"Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн 49:51 гэсэн маргаан өнөөдрийн гол дуулиан болж байна. Тус үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг хууль зөрчин авсан хэмээн төрийн мэдэлд авах гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байгаа. Сүүлийн үед “Монголын зэс” компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах хөрөнгөө хэрхэн босгосон талаар санхүүгийн схем ч зурснаа олон нийтэд дэлгэлээ. Гэтэл үүнтэй дөрөө харшуулан “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалан авсан зээл өнөөдөр 126 сая ам.доллар болж, Төр төлөхөөс өөр аргагүй байдал үүсчихээд байна. Гэтэл “Стандарт” банкнаас зээл авахад зуулчилсан “Ocean partners” хэмээх зуучлагч компани албаны хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаад буй. Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргаад төрийн өмчит үйлдвэр гадны нэг банкнаас зээл авч байхад энэ гуравдагч этгээд ямар шалтгаанаар хаанаас гараад ирэв гэдэг өөрөө асуудал юм. Гэтэл өр барагдуулах талаар “Эрдэнэт” үйлдвэрийнхэн зээлдүүлэгч талтай уулзахад “Ocean partners” хэмээх зуучлагч компанитай хамт байсныг “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах ажлын хэсгээс мэдээлсэн.
Уг нь энэ хэргийг эртхэн дотооддоо шийдвэрлээд явсан бол Арбитрын шүүх эерэг хандах байсан тухай хуулийнхан ярьж байна. Гэтэл хариуцлага алдсан, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг шүүхээр шийдвэрлэх процесс нь удааширсан. Дээрээс нь энэ хэргийг тодорхой хэмжээнд нуун дарагдуулсан асуудлаас болоод Арбитрын шүүхэд сайнаар нөлөөлж чадаагүй гэдгийг ч албаны хүмүүс хэллээ. Эцсийн дүндээ хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэн ялаас мултрах гэсэн гэмт этгээдүүдийн хуйвалдаанаас болж Монгол Улс хохирч байгааг ч дуулгалаа.
ТӨЛБӨР ЦУГЛУУЛАХ 100135148 ТООТ ДАНСААР МӨНГӨ ОРСОН БАРИМТ
Монголын өрийн асуудалд оролцоод байгаа “Ocean partners” компани нь “Жаст” групп болон “Эрдэнэт” үйлдвэр хооронд 2006 оны тавдугаар сарын 26-ны өдөр “Зээл шилжүүлэн ашиглах гэрээ” байгуулагдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн авсан зээлийн хөрөнгө /нийт 30,000,000 ам.доллар/-ийг “Жаст” компанид шилжүүлжээ. Энэхүү зээлийн төлбөр нь “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмал зарсан орлогоос буюу “Ocean Partners UK Ltd”-ээс орж ирсэн орлогоос төлөгдсөн аж. Энэхүү төлбөрийг “Жаст” группээс байгууллага хоорондын өр, авлага барагдуулах тооцоогоор харилцан тооцож дуусгавар болгосон баримт байна. Мөнхүү 2014 онд “Эрдэнэт” үйлдвэр “Ocean partners UK Limited” компаниас 110.0 сая ам.долларын зээл авч хөрөнгө оруулагчдын ногдол ашиг тараасан баримт бий гэхээр энэ компани “Эрдэнэт” үйлдвэр, “Жаст” групптэй эртнээс холбоотой байжээ.
Олон улсын зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөлтийг тухай бүр нь суутган авах, зээлийг хугацаанд нь төлүүлэх зорилгоор төлбөр цуглуулах данс нээдэг гэнэ. Энэ утгаараа “Эрдэнэт” үйлдвэрийн нэр дээр “Стандарт” банканд №100099788 тоот, №100135148 тоот данс тус тус нээсэн байна.
Эдгээр дансаар 2008 оноос 2013.07.21-ний өдрийг хүртэл орсон зэсийн баяжмалын борлуулалтын орлого нийт 419,830,237.08 ам.долларын гүйлгээ хийгджээ. Үүнээс 101,492,222.11 ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд мөнгөөр шилжүүлээгүй бөгөөд бартераар буюу хоорондын тооцоогоор “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” группээр төлүүлж авсан нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогддог гэдгийг албан баримтад дурдажээ. Харин “Жаст” групп нь “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун түлш, бусад техникийн запас сэлбэг шахаж барагдуулсан бололтой. Нийт гүйлгээг данс тус бүрээр нь авч үзвэл №100099788 тоот дансаар 243,301,799.50 ам.долларын орлогын гүйлгээ, №100135148 тоот дансаар 136,347,193.38 ам.долларын орлогын гүйлгээ тус тус хийгдсэн байдаг ба 40,181,244.20 ам.доллар уг хоёр дансаар хоёулангаар нь дамжсан байдаг.
