АНУ хандлагаа өөрчилвөл Ким Жон Ун Трамптай уулзана

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 14

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 10-11-нд Вашингтонд уулзсан билээ. Тэдний уулзалтын үеэр ажиглагчид Өмнөд Солонгосын эрх баригчид Доналд Трампт Ким Жон Унтай дахиж уулзахыг санал болгоно гэж бичиж байсан. Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчтэй дахиж уулзахад бэлэн байгаагаа мэдэгджээ. “АНУ хандлагаа өөрчилж, зөв арга барилаар хэлэлцээр хийхийг хүсвэл би дахин уулзалт хийхэд бэлэн байна” гэжээ. Хойд Солонгосын удирдагч АНУ, БНАСАУ хоёрын аль алиных нь сонирхолд нийцсэн хэлэлцээрт эргэлзэлгүй гарын үсэг зурна гэсэн байна.

Ханойд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр болсон уулзалт үр дүнгүй өндөрлөсөн гэхэд болно. Трамп, Ким Жон Ун нар уг уулзалтаар гарын үсэг зурах ямар ч баримт бичиг, гэрээ хэлцэл хийгээгүй билээ. Уулзалтын дараа АНУ-ын зүгээс “Хойд Солонгосын удирдагчтай дахиж уулзахыг тэсч ядан хүлээж байна” гэсэн мэдэгдэл хийсэн юм. Үүний дараа Доналд Трамп Хойд Солонгосоос цөмийн зэвсгийг нь авахыг санаархсан гэсэн албан бус мэдээлэл ч гараад байв. Түүнчлэн БНАСАУ дээрх уулзалтын дараа цөмийн реакторуудаа ажиллуулж эхэлжээ.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Уны мэдэгдэлд “Твиттер” хуудсаараа дамжуулан хариу өгчээ. Тэрбээр “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун бид хоёр Ханойд болсон уулзалтаар зөвшилцөлд хүрч чадаагүй ч хувийн харилцаа сайн хэвээр байгаа гэдэгтэй санал нийлж байна. Иймээс гурав дахь удаагийн уулзалтаар бид ойлголцолд хүрч, хоёр талын эрх ашгаа хүндэтгэсэн, сайн үр дүнг харна гэж найдаж байна” гэжээ.

Трамп мөн “Залуу удирдагч Ким Жон Уны удирдлага дор БНАСАУ илүү нээлттэй болж, эдийн засгийн хөгжил хурдацтай өсч байна. Хойд Солонгос  цөмийн зэвсгээ устгаж, олон улсын тавьсан хориг арга хэмжээнүүдээс салж, дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болох өдрийг тэсч ядан хүлээж байна” гэсэн байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top