Б.Энхгэрэл: Шууд эфир ур чадварыг жинхэнэ сорьдог

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

-ТООЦООД ҮЗВЭЛ ДАВХАРДСАН ТООГООР 6000 ОРЧИМ КИНО, БАРИМТАТ КИНО, НЭВТРҮҮЛЭГТ ДУУ ОРУУЛСАН БАЙНА-

Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор” наадмын шилдэг дуу оруулагч номинацийн шагналт, “ТМ” телевизийн нэвт­рүүлэгч, дуу оруулагч, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн багш, Соёлын тэргүүний ажилтан Баасанжавын Энхгэрэл. Өвөрмөц содон, эмэгтэйлэг хоолой, тод тунга­лаг өнгөөр түүнийг ярих бүрт нь кино яваад байгаа юм шиг санагдуулдаг жүжигчин, дуу оруулагч, нэвтрүүлэгч бүсгүйн нэг өдрийн амьдрал даанч өрнүүн завгүй үргэлжилнэ. Түүний нүднээс үргэлж оч дүрэлздэг. Яг л галт шувуу шиг эрмэг, эрч хүчтэй, дэврүүн, гал цогтой, эмэгтэй хүний бүхий л сайхан шинжийг өөртөө шингээсэн Энхгэрэл бүсгүй, нэр шигээ гэрэлтнэм. Тэр л гэрлээс нь атган Монголын кино урлаг дахь Дуу оруулах урлагийн талаар болон амьдрал уран бүтээлийнх нь тухай яриа өрнүүллээ.


-Таны уран бүтээлийн анхны гараа хэзээнээс эхэлсэн бэ?

-1993 онд зургаадугаар ангид байхдаа Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд орж, Д.Саранхүү багшийн удирдлага дор жүжигчний анхны мэдэгдэхүүнтэй болоод төгсөж байлаа. 1997 онд Соёл Урлагийн Их сургуулийн жүжигчиний ангид элсэн орсноор жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшсэн. Би оюутан байхдаа жүжигчин болно гэж боддоггүй байсан. Миний хэл ярианы техник, ярих урлагийн багш бол гавъяат багш Р.Уртнасан. Би багшдаа нэгдүгээр курст байхдаа “Багш аа, би жүжигчин болохгүй, юм уншдаг хүн болно” гэж хэлсэн байгаа юм. Оюутан байхад МУИС, СУИС хамтран зохион байгуулдаг “Давалгаа” гээд богино өгүүллэгийн наадам болон уран уншлагын уралдаануудад орж шагнал зулгаагаад л явдаг хүүхэд байлаа. Төгссөний дараа Р.Уртнасан багш “За миний хүү, чи уран уншлагаа хэзээ ч хаяж болохгүй шүү” гэж захиж байсан.

-“UBS” телевизэд анх орсон түүхээсээ хуваалцвал?

-Төгссөн жилийн зун дуу оруулагч А.Миеэгомбо залгаад “UBS” телевизэд кинонд дуу оруулагч шалгаруулж авч байна, чи хүрээд ир гэсэн. Зургаа, долоон эмэгтэй шалгуулснаас хоёрыг нь авч үлдээд дагалдан хийж байлаа.

-Тухайн үед  ямар ямар уран бүтээлчид анх амьдралын гараанд тосон авч байв даа?

-“UBS” телевизэд анх ороход Ө.Наран­баатар, Г.Алтанбагана, М.Энхтуяа, Г.Оюунцэцэг гээд чадварлаг диктэрүүд ажиллаж байсан. Тэд нарын кинонд дуу оруулахыг өдөржин хараад л сууна. Өдөр цайны цагаар тэднийг гарсан хойгуур ганцаараа кинонд дуу оруулах дадлага хийнэ дээ. Бүтэн сар иймэрхүү байдлаар дагалдаж байтал кино албаны дарга “За оросоор энэ текстийг унш даа” гээд дагалдан охин бид хоёрыг  уншууллаа. “За Энхгэрэл сансарт ниснэ ээ” гэв. Тэр нь юу гэж байгааг ч мэдэхгүй тэгж л анх эфирт гарч байлаа. /инээв/ Намайг дуу оруулах урлагт оруулж багшилсан хүн бол Соёлын тэргүүний ажилтан Ө.Наранбаатар. Венесуэлийн олон ангит “Халтар царайт” киноны Мигэль Ангел, Солонгосын олон ангит “Гурван марал од”киноны Инхад дуу оруулж байснаар нь хүмүүс мэднэ дээ.

