Баялгийг "БАЯЛАГ" болгох арга ба санг дэмжсэн бодлого

2019 оны 03 сарын 11

“Бидэнд юу л байна, баялаг байна” гэсэн хандлага манайханд бий.  “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийн үлгэрээр баялагтаа хандах нь зохист асуудал мөн. Гэхдээ “Байгалийн баялаг ихтэй байх нь хөгжлийн зайлшгүй ч нөхцөл биш, хангалттай ч нөхцөл биш. Байгалийн баялаг нь хөгжлийг түргэтгэх увдистай ч, хараал болох бас чадвартай” гэдгийг ойлгосон шиг ойлгох хэрэгтэй болов уу. Ялангуяа бодлого боловсруулж, үзэглэдэг, эргээд тэрэндээ хяналт тавих хэмжээний эрх үүрэгтэй нөхдүүдэд  энэ илүү хамаатай асуудал юм. Газрын доорх баялаг гэдэг хэмжээ хязгаартайн зэрэгцээ дэд бүтэц, нэмүү өртөг, хүлээн авагч зах зээл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч үнэ нь “тогтож”, утгаараа баялаг болох ёстой. Тэгсэн тохиолдолд эдийн засгийн хөгжлийг авчрах асар их боломжийг дагуулдаг. Ялангуяа хөгжиж байгаа орнуудад уул уурхайн салбараас олсон орлогоор төрийн үндсэн үйлчилгээ болон боловсрол, эрүүл мэнд, бодит дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх зэрэг нь тогтвортой хөгжлийг дэмжих, мөн ядуурлыг бууруулахад чиглэгдсэн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой харагддаг ч, бодит байдал дээр нөхцөл байдал өөр байх нь олонтаа аж.

Юу гэхээр байгалийн баялгийн хараалын зарчмын үүднээс авч үзвэл байгалийн баялгаар хомс улс орнуудтай харьцуулахад баялаг ихтэй орнууд ихэнх тохиолдолд хурдацтай хөгжиж чаддаггүйгээс гадна хүний хөгжлийн үзүүлэлтүүдээрээ дорвитой ахиц гаргадаггүй гэсэн судалгаа байна. Түүнчлэн байгалийн арвин баялаг нь эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлж болох тухай өөр хоорондоо харилцан уялдаа бүхий хоёр ойлголт байдаг аж. Эхнийх нь богино-дунд хугацаа буюу 5 хүртэлх жилийн хугацааг хамаарах “Голланд өвчин”. Харин хоёр дахь нь 5-аас дээш жил буюу дундаас-урт хугацааг хамардаг “Байгалийн баялгийн хараал” хэмээх ойлголт байгаа юм.

Тэгвэл эдийн засагчид баялгийн хараалын гол шалтгаан тухайн орнууд байгалийн баялгаа хуримтлал болгож чаддаггүйд оршиж байна гэж үздэг. Харин хуримтлал үүсгэж чаддаггүй нь эдийн засгийн, улс төрийн гэсэн хоёр хүчин зүйлсээс хамаардаг аж. Байгалийн баялаг ихтэй орнууд гэнэт амар хялбар баяжих боломжоос болж нийгэмд хэт цатгалдсан байдал, авилгал, тэгш бус хөгжил зэрэг гаж үзэгдлүүд нүүрлэдэг ба үүнийг эдийн засагчид байгалийн баялгийн хараал гэж нэрлэх нь элбэг аж. Гэтэл Япон, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг Азийн олон орнууд ач холбогдол өгөхүйц байгалийн баялаггүй хэрнээ хөгжиж өндөр стандарттай нийгэм байгуулж чадсан байдаг. Ерөнхийдөө хөгжлийн стратегийг байгалийн баялагтай байх аз завшаанд тулгуурлаж болохгүй л гэсэн санаа эндээс харагдаад байна л даа. Тэгвэл одоо бид байгалийн баялгаа зарж олж байгаа орлогоо хэрхэн зөв удирдаж, зарцуулж байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.

