УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийллээ.
Улсын хэмжээнд 600 гаруй ЕБС хичээллэдэг бөгөөд сурагчдын үдийн цайнд хүүхэд тус бүрт 600 төгрөг төсөвлөдөг байна. Эл мөнгөний 200 төгрөг нь хүүхдийн цайнд зарцуулагддаг ба үлдсэн 400 төгрөг нь түрээс, тогоочдын цалин бусад зарлагад зарцуулагдаж иржээ. УИХ-ын гишүүд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж, 2020 онд хууль хэрэгжиж үдийн хоол хөтөлбөр хэрэгжих хүртэл 600 төгрөгийг бүтнээр нь үдийн цайндаа зарцуулж бусад зарлагыг салгаж төсөвлөх ёстой гэж үзэж байв. Мөн үдийн хоолны тоног төхөөрөмжийг стандартжуулах, хоолны чанарыг сайжруулах, тогооч ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараатай хийхийг сануулж байсан юм.
“Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг. 2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.
Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан, мэргэжлийн удирдлага дор хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10%-ийг хэмнэдэг гэж үздэг байна. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан 1 төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч байдаг” гэж төслийн танилцуулгад дурджээ.
Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу I-V ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байгаа.
Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч “Үдийн цай”-гаар олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн төрлийн бизнес болон цэцэглэж байгаа нь холбогдох судалгаанаас харагдаж байна.
Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.
Эрүүл мэндийн яамнаас 2015 онд хийсэн судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг нь тогтоогджээ.
Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь саахар нэмсэн байснаас гадна ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэдгээс шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн байна.
Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Хууль хэрэгжих хугацаа 2020 оноос эхлэн хэрэгжих бөгөөд шат дараалалтайгаар хэрэгжүүлэх юм. Бага ангийн суралцагчдыг 2020-2021 оны, дунд ангийн суралцагчдыг 2021-2022 оны, ахлах ангийн суралцагчдыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хамруулна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 238 ЕБС-д бага ангийн 139 мянга 730 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж үүнд нийт 32 тэрбум төгрөг зарцуулагддаг. Үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэнээр нийтдээ 63.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.
Хууль хэрэгжихэд жилд 300 тэрбум төгрөг зарцуулагдах юм. Тодруулбал, улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-д нийт 1284 тогооч ажиллаж байгаа бөгөөд тусгайлсан “хоол зүйч” албан тушаал байхгүй. Боловсролын салбарын 2017-2018 хичээлийн жилийн статистик мэдээгээр төрийн болон орон нутгийн өмчийн 652 сургууль байгаа бөгөөд үүнд 325 дотуур байртай сургуульд нийт 889 тогооч ажиллаж байгаа бөгөөд нэг сургуульд 1-8 дотуур байрны тогооч ажиллаж байна. Энэ нь 40 хүүхэд бүрд нэг тогооч дунджаар ногдож байна. Хоол бэлтгэх хугацаа болон чанарыг нэмэгдүүлэх зорилгоор 35 хүүхдэд нэг тогооч ногдох байдлаар төлөвлөхөд нийт 1006 тогооч хэрэгтэй бөгөөд энэ нь одоо байгаа тогоочийг 119-өөр нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Мөн бага ангитай бүх сургуульд үдийн цайны тогооч болон туслах тогооч ажиллуулахаар тооцоо хийлээ. Үүнд бага ангитай 663 сургуульд нэг үдийн цайны тогооч, бага ангийн 1000 хүүхэд бүрт нэг туслах тогооч байхаар тооцооллоо. Үүнд нийт 626 тогооч, 686 туслах тогооч шаардлагатай юм.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
үдийн цай хоол аль нь байсан чанарын ялгаа бараг гарахгүй дээ манайхаас өөр орнууд хүүхдүүдээ хичээл хийлгэдэг ширээн дээр нь хоол унд идүүлдэг бол уу? Хоол цайг арай өөр орчинд буюу хоол идэх цай уур зориулалтын газар нь өгвөл сайнсан. Ингэж хооллодог хүүхдүүд хоолны соёлд суралцах болуу энэ нь энгийн юм шиг боловч ирээдүйн хүүхдүүдийн хүмүүжилд их чухал шүү