Ким Жон Ун: Улс төрийн тогтолцоогоо хадгалах нь хориг арга хэмжээг цуцлахаас чухал

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үеэр тус улсын төрийн тогтолцоог хадгалж авч үлдэх нь эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулахаас илүү чухал хэмээн мэдэгдэж байсан тухай өнөөдөр /2019.07.10/ Японы “Ёмиури” сонинд мэдээлжээ.

Хойд Солонгосын улс төрийн тогтолцооны аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал асуудал юм гэж Ким Жон Ун мэдэгдсэн байна. Түүнээс гадна Ким Жон Ун  эл уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар Вашингтонтой хийж буй яриа хэлэлцээг хэвийн болгохын төлөө буйгаа илэрхийлсэн бөгөөд хэрэв АНУ БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлого явуулахаа зогсоож, БНАСАУ-ын төрийн тогтолцоог хүлээн зөвшөөрвөл БНАСАУ цөмийн зэвсэгтэй байх шаардлагагүй хэмээн онцолсон гэнэ.

Ши Жиньпин Пёньяны энэ байр суурийг дэмжиж, Хятад улс БНАСАУ-ын эрх баригчдыг цэргийн эсвэл хөндлөнгийн оролцоотой солихын эсрэг байр суурьтай байна гэж онцолжээ.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Вьетнамын Ханой хотноо болсон Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын тал өөрийнх нь эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг бүрэн цуцлах шаардлага тавьсан нь хоёр талын яриа хэлэлцээг мухардмал байдалд оруулаад байна. Гэтэл АНУ-ын тэргүүнтэй хоёр Солонгосын хил дээр хийсэн уулзалт дээр Ким Жон Ун яриа хэлэлцээний стратегийг өөрчилж, БНАСАУ-ын улс төрийн тогтолцоог хадгалах асуудлыг чухалчилж байжээ гэж “Ёмиури” сонин онцолсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top