Ц.Туяацэцэг: Үндэсний хувцсаа өмсөөд язгуур урлагаа дэлхийд таниулна гэдэг маш том хариуцлага

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Зэрэглээ наадаж, гандирс цогцолсон, зээр цахилж, галав амилсан уудам тэнэгэр талын охин, ухаант малчин Цэрэнгийн үр удам өдгөө Хилийн Цэргийн Дуу Бүжгийн чуулгад ажиллаж байна. Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг гэсэн таанын цагаан цэцэг шиг ижилхэн танхилхан гурван бүсгүй уран бүтээлээ туурвин “Талын гурван цэцэг” хэмээн олноо хайр­лагдан хүндлэгдсэн билээ. Тэдний нэг Соёлын Тэргүүний ажилтан дуучин Ц.Туяацэцэгтэй ярилцлаа.


-Юуны өмнө хоёулаа нутаг ус, аав ээжийн тухай дурсамжаас яриагаа эхлэе?

-Би Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадад есөн хүүхэдтэй айлын отгон охин болж төрсөн. Дээрээ дөрвөн ах, дөрвөн эгчтэй хүн дээ. Малын захад дэгдэж, магнаг торго шиг намирч өслөө. Аав минь нутаг усандаа хүндтэй Д.Цэрэн гэдэг сэргэлэн, яриа хөө­рөө сайтай хүн байсан. Ээж минь ажилч хөдөлмөрч, намбалаг, сай­­хан дуулдаг эмэгтэй байсан. “Ар хөвчийн унага” гэдэг уртын дууг их сайхан дуулдаг байсан. Намайг багад тэнгэрт дэвшсэн болохоор дүр зургийг нь цээжиндээ бүдгэрүүлчихгүй байх сан гэж байнга боддог.

-Авъяас гэдэг удам дамжин өвлөгддөг гэдэг. Өлзийт нутгаас олон гавъяат дуучид төрдөг. Үүний нууц увидас нь юундаа байна гэж та боддог вэ?

-Хүний авъяас үр хүүхдэд нь өвлөгдөхөөс гадна нутаг усны эрчис, тал нутгийн ус агаар, монгол ахуй нөлөөлдөг шиг. Байгалиас заяасан, бурхнаас өгсөн өгөгдөл юм. Бидний үеийнхэн бага балчир ахуйдаа морьтой дэргүүлж, тэмээтэй жонжуулж байгаль дэлхийтэйгээ ойр байж дээ. Ээж минь ардын дуу, уртын дууг сайхан дуулдаг хүн байсан. Тэр л аялгуунд нь уярч ухаажиж торнисон хүүхдүүд дуу­лахгүй яаж өсөх вэ. Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Нэргүй, гавъяат жүжигчин А.Дүнжмаа нар аавын маань эгчийн хүүхдүүд бөгөөд нэг айлаас гэхэд гурван гавъяат төржээ.

-Таны хоёр сайхан эгч урла­гийн хүмүүс. Таныг урлагт татан оруулсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Миний том эгч Ц.Тунгалаг гэж сайхан эмэгтэй бий. Удаах эгч маань Монгол Улсын Гавъяат Жүжигчин Ц.Чулуунцэцэг, бага эгч маань Соёлын Тэргүүний ажилтан Ц.Отгонцэцэг. Тэднийхээ нөмөр нөөлөг дунд урлагт хөл тавьж олон сайхан бүтээл хийжээ. Анх СУИС-ийг 1999-2004 онд Уртын дууны мэргэжлээр суралцаж төгссөн. Ц.Чулуунцэцэг эгч маань миний багш байсан.Төгсөөд “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгад уртын дуучнаар ажиллаж байгаад 2013 оноос Хилийн Цэр­гийн Дуу Бүжгийн чуулгад ажилд орсон цагаас хойш гавъяат жүжигчин Б.Ганчимэг багштай шавь багшийн барилдлагатай болсон. Ангийнхнаас маань Гавъяат жүжиг­­чин Л.Болдбаатар, Соёлын тэргүүний ажилтан Т.Батсайхан, Л.Банзрагч гээд олон сайхан уран бүтээлчид бий.

