Д.Амартүвшин: "Тайшир"-ын УЦС хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэж байгаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрт усны зөв зохистой хэрэглээг сурталчлах арга хэмжээнүүдийг зохиож байна. Манай улсын хувьд өнөөдөр /2019.03.22/ нийслэл болон орон нутагт ч “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Тухайлбал, Говь-Алтай аймагт “Цэнгэг ус, тэгш хүртээмж” аяныг өрнүүлэн Говь-Алтай аймгийн ус ашиглагч, хэрэглэгч байгууллагуудын төлөөлөл, усны бодлого хариуцсан Байгаль орчны газар, Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргаа, Завхан гол, Хяргас нуурын сав газрын захиргааны төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж. Уг хэлэлцүүлгийн үеэр “Тайшир-Гуулин” усан цахилгаан станц /УЦС/-ын дарга Д.Амартүвшинтэй цөөн хором ярилцсан юм.


-Дэлхийн усны өдөрт зориулж Говь-Алтай аймаг, “Тайшир-Гуулин” УЦС-аас ямар ажил хийж байна вэ?

-Говь-Алтай аймагт дэлхийн усны өдрийг жил болгон уламжлал болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Цэнгэг ус, тэгш хүртээмж” аяны хүрээнд зөвшөөрөлгүй ус, уст цэг гаргах, зөвшөөрөлгүй ус ашиглах хийгээд усны төлбөр, татварыг хуулийн дагуу бүрдүүлэх, инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн чиглэлүүдэд анхаарч ажиллаж байна.

Алтай хот нь төвлөрсөн усан хангамжийн 40 гаруй км урт шугамтай. Шугам сүлжээ байгаа хэдий ч хувийн компаниуд зөвшөөрөлгүйгээр худаг гаргадгаас болоод инженерийн шугам сүлжээний байгууллага алдагдал хүлээж байна. Зөвшөөрөлгүй, татваргүйгээр ус ашиглаж байгаа энэ мэт хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө усны бодлогод оролцогч байгууллагууд анхаарч ажиллаж байна.  

-Говь-Алтай аймгийн ундны усны эрүүл ахуй ямар түвшинд байна вэ?

-Хүн амын эрүүл мэндийг ярихын тулд ундны усны хангамж, усны эрүүл ахуй, шинжилгээнд анхаарах ёстой. Манай аймгийн хувьд ундны усны хатуулаг өндөртэйд тооцогддог. Мөн орон нутагт тулгамддаг асуудал бол ундны усны зориулалтын савны хэрэглээ. Зориулалтын усны хэрэглээ 36 хувьтай байна гэсэн Эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг. Зориулалтын ус саванд ус хийснээр ундны усны чанар, ариун цэвэр алдагддаг. Үүнээсээ болоод хүн амын эрүүл мэнд мууддаг. Бид энэ бүхнийг арилгах тодорхой шийдлүүд гаргаж ажиллаж байна.

-Усны үнийн хувьд Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ус үнэгүй байх ёстой гэдэг монголчуудын уламжлалт сэтгэлээ одоо ч арилахгүй байна. Гэтэл эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй зүйл бол ус. Усандаа үнэлэмжгүй хандаж байгаа учраас эрүүл мэндийн асуудалдаа бид ач холбогдолгүй хандаж байна гэсэн үг. Тиймээс усны үнэлэмжийг нэмэгдүүлж байж эрүүл мэнд яригдана. Усандаа үнэгүй хандана гэдэг эрүүл мэнддээ хямдхан хандаж байгаа хэрэг. Усанд хямдхан хандсанаар цаашид урган гарах зардал бүр их гарна. Усанд хямд хандсанаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ хохирдог байдал арилахгүй. Хүн амын тэргүүлэх өвчлөл буурахгүй байгаа шалтгаан нь ундны устай холбоотой. Хөдөө орон нутагт хүний усанд анхаарахгүй малын усанд анхаардаг тал бий. Түүнээсээ хүн нь уудаг. Хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө усандаа сэтгэл гаргана, зориулалтын газраас ус авна гэсэн ойлголт байхгүй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

-“Тайшир-Гуулин”-гийн УЦС бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу?