Ийнхүү “Жаст” групп нь “Стандарт” банктай 2010 оны наймдугаар сарын 05-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, 27 сая ам.долларын зээл авч, дахин 2011 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр дээрх үндсэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 34 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Харин энэхүү зээлийн гэрээнд төлбөр цуглуулах дээрх №100135148 тоот дансыг зааж өгснөөр өнөөдрийн их өр үүссэн байна.
ГАНЦХАН Ш.БАТХҮҮ ХЭРГИЙГ ҮҮРЭН ҮЛДЭХ НЬ
Гэтэл Монгол төрийг барьцаалсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох ямар ч боломжгүй юм байна. Учир нь 2017 оны тавдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар энэ луйврыг хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй ажээ. Яагаад гэвэл, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, луйвардсан асуудал 2013 оноос өмнө явагдаж дууссан хэрэг. Эрүүгийн хуулиар албан тушаалтнуудад хэрэг тооцох хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ таван жил болоод өнгөрсөн гэсэн үг. Хэдийгээр АТГ, прокурор яллагдагчаар татаж, хэрэг үүсгээд явж байгаа ч гэсэн шүүх дээр очихоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгох магадлал байгааг хуулийнхан тайлбарлаж байна. Тэгэхээр энэ хүмүүс ялаас мултарч, ганцхан Ш.Батхүү хэргийг үүрэн үлдэх нөхцөл үүсчээ. Түүний хувьд төлбөрийг барагдуулах боломжгүй учраас ял эдэлж таарна. Харин эцэст нь Монгол Улс хохирч үлдэж байна.
Сэтгэгдэл ( 6 )
51 % зээлийн ард С,Баяр. Сугар ,Ганзориг,Нямдорж Алтан нар хуйвалдаж зээлсэн мөнгөөс 50сая долларыг хувааж авсан бдаг, Батхүү үүнийгээ хэлэх цаг ирнэ
БАТХҮҮ ХИЙСЭН ЮМ ЧИНЬ БАТХҮҮ ТӨЛДӨГ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ ХАР МУУ САНАА ХАР МУУ БҮХЭН ЧИНЬ ӨӨР ДЭЭР ЧИНЬ БУУНА ШҮҮ
Элбэгдоржийн 8 жил төр барихдаа хийсэн ажил болохоор их пээдгэр жиргээд байгаа юм байна л даа. Монголчууд эрхбиш Элбэгдорж оор доромжлуулах хугацаа нь дууссан баймаар.
хуулийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж мөрдөх
хуулийн хаан хэлэлцэх хугацааг төрийн эсрэг гэмт хэрэг, төрийн эмч хулгайлсан, хувьдаа завшсан, бусдад боломж олгож хувьд төрийн өмчийн олгужлсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хүний амь хохироосон, хээл хахуулийн хэрэг; албан тушаалаа ашиглаж хийсэн бүх гэмт хэргийн хувьд одоогийн мөрдөж байгаа хугацааг 1-2 лхрин нэмэгдүүлж өөрчлөлт оруулан хариуцлага тооцож ял зам хүртээдэг асуудлыг хуулинд өөрчлөлт яаралтай оруулан мөрдүүлэх хэрэгтэй боллоо. ингэхгүйгээр монгол хөгжихгүй хулгай луйвар хийхээр улсаа мөхөөх аюултай болоод байна
Жастын Батхүүг төлбөр барагдуулах боломжгүй гэж яагаад урьдчилаад худал мэдээлэл цацаад байнаа. Түүний хөрөнгө асар их шүү дээ, энд тэнд нуучихсан л болохоос биш. Түүнийг нь илрүүлж, хурааж, зарж борлуулаад хохирлыг барагдуулах бүрэн боломж байгаа. Төр засаг үнэхээр хэрвээ хүсвэл шүү дээ...