-ТЭГВЭЛ ЧАНАРТАЙ, БАТАЛГААТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХЭД ЮУ ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ? ЯМАР Ч БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХЭД ЗАРДАЛ ГАРНА. ЭНЭ ЗАРДЛЫГ АШИГ, ОРЛОГООСОО ОЛОХ ЁСТОЙ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН ОРЛОГО ӨНӨӨДӨР ҮНЭН БОДИТ, ЧАНАРТАЙ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ЗАРДЛЫГ БОСГОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-
Цахим орчинд өнөөдөр хэн боловч www…..mn хаяг эзэмшиж, ердөө нэг хүн нэг дэлгэцний ард үйлдвэрлэсэн хагас дутуу, хажуугаар нь худал, хуудуутай мэдээллийг нийгмийн сүлжээгээр сэвж суух бололцоог технологийн эрин үе эрх чөлөөтэйгээр олголоо. Сэтгүүл зүйн шүүлтүүр ярих ямар ч бололцоогүй нэг хүний www…mn хаягуудын ихэнхээс түүхий, шүүрхий мэдээ, мэдээлэл үйлдвэрлэгдэж байна. Мөн эрх чөлөөт орны иргэн бүр соошл сүлжээнд хувийн хаяг нээж, юу харсан, бодсон бүхнээ байршуулж байна. Цахим орон зай хэмээх хил хязгааргүй энэхүү дэд бүтэц дэлхий дахиныг үнэн худал нь үл мэдэгдэх мэдээ, мэдээллээр бөмбөгдөж байна.
Ганц манайд ч ийм бус энэ нь өнөөдөр дэлхийн дахины асуудал болж хувирчээ. НҮБ-аас 1993 онд зарлан тунхагласан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнөө жил “Хуурамч мэдээллийн эрин үе дэх улс төрийн сонгууль” сэдвийн дор тавдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Энэ өдрийг тохиолдуулан сэтгүүлзүйн салбарынхан өөрсдийн өмнө тулгамдаж буй өдий төдий асуудлаа энд тэнд цуглан хэлэлцлээ. Судлаач шүүмжлэгчдийн үгийг ч сонслоо.
Тэдгээрт давтагдсан хамгийн тод санаа нь сэтгүүлзүйн бүтээгдэхүүн өнөөдөр соошл сүлжээний мэдээллээс ялгарахуйц чанартай, баталгаатай байх ёстой гэсэн санаа байлаа. Нэг үгээр бол өнөөдөр сэтгүүлзүй ЧАНАР-ын төлөө явах ёстой болжээ. Тэгвэл чанартай, баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд юу хэрэгтэй юм бэ?
Ямар ч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зардал гарна. Энэ зардлыг ашиг, орлогоосоо олох ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орлого өнөөдөр үнэн бодит, чанартай мэдээ, мэдээлэл үйлдвэрлэх зардлыг босгож чадахгүй байгаа. Энэ тохиолдолд хараат бус хэвлэл мэдээллийг шаардах боломжгүй гэж хэвлэлийн зах зээлийг дагнан судалдаг Мaxima Media компанийн судалгаа эрхэлсэн захирал Я.Хишигсүрэн хэлжээ. Монголын гурван сая иргэн үнэн бодит мэдээллийг бүтээх зардлыг тодорхойлж буй хэрэглэгчид. Тэгвэл энэ хэмжээний хэрэглэгчтэй зах зээл хэчнээн тооны сонин, телевиз, сайтыг амьдруулах боломжтой вэ гэдгийг тооцох ёстой. Энэ тооцооллоор бол ийм олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнох боломжгүй. Өөрөөр хэлбэл, зах зээлийн мэдрэмжгүй хэвлэл мэдээллийн байгууллагууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний дайсан юм гэж тэрбээр тодорхойлсон.
