Залуусын анхаарлын төвд байгаа ШИНЭ ХОСУУД

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Урлагийн замд хөл тавьсан аль эсвэл бэл бэнчинтэй айлын хүүхэд болон мэндэлсэн бол хүссэн ч эс хүссэн ч олны анхааралд өртдөг нь үнэн. Энэ нь үг үйлдлээс авахуулаад өмсөж зүүх, тэр дундаа хайр сэтгэлийн асуудал нь хүртэл бусдын ярианы сэдэв болно гэсэн үг. Гэхдээ үүнийг заавал сөрөг утгаар хүлээж авах гээд хэрэггүй. Олон танигдана, олны танил хүн байна гэдэг хувь хүнийг өөрсдийг нь "нийгмийн шаардлага"-аар хөгжүүлж, үе тэнгийнхнээс нь эхлээд тэдний хандлага, харилцаа, амьдралыг үзэх үзэл, хувцаслалтаас хүртэл санаа, сэдэл авч, суралцаж байдаг. Энэ юу нь буруу гэж... Яг энэ цаг үед хамгийн ихээр олны анхаарлын төвд байгаа шинэ хосуудын ертөнцөөр түр аялъя. Тэдний хэн байх нь чухал биш анхаарал татаж байгаа нь сонин юм. 

ЗАГВАР ӨМСӨГЧ Б.ЯЛГУУНЫ ШИНЭ ДУРЛАЛ

Тийм ээ, саяхан л итали залуутай дурлалын романс үүсгэж явсан Б.Ялгуун жинхэнэ хайраа олжээ. Тэдний харилцаа тийм удаан үргэлжлээгүй байгаа ч аль алиныхаа гэр бүлд зочилдог, зөвхөн ах дүүсийн дунд болдог уулзалт, үдэшлэгт хамт явах хэмжээнд очжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү, “МАК” группийн өв залгамжлагч Н.Мөнгөншагай, Монголын загварын ертөнцийн "тансаг сувд" Б.Ялгуун нар энэ үеийн хамгийн сонирхолтой хосуудын нэгээр яах аргагүй нэрлэгдэж байгаа. 

Б.Ялгуун, Н.Мөнгөншагай нарын болзоо өнгөрсөн зуны "Play time" наадмын үеэр анх "гэрэл цохиулсан". Дараа нь Н.Мөнгөншагайгийн эгч Н.Цэлмүүний хуримын үеэр ил болж, хамт авахуулсан зургаа инстаграмдаа нийтэлж, ихэнх хугацааг аз жаргалтай өнгөрүүлэх болсноо нууцлахаа больсон гэхэд болно. "МАК" группийн өв залгамжлагч Н.Мөнгөншагайгийн тухайд АНУ-ын Цэргийн академи буюу "West Point"-д суралцаж төгссөн. Б.Ялгууны хувьд Италид байх хугацаандаа Стефано Фучина гэх загвар өмсөгч залуутай болзож байсан түүхтэй.  

 АСУУДАЛ ДАГУУЛСАН ХОС

"AIM4R” продакшны үүсгэн байгуулагч Т.Саруултөгс буюу Төөгөөг 2015 онд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноос нь хойш үзэгчид илүүтэй мэдэх болсон. Шоуны үеэр өөрийн эхнэр, хүүхдээ анх олонд харуулж байсан ч төд удалгүй тэд хоёр тийш болцгоосон гэдэг. “Хөдөлмөрч” гэдэг ганцхан үгээр тодорхойлогддог Төөгөө эхнэрээсээ салснаас хойш 2017 оноос эхлэн УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяатай үерхэж, АНУ-д сурч, амьдрах болсон юм. Хосууд хамтдаа влог хөтөлдөг. Энэ нь залуусын сонирхлыг татдаг. Бүтээлч, бас хөгжилтэй влог гэж хэлнэ. Хэдийгээр энэ хосуудыг "хөөрхөн", тохирсон гэдэг ч эхнэр, хүүхдээ орхиж, их хурлын гишүүний охин дагаж явлаа гэсэн бараан тодорхойлолт Төөгөөг тойрсоор л байдаг бололтой.  

