...Цэл залуу насны гал халуун гавьяаг
Цэргийн дуучид өнөөдөр дуулж яваа болохоор
Дууны бадаг бүрийг нь бууны сум оноогүй юм аа
Дархан манай тусгаар улсыг дайсны сум нэвтлээгүй юм аа...
Дайны хүнд бэрх жилүүдэд, даруухан монгол хөвгүүд дуун аялгууг таслаагүйн учир өнөөдөр бид бахархах түүхтэй, бахдах эх оронтой байгаа билээ. Энэ гавьяат үүрэг хариуцлагыг өндөрт өргөж явсан эх орны дуучин “охид, хөвгүүдэд” хүндэтгэл үзүүллээ. Тавин жилийн өмнө цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч, цэргийн дуучин хэмээн цоллуулж явсан тэдний, тэргүүнд нь буурал будан суусан ч, сэтгэл зүрх нь дуунд хайртай залуухан эрс хэвээр...
Армид төдийгүй ард түмнийхээ дунд алдартай “Жаран хар, арван цагаан”. Жаргал зовлон, жалга довоороо ялгаатай ЖАРАН ЭР, алдар нэр, ажил мэргэжлээр өөр АРВАН БҮСГҮЙ. Тэднийг нэгтгэн нийлүүлж, зүрх зоригийг нэгэн тийш чиглүүлсэн “Монголын хамгийн анхны мэргэжлийн эрэгтэй найрал дууны алба”. Тэртээ тавин жилийн өмнө МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 143 дугаар тогтоолоор тухайн үеийн Ардын армийн дуу бүжгийн чуулгад байгуулж байсан тус албыг өдгөө ЦДБЭЧ-ын хамт олон бахархалтайгаар үргэлжлүүлэн, залж яваа. Тиймдээ ч тус чуулгынхан хагас зуун жилийн үнэн, үнэт түүхийг бичиглэгч ахмад уран бүтээлчид болоод дунд, залуу үеийн “Жаран хар, арван цагаан”-даа 50 жилийн ойн энэ өдөр ийнхүү хүндэтгэл үзүүлсэн юм.
Жаргал зовлон, жалга довоороо ялгаатай ЖАРАН ЭР, алдар нэр, ажил мэргэжлээр өөр АРВАН БҮСГҮЙ. Тэднийг нэгтгэн нийлүүлж, зүрх зоригийг нэгэн тийш чиглүүлсэн “Монголын хамгийн анхны мэргэжлийн эрэгтэй найрал дууны алба”.
Соёлын төв өргөөний тайзыг цог золбоотой дуун эгшгээрээ мялаасан, гурван үеийн уран бүтээлчид үнэхээр л гялалзаж байсан. Урлаг хүнийг хэзээ ч хөгшрүүлдэггүй аж. Тавин жилийн өмнө байгуулагдаж байсан “Жаран хар, арван цагаан”-ы эгнээнд арав гаруйхан настай буюу хамгийн залуухан нь байсан МУАЖ Ө.Баярмагнай гуай. Өдгөө тэрбээр өвгөн буурал болсон ч дуу хоолой, урлагт хайртай зүрх сэтгэл нь залуухан хэвээр. Үеийн гурван найзтайгаа үзэгчдийг “доргиочихоод” бууж ирсэн түүнтэй хэсэг хугацаанд хөөрөлдөхөд “Монголын хамгийн анхны мэргэжлийн эрэгтэй найрал дууны албыг 1966-1969 оны хооронд л байгуулсан юм. Тухайн үед улсын өнцөг булан бүрт байх цэргийн анги нэгтгэл, урлаг соёлын газраас авьяастай гэсэн залуусыг цуглуулж энэхүү албыг байгуулсан гэж хэлж болно. Тухайн үед манай хөрш орон ЗХУ-д дан эрэгтэй найрал дуучидтай “Александрын ансамбль” гэж байлаа. Тэр ансамблийн мэргэжилтнүүдээс бидэнд суралцсан зүйл их бий. Бид Азидаа анх удаа Армийн ансамблийн эрэгтэй дуучдаас бүрдсэн найрал дууны албыг байгуулсан нь зөвлөлтийн олон мэргэжилтнүүдийн гавьяа төдийгүй, Зэвсэгт хүчин, армид олон сайхан уран бүтээлээ зориулсан МУАЖ, хормейстер Д.Мяасүрэнгийн бодитой хувь нэмэр гэж би ойлгож явдаг. Д.Мяасүрэн гэх хүнийг бид мартах учиргүй. Энэ хүн бол Монголын найрал дууны хөгжлийн түүхэнд алтан үсгээр бичигдэх мөнхийн гавьяатай хүн юм. Үүнээс гадна энэ өдөр бид өөрсдийнхөө тухай ярихаас илүүтэй мөр зэрэгцэн зүтгэж явсан, одоо бидний дунд байхгүй дотны анд нөхдийнхөө тухай дурсмаар байна. Монголын ард түмний дунд “Нисгэгчийн дуу”-гаараа алдаршсан МУГЖ Д.Дашням, “Эрээн нуур” дуугаараа алдаршсан МУГЖ Г.Жанчив гэхээр илүүтэй танина даа. Олон сайхан уран бүтээлчид маань тэнгэрийн орноо заларсан ч тэдний маань үр хүүхэд өнөөдрийн энэ тоглолтыг үзэж байгаа гэдэгт итгэж байна. Бидний асаасан цог унтрахгүй байх. Унтрах ч ёсгүй. Өдгөө бидний гурав дахь үеийн жаран хар, арван цагаанууд төрөөд байна. Энэ бол бидний асаасан цог унтрахгүй улам бадрахыг илтгэж буй хэрэг болов уу. Тиймээс үе үеийн жаран хар, арван цагаан болоод монголын ард түмэн, тэр дундаа Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүндээ талархаж явдагаа илэрхийлье” хэмээн дурсан ярьж байв.