-Хамгийн анх ямар кинонд дуу оруулж байв?

-Хамгийн анх Тайваны олон ангит кино “Солирын од” киноны гол дүр Санцайн дүрд дуу оруулж байлаа. Ээж минь зурагтаар “Дуу оруулсан Баасанжавын Энхгэрэл” гээд явангуут аавд хандан “Чиний нэр гарч байна” гээд л явуулна.  Аав их л сэтгэл хангалуун, додигор сууна аа. /инээв/ Анх юм бүхэн ийм л шинэ содон байлаа. UBS телевизэд зургаан жил дуу оруулагч жүжигчнээр ажиллажээ.

-Дуу оруулах урлаг хэдэн төрөл байдаг юм бол?

-Маш өргөн цар хүрээтэй. Жишээ нь реклам, видео танилцуулга, утасны оператор, компьютер тоглоом, баярт мэндчилгээ, тайлбарт танилцуулга, аудио видео хөтөч-аялал, сургалтад зориулсан бүтээл, ном үлгэрт дуу оруулах гээд маш олон төрөл байдаг. Тэр бүхнийхээ онцлогт тааруулж уншилтаа хийнэ. Үүний нэгээхэн хэсэг нь кинонд дуу оруулах юм.

-Таныг “ТМ” телевизэд анх кино алба байгуулж байсан гэдэг. Ер нь хэчнээн уран бүтээлд дуу оруулсан бэ?

-2008 онд “TM” телевизийн захирал Б.Наранбатын саналын дагуу кино алба байгуулаад, жүжигчдээ бүрдүүлж ахлаад ажлаа эхэлсэн. Олон ангит кино, орчуулгын шоу нэвтрүүлэг, уран сайхны кино болон маш олон бүтээлүүдийг үзэгчдээ хүргэсэн. Холливуудад нээлтээ хийж байгаа кино манай эфирээр гардаг байлаа. “ТМ” телевиздээ өнөөг хүртэл ажиллаад 11 жил болжээ. Тооцоод үзвэл давхардсан тоогоор нийтдээ 6000 орчим кино, баримтат кино, нэвтрүүлэгт дуу оруулсан байна.

-Та “Жангум” Солонгосын олон ангит киноны Жангумын дүрд дуу оруулж байсан. Тэр кинонд өөр дүрд дуу оруулсан уу?

-Жангумыг 2004 онд “UBS” телевизэд байхдаа дуу оруулж байсан. Маш олон эмэгтэй дүртэй. Гол дүрийн жүжигчин өөр дүрүүдэд дуугарах боломжгүй байдаг. Бусад дүрүүдэд М.Энхтуяа, Г.Оюунцэцэг хоёр хувирч байсан бол би Жангум болон түүний бага насанд, ээжийнх нь болон Ён Нугт дуу оруулж байсан. 

-Кинонд дуу оруулахад жүжигчин хүнээс ямар чадвар шаарддаг вэ?

Тухайлбал эсрэг дүрийн Ён Нугт дуу оруулахад тухайн жүжигчний арга барил, ур чадвар, зан араншин, мөн чанарт тааруулж Жангумаас өөр байлгах гэж хичээнэ. Дүрд өөрөөр хувирч дуугарна гэдэг тухайн дүрийн дотоод мөн чанарыг дуу хоолойгоороо дамжуулж илэрхийлэх юм. Тэр дүр юу гэж бодож, сэтгэж байна гэдгийг ойлгоод уурласан инээсэн бухимдсан, шаналсан бүхий л сэтгэл зүйг өөрөөрөө дамжуулж илэрхийлж гаргана.