-Айлын отгон охин эрх танхи байсан уу?

-Бид чинь олуулаа өссөн болохоор аав минь надад бусдаасаа илүүчилж, илүүрхэж байсныг бодоход их л амин үр нь байсан шиг. Насаараа хөдөө мал малласан болохоор малын ая даахгүй боллоо гээд намайг оюутан болоход аав минь хотод ирсэн. Аав маань сайхан насласан, 85 нас хүрсэн шүү. Бид гурав аавыгаа амьд сэрүүн байхад хэд хэдэн тоглолт хийсэн. Аавдаа зориулж “Хан тэнгэр аав минь”, “Буурал аав”, “Аав таныгаа дуулъя” гээд олон дууг бид аавдаа зориулан дуулж баярлуулж байсан.

-Яахын аргагүй л аавын охин байна даа. Аавынхаа тухай ярьсных үр хүүхдэдээ юу гэж захиж сургадаг байсан бэ?

-Үр хүүхэд нь сайн сайхан явж санааг нь чилээгээгүй байх л гэж боддог юм. Харин үргэлж ярьдаг байсан зүйл нь гэвэл залуудаа цэрэгт явж байсан үеэ ярихаараа сэтгэл нь сэргээд, царай нь гэрэлтээд, дуу ороод явчихдаг байсан юм. 1948-1951 онд Дорнодын Халх голын отрядад П.Чогдон баатрын удирдлага дор нэгдүгээр заставт алба хааж байснаа дурсан ярих дуртай байсан. Аавынхаа цэл залуу насандаа тан­гараг өргөж, хилийн торгон эмжээр дээр эх орноо хамгаалж байсан тэр заставт нэг очихсон гэж боддог юм.

-Та Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байгаа хүн. Эх орныхоо торгон хилээр олонтаа явдаг биз ээ?

-Эх орныхоо хилийг манаж байгаа хилчдэд хүрч урлаг соёлын тоглолт хийнэ. Алс хязгаарт мөнхийн багана болж зогсоо тэднийхээ сэтгэл санааг эх орны бахдал төрүүлсэн сүр жавхлантай дуу бүжгээрээ өнгөлж, зүлгэж, бахдуулж, бадрааж байх нь бидний үүрэг юм. Цэргийн сэтгэл зүйг бэлтгэж, эрэлхэг дайчин шинжийг нь дуу бүжгээр тодруулаад ирэхэд цэргийн алхаа нь хүртэл жавхаажаад ирдэг.

-Хилийн тэнгэр дор алхаж явахад танд юу бодогдох вэ?

-Ямар сайхан уудам тал нутгийг өвөг дээдэс минь бидэнд үлдээгээв дээ. Болжмор ч нисэхгүй эзгүй талд, бүргэд ч ташихгүй уулын хянгарт эх орныхоо цохилох зүрх болж, эр зориг, тэсвэр тэвчээрийн туйлыг үзүүлж яваа эр цэргүүдээрээ бахархах сэтгэл төрдөг.

-Танай гэр бүлийн хүнийг цэргийн хүн гэж сонссон. Тэгэхээр бусад гэр бүлээс онцлох зүйл байж таарна. Энэ талаар?

-Нөхөр Хилийн Цэргийн 051 дүгээр ангид Холбоочны ажилтай. Хилээ тойрч явахаас гадна төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд тогтмол оролцдог нь бас л нэг онцлог байх. Нөгөө талаар Төрийн дууллаа өдөр бүр хамтран дуулдаг нь жинхэнэ онцлог болов уу.

-Таныг уртын дууны анги төгссөн болохоор дандаа л үндэс­ний хувцастай төсөөлж байсан. Цэргийн дүрэмт хувцас ч сүртэй юм аа?

-Тийм шүү. Цэргийн дүрэмт хув­цас өмсөөд явахад нэг л өөр, бие цэгцрээд, нуруу тэнийгээд омогшил бахдал амтагдаад ирдэг юм. Харин үндэсний хувцсаа өмсөхөөр эртний хатдын ихэмсэг бардам, донж төрх тодрох жишээтэй. 