Зэвсэгт хүчин, армид олон сайхан уран бүтээлээ зориулсан МУАЖ, хормейстер Д.Мяасүрэнгийн бодитой хувь нэмэр гэж би ойлгож явдаг. Д.Мяасүрэн гэх хүнийг бид мартах учиргүй. Энэ хүн бол Монголын найрал дууны хөгжлийн түүхэнд алтан үсгээр бичигдэх мөнхийн гавьяатай хүн юм.
Түүний ярианд дурдагдаж буй МУАЖ, хормейстер Д.Мяасүрэн хэмээх авьяастай эрхмийн тухай энэ өдөр хүн бүр дурсаж байсан. Монголын мэргэжлийн эрэгтэй найрал дууны албыг өнөөдрийн энэ түвшинд авчрахад өөрийн бодитой хувь нэмрээ оруулсан эрхэм хүмүүн өдгөө бидний дунд үгүй ч уран бүтээл нь түүнийг орлон, найрал дуучидтайгаа үргэлж хамт байдаг гэх. Түүний найрал дуунд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2011 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 220 тоот тушаалаар ЦДБЭЧ-ын “Найрал дууны алба”-ыг Д.Мяасүрэнгийн нэрэмжит болгосон юм. Түүнээс хойш УГЗ Т.Насанбуян, МУСТА Г.Пүрэвдорж, МУСТА Т.Гэрэлт-Од, МУСТА С.Галсанцэдэн, МУСТА Г.Эрдэнэчулуун, МУСТА Д.Нандинцэцэг, МУСТА Ж.Батхүлэг, МУСТА С.Тараа, МУСТА А.Ариунзаяа нар ажиллаж байсан бөгөөд 2015 оноос өнөөг хүртэл Ерөнхий хормейстерээр МУСТА О.Эрдэнэцог, хормейстерээр Б.Мөнгөнчимэг нар ажиллаж байна.
Анхны жаран хар, арван цагааныг чиглүүлэн, зааж сургаж явсан Ардын жүжигчин Д.Мяасүрэнгийн орлогчийн албан тушаалыг олон жил гүйцэтгэсэн, найрал дууны албаны дарга асан Л.Пүрэвдорж гуай. “Бид хэдийгээр өвгөн буурал болсон ч дүрэмт хувцсаа өмсөхөөр цэх алхдаг болчихдог юм. Энэ сайхан хувцсыг чинь өмсчихөөд яаж бөгтийгөөд, майга муруй алхах вэ дээ” гэсээр бидний яриа цааш үргэлжилсэн. Тэрбээр “Жаран хар, арван цагаан гэдэг монголын урлагт, тэр дундаа найрал дууны салбарт яахын аргагүй анхдагч. Бид энэ хүндтэй хамт олны дунд анхных нь болж багтсандаа маш их баяртай явдаг. Хэдийгээр бид тавин жил дуулаагүй ч 20 гаруй жил энэ албанд хүчин зүтгээд гавьяаныхаа амралтад гарсан байдаг. Гэхдээ тэр хоорондоо бид асар их зүйл хийжээ. 280 гаруй дууг “Жаран хар, арван цагаан”-ы урын санд бий болгож, үлдээсэн байдаг юм. Бидний дуулсан энэ дуунуудаас нэлээд олон нь МҮОНР-ын “Алтан сан” хөмрөгт бичигдэн, хадгалагдаж одоог хүртэл монголын ард түмний сонорыг мялааж явна. Бидний алдарт “Жаран хар, арван цагаан” гэдэг нэрийг дуунд хайртай ард түмэн минь өгсөн. Энэ бол бидэнд өгсөн хамгийн том гавьяа шагнал юм. Үүгээр би маш их баярлаж явдаг. Намайг анх жаран хард шалгаж авсан хүн бол Д.Мяасүрэн багш маань. Би энэ мундаг хүний орлогчоор олон жил ажилласан. Ер нь найрал дуучид ихэвчлэн том уран бүтээлийг амилуулдаг. Тэр тусмаа цэргийн ансамбелийн найрал дуучид жагсаалын марш гэх мэт сүрлэг дуунуудыг дуулдаг. Бидний үеийн жаран хар ч, одоогийн жаран хар, арван цагаан ч яг л энэ шугамаар явж байгаа. Тухайн үед жаран харын хамгийн ахмад нь 30 гаруй насны, хамгийн залуу нь сурагчийн формоо тайлаагүй л ирж байсан. Бид энэ салбарт хүчин зүтгэх хугацаандаа монгол орноо бүтэн тойрч, давхардсан тоогоор гадаадын арав гаруй оронд очиж тоглолтоо толилуулсан байдаг” хэмээн ярьж байв.