-Таны мэргэжлийн багш тухайн үед хэрхэн дүгнэж байсан бэ?

-Р.Уртнасан багш хэр баргийн хүнийг магтдаггүй. Багшийн амнаас магтаалын үг сонсоно гэдэг маш ховор үзэгдэл. Намайг маш олон уралдаанд шагнал аваад ирэхэд хэзээ ч магтаж, саймшраад, толгой илээд байгаагүй. “Өө сайн байна” л гэж хэлдэг байсан. Гэсэн чинь нэг удаа багш маань утасдаад “Гэрлээ, багш нь  чамайг Жангумд дуу оруулсан гэхээр нь үзлээ. Миний хүү сайн дуу оруулжээ багш нь баяр хүргэе” гэж хэлсэн. Тэр үгийг  багшийн амнаас сонсоно гэдэг бол асар том бэлэг, гавъяат жүжигчин болсноос илүү том шагнал байсан.

-Та Соёл Урлагийн Их сургуульд Магисртын зэрэг хамгаалахдаа “Дуу оруулах урлаг” хэмээх ном бүтээл гаргаж байсан. Ер нь дуу оруулах урлагийн түүхийн талаар ярилцвал?

-Соёлын тэргүүний ажилтан О.Оюуны “Дуу оруулах жүжигчний ур чадварын асуудал” гэдэг магистрын ажлаас өөр гарын авлага Монголд байгаагүй. Оюун эгч түүхчилсэн судалгаа хийсэн байсан бол би онолын талаас нь судлахаар шийдсэн. Нөгөө талдаа дуу оруулах хүсэлтэй залуучууд, тус мэргэжлээр ажиллаж байгаа жүжигчид болон энэ чиглэлийн хичээл зааж байгаа сургууль, сургалтын байгууллагыг гарын авлагатай болгоё гэж зориод гурван жил судалж, олон ч хүнтэй уулзсан. Харамсалтай нь Монголын Кино урлагийн түүхэнд дуу оруулах жүжигчин гэсэн нэг ч өгүүлбэр байдаггүй юм байна лээ. “Цогт тайж” киноны Сү Шю Жанд Цагааны Цэгмид дуу оруулсан гээд ганц өгүүлбэр олоод хэчнээн их баярласан гээч. Монгол Улсын Төв архив дээр киноны архивыг ухаж хэдэн сар шороо тоостой хутгалдсан. Монгол кинонд хэн хэн  дуу оруулж вэ, гадаадын орчуулгын кинонд хэн хэн дуу оруулсан байна гээд л эрж хайсан.

-Таны судлагдахуунд дуу оруулах арга техникийн хувьд хэдэн төрөл байна вэ?

-Манай улсад дуу оруулалтын хоёрхон төрөл байна. Одоо бол дэлхий нийтээр гуравдагч төрлөөр дуу оруулж байгаа.  Дээр үед дубляж буюу ам барих гэж нэг төрөл байсан. Оросын кинонуудад монголчууд ам барьж, яг л монгол хүн ярьж байгаа юм шиг амны хайрцаг буюу товшилтыг яг таг тааруулж дуу оруулж байсан нь гайхалтай. За хоёр дахь төрөл нь закадр буюу кадрын арын уншилт юм. Өнөөдрийн телевизүүд закадраар дуу оруулж байгаа. Миний судалгаагаар олж нээсэн гуравдагч төрөл нь липсон гэдэг төрөл. Энэ төрлөөр сүүлийн үед Хятадын олон ангит кинон дээр дуу оруулж байгаа нь ажиглагдаж байна. Липсон гэдэг төрөл нь дубляж буюу ам барихтай маш ойролцоо боловч амны товшилт буюу амны хайрцаг зөрдгөөрөө ялгаатай.

-Энэ талаараа илүү тодорхой тайлбарлаач?