Цацдаг тогтолцоо!

Уул уурхайн салбарын орлогогүйгээр төсвийг төсөөлөмгүй тийм л хараат байдалд манай эдийн засаг байна. Нөхцөл байдал хүндэрч байгаа бүхий л шалтгааныг хөрөнгө оруулалт татарсантай холбоотой гэж тайлбарладаг жишиг нэгэнт тогтсон. Монгол төгрөг үнэгүйдэж, ам.доллар, юанийн ханш чангараад байгаагийн урхаг шалтгааныг ч бас тэгж харж буй. Тэгвэл нөгөө талаас бид орлогоо зөв зарцуулж чаддаггүй нь чухал шалтгаан юм. Мөнгөний хэт тэлсэн бодлогоос гажиж чаддаггүй, төсөвт орсон орлого бүрийг зарцуулаад явдаг байдал нь эргээд валютын ханшийг хөөрөгддөг. Төсвийн хэт их зарлага, мөнгөний хэт их нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээг өөгшүүлж, импортыг өдөөхөөр ханшийн дарамт нэмэгддэг. Гэтэл бодит эдийн засаг нь өөрөө тэр дарамтыг дааж тэсэхгүй хэмжээнд байгаад байдаг. Ийм нөхцөл байдлын гор нь нийгмийн дунд болон доогуур түвшний орлоготой хүмүүст очиж тусаад байдаг. Тодруулбал, харьцангуй хэрэгцээгүйгээр их хэмжээгээр зарцуулж байгаа хөрөнгө нь цаад талдаа бодлогын хүрээнд зарцуулж байгаа хөрөнгийг эрсдэлд оруулж үнэгүйдүүлдэг. Эдийн засгийн тийм тогтворгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтыг хүссэн хүсээгүй үргээгээд байдаг.

Нөгөө талаас манай эдийн засаг голланд өвчний хамааралтай болсныг эдийн засагчид хэлж яриад хэдэн жил болж байна. Лав л 2008 оноос эхлэн голланд өвчний шинж тэмдэг ажиглагдсан гэх зүйлийг Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас сануулж байсан юм. Манай эдийн засаг нүүрсний экспорт эрчимтэй нэмэгдсэн 2009-2010 оноос өмнө зөвхөн зэсийн экспортод суурилж ирсэн. Тэгвэл 1980-2000 оны хооронд Лондонгийн металлын бирж дээрх зэсийн ханшийг аваад үзэхэд тонн нь 2000-3000 ам.доллар байдаг байсан бол 2005 оны 1 дүгээр сараас эхлэн өссөөр 2006 оноос хойш бүр огцом өссөн байгаа юм. Тэрчлэн 2006 оноос эхлэн манай эдийн засагт орж ирэх орлого их болсон нь “Голланд өвчин”-д нэрвэгдэх эхлэл болсон гэж харах үндэслэлтэй байна. За тэгээд нэгэнт шинж тэмдэг нь мэдэгдээд эхэлсэн Голланд өвчний араас Баялгийн хараал нь хүрээд ирэх вий гэж бид сэрэмжлэх ёстой юм. Монголын улстөрчид мөнгийг цацах шиг л болдог нь үнэн. Инфляци олигтой буудаггүй нь бас үнэн. Зээлийн хүү өндөр, үйлдвэрлэл хөгжихгүй өдийг хүрсэн зэрэг нь уул уурхайгаа шүтэж байгаа Монголчуудад өвчин наалдсаны шинж тэмдгүүд яах аргагүй мөн юм. Тэгэхээр бидэнд цаашлах гарц хэрэгтэй гэсэн үг.

