ШУУРХАЙ: Суданд төрийн эргэлт гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Суданы арми шуурхай хуралдаж, Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир, түүний туслахууд болон засгийн газрыг огцруулах шийдвэр гаргажээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Суданы Зэвсэгт хучин шилжилтийн үед тус улсыг удирдах цэргийн зөвлөл байгуулсан тухай удахгүй зарлах гэнэ. Шилжилтийн үе нь нэг жилийн хугацаанд үргэлжилж болзошгүй байна.

Хэсэг офицер улсын телевизийн байранд нэвтрээд байна. Телевизийн сувгуудаар цэргийн жагсаалыг харуулж, төрийн сүлд эгшиглэж байгаа аж. Суданы арми тун удахгүй чухал мэдэгдэл хийнэ гэж Аль-Арабиа мэдээлж байна.

Аl-Hadath мэдээлснээр, Батлан хамгаалахын сайд асан Абдуррахим Хусейн, Ерөнхийлөгчийн хувийн хамгаалалтынхан, эрх баригч Үндэсний Конгресс Намын дарга Ахмад Харун, аль-Баширын орлогч асан Али Усман Тах нар саатуулагдсан гэнэ. Суданы олон улсын нисэх онгоцны буудал хаалгаа мөн барьжээ.

2011 онд АНУ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, Өмнөд Судан салан тусгаарласны дараа Судан улсад эдийн засгийн хямрал ноёрхсон билээ. 2018 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс талхны үнийг бууруулах шаардлагаас эхэлсэн бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал аажмаар 30 жил тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Омар аль-Баширийн улстөрийн дэглэмийг өөрчлөх тэмцэл болж өргөжсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top