Б.Дэжид: Уурхайн талбайд археологийн ховор олдворууд бий

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Тостын нурууг улсын тусгай хамгаалалтад авахдаа “Сауд гоби коэл транс” компанийн лицензтэй талбайг хамгаалалтын гадна үлдээснээр уурхайн ажил эхэлсэн. Ингэхдээ уурхайн зөвшөөрөл анхнаасаа хууль бусаар олгогдсон гэдгийг иргэд хэлж байна. Энэ талаар Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Урт багийн иргэн Гурвантэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжидтэй ярилцлаа.


-Тостын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” компани хууль бусаар ажиллаж байгаа тухай асуудал яригдаж байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Энэ компанийн хууль бус үйлдлүүд хайгуулын лицензээс эхлээд яригддаг. Анх “Айвонхоy майнз” компани лиценз аваад “Саусгоби сэндс” гээд охин компани байгуулаад Гурвантэс суманд байх бүх лицензээ өгсөн. Тэднийд энэ лиценз байж байгаад хугацаа нь дуусаад хоёр жил болсны дараа Ашигт малтмалын газарт хоёр сая төгрөг төлж байгаад лицензийнхээ хугацааг сунгуулаад дараа нь “Сауд гоби коэл транс” компанид зарсан байдаг. Энэ нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр нотлогддог. Энэ бүх зүйл бол баримтад тулгуурласан мэдээлэл. Ямар нэг зүйлийг нотлох баримтгүйгээр ярьж болохгүй шүү дээ.

-Ашигт малтмалын газарт хоёр сая төгрөг өгч сунгуулсан гэлээ. Энэ үйлдэл нь хууль бус гэсэн үг үү?

-Тийм. Тэдний лицензийн хугацаа дуусаад хоёр жил болж байхад нь Ашигт малтмалын газраас “ямар нэгэн илүү үйлчилгээ авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөөд авч болно” гэсэн журам гаргасан. Ийм журам гарангуут хугацаа нь дууссан лиценз дээр ашиглаад хоёр сая төгрөг төлөөд авчихсан байдаг. Тэгэхээр энэ лицензийн хугацаа аль хоёр жилийн өмнө дууссан байсан учраас энэ журамд хамаагүй байхгүй юу. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.

-Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тогтоолууд гарч байсан. Энэ шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа юу?

-Ингээд хайгуулаар хамгийн анх хууль зөрчсөн нь нотлогддог. Миний хувьд 2012 онд Гурвантэс сумын ИТХ-ын даргаар сонгогдоод энэ асуудлаар идэвхтэй ажиллаж эхэлсэн. 2010 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Үүнийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах эрх нь тэргүүлэгчдийн биш хуралдаанд байдаг учраас дараа нь Ашигт малтмалын газраас хуульд нийцүүлж хуралдааны бүрэн эрхийг тэргүүлэгчид хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр Тостын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хаслаа гэдэг мэдэгдэл 2014 онд ирсэн. Түүний дагуу 2014 оны дөрөвдүгээр сард ээлжит бус хуралдаан зарласан. Гэтэл Тост, тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай хуралдах байсан боловч хэлэлцэх асуудлыг хойшлуулж МАН-аас Б.Дэжидийг ажлаас халах тухай санал оруулж ирсэн. Тэр өдөр намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Гэсэн ч чадах чинээгээрээ хэлэлцэж байгаад Тост, Тосон бумбыг тусгай хэрэгцээнд авах тогтоолоо гаргуулж чадсан. Үүний дараа би шүүхэд хандаад хууль бусаар халагдсан нь тогтоогдож эргээд хагас жилийн дараа ажилдаа орсон. Эргээд “Сауд гоби коэл транс” компани шүүхдээд Дээд шүүх дээр энэ тогтоолыг хүчин төгөлдөр авч үлдсэн.

-Байгаль орчны үнэлгээ хийгдээгүй гэсэн мэдээлэл байдаг. Энэ талаар?

-Ашиглалтын лиценз авахад байгаль орчны ерөнхий үнэлгээ батлагдах ёстой. Ерөнхий үнэлгээ батлагдаж байж ашиглалтын лиценз авах ёстой. Ерөнхий үнэлгээ батлагдаж байж сумын засаг дарга нь Байгаль орчны яаманд энэ төслийг дэмжиж байна гэсэн албан бичиг хүргүүлж байж батлагдах ёстой. Гэвч сумын Засаг даргаас тийм бичиг явуулаагүй. Харин уурхайд явуулсан бичгийг яам хүлээж аваад ерөнхий үнэлгээг нь батлуулчихсан. Тэгэхээр байгаль орчны яам өөрт нь хаягласан албан бичгийг үндэслэж үнэлгээ батлах ёстой болохоос сум болон компани хоорондын харилцсан бичгийг үндэслэсэн нь хууль бус үйлдэл байдаг.

-Нарийвчилсан үнэлгээний тухайд? Хуурамч тогтоол үйлдсэн нь батлагдсан байдаг шүү дээ?