Баялгийг "баялаг" болгох арга

Төсвийн бодлогод хувьсгал хийнэ гэж ярьж байгаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж байсан ч, тэр хувьсгал нь ирээгүй. Хуулийн дагуу Тогтворжуулалтын санг байгуулсан. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс хоёрынхоо үнийг Нэрлэсэн үнэ, Тэнцвэржүүлсэн үнэ гэж ялгачихаад, Тэнцвэржүүлсэн үнээс нь илүү гарч борлогдвол, тэр хэсгийг нь Тогтворжуулалтын сандаа хийгээд байгаа гэдэг ч, тэр сангийн мөнгөө үнэн худлаа нь мэдэгдэхгүй хав дарж ирсэн. Санд байгаа мөнгийг өөр эх үүсвэрүүдэд байршуулж, арвижуулах санаа оноо байгаа талаар, гадаадын Засгийн газрын өрийн бичгийг авч, тэднээс хүү авч, хэрэглэх тухай нэг хэсэг яригдаад л байсан.

Мөн Баялгийн сан байгуулах нь зөв шийдэл гэдэг яриа он он дамжин өнөөдрийг хүрчээ. 2030 он гэхэд Баялгийн санд 46 орчим их наяд төгрөг хуримтлагдана. Түүнээс 24 их наяд нь уул уурхайн салбараас төсөвт орж байгаа орлогоос тусгаарлаж авсан хэсэг, үлдсэн 21 их наяд орчим нь, энэ санг эргэлдүүлж хуримтлуулсны үр дүнд бий болох ашиг байна гэсэн тооцооллыг Сангийн яам хийж байсан түүхтэй. Баялгийн сангийн тухай хууль батлагдаад, хэрэгжээд эхлэхээр тухайн жилдээ 500-гаад тэрбум төгрөгийг баялгийн сандаа төвлөрүүллээ хэмээн тооцоход, төсвийн зарлагыг тэр хэмжээгээр хэмнэх бололцоо бүрдэнэ. Мөн тэр хэмжээгээр эдийн засагт нийлүүлэгдсэн мөнгийг татаж Монголбанкинд байршуулах бололцоо бүрдэнэ. Үүнийгээ буцаагаад валютаар хадгалаад аривжуулахаар Монгол Улсын валютын цэвэр нөөц нэмэгдэх эерэг нөлөө үзүүлэх шинэ тогтолцоо бүрдэнэ гэх зүйлийг эдийн засагчид хэлж байв. Мөн тэр мөнгөөрөө валют худалдан авч гадагш хөрөнгө оруулах, байршуулах байдлаар арвижуулна гээд байгаа юм. Олон улсын жишгийг харахад Баялгийн сангийн ерөнхий удирдлагыг Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн яамд нь хэрэгжүүлдэг. Ер нь тэр жишгийг нь манай улс мөрдсөн нь зөв гэж байгаа. Өмнө нь ийм сангийн удирдлагын асуудал байгаагүй, шинэ ойлголт учраас гадныхны хамгийн боломжтой хувилбарыг нутагшуулах хэрэгтэй гэгдэж байсан. Харин өнөөдөр энэ талаар дахиад эрх баригчид судлах тухай яригдаж байна.

Уг нь  баялгийн хараалыг ерөөл болгож хувиргасан улсуудын нууц нь төсвийн мэргэн бодлого хэрэгжүүлэх явдал гэж мэргэжилтнүүд хэлдэг. Чили, Норвеги, Ботсвана зэрэг байгалийн баялаг ихтэй улс орнууд байгалийн баялгаараа суурь хийн хөгжиж чадаад байгаа туршлага бий. Баялгийн хараалыг өөрсдөөсөө холуур өнгөрүүлэхэд баялгийн сан асар их үүрэгтэй байж болох ч, төсвийн бодлогоор дэмжигдээгүй, хослоогүй тохиолдолд үр дүнд хүрдэггүйг баримтууд бас харуулна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХҮРЭЛЭЭ(64.119.19.228) 2019 оны 03 сарын 12

Уул зөв л дөө.Маш хатуу хяналт л хэрэгтэй. Тэгэхгүй бол сангуудын замаар орно. Сайн хуульчлах хэрэгтэй.

0  |  0
123456(66.181.165.246) 2019 оны 03 сарын 11

Ямар нэг сан байгуулчихаар тэгээд нөгөө хэд нь идчих юм аа

0  |  0
Top