УЧИРТАЙ ГУРАВ

Хэн гурвыг хэлж байгааг бараг таачихсан уу. Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг нарын "Учиртай гурав"-ын дуулиан хэзээд халуун сэдэв байх юм. Тэдний амьдралыг бичсэн бичээгүй бүгд мэднэ. Хамгийн гол нь зохиолын дуучдаасаа хамгийн алдартай, хамгийн их хэвлэлийн баатар болдог, хамгийн олны анхааралд байдаг уран бүтээлчдээр энэ гурав бараг өрсөлдөгчгүй тодордогт гол учир нь байгаа юм. 

РЕППЕР ХОС

Поп болон хип хоп урсгалаар дуулдаг дуучин NMN буюу Номин өөрийгөө реппер гэж хэлүүлэх тийм ч дуртай биш. Гэсэн ч олон нийт түүнийг сайн реппер гэж үнэлдэг. Нэг хэсэг хамтран дуулж байсан дуучин Зоригттойгоо нэр холбогдон, хэвлэлийнхнийг шуугиулж байсан Номин найз залуугаа олонд ил болгоод чамгүй хугацааг үдэж байгаа. Тэгээд ч зогсохгүй "Амархан" дууны клипэнд  найз залуу н.Энхжамцыгаа тоглуулсан. Түүний хайртай залуу "Vandebo" хамтлагийн реппер гэдгийг сануулъя. Монголдоо цөөхөн байдаг реппер хосууд төрсөн нь энэ. 

 НУУЦЛАГДМАЛ ХОС

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаярыг тайзны уран бүтээлээс нь гадна “Хязгааргүй”, “Аав”, “Учрал” зэрэг кинонд тоглосноор нь үзэгчид андахгүй мэднэ. Бүтээсэн дүрүүдээрээ охид хүүхнүүдийн зүрхийг уярааж байдаг авьяаслаг залуу есдүгээр ангид байхдаа анхны хайртайгаа учирсан гэдэг. “Анх хараад дурласан, араас нь нэлээн гүйсэн, тэгээд үерхсэн. Тэр сайхан дурсамжтай үе одоо хүртэл мартагдахгүй сэтгэлд маань хадгалагддаг” хэмээн ярьж байсан Б.Шинэбаяр одоо заяаны ханиа олж, нам гүмхэн жаргаж яваа.

Гэр бүлээ олонд зарлаад байх дургүй жүжигчин залуугийн эхнэрийг Г.Хандаа гэдэг. Царайлаг, нуруулаг, уран нугараач бүсгүй бий. Б.Шинэбаяр “Би ер нь нэг их дурлаад яваад байдаггүй. Хэдийгээр гудамжаар дүүрэн сайхан бүсгүйчүүд алхаж байгаа ч унаж босох аль ч үед үргэлж дэргэд маань байж чадах хүнийг олохыг хүсдэг. Гэхдээ нэг дурлачих юм бол ёстой уучлаарай шүү дээ. Гал руу орж, ус руу үсэрч ч чадна. Чин сэтгэлийн дурлалтайгаа учрах юм бол юуг ч хийж чадна” гэж ярьж байсан. Тэгвэл одоо мань эр гал уснаас ч айхааргүй их хүчтэй, басхүү зоригтой болгох бүсгүй олсон гэсэн шиг нууцлагдмал амьдрах болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.126.89.203) 2019 оны 05 сарын 25

мөнгөнцэцэг орчин үёийн хоролмаа аймшгийн киноны чөтгөр болд хормойн дон хүний чанараар хөлдөөсөн мөс шиг цэвдэг балиар аймшиг

0  |  0
Top