“Петро Матад”: Хайгуулын талбайд өрөмдлөг хийх барилгын ажил эхэлсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Матад” компани Матадын талд бүртгэлтэй хайгуулын XX талбайд өрөмдлөг хийх гурван байршилд барилгын ажлаа эхлүүллээ. Үүнээс “Херон 1” байршилд хийж буй барилгын ажил 10 хоногийн дараа дуусах юм байна. Харин “Улаан буга 1”, Газель 1” байршил дахь барилгын ажил зургаадугаар сарын сүүлээр бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна. Барилгын ажилд зориулж сонгогдсон байршлуудад усны худаг хоёрыг ч барихаар төлөвлөжээ. “Петро Матад” компанийн төлөвлөснөөр барилгын ажил дууссаны дараа буюу ирэх долоодугаар сард өрөмдлөгийн ажил эхлэх юм. Тодруулбал “Херон” байршилд цооногийн өрөмдлөг долоодугаар сарын эхээр, “Улаан буга” байршлын өрөмдлөг долоодугаар сарын сүүлчээр эхлэхээр болжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард “Петро Матад” компани хайгуулын V талбайд өрөмдлөгөө эхлүүлсэн юм. Хуваарь ёсоор зургаадугаар сарын сүүлээр өрөмдлөгийн ажил бүрэн дуусах юм. Түүнчлэн “Петро Матад” компани газрын тосны IV, V хайгуулын талбайд хайгуул хийх бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг хоёр жилээр сунгах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт тавиад байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top