Д.Энхбат: У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх засгийн алдаатай шийдвэрийг засах ёстой

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-аас Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ба энэхүү үйл ажиллагаанд Эрс шинэчлэл хөдөлгөөн нэгдэж Тост, Тосон бумбын нурууг хамгаалах ажилд хамтран оролцож байгаа юм. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Д.Энхбаттай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тост, Тосон бумбыг тойрсон асуудал сүүлийн арваад жилийн турш яригдаж байна. Ер нь яагаад Тост, Тосон бумбын нурууг хамгаалах ёстой юм бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Тост, Тосон бумбын нуруу гэдэг байгалийн онцгой тогтоц маань Монгол Алтайн нурууны үргэлжлэл Говь Алтайн нурууны төгсгөл уулсын ай сав газар. Ер нь энэ яригдаж байгаа ай сав нь маш том экосистем юм. Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийн хамгийн нягтаршил ихтэй газар, Мөн энэ газарт улаан номд орсон эмийн ургамал, ховор ан амьтад, шавж байдаг гэдгийг тогтоосон. Түүнчлэн сав газрын дор цэвэр усны маш том усан сан бий. Харамсалтай нь хоёр улсын хилийн заагаар хязгаарлагдаад байгаа. Хятад улсын нутаг дэвсгэр хилийн цаад талд байгаа наашаа тэжээгддэг усны ай сав газрыг аж ахуйн зориулалтаар цөөрөм бий болгоод, манай наашаа газар доогуур орж ирэх усны тэжээл хаагдсан. Тэгэхээр одоо бол ганцхан Тостын нуруу талаасаа л энэ ай сав газар тэжээгдэж байгаа юм. Гэтэл тэжээл өгч байгаа усан сангийн дээд талд уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар тэр баянбүрдүүд ширгэх, дэлхийд нэн ховор тооройн төгөл устаж байгаа. Энэ бүгдээс үзэхэд Тостын нурууг хамгаалах зайлшгүй шаардлага гарсан юм.

Ингээд ард иргэдийн санал хүсэлтийн дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллага ажиллаж эхэлж. 2005 оноос эхлээд энэ газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээт газарт багтааж уул уурхайн нөлөөллөөс хамгаалах ажлуудыг хийж, Гурвантэс сумын өөрөө удирдах байгууллага хуулийн дагуу шийдвэр гаргаж явж байжээ.

-Өнөөдөр маргаан дагуулаад байгаа энэ газар нутагт уул уурхайн лиценз анх хэрхэн яаж олгогдсон байдаг юм бэ?

-Уул уурхайн лицензийг анх “Айвонхое майнз” компани авсан байдаг. Тухайн үедээ Өмнөговь аймгийн хэмжээнд гэхэд 220 гаруй лиценз эзэмшдэг байсан. Өмнөговь аймгийн газар нутгийн 50 хувийг шахуу энэ компани авсан байсан түүхтэй. Өнөөдрийн энэ маргаан дагуулаад байгаа газарт 11187 гэсэн дугаартай хайгуулын лицензийг мөн л “Айвонхоу майнз” компани 2003 онд авсан байсан. Үүнтэй зэрэгцээд уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдэх нь ойлгомжтой болоод ирэхээр нь нутгийн иргэд санал санаачилга гаргаад нутгийн өөрөө удирдах зөвлөлөөс Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэрүүдийг 2005, 2010, 2012, 2013, 2014 онуудад гаргаж ирсэн.

Мөн Урт нэртэй хуулийн хүрээнд усны заалтын бүс, ойжуулалтын бүс гэх мэтээр янз бүрийн аргаар энэ газар нутгийг хамгаалалтад авсан. Гэтэл нөгөө талд байгаа асар их хөрөнгө мөнгөтэй  уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагыг үл тоомсорлож байсан. Тэгэхээр нь дээд шатны удирдлагын байгууллага буюу аймгийн ИТХ-д хандсан. Ингээд аймгийн зүгээс хамгаалалтад авсан ч мөн л уурхайнхан тоогоогүй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд хүчгүйдэж байгаа юм. Нарийнсухайтын ордод уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа бүхий л компаниудын лиценз “Айвонхоу майнз”-аас эхтэй. Тэднээс худалдаж авсан байдаг. Үүний нэгэн адилаар “Айвонхоу майнз”-ын охин компани болох “Сауд гоби сэндс” компани мөн Тост, Тосон бумбын нуруунд байх лицензийнхээ нэг хэсгийг Б.Чойжилсүрэнд худалдсан байдаг.

-Тэгэхээр энэ лиценз 2011 оноос хойш Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнтэй холбогдож байна. Түүнээс хойш юу болсон юм бэ?