-Үндэсний хувцсаараа гангарч олон орноор явсан биз?

-Анх “Сарны чулуу” Дуу Бүжгийн чуулгад ажиллаж байхдаа үндэсний язгуур урлагаа сурталчилж Канад, ОХУ, Франц, Голланд, Хятад, Солон­гос гэх мэт олон орноор явж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлч­­лалд явна, дандаа өндөр албан тушаалтан,  Элчин сайд, дарга нарын өмнө дуулна. Их хариуцлагатай ажил шүү.

-Гадаадын орноор явж байхад уртын дуу, хөөмий, язгуур урлаг, ардын дууны өвөрмөц онцлогийг ихэд сонирхдог. Чухам юуг нь их гайхаж, шагшин магтдаг юм бол оо?

-Уртын дууны ая эгшиг, цараа, хөөмийн хархираа түрлэг, хөгжмийн дуугаралтыг их гайхдаг. Мөн үндэсний хувцсыг маш их сонирх­дог. Олон орны үндэсний хувцсаас хамгийн гоё нь манай үндэсний хувцас юм гэдгийг мэдрэх сайхан байдаг. Цаанаа л нэг сүрлэг, бадрангуй, ихэмсэг, үнэ цэнэтэй, ганган чамин байдаг.

-Та дуулж байхдаа яг юу мэдэрдэг вэ?

-Үндэсний хувцсаа өмсөөд, язгуур урлагаа дэлхийд таниулна гэдэг маш том хариуцлага бас их бахдал төрүүлэм санагддаг. Ер нь уртын дуугаа хаа ч дуулсан нутгийнхаа тал нутгийг нүдэндээ төсөөлж дуулдаг даа. Уртын дуу бол амнаас ам дамжсан биет бус өв. Уртын дууны хаялга, цацлага, тухайн дуучны хоолойны цараа хүрээнээсээ болоод дахин давтагдашгүй байдаг. Хамгийн анх 1970-аад онд уртын дууг хөгжмийн хэлд оруулсан хүн бол Дундговь Сайхан-Овоо сумын харъяат, Гавъяат дуучин Ж.Дорждагва багш.

-Уртын дууны нутаг нутгийн аялгуу юугаараа ялгаатай байдаг вэ?

-Баруун нутгийн аялгуу, дөрвөд аялгуу, зүүн нутгийн аялгуу, төв халх аялгуу гэж байдаг. Баруун нутгийн аялгууны онцлог нь өндөр өндөр уул нуруутай байгалийнхаа сэрэл мэдрэмжээс бүрэлдэв үү гэлтэй бүр их өндрөөс дуулаад намсаад ирдэг, бэсрэг уртын дуу зонхилдог бол боржигин аялгуу далайцтай намуухан эхэлснээ дээ­шээ цойлоод тэнгэрийн цаламд хүрээд тал шиг цараагаа тэлээд, уужраад ирдэг онцлогтой. Боржигин аялгуугаар дуулдаг дуучид бол Н.Норовбанзад,Т.Цэнджав, Г.Дадь­сүрэн гээд Дундговь нутгаас төрөн гарсан сод тод бурхдууд маань дэлхийн дайдад шуранхайгаа хадааж байжээ.

-Н.Норовбанзад гуай шиг “Уяхан замбуу тив”-ийг дуулсан хүн гарч ирэх болов уу?

-Манай уран бүтээлчид тэр давтагдашгүй сайхан дуучинтай эн зэрэгцэх гэж битүүхэн өөрсдийгөө ирлэж явдаг л байх. Тэр их хүмүүн уртын дууны гайхамшгийг зөвхөн өөрийнхөөрөө цор ганц, дахин дав­таг­дашгүй оргилд цоройлгон хүргэсэн хүн. Н.Норовбанзад гуай 70 нас давсан хойноо энэ дуугаа дуулахаар өнгө нь намдаад байх юм гээд хамгийн өндөр өнгөөрөө дуул­сан гэдэг. Тэр л өндөр оргил, хүрэхгүй алс, чанадын чанад, хяз­гааргүй хүрээ, төгс дэлгэмэл царааг бид бахдан сонсоод л байхаас өөр аргагүй.