-Жилд 400 сая шоо метр ус хуримтлагдаад байх юм бол Завхан гол дээр баригдсан энэ усан цахилгаан станц бүрэн хүчин чадал буюу 37 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Өнгөрсөн 10-аад жилийн дунджаар тооцоход 25-26 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Энэ бүхэн Завхан голын бүрдэл, ган гачигтай холбоотой. Ус гол тодорхой хэмжээгээр арвин урсгалтай байж бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой.

-“Тайшир-Гуулин” УСЦ хэчнээн аймгийг эрчим хүчээр хангаж ажилладаг вэ?

-"Тайшир"-ын УЦС хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Салхит, Дарханы салхины болон нарны станцууд 180-450 төгрөгийн өртөгтэй тариф батлуулсан байх. “Тайшир”-ын УЦС-ын хувьд дунджаар 31-34 төгрөгөөр нэг кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд сүлжээнд нийлүүлж байгаа. Говь-Алтай, Завхан аймгийг бүтэн хангадаг. Алтай-Улиастайн эрчим хүчний системийн 45-50 хувийг “Тайшир”-ын УЦС дангаараа хангаж байгаа. Бусад эрчим хүчний хэрэглээг Баруун бүсийн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж байна.

-УЦС-ийн өмнө тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Төлөвлөлт тооцоо сайн хийгдэж баригдсан болохоор ашиглалт хэвийн явж байна. Сүүлийн үед усны барилга байгууламж дээр үл хөдлөх хөрөнгийн татвар байх ёстой гэж заасан нь гол асуудал дагуулж байна. Энэ асуудлаар хэдэн жил маргаан өрнөөд шүүх дээр оччихоод байгаа. Татварыг төлж болно. Төллөө гэхэд эрчим хүчний үнэ л нэмэгдэнэ. Тэгэхээр эрчим хүчний үнэ нэмэгдэх нь зөв үү эсвэл тухайн татварыг тэглээд явах нь зөв үү гэдгийг Засгийн газар шийднэ. Ямар ч байсан энэ онд Эрчим хүчний сайд асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бооогий(202.179.31.96) 2019 оны 12 сарын 13

За ёстой худлаа ярих хэрэггүй Амартүвшин чи цахаилгааны үнэ дээд цэгтээ хүрсэн өндөр тарифтай иргэдийг шулж байгаа

0  |  0
Батзориг(202.179.10.22) 2019 оны 03 сарын 26

усан цахилгаан станцын үр нөлөөг буруу тооцоолж, хийсэнээс болж одоо өвөлд Жаргалан сум Тайшир сум 2 мөсөнд сүйдэх гээд байгаагаа яагаад ярилцлагадаа дурьдаагүй юм бэ? үүнээс чинь болж Жаргалан сумын Бүрэн багт айлуудын өвөлжөө хаваржаалуу ус тэлж ороод байгаа талаараа яриаагүй байна голын голдирол өөрчлөгдөж байгаа зэрэг үүсч байгаа үр дагаварууддаа хэзээ анхаарах гээд байна. даргаааа

0  |  1
БД(49.0.219.221) 2019 оны 03 сарын 26

Сэргээгдэх эрчим хүчний хуулиар УЦС-ын 1 кВт-ц цахилгааныг 5-6 цент байх байх ёстойг 1.5 центээр тогтоосон нь хууль зөрчсөн байна. Энэ нь УЦС-ын ашигтай ажиллагаанд татвараа төлөхөд бэрхшээлтэй болгож, нэр хүндийг бууруулж байна

2  |  0
хямд байх естой(119.40.97.6) 2019 оны 03 сарын 26

нар салхи дандаа гадны хөрөнгө оруулалттай тгээд өндөр үнэтэй, гадагшаа урсаж байна, уцс-уудыг хаа сайгүй бари

2  |  0
5555(192.82.65.89) 2019 оны 03 сарын 22

БҮХ ГОЛ ГОРХИ ДЭЭЭР УСАН СТАНЦИ БАРЬЯ....34-35 ТӨГРӨГ ГЭВЭЛ АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭРЭЭС БӨӨН АЧАА АЛГА БОЛНО...ДАГААД Э/З БОСНО... ГАН ГАЧИГ АЛГА БОЛНО..ЕРӨНХИЙДӨӨ ДИВААЖИН БОЛОХ ЮМ БИШҮҮ...ХЭХЭХЭ

1  |  0
Top