Бидний алдарт “Жаран хар, арван цагаан” гэдэг нэрийг дуунд хайртай ард түмэн минь өгсөн.
Жаран хар, арван цагааны өдгөө мэнд саруул байгаа хамгийн ахмад нь МУСТА Х.Сумъяа гуай. Тэрбээр 20 гаруй жил ансамбельдаа дуулж байгаад гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа үеийн нөхөдтэйгөө нийлж “Мөнгөн морь” гэх хамтлага байгуулж, хөдөө орон нутаг, цэргийн анги нэгтгэлээр явж, тоглолт зохион байгуулдаг байснаа дурсан ярина. Авьяас хэзээ ч тэтгэвэрт гардаггүй гэдгийн баталгаа энэ аж. Тэрбээр “Хэдийгээр бидний дуу хоолой залуугийнх шигээ байхаа больсон ч ард түмнийхээ сэтгэлийн их хөгөөр хөглөгдөн дахин тайзнаа гарлаа. Сайхан байна. Залуугийнх шигээ алхаж гишгэхээ больсон болохоор жаахан залилж байгаад ухраад тайзны ардуур орчихлоо шүү дээ” хэмээн инээмсэглэнэ.
Тэрбээр жаран хар, арван цагааны эгнээнд нэгдэхдээ драмын театрын жүжигчин байсан гэнэ. Бидний сайн мэдэх Итгэлт баян буюу МУАЖ А.Очирбат, МУАЖ Д.Ичинхорлоо, МУАЖ Цагааны Цэгмид гэх мэт урлагийн мундагуудтай мөр зэрэгцэн ажиллаж байсан тухайгаа ч хуучилж байсан.
Шинелийн товчиндоо алтан соёмботой шижигнэсэн жаран хар залууг чимэж явсан анхны арван цагаан эмэгтэйн нэг МУСТА, ахлагч Ц.Цэцгээ гуай.
Шинелийн товчиндоо алтан соёмботой шижигнэсэн жаран хар залууг чимэж явсан анхны арван цагаан эмэгтэйн нэг МУСТА, ахлагч Ц.Цэцгээ гуай. Тэрбээр арван жилээ төгсөөд л ЦДБЭЧ-д ажиллахаар томилогдон очжээ. 1969 онд холимог найрал дууны албанаас сонгогдсон арван цагаан буюу арван эмэгтэй дуучны нэг нь Ц.Цэцгээ байв. Хорь ч хүрээгүй насандаа дуучны амьдралаа эхлүүлсэн тэрбээр залуу насаа дурсан ярихдаа “Анхны арван эмэгтэйгээс өнөөдрийн энэ тоглолтод МУГЖ Н.Отгон, Ж.Цэрэнханд, н.Бямбасүрэн бид гурав оролцож байна. Бас нэг маань эрүүл мэндийн шалтгаанаар оролцож чадсангүй ээ. Анхны арван цагаанд багтаж байсан бидний хувьд жаран харыгаа чимэж, өнгө нэмэхээс гадна өөр өөрийн хариуцсан чиглэлээр уран бүтээлээ хүргэдэг байсан. Жаран харыгаа байхгүй хооронд эмэгтэй найралаа хийнэ гэх мэт үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр тавин жилийн дараа 70 гарчихсан мөртлөө ингээд үе, үеийн залгамж халаануудтайгаа нэгэн тайзан дээр гарч, дуулж хуурдаж байгаадаа баяртай байна” хэмээн өгүүлнэ.
Өнөөдөр анх үүсгэн байгуулагдах үед дуулж, уран бүтээлээ хүргэж байсан жаран хар, арван цагаан, дунд үеийн жаран харууд Ардын жүжигчин, гавьяатууд маань ирж бидэнтэй нэгэн тайзнаа гарч үнэхээр гайхалтай тоглолтыг ард түмэндээ өргөн барилаа.