-Та уртын дууныхаа өв соё­лыг өвлүүлэн түгээхэд хэрхэн ажиллаж байна вэ?

-Би 2007 оноос эхлээд Соёлын дээд сургууль, “Сити” дээд сургууль, СУИС-д  багшилж байсан. Энэ жил гадагшаа хагас жилийн хугацаатай ажлаар яваад багшилсангүй. 2013 оноос хойш Соёл Урлагийн Их сургуулийн докторантад суралцаад явж байна. Уртын дууны  нот тэмдэглэгээний талаар судалгаа хийж, ном гар­гасан. Ж.Дорждагва багшийг 300 гаруй уртын дуу мэддэг гэдэг юм байна. Миний судалгааны цуврал номд нийт 250 гаруй уртын дуу бүртгэгдсэн. Ер нь ард түмний дунд 500 гаруй уртын дуу дуулагдаж байгаа гэж үздэг. Түүнээс ч их байж магадгүй. Гэхдээ энэ ай сав өдрөөс өдөрт хумигдаж, татарч  байгаад харамсдаг. Залуус маань уртын дуугаа мэддэг байгаасай, дуулдаг байгаасай. Уртын дууг Ж.Дорждагва багшийн үед буюу 60, 70-аад онд шавь сургалтаар сургаж байсан бол ерээд оноос Н.Норовбанзад багш танхимын сургалтад шилжүүлсэн. Тэр цагаас хойш хөгжмийн онол, мэргэжлийн урлагийн онолын хичээл давхар зааж мэргэжлийн түвшинд сургаж байгаа.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Мөнхтөртэй “Их хайрын зөрөг” нэртэй тоглолтоо хотод болон хөдөө орон нутгаар аялан тоглож байсан. Одоо “Ижий говь”, “Өөш манхны бүсгүйчүүд” гээд дуун дээрээ ажиллаж байна. Ер нь бол уран бүтээлээ түмэн олондоо хүргэх замаар олон тоглолт зохион байгуулсан. “Дуу хотолсон тал”, 2007 онд “Амин гурван аялгуу”, 2016 онд “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ“ гэсэн тоглолтууд хийж байсан. Ц.Отгонцэцэг эгч Төмөр Замын Дуу Бүжгийн чуулгад ажиллахын сацуу Соёл Урлагйин Их сургуульд багшилж байна. Ц.Чулуунцэцэг эгч Бээжингийн Үндэсний урлагийн их сургуульд багшилж байгаа. Дахин тоглолтоо хийгээч гэсэн ард түмний хүлээлт, хүсэлт их ирдэг. Хийх юмсан гэж дотроо бол бодож л явна даа.

А.Сүглэгмаа

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baatraa Baatar(64.119.25.93) 2019 оны 05 сарын 17

Mundag duuchin busguid amjilt

0  |  0
Ankhaa(66.181.161.79) 2019 оны 05 сарын 17

mundag shvv minii bagsh baharhah setgegdel toroh ym daa

1  |  0
Chimgee(66.181.161.34) 2019 оны 05 сарын 17

Vnheer saihan hvn shvv.az jargal hvsie

0  |  0
bolormaa.m(202.126.89.212) 2019 оны 05 сарын 17

Aali aash saitai hund tusarhuu gaihamshigtai busgui dee minii huurai dvv

1  |  0
bolormaa.m(202.126.89.212) 2019 оны 05 сарын 17

Aali aash saitai hund tusarhuu gaihamshigtai busgui dee minii huurai dvv

0  |  0
bolormaa.m(202.126.89.212) 2019 оны 05 сарын 17

Aali aash saitai hund tusarhuu gaihamshigtai busgui dee minii huurai dvv

0  |  0
bolormaa.m(202.126.89.212) 2019 оны 05 сарын 17

Aali aash saitai hund tusarhuu gaihamshigtai busgui dee minii huurai dvv

0  |  0
zochin(150.129.143.120) 2019 оны 05 сарын 16

dundgoviinhnii baharhal.uneheer saihan duuldag 3 egch duud az jargãl eruul enhig husei.amjilt

0  |  0
Top