-Ингээд 2005, 2011 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Тост, Тосон бумбын нурууны асуудал хөндөгдөж эхэлсэн. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрийн гэсэн эрхүүдтэй. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах нь хуулиар олгогдсон эрх юм. Энэ эрхийнхээ дагуу шийдвэр гаргадаг. Гэтэл  уул уурхайн компаниуд шүүхэд ханддаг. Шүүхийн баримтуудаас харахаар, “Айвонхоу майнз” компани, “Рио Тинто” компаниудтай хамаатай хэргүүд Захиргааны хэргийн шүүхэд очихоор шүүгч н.Хажидмаа гэдэг хүн дээр очоод л шууд дуусдаг. Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын хуулийн дагуу гаргасан  шийдвэрүүдийг  Захиргааны хэргийн шүүх бүгдийг унагадаг. 2015 он гэхэд үндсэндээ гурван шатны шүүхийн шийдвэрээр орон нутгийн удирдлагууд ялагдсан. Ингээд шүүхийн шийдвэрээр уул уурхайн үйлдвэрлэлийн ажил явах болсон.

-Тостын нуруунд уурхайн ажил явуулж байгаа “Сауд гоби коэл транс” компанитай Худалдаа хөгжлийн банк хэрхэн холбогддог юм бол. “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр энэ асуудалд хамт яригдах болсон шүү дээ?

-2011 оны зургаадугаар сард “Сауд гоби коэл транс”  компани 60 гаруй мянган га газрыг хамарсан хайгуулын лиценз худалдан авсан байдаг. Үүнээс нэг сарын дараа буюу долоодугаар сарын 22-нд дээрх хайгуулын лицензийг Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж нэг сая ам.долларын зээл авсан байдаг. Мөн оны наймдугаар сард зургаан сая ам.долларын зээл болгосон. Ингэж явсаар байгаад 2012 онд гэхэд нийт 12 сая ам.долларын зээлийг тус банкнаас авсан. Өөрөөр хэлбэл энэ банкны барьцаанд орж байна гэсэн үг шүү дээ. Дараа нь 37 мянга гаруй газрыг ашиглалтын лиценз болгож авсан. Ингээд барьцааны гэрээнүүдийг шинэчлэх замаар лицензтэй холбоотой судалгааны материалууд, компанийн үл хөдлөх хөдлөх хөрөнгөнүүд болон  энэ уурхайгаас гарах үр дүн, ашгийг барьцаалсан. Ингэж явсаар байгаад Худалдаа хөгжлийн банктай хамаарал бүхий этгээдэд “Сауд гоби коэл транс” компанийн тавин хувь шилжсэнээр Б.Чойжилсүрэн, Д.Эрдэнэбилэг нар холбогддог.

-Энэ үед байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдсан санагдаж байна. Түүнээс хойш Тосон бумбын нуруунд юу болж байгаа талаар олон нийт илүү мэддэг болсон байх?

-Яг энэ үед буюу 2015 оны намар Тост, Тосон бумбын нуруунд нутаглаж байгаа нэн ховор ан амьтдыг хамгаалахаар ажиллаж байсан “Ирвэс хамгаалах сан”-ийн байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амь насаа учир битүүлгээр алдсан. Одоо хүртэл энэ харамсалтай хэргийн талаар тодорхой мэдээлэл байхгүй. Үүнээс хойш л Тостын нурууны асуудал олны анхааралд орж ирсэн. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ залуу өөрийн амиараа Тост, Тосон бумбын нурууг хамгаалж, асуудлыг дахин босгож ирсэн юм. Хэрвээ энэ залуу тийм байдлаар амь үрэгдээгүй бол Тост, Тосон бумбын нурууны асуудал мухардах байсан байх гэж хардаг. Тэнд болж байгаа зүйлсийн бодит байдлыг олон нийт мэдэхгүй өнгөрөх байсан гэж бодогддог. Ингэж асуудал дахин гарч ирж байж УИХ энэ тал дээр анхаарч эхэлсэн.

Яг л мартсан зүйлээ санасан хүн шиг эргэж харсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах талаар маш олон удаагийн хүсэлтийг нутгийн удирдлагуудаас илгээсэн, шат шатандаа шийдвэр гаргасан байсан. Үүнийг УИХ нээрээ юу билээ гээд эргэж харсан. Ингээд 2016 оноос эхлээд орон нутгийн иргэд, өөрөө удирдах байгууллага болон засаг дарга нарын саналыг УИХ харж, мөн оныхоо дөрөвдүгээр сард Өмнөговь аймаг, Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг баталсан байдаг.

-Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан ч хилийн цэс тогтоох асуудалд Засгийн газар алдаа гаргасан гэгдэж байгаа шүү дээ?

-Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахдаа байгалийн нөөц газар гэсэн ангиллаар авсан. Байгалийн нөөц газар гэсэн ангиллаар авахад Засгийн газар тусгай хамгаалалттай газрын хилийн зааг хязгаарыг тогтооно гэсэн хуулийн заалттай. Ингэхдээ тухайн асуудлыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны яамны саналыг тусгах ёстой. Энэ саналд “Ирвэс хамгаалах сан”, олон улсын судалгааны байгууллага, орон нутгийн ард иргэдийн санал, нутгийн өөрөө удирдах байгууллагын судалгаа, дүгнэлт зэргийг үндэслээд нийт 896 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэдэг санал хүргүүлсэн.

Засгийн газар тусгай хамгаалалтад авах гэж байгаа газрын хилийн заагийг тогтооход гол асуудлыг хариуцаж байгаа Байгаль орчны яамны санал маш чухал зүйл. Харамсалтай нь тухайн жил сонгуулийн жил таарсан учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газар хилийнхээ цэсийг тогтоож амжаагүй. Ингээд засгийн газар солигдоод Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирсэн. Байгаль орчны сайд нь Д.Оюунхорол байсан. Сангийн сайд нь Б.Чойжилсүрэн. Энэ гурав ямар хэлэлцээ хийсэн байгаа юм. Ямартай ч УИХ-аас тусгай хамгаалалтад зайлшгүй авах ёстой гэж тогтоосон 896 мянган га газрын хилийн заагийг тогтоохдоо 153 мянган га газрыг хамгаалалтаас гадуур үлдээж тогтоосон. Яг энэ тусгай хамгаалалтаас гадна үлдсэн 153 мянган га газарт тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн лицензтэй талбай үлдсэн байдаг.

-Иргэдийн зүгээс энэ хугацаанд багагүй тэмцсэн. “Сауд гоби коэл транс” компанийг анхнаасаа хууль бус ажиллагаа явуулсан гэж үздэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ үед орон нутгийн иргэд зүгээр суугаагүй. Шат шатны шүүхэд хандаж байсан. Гэвч иргэд шүүх очоод дандаа ялагдчихдаг. Мэргэжлийн байгууллага, судлаачийн хийсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байх ёстой. Энэ үнэлгээг бүх нийтийн хурлаар хэлэлцүүлж, багийн иргэд дэмжсэн тохиолдолд шат шатны хурлаар хэлэлцэж байж дээшээ очих ёстой хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээг иргэдэд танилцуулаагүй, багийн хурлын баримт бичгийг хуурамчаар үйлдэж анхнаасаа хууль зөрчиж ирсэн. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаагүй гэдгийг аймгийн прокурорын газраас нотолсон боловч  хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг тайлбарыг өгдөг. Үүнээс юу харагдаж байна гэхээр анхан шатны баримт бичгээс эхлээд хууль зөрчиж ирсэн юм.

-Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах нь цаг хугацааны асуудал болоод байна. Тэгэхээр бид одоо шийдвэр гаргагчдаас яг ямар гарц гаргалгаа шаардах ёстой юм бэ?

-Засгийн газар бол хууль тогтоогч байгууллага буюу УИХ-ын тогтоол шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй субъект. Гэтэл УИХ-аас гаргасан Тост, Тосон бумбын нурууны газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг биелүүлэхдээ хэмжээг хасаж уурхайн лицензтэй газрыг тусгай хамгаалалтаас гадна үлдээсэн. Энэ бол ашиг сонирхлын үүднээс гаргасан маш том алдаа. Үүнийг хэн засах ёстой вэ гэхээр Засгийн газар өөрөө. Буруутай алдаатай шийдвэрээ Засгийн газар засаж, залруулах ёстой.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Хүрэлбаатар (128.127.104.97) 2019 оны 07 сарын 29

хаха энэ ярилцлага өгч байгаа хүн бол үнэхээр худлаа поп шүү энд тэнд л ямар сенсааци дэгдэнэ тэнд гүйж явдаг нөхөр байгаа юм !

1  |  0
Nandagdulam(85.204.124.176) 2019 оны 07 сарын 29

Ene yriltslaga ogood baigaa hun hen geech ve haanaas yunas genet garaad irsen hun be er medehgui humuus gev genet haa negteges garch ireed l dovchignoh ym mongo l oloh zorilgoto ywdag baihdaa hoorhiis

1  |  0
Surenjav(194.99.105.210) 2019 оны 07 сарын 30

Choijilsurentei hamaagui gesen shuu oor huniih ym bilee

2  |  1
Top