Уг нь ямарваа бараа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, борлуулалтыг зах зээл нь өөрөө тогтоодог. Борлуулалтгүй, хэрэглэгчгүй бүтээгдэхүүн зах зээлээс шахагдах, дампуурах зарчим үйлчилдэг хуультай гэсэн үг. Уг зарчмаар бол чанаргүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зах зээлийн хуулиар шахагдаад алга болох ёстой байтал амьдарсаар байгаа. Үүний цаана улстөрийн санхүүжилт явж байгаа учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зах зээлийн зарчим үйлчилдэггүй. Зах зээлийн зарчим бол шалгуур бөгөөд чанартайг нь шигшиж үлдээдэг шүүлтүүр юм. Ийм шүүлтүүр ажиллахгүй байгаа тохиолдолд сэтгүүлзүйн бүтээгдэхүүнд чанар гэсэн ойлголт үгүй болсон хэрэг.
“Хэвлэл мэдээллийн хэрэгсэл зах зээлийн зарчмаар цөөрөх ёстой” гэж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр ТВ6 сувгийн “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ хэлжээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгч “Үүнийг эвлэл биш хэрэглэгч шийднэ” гэж хэлсэн нь онолын хувьд үнэн, зөв боловч хэвлэл мэдээллийн салбарт хэрэглэгчийн сонголт, зах зээлийн зарчим үйлчлэхээ больсныг л Х.Мандахбаяр тайлбарлах гэж оролдлоо. Үнэндээ өнөөдөр энэ зах зээлд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондоо өрсөлдөж байгаа юм биш. Улстөрчид хоорондоо өрсөлдөж буй.
АЖЛЫН БАЙРНЫ СТАНДАРТ
Сэтгүүлзүй бол мэдээ, мэдээлэл, үзэл бодол, агуулга үйлдвэрлэдэг нэг ёсны үйлдвэрлэл юм. Мэдээ, мэдээлэл үйлдвэрлэн гаргаж байгаа сэтгүүлзүйн тэрхүү үйлдвэрийг РЕДАКЦ гэж нэрлэдэг. Нэг үгээр бол мэдээ, мэдээллийг үйлдвэрлэж буй АЖЛЫН БАЙР нь гэсэн үг. Тэгвэл тэнд ч бас ажлын байрны стандарт гэж байх ёстой. Албан хэллэгээр бол чанарын удирдлагын тогтолцооны стандарт. Энэхүү стандартад нийцсэн ажлын байрнаас чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарна гэсэн баталгаа юм.
Өргөн хэрэглээний бишгүй олон бараа, бүтээгдэхүүний шошго дээрээс хэрэглэгч та ISO гэсэн гурван үсэг бүхий стандартын тэмдгийг харж олж харах боломжтой. Баталгаатай ажлын байранд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн мөн шүү л гэсэн үг.
Тэгвэл худал, хуудуу, хулхи мэдээллийн эрин үед баталгаатай ажлын байранд “үйлдвэрлэсэн” үнэн, бодит мэдээ, мэдээллийг хэрэглэгч авч чадаж байна уу?