-Амны товшилт зөрдөг боловч эхлэл төгсгөл нь таардаг. Дээр дурдсан оросын кинонууд яагаад ам барилт нь таараад байна гэхээр үгийн сонголт буюу орчуулгад маш их учир бий. Кино үйлдвэрт орчуулга дээр Монголын алдарт зохиолчид редактораар ажиллаж байсан. Үгийн баялаг сонголттой ажиллаж байж. Одоо бол өнөөдөр хэн дуртай нь орчуулга хийдэг болжээ. Үгийн сонголт, амны товшилт гэдэг зүйл дээр ач холбогдол өгөхгүй ажиллаж байгаа учир липсон гэдэг төрөл хэрэглэгдэх болсон.

-Монголын кино урлагийг үечилбэл ямар ямар үед хамаарах вэ?

-Монголын дуу оруулах урлаг нь дөрвөн үе шаттай. 1936-1945 онд монгол жүжигчид монгол кинонд дуу оруулж эхэлсэн үе. Энэ бол дубляжийн төрөл байсан. Гол төлөөлөл болсон кинонууд нь “Монгол хүү”, “Сүхбаатар”, “Цогт тайж” зэрэг орно. Энэ үеийн хэл ярианы төлөв байдал нь аялгуулан ярих байдал давамгайлж байсан. Энэ нь уриалсан, тунхаглан дуудсан, дайчин өнгөтэй, тунгалаг хэмнэлтэй, цээл хоолойны хэв шинжийг голлож тод хэллэгийг эрхэмлэж байсан үе. Хоёрдугаар үе нь 1947-1965 он. Гадаадын кинонд монголчууд дуу оруулж эхэлсэн үе. Мэргэжлийн дуу оруулагчдын анги бий болсон. Энэ үед дубляжийн төрөл голлож байсан. Дубляж гэдэг нь жүжигчний сэтгэл зүйн дуу авиа, үг хэллэг, аялга дуудлагыг гаргана гэсэн үг. Уйлвал уйлж, дуулвал дуулах жишээний. Дуу оруулах урлагийн хөгжингүй үе бөгөөд гол төлөөлөл нь “Сэрэлт”, “Ардын элч”, “Аман хуур”  зэрэг монгол кино, гадаадын киноноос ОХУ-ын “Тангараг”, “Жинхэнэ хүний тууж” зэрэг кино байна. Хэл ярианы төлөв байдал нь дотоод сэтгэлээс төрсөн амьд аялга бүхий баялаг өнгө аястай болж эхэлсэн. Монгол амьдрал ахуй, сэтгэлгээнээс төрсөн үгийн баялаг ихтэй. Монгол хэв маяг тодорсон гэж үзэж болно. Гуравдугаар үе нь 1965-1990 он. Дээд боловсролтой мэргэжлийн дуу оруулагчид төрж эхэлсэн үе. Кино театраас гадна телевиз олноор бий болсон. Энэ үеийн гол төлөөлөл нь Монголоос “Үер”, “Өглөө”, “Тунгалаг Тамир”, “Мандухай сэцэн хатан”, орчуулгын киноноос “Ийм нэгэн явдал”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг орно. Хэл ярианы төлөв байдлын хувьд монгол кинонд дүрийн шинж төрхтэй уялдсан, дотоод сэтгэлийн хэл яриа голлосон, орчуулгын кинонд дагаж унших  чөлөөт хэллэг давамгай болж эхэлсэн. Телевиз бий болсноор 1970-аад оноос дагаж унших буюу закадр бий болсон. Дөрөв дэхь үе нь 1990-ээд оноос өнөөг хүртэлх үе. Дуу дүрс зэрэг синхроный бичигддэг болсноор жүжигчдийг дуу хоолойг нэмэлт бичлэг хийх шаардлагагүй болсон.  

-Дубляжийг яагаад хэрэглэхээ больсон юм бол?

-Дубляжийг хийхэд тухайн улсын эдийн засагтай холбоотой. Ам барихад маш олон жүжигчин орно. Нэг жүжигчин ихэвчлэн нэгээс хоёр дүрд ажилладаг. Тухайн кино олон дүртэй байх тусмаа олон дуу оруулагч ажиллуулж цалинжуулах болно. Ийм болохоор санхүүгийн бэрхшээл тулгардаг. Тиймээс закадр төрөлд нэг жүжигчин олон өнгөнд хоолойгоо хувиргах шаардлага гарч байгаа юм. Дубляж төрлийг дэлхий нийтэд хөгжингүй орнууд илүүтэй хэрэглэж байгаа.

