ЧУУЛГАН: 20 мянган хүүхдийн төлөө нэг албан хаагч ажиллаж байна гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүн өргөн бариад байсан. Дараа нь Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.  Уг хуулийн төслөөр зөвшөөрлийг кодын системд оруулах, журмыг хялбаршуулах, зөвшөөрөл олгох этгээдийг аргазүйн мэдээллээр хангахаар хуульд тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Уг хуулийн төсөлд 115 хууль дагалдан орж ирж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Гишүүдийн өргөн барьсан Зөвшөөрлийн хууль, Засгийн газрын өргөн барьсан хууль агуулгын хувьд ижил. Тиймээс хэлэлцэх эсэхийг нь эхлээд шийдээд, ажлын хэсэг байгуулаад явъя гэсэн горимын санал гаргаж байна” гэсэн юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Зөвшөөрөл олгох асуудал хэт замбараагүй явж байсан. Тиймээс бодлогын баримт бичгийг уялдуулах хэрэгтэй УИХ, Засгийн газраас гарсан тогтоол, журмыг уялдуулах хэрэгтэй. Гишүүдийн өргөн барьсан хуулиас зарчмын хувьд өөр зүйл байгаа. Зөвшөөрөл олгохтой холбоотой хуулиас гадуурх харилцаа үүсвэл зохицуулахаар байгаа. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх нөхцөлийг олгож байна” гэсэн тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тусгай зөвшөөрөл авсан хүн эрхээ шилжүүлэх асуудал яриад байна. Болд гэж шударга царайлсан  нөхөр хятадын компанид эрх шилжүүлсэн байдаг. Тухайн үед зөрчилтэй үйлдлийг хийснээс болоод улсад онц их хэмжээний хохирол учирч байгаа. Газрын тосны зөвшөөрөл дээр зарим нэг тусгайлсан эрхийг цуцлаад, алдааг засах боломж байна уу” гэхэд Ажлын хэсгийн зүгээс “Зөвшөөрлийг бусдад бэлэглэх, худалдах, барьцаалахыг хориглосон заалт оруулж байна. Зөвшөөрлийг анх олгоход зөвшөөрөл эзэмшигчдэд үүргийг нь зааж өгсөн” гэлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрх нь дэндсэн, үүрэг нь багадсан дүрэм, журам их байгаа. Хуулиудад заагдсан бүрэн эрх үйл ажиллагаа явуулахад хүнд суртал бий болгодог. Тиймээс хуулиудад байгаа эрхүүдийг багасгах хэрэгтэй байна” гэв.

Харин чуулганы үдээс хойшх хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн байдлын талаарх 18 дугаар илтгэлийг сонссон юм. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж илтгэл танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монголын нийгмийн байдал дэндүү хүнд байна. Өдөр бүр л хүн амиа алдаж байна. Хэрэг нь амиа хорлосон гэдэг тайлбартай хаагддаг. Ар талд нь үр хүүхдээ алдсан эцэг, эхийн зовлон шаналал, гомдол үлддэг. Үүнийг бид өдөр бүр зүрх шимшрэн сонсож байна. Хүүхдийн хулгай, хүчирхийлэл, амь насыг нь хөнөөж байна. Хамгийн сүүлд л гэхэд өөрийнх нь нагац хүүхдийн хуруу цавчиж байна” гээд ямар арга хэмжээ авах талаар тодруулж байв.  УИХ-ын гишүүдийн зүгээс С.Зориг агсны хэрэг, хүүхдийн хулгай, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаар түлхүү тодруулж байсан юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн Үндэсний Комисс 16 дахь илтгэлдээ хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг гаргаж тавьснаар хаалганы цаана үйлдэгддэг байсан хүүхдийн хүчирхийллийн талаар өнөөдөр хөрш  нь, иргэд нь мэдээлдэг болж,  нийгмийн анхаарлыг татаж чадсан. 2015-2016 онд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг 298 гэж бүртгэгдсэн бол 2017 онд 345 болж өссөн. Миний хувьд насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлсэн үйлдлийн ялын бодлогыг чангатгахтай санал нэг байдаг” гэдгийг онцолсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга  Р.Отгонжаргал “Цагдаагийн байгууллага хүүхэд алга болж байгаа болон хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход тодорхой арга хэмжээ авч, ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын бүтцэд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгжийг шинээр байгуулан ажиллаж байгаа. Одоогоор 20 мянган хүүхдэд нэг хүүхдийн эрхийг хамгаалах алба хаагч ажиллаж байна. Жишиг нормативаар найман мянган хүүхдэд нэг хүүхдийн эрхийг хамгаалах алба хаагч, нэг байцааг ажиллана гэж тооцвол 248  албан хаагчийн орон тоо шаардлагатай байна” гэлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг “Хууль хүчний байгууллагын удирдах албан тушаалтнууд харьяа байгууллагын эмэгтэйчүүддээ ажлын байран дахь бэлгийн дарамт учруулсан баримтууд ихсэх хандлагатай байгааг онцлохын зэрэгцээ тус комисс гомдол, баримтын мөр бүрээр шалгалт явуулсан. Бэлгийн дарамттай холбоотой зүйл, ангийг 2017 оны Эрүүгийн хуульд тусгасан боловч уг хуулийг батлахдаа хассан.  Тиймээс олон улсын байгууллагаас энэ асуудлаар эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байна. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсад үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд зөвхөн захиргааны албан тушаалтнуудыг бэлгийн дарамт учруулсан бол ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Гэвч уг хуульд улс төрийн болон, төрийн өндөр албан тушаалтны ангилал байхгүй байгаа нь ангилалаар нь ялгаварлан гадуурхсан хэрэг гэж Хүний эрхийн байгууллага үзэж байгаа учраас зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна” хэмээв.

Тэгвэл Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт 109306 байдгаас  үүний 24.3 хувь нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байдаг. Эрүүл мэндийн яам зөрчлийг арилгах асуудалд анхаарал тавьж ажиллаж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн анхан шатны статистик бүртгэлийн маягтуудад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийн маягтуудыг шинэчлэх гэж байгаагийг зэрэгцээ аймаг, орон нутгийн нөхөн үржихүйн кабинет, төрөх тасгуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан багаж, хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2019 онд  жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлд 1.8 тэрбум төгрөг, эрүүл мэндийн боловсролд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн.  Ингэснээр ядуу, эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны болон орлого багатай эмэгтэйчүүд, оюунтуудыг жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслээр тогтмол хангах хүртээмж сайжирна” гэдгийг хэллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.56) 2019 оны 05 сарын 20

Хувийн хэвшлийн хооронд ноцтой зээл авах Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд зээлийг найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / € -аас 2%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлт Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top