Сэтгүүлзүй сүүлийн он жилүүдэд редакци хэмээх ажлын байрнаас хязгааргүй, хийсвэр, цахим ертөнц рүү живэн оджээ. Зөв бичгийн дүрмийн маргааныг цэгцлэхээс эхлээд сэдэв, санааны зөв бурууг хэлэлцэн мэтгэлцдэг, өрнөж буй үйл явдлын алийг нь чухалчлахыг шүүдэг, мэдээллийн ач холбогдлыг эрэмбэлдэг том үйлдвэр бол редакци байлаа. Сэтгүүлчдийн гурван үе тэнд зэрэг бужигнаж, дээд үе нь дараахаа сурган хүмүүжүүлж, нэг нэгнээ хөглөн хөөргөж, хурцлан зоригжуулдаг хамтын ажлын байр, багийн тоглолт юм. Тэнд үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүн уншигч, үзэгч, сонсогчийн хүртээлд очих хүртлээ хэд хэдэн дамжлагаар шүүгддэг учраас чанар бөгөөд үр нөлөөний талаар ярих бололцоотой байв. Шат дамжлаг бүр дээр мэргэшсэн нөхөр ажиллана. Редакцийн хөдөлмөрийн хуваарь нарийн, хүн бүр тус тусын үүрэг, гүйцэтгэлтэй. Ийм нөхцөлд л реадакцид ажлын байрны стандарт яригдаж болох байх. Өнөөдөр тийм мэргэжлийн редакциуд цөөрсөн ч гэлээ үйлдвэрлэн нийлүүлж буй бүтээгдэхүүн, чанар стандартаараа ялгарч, уншигч, үзэгч, хэрэглэгчээ тогтвортой хадгалсаар байгааг өдөр тутмын сонины зах зээл дээр гэхэд л цөөн тооны хуучны сонинуудын үнэ цэнээс харж, мэдэрч байдаг. Харин тэдний энтэй редакци хэтэрхий цөөдөж байгаа учраас хязгааргүй цахим орчин дахь үйлдвэрийн боловсруулалт муутай, шүүрхий боловч хүний шохоорхлыг хөтөлсөн хямдхан мэдээллийн давлагаанд цохигдож байна. Бид сэтгүүлзүйн чанарын тухай ярихын тулд ажлын байрны стандартыг ч ярих ёстой болжээ.
СЭТГҮҮЛЧИЙН ЦАЛИН?
Хэвлэлийн хүрээлэнгээс “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдал, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын талаарх ойлголт, хандлага”-ыг тодруулах судалгааны үр дүнг тавдугаар сарын 3-нд танилцуулсан юм.
“Үйлдвэрчний эвлэл байгуулах сэтгүүлчдийн санаачлагын бүлэг”-ийн хүсэлтийн дагуу Фридрих Эбертийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан уг судалгаанд Улаанбаатар хот болон 19 аймгийн 260 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1100 сэтгүүлч, салбарын ажилчид хамрагдсан байна.
Тус судалгааны үр дүнгээс үзвэл өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарын ажиллагсад өдөрт дунджаар 9.1 цаг, долоо хоногт дунджаар 52 цаг буюу 6.5 өдөр ажиллаж байна. Мөн талаас илүү хувь нь нийтээр амрах өдрүүд болон амралтын өдрөөр ажилласан ч амралтаа нөхөж биеэр эдэлж чаддаггүй. Нийтээр амрах өдрүүдэд ажилласан ажиллагсдын ихэнх нь илүү ажилласан цагийн хөлсөө нөхөж авдаггүй аж. Хэвлэлийн салбарын ажиллагсдын сарын дундаж цалин татвар төлсний дараах байдлаар 664 мянган төгрөг байна. Энэ нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан нэг ажилтанд ногдох дундаж цалин 909 мянган /Татварын дараах/ төгрөгөөс 245 мянган төгрөгөөр бага байгаа юм.
Мөн 1.200.000-аас доош цалинтай ажиллагсдын дунд эмэгтэйчүүд давамгай байгаа бол үүнээс дээш болон 2.000.000 төгрөгөөс дээш цалинтай ажиллагсдын дунд эрэгтэйчүүд олон байна. Түүнчлэн тус салбарт ажиллагсдын 11 хувь нь НД, ЭМД-ийн шимтгэл төлдөггүй гэжээ. Улсын дундаж цалингийн 2/3-той тэнцэх хэмжээний цалинтай сэтгүүлчдэд өнөөдөр чанартай бүтээгдэхүүний төлөө явах сэдэл, үнэний төлөө үл худалдагдах дархлаа нь чухам юу вэ? Эцсийн дүндээ сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн санхүүгийн хараат бус байдал бол хэвлэлийн хараат бус байдал юм. Басхүү энэ нь чанартай, мэргэжлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баталгаа ч мөн юм.
Сэтгэгдэл ( 0 )