-Одооны зарим телевизийн киноны дуу оруулалт чихэнд наалдахгүй, сэтгэлд хоногшихгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Тэр нь мэргэжлийн бус хүн дуу оруулсантай холбоотой. Дуу оруулагч гэдэг мэргэжлийн жүжигчин л байх ёстой. Дуу хоолойны өнгө сайтай, тод хэллэгтэй, мэдрэмжтэй, байгалиас заяасан өгөгдөлтэй хүн байдаг. Олон телевизэд мэргэжлийн бус хүмүүс дадлагажиж, практикаар суралцаж, дуу оруулах үзэгдэл их болсон байна.

-Кино урлагийн түүхэнд өөрийн гэсэн дуу хоолойгоо мөнхөлсөн үе үеийн жүжигчдийн тухай дурсъя л даа?

-“UBS” телевизэд ажиллаж байхад надад тохиосон том аз завшаан гэвэл Монголын кино урлагийн түүхэнд өөрийн гэсэн дуу хоолойгоо тунхагласан дуу оруулагч жүжигчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байлаа. Соёлын тэргүүний ажилтан, нэрт дуу оруулагч Д.Элбэгсайхан, Ж.Дарамсүрэн, Т.Цэмпилмаа, Н.Нэргүйбаатар, О.Оюун, Батцэцэг нартай хамтарч ажиллаж байснаараа бахархдаг.  Үргэлж зааж үлгэрлэж байдаг маш нөмөр нөөлөгтэй хүмүүс. Жишээ нь Цэмпилмаа эгч кинонд орохоосоо өмнө дандаа тексттэйгээ ажилладаг. Үг нэг бүр дээр нь ажиллаад , утгыг нь асуугаад л, паузаа тэмдэглээд л , гол үгээ зураад л их чамбай. Тэр дундаас Элбэгсайхантай ахтай хамтарч ажиллахад маш өгөөжтэй. Тэрээр 1963 онд орчуулгын киноны жүжигчин болж ирээд насан эцэслэтлээ дуу оруулсан. 1963-1990-ээд оны Монголын орчуулгын киноны 90-ээд хувийг нуруун дээрээ үүрч явсан хүн. Монгол кино, орчуулгын киног Элбэгсайхан гэдэг хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дүрийн сэтгэл зүйг дуу хоолойгоороо яаж илэрхийлэх вэ гэдгээ төгс мэдэрдэг тийм гоё мэдрэмжтэй, хувирч чаддаг, үнэхээр сайхан, тослог хоолойтой жүжигчин.

-Та бол Соёл Урлагийн Их сургуу­лийн докторант хүн. Цаашид энэ чиглэ­лээрээ судалгаагаа үргэлжлүүлэх үү?

-Мэдээж дуу оруулах урлагийн судал­гааг үргэлжлүүлэн хийнэ. Хувь хүнийхээ хувьд дуу оруулагч жүжигчдийнхээ тухай даацтай зүйл хийнэ дээ гэж бодож явсаар Д.Элбэгсайхан ахын тухай илтгэл бичиж, хэлэлцүүлсэн. “Ягаан Гажид” буюу Ц.Цэнд-Аюуш гуай бурхан болохынхоо урьд өдөр намайг дуудаад, эгч нь чамтай өнөөдөр л уулзмаар байна гэсэн. “Миний хүү, чи дуу оруулах урлагийн талаар судалгаа хийж байгаа чинь маш сайн байна. Үүнийг судлах цаг нь болсон. Хоёрдугаарт липсон гэдэг төрлийг бидний үеийнхэн мэддэггүй байж, чиний судалгааны ачаар л мэдэж авлаа” гэж байсан. Хэдий өндөр настай болсон ч тэр хүнтэй гурван цаг ярьж байхад дуу хоолой, үг хэллэг маш тод байсан. Тэгээд маргааш нь эмнэлэгт ухаангүй очоод өөд болсон. Тэр хүн намайг өөрийнх нь тухай заавал нэг юм хийх ёстой болоод л дуудаж сүүлчийн үгээ хэлж дээ гэж бодсон. Ийм сайхан алтан үеийнхнийхээ дуу оруулах чадвар, онцлогийг нь олон түмэнд хүргэе гэсэн бодол тээж явна даа. Үзэгчид зурагтаар гардаг, кинонд тоглодог, театрын тайзан дээр ил гардаг хүмүүсээ л мэддэг бол  энэ киноны ард хэн гэдэг жүжигчин дуу оруулсан юм бэ гэдгийг мэддэггүй. Энэ хүмүүсээ гаргаж олноо алдаршуулж, дуу оруулагч жүжигчдийг түүхэнд үлдээх ёстой юм байна гэж боддог

