Бужигнасан, заримдаа толгой эргэм утга учиргүй энэ амьдралын хэмнэлийг бид 24 цагаар томьёолж, нэг өдөр хэмээн нэрлэдэг. Энэ л нэг өдрийг хүн бүр өөр өөрийнхөөрөө туулж, ардаа орхидог байх. Дэлхий дээр аж төрж яваа мянга мянган хүний өглөө өөр эсвэл ижил байдаг болов уу гэж бодоход сонин. Хүн бүрийн өглөө өөр өөр байдаг нь илэрхий. Тэгвэл таны өглөө чухам хаанаас эхэлдэг вэ? Бид энэ асуултын хариуг ил болгохоор “Өглөө хаанаас эхэлдэг вэ?” булангийнхаа анхны зочны эрэлд гарсан юм.
Бүхий л багш нарын хувьд өглөөний нар хичээлийн танхимаас манддаг. Харин сэтгүүлчдийн өглөө тухайн өдрийн үйл явдал, онцлох сэдвээс эхэлдэг. Сэтгүүлч, багш байх аль нь ч бай амаргүй. Ер нь бүх мэргэжил сайхан гэдэг дээ. Иймээс л сэтгүүлч, багшийг хослуулан хөдөлмөрлөж яваа нэгэн хүмүүнийг “Өглөө хаанаас эхэлдэг вэ?” булангийнхаа эхний зочноор урив. Тэр бол сэтгүүлч, яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраа. Тэр долоо хоног тутмын “Тойм” сэтгүүлд тоймч, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багшаар ажилладаг.
Я.Баяраа сүүлийн үед өглөө болгон бясалгал хийж байгаа гэв. Мөн одоо уншиж байгаа номуудаа ч сонирхуулав. Түүний даваа, мягмар гарагийн өглөө “Eagle” агентлагийн редакциас эхлэдэг. Я.Баяраа “Eagle” телевизийн редакциа “олон үйлдэлт” мэдээний өрөө хэмээн онцолсон. Учир нь өдөр бүр халуун сэдэв яригдаж байдаг учраас тэр гэнэ. Бүтэн өдрийн турш телевизийн мэдээ, хөтөлбөрийн дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ гэдэг амаргүй. Гэвч энэ бол сэтгүүлчдийн өмнөө хүлээсэн үүрэг шүү дээ. Харин лхагва, пүрэв, баасан гарагийн нар түүний хуьд СУИС-ийн хичээлийн танхимаас манддаг ажээ. Өдөр тутмын шуурхай мэдээ мэдээлэл, сэтгүүлийн нийтлэл, оюутнуудад тавих лекц, семинар, ном зохиол, яруу найраг... Энэ бүгд түүний хувьд идэвхтэй өдөр хоногуудын нэгээхэн хэмнэл.
Урлагийн сургууль руу явж ороход хөгжим эгшиглэж, эрч хүч мэдрэгдэн, оюутнууд цог золбоотой харагдана. Үргэлж л бужигнаж байдаг энэ газар өдийг хүртэл өөрийн хүчирхэг шинжээ алдалгүй нам гүмхэн оршсоор буй хэсэг ч бас бий. Энэ бол утга зохиол, урлаг судлалын тэнхим юм. Тэрбээр энэ тэнхимийн багшаар ажилладаг. Танхим руу явж орбол түүний ажлын ширээн дээр компьютерээс гадна өдөр тутмын сонин, номууд, багшийн журнал үзэгдэнэ. Үзэгдэх орчныг дүрсэлбэл ганц том цонх, тавиур дүүрэн номоос гадна багш нарын ажлын ширээ. Өөр илүү дутуу юу ч үгүй дулаахан, тухтай, тохилог өрөө.
Тэрбээр төгсөх курсын оюутнуудын дипломын ажлыг удирдахаас гадна нэгдүгээр курсын оюутнуудад ерөнхий эрдэм, уран зохиолын онол, туурвил зүйн хичээл ордог байна. Оюутнуудтай лекц орох юм бол нэг л мэдэхэд түүний нэг өдөр өнгөрчихсөн байдаг. Яг ийм байдлаар таван жилийг ард орхисон гэлээ. Ийм л энгийн хэрнээ нэг л мэдэхэд харван оддог түүний нэг өдөртэй бид танилцсан юм.
Эргээд бодоход бид амьдралынхаа хэдэн өдрийг дурсаж чаддаг бол? Ямар хором мөч бидний ой дуртатгалд илүү тод үлддэг бол? Магадгүй “амьдарсан” гэх ихэнх өдрүүдээ бид санадаггүй байх. Магадгүй ийм л учраас өдрийн хамгийн сэргэг чухал хэсэг бол өглөө юм. Таны амьдралын 24 цаг шинээр урсаж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс дахин нэг бодоод үзээрэй. Таны өглөө хаанаас эхлэдэг вэ? Шүдээ угаахаас уу, хүүхдүүдээ үнсэн үдэхээс үү, олон хүнтэй автобусанд суухаас, ажилдаа амжиж очихоос уу, гудамж талбайгаас аль эсвэл мандаж буй өглөөний нарнаас уу?...
Сэтгэгдэл ( 3 )
Yagaad facebookdeed bnaa
Агуу хүмүүн билээ.
Баяраа я авьяастай, мэдлэгтэй залуу шүү. Амжилт.