Арми дундаа ч, ард түмнийхээ дотор ч “Жаран хар, арван цагаан” хэмээн алдаршсан учраас чуулгын удирдлагууд энэ бүтцийг өөрчлөлгүй өнөөг хүртэл авч явна. Энэ өдрийн тоглолтод ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлсэн, өнөө цагийн жаран харын нэг ЦДБЭЧ-ын “Найрал дууны алба”-ны орлогч, МУСТА Н.Батсайхан. Тэрбээр “Өнөөдөр манай жаран хар, арван цагааны чуулга маань хагас зуун жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Миний бие 2006 оноос хойш ЦДБЭЧ-ын “Найрал дууны алба”-нд дуучнаар ажиллаж эхэлсэн залуу уран бүтээлч. Өнөөдөр анх үүсгэн байгуулагдах үед дуулж, уран бүтээлээ хүргэж байсан жаран хар, арван цагаан, дунд үеийн жаран харууд Ардын жүжигчин, гавьяатууд маань ирж бидэнтэй нэгэн тайзнаа гарч үнэхээр гайхалтай тоглолтыг ард түмэндээ өргөн барилаа. Сэтгэл их хөдөлж байна” гэж ярилаа.
Түүний ээж МУГЖ Л.Цэрэнпил анхны арван цагаан, эгч МУГЖ Ч.Туул дунд үеийн арван цагаан, өөрөө өнөө цагийн арван цагааны нэг
Харин өнөө цагийн арван цагаан бүсгүйн нэг МУГЖ Ч.Баярмаа. Тэрбээр ээж, эгчийнхээ залгамж халаа болсон өнөөгийн арван цагааны нэг. Түүний ээж МУГЖ Л.Цэрэнпил анхны арван цагаан, эгч МУГЖ Ч.Туул дунд үеийн арван цагаан, өөрөө өнөө цагийн арван цагааны нэг гэхээр энэ гэр бүл үнэхээрийн баялаг, өвөрмөц сонин түүхтэй, урлаг арми хоёрт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эрхэм хүмүүс ажээ гэх бодол төрж байв. Тэрбээр “Би хэдийгээр арван цагааны гурав дахь үеийн залгамж халаа хэдий ч өнөө цагийн арван цагаан дундаа ахмаддаа ороод явж байна. Үе дамжин энэ хамт олны дунд ажиллаж, амьдарч яваадаа маш их бахархалтай байдаг. Би энэ хоороосоо гоцлол дуучин болж гарсан. Энэ бол миний хамт олны итгэл, сэтгэл юм. Анх 1996 онд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Хайдав багшийнхаа ангийг төгсөөд л залуухан 22-хон настай бүсгүй ЦДБЭЧ-ийн ансамбельд орж, өнөөг хүртэл хүчин зүтгэж байна. Үе үеийн арван цагаан уран бүтээлчиддээ ойн баярын мэнд хүргэе” хэмээв.
Өдгөө жар гаруй насыг элээсэн жаран харын дунд тавин жилийн дараахи энэ өдөр “Соёлын тэргүүний ажилтан” гэх эрхэм шагналыг хүртээд “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн ёслох, буурал толгойтой эрхмүүд олон байлаа.
Дэлхийд дөрөвхөн байх “Цэргийн” гэх тодотголтой урлагийн байгууллагын нэг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын “Найрал дууны алба”-ны гурван үеийн уран бүтээлчдийн “Жаран хар, арван цагаан 50 жил” хүндэтгэлийн тоглолт дуу хуураар дүүрэн байхын сацуу гавьяа шагналаар өрнүүн үргэлжилсэн юм. Уран бүтээлчид, тэр дундаа армийн албан хаагчид гавьяа шагналд дурлаж, тодорхойлуулаад байдаггүй. Өдгөө жар гаруй насыг элээсэн жаран харын дунд тавин жилийн дараах энэ өдөр “Соёлын тэргүүний ажилтан” гэх эрхэм шагналыг хүртээд “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн ёслох, буурал толгойтой эрхмүүд олон байлаа. Тодруулбал, энэ өдөр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Б.Шардамба, Б.Намсрай, Ш.Угтбаяр хэмээх гурван уран бүтээлч шагнуулсан юм.
Үүнээс гадна ЗХЖШ-ын “Хүндэт жуух бичиг”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагналаар нэр бүхий албан хаагчдыг шагнаж урамшуулсан.
Элэг зүрхэндээ эх орон, элбэрэлт гэр бүлээ тээж явдаг хос мөрдөстэй, армийн дуучдын цог жавхаа үргэлжид бадрах болтугай....
Сэтгэгдэл ( 0 )