-Үе үеийн төлөөллөөс эхлээд ямар ямар дуу оруулагчид одоо үеийг залгамжилж байна вэ?

-Эхэн үеийн төлөөлөлд Н.Цэгмид, Ц.Цэгмид, Д.Чимэд-Осор, М.Бадамгарав, Т.Цэвээнжав, Р.Дамдинбазар, Б.Дамчаа, Ц.Цэнд-аюуш, Х.Чулуунбат, Х.Довчин, Н.Дагийранз, Ш.Цэцэгээ Н.Сувдаа, Т.Карма, Н.Нэргүйбаатар гээд аваргуудыг залгамжлаад сүүлийн үеийн төлөөлөл гэвэл Ө.Наранбаатар, О.Оюун, Д.Батцэцэг, Н.Уламбаяр, Д.Энхбаяр,  А.Баттүшиг, Н.Ялалт. А.Баттүшиг, Т.Эрдэнэбаяр зэрэг залуус  Монголын кино урлагт  хүч түрэн орж ирсэн.

-Дуу оруулах үед хамгийн их дүрдээ орж, тэр дүрээсээ гарч чадахгүй удсан ямар дүр байдаг вэ? Эфирийн өрөөнд тохиолддог хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

-Жангумын бага насанд дуу оруулж байх үед ээж нь нас бардаг хэсэгт охин нь “Ээж ээ” гээд уйлдаг юм. Тэгэхэд өөрийн эрхгүй мэлмэртэл уйлж байсан. Манай ажлынхан чив чимээгүй намайг таг гөлөрчихсөн, дараа нь дагаад уйлчих шахлаа шүү дээ гэж байсан. Ер нь шууд эфирт орох тохиолдол их гарна аа. Хуудас хуудсаар нь ар араасаа уншигдах материалууд орж ирдэг. Орчуулгын материал амжихгүй оройтох үед яах аргагүй тийм байдалд ордог. Тэр үед “Дараагийн хуудас хэзээ орж ирэх бол, ирэхгүй бол яана аа” гээд л дэнсэлдэг. Тэр бүхнийг үзэгчид огт мэдэхгүй шүү дээ.   Шууд эфирт орж байх үед бидэнд алдах эрх байхгүй, жүжигчдийн анхаарал, ур чадварыг жинхэнэ сорьдог.

-“ТМ” студид мэдээний нэвтрүүлэгч хэзээнээс болсон бэ?

-Найз нөхөд маань намайг “Дуу оруу­лаг­чийн харанхуй өрөөнөөсөө хэзээ цухуйж ил гарах гэж байна?” гээд цаашлуулдаг байлаа. Тэр үетэй давхцаад телевизийн захирал намайг мэдээний нэвтрүүлэгч хийгээч гэсэн. Тэгж анх мэдээнд гарч байлаа. Мэдээ унших арга техник бол дуу оруулахаас тэс өөр. Мэдээ бол болж буй үйл явдал, үзэгч хоёрын амьд гүүр нь болдог. Мэдээ уншаад эхэлсэн чинь сэтгүүлзүйн мэдлэг дутлаа. Нэвтрүүлэг, хөтлөгч хүний нэг даль жигүүр нь сэтгүүлч, нөгөө даль жигүүр нь жүжигчин юм байна. Тэгээд өрөөсөн даль жигүүрээ олж авахаар Хэвлэлийн хүрээлэнд суралцаж 2012 онд төгсөөд хос даль жигүүртэй болсон доо./инээв/

-Тийм шүү. Мэдээнээс гадна та олон сайхан нэвтрүүлэг эрхлэн гаргадаг. Тэр талаараа дэлгэрүүлвэл?

