Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод ирээд би бээр чилийсэн 12 жилийг ардаа үджээ. Тал нутагт өссөн би хотын охин болох гэж яарсангүй, хөдөө тийш сэтгэл зүрх тэмүүлсэн хэвээр. Төрсөн нутаг руугаа явна, ижийдээ, эмээдээ очно гэдэг хүний мэдэрч болох хамгийн дээд мэдрэмжүүдийн нэг билээ. Харин хүний хүн болчихоод түүнийгээ дагаад өсөж төрсөн нутаг руу нь явна гэдэг арай өөр. Очиж үзээгүй газар, огтоос танихгүй хүмүүс. Гэхдээ л би анх очсон цагаасаа түүнийхээ өсөж төрсөн баргын нутагт дурласан, бүр хайртай болсон.
Хаана хүрч, хэзээ дуусах нь үл мэдэгдэм нов ногоон цэлийсэн талаар салхи татуулан давхиж явна гээд төсөөлөөд үз дээ. Цаг хугацаа энд л түр амсхийдэг байх. Тэнгэрийн зүүн хаяанд азарга азаргаар адуу идээшилж, дээгүүр нь үүлс хөвөөд л... баруун дэнжид наран жаргахыг харах хэчнээн үзэсгэлэнтэй гэж санана. Айргийн нурууны урд үзүүр дээр өнчин ганц мод бий. Хүслээ шивнэвэл биелдэг учраас нутгийнхан “Хүслийн мод” гэж нэрлэдэг юм билээ. Өрөөлийн хүслийг биелүүлэх гэж өнчирч хоцорсон ганц мод. Харин ард нь байх “Агуйн хад” руу авирахаас ч сүрдэм, өврөөр нь зассан чонын үүр, дээгүүр нь бүргэд нисэлдэхийг харах сүрдмээр бас биширмээр.
Өдрийн үүл тэнгэрийг арчиж зүлгээд өнгөрсөн гэлтэй, шөнийн тэнгэрт үй түмэн одод нүдэн дотор унаад ирэх шиг ойр, тод санагдах нь хачин гоё. Энэ л тэнгэрийн дор Баргын баатар Манлай ван Дамдинсүрэн Монголын тусгаар тогтнолын төлөө цөсөө буцалгаж, чөмгөө дундалж явсныг нотлох гэсэн мэт энэ цагаан талын хаа нэгтээ адуу тургилна. Гамингийн шоронд босоогоороо нөгчсөн баатрын сүрлэг хөшөөний дээгүүр амгалан тэнгэр дүнсийж, өлмийд нь өмөглөх гэж өндийсөн газар шороо нь уужуухан цэлийх ажээ. Зах хязгааргүй үргэлжлэх Дорнод Монголын талд Гурванзагал гэх жижигхээн сум бий. Тэр жижигхэн суманд жирийнээс жирийн хүмүүс аугаагаас аугаа түүхийг бүтээн амар жимэр амьдардаг.
Манлай вангийн нутагт маргаашийн нарыг угтах юутай таатай.
Сэтгэгдэл ( 0 )