хязгаарыг даван туулах хүсэл сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ээрсээр байдаг. Тийм ч учраас тэд эдгээр зургаар дамжуулан бидэнд дуу хоолойгоо хүргэж байгаа нь энэ.
Гэрэл гэгээг хүсэгсэд
"Бүх өвчин эдгэрэх боломжтой" гэсэн бичигтэй хэсэг хүмүүсийн хөргийг хотын төв дэх "Мөнгөн завьяа" дэлгүүрийн өмнөх нүхэн гарцанд өлгөжээ. Нүхэн гарцаар дамжин өнгөрөх хүмүүсийн урсгал хурдан, эргэн тойрноо анзаарах ч сөхөөгүй. Уг нь зураг дээрх хүмүүс гэрэл гэгээт нүдээрээ энэ нийгмийг ширтэнэ... Харин нийгэм тэднийг ширтэх нь үгүй. Магадгүй ихэнх хүмүүс зарлалын самбар гэж бодсон байж болох. Гэхдээ нийгэмд юу жинхэнэ гол асуудал, юунд шийдэл хэрэгтэй байгааг анзаарах сөхөөгүй, учир замбараагүй энэ амьдралын хөл хөдөлгөөнд биднээс гэрэл гэгээ хүсэгчдийн, тодруулбал тэдний хүсэл дарагдчих вий...
"Сэтгэцийн эмгэгтэй" хүмүүсийн юу үзэж, туулсныг, юу мэдэрснийг би мэдэхгүй, мэдэрч чадахгүй. Харин тэдний хөргөөс нэг л зүйлийг олж харсан юм шиг сэтгэгдэл төрсөн. Хамгийн тунгалаг, хамгийн гэрэлтсэн нүд өөдөөс минь ширтэж байлаа... Намайг сонсооч, намайг хараач, намайг ойлгооч гэж байгаа мэт... Сэтгэлийг хөнгөн гуниг нөмрөв. Ямар ч хир буртаг тогтоогүй бяцхан хүүхдийн ертөнц шиг нүдтэй тэр "уран бүтээлчид" зурсан зургуудаа өмнөө барин инээмсэглэнэ. Ийм хүмүүсийг "Галзуу" гэж хамгийн хүнлэг бус, ёс зүйгүйгээр авирладаг бид өөрсдөө эрүүл хүмүүс мөн билүү гэж зүрхний угаас халагламаар. Иймээс л тэдэнд тодоос тод ГЭРЭЛ ГЭГЭЭ хүсмээр байна. Та ч бас нэгдээрэй.
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
saihan surwaljlaga boljee bayr hvrgey
Тийм шүү. Хүнлэг бус, ёс зүйгүй авирладаг бид өөрсдөө хэн билээ.
Mash saihan boljee.
BRAVO