-Сэтгүүлчээр төгссөний дараа ерөнхий редактор, Соёлын гавъяат зүтгэлтэн Го.Бадарч чи нэвтрүүлэг хөтлөөч гэсэн. Тухайн үед би айж эмээж байсан боловч өдгөө “Танил хүн” нэвтрүүлгийн 150 гаруй дугаарыг эрхлэн бэлтгэж, хөтлөгч редактораар ажилласан. Мөн түүнчлэн “Жаранг эзэлсэн хойморь” гэж нэвтрүүлэгтээ нэгэн салбарт бүхэл бүтэн жарныг элээж байгаа хүмүүсийг оруулаад дөрвөн жил болж байна. Жилдээ ганц удаа баяр наадмаар явуулдаг болохоор Ардын жүжигчин Б.Зангад, Г.Хайдав, Ж.Лхамхүү, Ч.Мөнхшүр гээд дөрвөн алдартан одоогоор орсон. Энэ жилийн баяр наадмын дугаараа бэлтгээд явж байна даа.

-“Танил хүн” нэвтрүүлэгт нь ямар ямар танил эрхмүүд орж байсан бэ?

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Ардын жүжигчин А.Долгор, найруулагч Б.Мөнхдорж, Болор цомын эзэн Н.Ган­тулга гээд олон алдартнууд орж байлаа.

-Таны тоглосон хэд хэдэн кино байдаг байх аа?

-Киноны хувьд хамгийн анхны гол дүрд тоглосон кино сонин түүхтэй. “Нарны сүүдэр” гэж кино байдаг. Хилс хэргээр шоронд ордог эмэгтэйн дүр. Урлагийн гавъяат  зүтгэлтэн Ж.Дарамсүрэн ах миний төрсөн аав, Соёлын тэргүүний ажилтан Д.Элбэгсайхан ах  миний өсгөсөн аав болж тоглож байсан. Элбэгсайхан жүжигчний ур чадварыг тэр үед гайхан биширч байлаа. Киноны хэсэгт шүүх хурал болоод хэрэгтнийг аваад яв гэнгүүт хүүхэд нь “ээж ээ” гээд л аав нь “ миний хүү” гээд л орилдог. Тэр хэсэг дээр би уйлж өгдөггүй ээ, ахиад дублдээд нөгөө хэсэг дээр Элбэгсайхан ах руу харсан чинь нүд нь гархилчихсан, өрөвдсөн, хайрласан, шаналсан, зовсон харцаар намайг харж байсан. Тэр харцыг нь хараад л эцэг хүний хайр гэдэг ямар агуу юм бэ гэж бодоод л асгартал уйлсан. Элбэгсайхан ах ямар мундаг өгдөг жүжигчин юм бэ, ямар мундаг харилцагчаа авч явдаг юм бэ гэж бодож байсан. Дараа нь “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Халуун сэтгэл” гээд кинонд тоглож байлаа. Угтаалын Сангийн аж ахуйд 80-аад оны үед түймэр гарч маш олон оюутнууд амиа алдаж байсан. Тэр тухай өгүүлсэн кинонд сурважлагч эмэгтэйн дүрд тоглосон. Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Эрт нахиалсан сарнай” олон ангит кинонд ааш муутай багшийн дүрд тоглосон.  Мөн “Ноён солиот” киноны сувилагчийн дүрд тоглож байсан.

