Федерико Феллини нь 100 гаруйхан жилийн түүхтэй ч асар баялаг сан хөмрөг, зам замналтай кино урлагт нэрээ дархалж чадсан хүн төрөлхтний агуу найруулагчдын нэг билээ. Бүтээл туурвих хугацаандаа 20 гаруй кино, 40 гаруй кино зохиол бичсэн тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй арга барил, өвөрмөц сэтгэлгээ, гайхамшигт дүр дүрслэлүүдээрээ кино урлагийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм.
Федерики Феллини Хойрго эрс /1953/ бүтээлээрээ Венецийн кино наадмаас "Мөнгөн арслан" шагнал, Зам /1954/ бүтээлээрээ Венецийн кино наадмаас "Мөнгөн арслан" шагнал, Жаргалтай амьдрал /1960/ бүтээлээрээ Каннын кино наадмаас "Алтан далдуу модны мөчир" шагнал, Оскарын наадмаас "Гадаад хэл дээрх шилдэг бүтээл" шагналыг Зам /1954/, Кабириягийн үдэш /1957/, Найм хагас /1963/, Амаркорд /1974/ бүтээлүүдээрээ дөрвөн удаа хүртэж, Америкийн кино академийн хүндэт Оскарыг 1993 онд хүртэж байжээ.
Номын зохиогч Шарлотт Чэндлер, найруулагч Федерико Феллинитэй анх 1980 оны хавар Ромд уулзсанаас эхлээд түүний насан өөд болсон 1993 оны намар хүртэлх 14 жилийн хугацаанд алдарт найруулагчтай хүүрнэлдсэн бүхнээ бичиж тэмдэглэсэн нь хожим "Зүүд бол цорын ганц бодит зүйл" ном болжээ. Тус номоос онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
1. Би яагаад ч өөр хүн болж чадахгүй. Энэ бол миний амьдралдаа таньж мэдсэн цорын ганц зүйл ч байж мэднэ.
2. Ганцаараа байна гэдэг нь яг ч ганцаардахын нэр биш юм. Хүн ганцаараа байхдаа хүссэнээ хийж, чөлөөтэй сэтгэдэг. Тэгэхээр ганцаардал гэдэг тунчиг онцгой зүйл, ганцаардах боломжтой байна гэдэг бүр ч ховорхон завшаан. Ганцаардсан шиг ганцаардаж чаддаг, дотоод эрчим нь цуцашгүй хүмүүст би атаархдаг.
3. Дараа нь яах бол гэж айдаггүй, өөрөө хүссэн л бол юунаас ч эмээж болгоомжилдоггүй, үнэн голоосоо үзэн ядаж, ухаангүй дурлаж хайрлаж чаддаг хүмүүсийг би биширдэг юм.
4. Сэтгэлд минь ямагт хадаатай байдаг ч нас ахих тусам бүдгэрч, улам л холдсоор буй дурсамж дуртатгал надад олон бий.
5. Алдартай байх, бусдын шүтээн байх хоёр огт адилгүй юм. Олны танил байх нь ажил төрөлд нэмэртэй бол тахигдаж шүтэгдэх нь бүтээлч орчныг бусниулж орхидог.
6. Кино бол дүрслэх урлагийн нэг төрөл. Киног уран зохиолтой дүйцүүлэх нь надад утгагүй, ончгүй санагддаг. Хөдөлгөөнт зураг учраас киног уран зурагтай л жишиж болно.
7. Би хувьдаа эмэгтэй хүнийг хэзээ ч гүйцэд ойлгохгүйгээ мэддэг. Таньж мэдэхгүй байсан ч дээр юм. Бүгдийг мэднэ гэдэг эр, эм хүмүүсийн хоорондох чимчигнэсэн, ер бусын сайхан мэдрэмжийг үгүй хийнэ.
8. Айдсыг бага тунгаар хүртэх нь амьдралын сайхныг мэдрүүлдэг. Гэтэл айдас түгшүүрээ илчлэхээс бараг хүн бүр зовдог. Айх, хулчийх хоёр уг нь адилгүй юм. Айдсаа ялан дийлсэн хүнийг л зоригтой гэхээс юунаас айж эмээдэггүй хүн усан тэнэг юм уу, хөлсний цэрэг, эсвэл аль аль нь байдаг.
9. Бидний сайшаагаад байдаг хамтач, нийтэч нийгэм бүхий л талаараа хүний хувь чанарыг хялайн үздэг билээ.
10. Хүслээ дарж, өөрөөсөө зугтсаар байвал нууж хаасан бүхэн нэг л өдөр сад тавьж, хүнийг өөрийг нь залгиж орхино.
Сэтгэгдэл ( 1 )
Nitzschen philosophy trend bolood bnu guyu