-2017 оны гуравдугаар сарын 29-нд хуралдсан мэтээр хуурамч тогтоол үйлдсэн. Тэр битгий хэл нас барсан хүний нэрийг оролцуулаад хуурамчаар үйлдэж цаашаа яам руу хүргэсэн байсан. Энэ хуурамч баримт бичгийг үндэслээд мөн Байгаль орчны яам нарийвчилсан үнэлгээг баталчихсан байсан. Энэ тогтоолын тухай мэдээд Гурвантэс сумын цагдаагийн тасагт мэдэгдсэн. Ийм хурал болоогүй хуурамч гэдгийг тогтоож өгнө үү гээд цагдаад хандсан. Гэтэл өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард цагдаагийн тасгийн байцаагчтай тааралдаад юу болсон тухай асуухад, тэр хэрэг хаагдсан, хэрэгсэхгүй болсон гэж хэлсэн. Тэгээд хэл ам хийсэн. Цаашаагаа дамжуулсан болов уу, 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр надад бичиг ирүүлсэн. Гэтэл хэргийг аль 2018 оны зургаадугаар сард шийдчихсэн, прокуророос Тост багийн Засаг дарга хурлын тогтоолыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдлоо гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Одоо хүртэл энэ засаг дарга ажлаа хийсээр л байгаа. Монголын төр, хууль, цагдаа яаж ажиллаж байгааг мэдэхгүй юм.

-Хуурамч тогтоол үндэслэн үнэлгээ гаргасан тухай яаманд гомдол санал гаргах боломж байхгүй юу?

-Прокуророос ирүүлсэн тогтоолыг Байгаль орчны яаманд хүргүүлсэн боловч мэргэжилтэн н.Энхбат гэдэг хүн “Хуурамч тогтоол хийсэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэсэн байна, бид хүлээж авахгүй” гэх хариу өгсөн. Байгаль орчны яамны ажил Байгаль орчны тухай хуулийг үндэслэж үйл ажиллагаа явуулах ёстой болохоос эрүүгийн хууль ямар хамаатай юм бэ. Н.Галаахүүд эрүү үүсгэх боломжгүй гэсэн болохоос тогтоол нь хуурамч гэдгийг нотолсон байна шүү дээ. Тэгээд ИТХ-ын төлөөлөгчийнхөө хувиар иргэдийн нийтийн хурлыг хуралдуулъя, өмнөх хурлын тогтоолыг хүчингүй болгоё гэсэн боловч засаг дарга нь ч тэр, ИТХ-ын дарга ч тэр хөдлөхгүй байгаа юм. Яагаад энэ хүмүүс хөдлөхгүй байгаа юм.

-Одоо цаашид яах вэ. Танд ямар гарц гаргалгаа байна вэ?

-Засгийн газар Тост, Тосон бумбыг тусгай хамгаалалтад авсан хилийн заагийг өөрчлөх л хэрэгтэй. УИХ-ын тогтоолд зааснаар яг тэр хэмжээгээр нь хамгаалалтад авчих л юм бол болно. Тэгээд Засгийн газар тэнд байгаа эзэмшигч компаниудыг хохиролгүй болгох ёстой. Тэр нь Засгийн газрын үүрэг шүү дээ.

Нөгөө талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудыг төрдөө буцааж авна” гэж хэлж байсан. Тэгвэл “Сауд гоби коэл транс” компанийн энэ газарт мөн л 1951, 1952 онуудад улсын төсвөөр хайгуул хийж тогтоож байсан. Тэгэхээр энэ ордыг эргүүлэн авах эрх нь төрд байгаа шүү дээ.

Энд онцлоход, улсын төсвөөр хайгуул хийх явцад энэ газарт археологийн маш үнэтэй ховор олдворууд бий гэдгийг тогтоосон байдаг. Энэ мэдээллийг улсын мэдээллийн сангаас хасуулсан байсан. Тэгэхээр нь археологийн сангаас энэ мэдээллийг бид дахиад гаргаж ирсэн.

-Археологийн хайгуул хийлгээгүй ашиглалтын лиценз авсан гэдэг нь баримтаар нотлогддог уу. Үүнийг мөн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж болох уу?

-Ер нь уурхай ашиглалтын лиценз авахдаа тухайн газарт археологийн хайгуул заавал хийлгэж байж авах ёстой байдаг. Хэрвээ археологийн олдвор байх юм бол энэ хэсгийг лицензтэй талбайгаас хасах хүртэл зохицуулалт хийдэг. Гэтэл эд нар археологийн хайгуул хийгээгүй. Хийгээгүй гэдэг баримтыг Боловсролын яамнаас бичгийг авсан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд “Археологийн хайгуул хийгээгүй тохиолдолд газрын зөвшөөрлийг цуцална” гэсэн заалт бий. Тиймээс энэ компани археологийн хайгуул хийгээгүй байна, тиймээс энэ газарт акт тавих хэрэгтэй гээд сумын мэргэжлийн хяналтын газарт очихоор Байгаль орчны байцаагчид хэдэн эрдэмтний дүгнэлт үзүүлээд ашиглалтаа авчихсан байгаа юм. Эрдэмтний дүгнэлт нь “Сауд гоби коэл транс”-ын ам нээх газар нь археологийн олдвороос зайтай учраас харшлах нөлөөгүй гэсэн байгаа юм. Тэгэхээр яамны бичиг хүчин төгөлдөр үү, эрдэмтэн гээд байгаа хүний бичиг хүчин төгөлдөр үү гэдэгт бас л хууль дүрэм зөрчигдсөн асуудал яригдах юм. Байгаль орчны яам Уул уурхайн яам шиг ажиллаж болохгүй юм.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.45.131) 2019 оны 08 сарын 07

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  1
Өма(202.21.108.112) 2019 оны 08 сарын 07

Амьдарч чадахаа байсан шантааж хийдэг авгай нарын нэг байна

0  |  2
Top