-Та “Гурван бүдүүн” хамтлагийн “38-тай аав” дууны клипэнд тоглож байсан. Тухайн үедээ их өвөрмөц шийдэлтэй, зоригтой клип болсон санагддаг. Тэр утгаараа ч хит болж, хүмүүст их хүрсэн байх?

-Тэр клипэнд 2008 онд тоглосон л доо. Асрамжийн газраас жаахан хүүхэд авчраад тоглуулсан чинь нөгөө хүүхэд маань уйлдаггүй ээ. Хүүхдээ хаяад эр дагаад явчихдаг онцгүй эмэгтэйн дүр шүү дээ. Клипэнд тоглосны дараа гудамжинд нэг согтуу эрэгтэй таараад “Чи нөгөө муухай хүүхэн байна” гээд л дайрахаар нь айгаад л зугтаачихсан. Дараа нь ажлын газрын гуанзанд хоол идчихээд гарсан чинь нэг эгч сүрхий хараад байсан юм. Тэгсэн чинь манай ажлын нягтлан эгчид “Энэ муу хүүхнийг очоод алгадчих уу” гээд үнэн голоосоо үзэн ядсан гэсэн./инээв/ Тэр клипэнд тоглосон цагаан цамцаа дурсгалтай гээд одоо хүртэл хадгалдаг.

-Та СУИС-д тайзны ярианы багш, хэл ярианы техник хичээлийг оюутнуудад заадаг, ажил мэргэжлийнхээ тухай ярина уу?

-Урлагийн хүмүүсийн хувьд үргэлж, олны өмнө, тайзан ил дээр байдаг. Хэл ярианы хөгжилтэй, чадвартай байх нь нэн тэргүүний шаардлага. Мөн кинонд дуу оруулах хичээлийг оюутнуудад зааж байгаа. Дуучид, жүжигчдийн хэл яриаг дасгалжуулах, төгөлдөржүүлэх хамгийн чухал байдаг. Хэл яриа гэдэг харилцааны хэрэглүүр учир бүхий л хүнд ярих зайлшгүй шаардлага гардаг. Хүнд болгон л ярих урлагт суралцах нь чухал байгаа юм.

-Хэл яриагаа хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах хэрэгтэй юм бол?

-Хүн хэчнээн мундаг боловсролтой, мэдлэгтэй, чадвартай байлаа гэхэд тэр бүхнээ илэрхийлж ярьж чадахгүй бол учир дутагдалтай. Олон нийтийн өмнө гарахаар сандраад, хамаг юмаа мартчихаад байна, айдсаа яаж давах вэ гэж хүмүүс асуудаг. Ярина гэдэг бол маш том урлаг юм. Өнөөдрийн нийгэмд энэ урлагийг эзэмшсэн байх шаардлага тулгарч байна. Ялангуяа хүмүүстэй харилцдаг ажил хийж байгаа хүмүүст даан ялангуяа компаний захирал ажилчидтайгаа хэрхэн харьцах вэ, өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ гэдэг тал дээр ганцаарчилсан сургалт авдаг. Энэ үүднээсээ миний бие “Ярих урлагийн төв”-ийг нээн ажиллуулж байгаа. Хүүхдүүдийнхээ хэл яриаг хөгжүүлэх тал дээр эцэг эхчүүд хандаж байна. Тэр ч бүү хэл парламентын хэл яриа гэж байдаг. Сүүлийн үед монгол хэл устах гээд байна л гэдэг. Гэтэл бид өөрсдөө хэлээ мөхөөж байна. Жишээлбэл цахим орчинд латин галигаар товчилсон хэлбэрээр бичээд байгаа нь дуудлага зүйд өөрчлөлт, хэлний зүйд гажилт оруулж байна. Хаа ч кириллээр бүрэн гүйцэт, зөв бичиж, дуудаж, ярьж хэлж дадаж хэвшмээр байна. Энэ нь хүүхэд залууст үлгэр дуурайл болно шүү дээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(105.112.56.232) 2019 оны 07 сарын 04

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
DR. PRADHAN(105.112.56.232) 2019 оны 07 сарын 04

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
matilda(197.234.221.244) 2019 оны 07 сарын 01

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top