Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо өчигдөр “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг боллоо. Тост, Тосон бумбын нуруу, сав газрыг хамгаалж дуугарах бат ноттой үндэслэлүүд бийг оролцогчид хэлж байв. Өнгөрсөн жилүүдэд нийгмийн анхаарлын төвд байж ирсэн Тост, Тосон бумбын асуудлаар талууд нэг дор чуулж, хэлэлцэж буй нь шийдэл хайсан алхам болж буйг тодотгоё. Орон нутгаас тусгай хамгаалалтад авч байсан газарт өдгөө олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Сауд Гоби Коал Транс”-ын Баянтэсийн уурхайн газар багтаж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлж байсан. Тэгвэл иргэн Х.Түмэндэлгэр “Тогтвортой хөгжил гэдэг бол тогтвортой байгаль орчин” гэсэн юм. Ингээд хэлэлцүүлэгт оролцогчдын байр сууриас хүргэе.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР:
УСНЫ ХОМСДОЛ, МАЛЫН БЭЛЧЭЭР, ТООСЖИЛТ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛСОН
-Манай аймаг газар нутгаа гурван бүсэд хуваадаг. Нутгийн 8.8 хувь нь тусгай хэрэгцээнд байдаг. Нийт нутаг дэвсгэрийн 3.3 хувийг ашиглалтын лицензтэй газар эзэлдэг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын 99 зөвшөөрөл бий. Сүүлийн жилд орон нутгаас ашиглалтын лиценз нэмж олгохгүй байх бодлого барьж ажилласан. Жил ирэх тусам тодорхой хэмжээгээр буурч байгаа гэж ойлгож болно. Өмнөговь аймаг стратегийн орд газарт найман компани үйл ажиллагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газрын өнөөгийн байдал хүнд. Нийт газар нутгийн 66.8 хувь нь тусгай хамгаалалттай газар нутгийг эзэлж байна. Их хэмжээний газрыг 2015 онд тусгай хамгаалалтад авсан байдаг. Нийт 22.2 хувь тусгай хамгаалалтад авсан” гэдгийг илтгэлдээ онцоллоо. Түүнчлэн “Уул уурхайтай холбоотойгоор усны асуудал тулгамдаж байна. Малын бэлчээр, тоосжилтын асуудал хүнд байна. Улмаар орон нутгийн иргэдийн хооронд гарч байгаа янз бүрийн маргаан их бэрхшээлтэй байдаг. Уул уурхайн усны хэрэглээгээр хамгийн их ус хэрэглэдэг уурхай бол Оюутолгой, Энержи ресурс. Уул уурхайг дагасан тээвэрлэлтээс тоосжилт бий болж байна. Нөгөө талаасаа Улаанбаатар хотоос уурхайд руу чиглэсэн тээвэрлэлтээс үүдэж тоосжилт бий болж байна гэхэд болно. Стратегийн ач холбогдолтой уурхайд аймагтай гэрээ байгуулдаг. Бусад нь орон нутагтайгаа гэрээ байгуулдаг. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг аймаг, сумдад нь төвлөрүүлэх чиглэлд ажиллаж байна. Өнөөдөр ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг орон нутгаас олгохгүй байна. Харин хайгуулын зөвшөөрлийг орон нутгаас авч байна” гэв. Мөн тэрбээр “Тост, тосон бумбын нурууны 568 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах хүсэлтийг Засгийн газарт 2011 онд уламжилж байсан. Мөн 2014 онд бэлчээр ховордсон гэх шалтгаанаар бүхэлд нь тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж байсан. Орон нутгаас тусгай хамгаалалтад авсан байдаг. Одоогийн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд Гоби Коал Транс”-ын Баянтэсийн уурхайн газар багтаж байгаа юм. Харин Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор “Сауд Гоби Коал Транс” компанийн газрыг багтаагаагүй байдаг.
“ЭРС ШИНЭЧЛЭЛ ХӨДӨЛГӨӨН”-ИЙ ТЭРГҮҮН Д.ЭНХБАТ:
“САУД ГОБИ КОАЛ ТРАНС”-ЫН ХУВЬЦААНЫ 50 ХУВЬ НЬ Б.ЧОЙЖИЛСҮРЭНД БАЙГАА
-Тост, Тосон бумбын нурууг хамгаалах нь зөвхөн миний болон манай хөдөлгөөний санаа биш. Олон улсын байгууллагын судалгаа, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачид, Ирвэс хамгаалах байгууллагын судалгаанд үндэслэсэн үйл ажиллагаа юм. Тост, Тосон бумбын нуруу бол баянбүрдтэй, цоохор ирвэс, хулан, аргаль хонь зэрэг ховордсон амьтадтай нутаг. Дэлхийд улам бүр цөөрсөөр байгаа цоохор ирвэсийн нягтаршил хамгийн өндөртэй цэг нь Тост, тосон бумбын нуруу гэдгийг судлаачид тогтоосон. Цоохор ирвэс амьдарч, орших хамгийн тохиромжтой газар гэж Ирвэс хамгаалах байгууллага үзэж байгаа.
Сум орон нутгийн иргэд Тост, Тосон бумбын нурууг уул уурхайн үйлдвэрлэлээс ангид авч үлдэхийн тулд олон жил тэмцсэн. Хуулийн дагуу тэмцсэн. Орон нутгийн байгууллагууд өөрийн эрх хэмжээний хүрээнд тус газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч ирсэн. Аймгийн ИТХ-ын тогтоол 2005 онд гарч байсан. 2010 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарсан байдаг. Улсын тусгай хамгаалалтад оруулахын тулд орон нутгийн зүгээс хуулийн дагуу Засгийн газарт уламжилсан. Үе дамжсан байгаль хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амиа алдсанаар Тост, Тосон бумбын асуудал нийгмийн анхаарлыг татсан. УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүдийн хүчин чармайлтаар Ажлын хэсэг байгуулагдаж, судлаачдыг татан оролцуулснаар улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоол 2016 онд батлагдсан.“Сауд гоби коал транс”-ын хувьцааны 50 хувь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд байгаа. Байгаль орчноо устгуулан барин дахин нэг уурхай ажиллуулах шаардлага Гурвантэс сумынханд байхгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД: ХУУЛИА ӨӨРЧИЛЖ БАЙЖ ТУЛГАМДСАН ОЛОН АСУУДЛАА ШИЙДНЭ
-Говь нутагтаа тулгамдаж байгаа асуудлыг олуулаа цуглан хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд өнгөрсөн оныг тодорхой чиглэлд ажиллалаа. Уул уурхайг хариуцлагатай болгох чиглэлд холбогдох хуулийн байгууллагатай хамтарч ажиллалаа. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхээр тодорхой хүрээнд ажиллаж үзсэн. Өнөөдөр аж ахуйн нэгж болон иргэдийн хооронд асуудал их байна. Усны хомсдол, хөрсний тоосжилт, хууль бус уул уурхайн үйл ажиллагаа хэрээс хэтэрчихсэн байна. Энд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл их байна. Энэ хууль бус үйлдлийг хэн хийдэг вэ гэвэл төрийн өндөр албан тушаалтнууд л хийдэг.
Тиймээс эдгээр асуудлын хүрээнд ажиллах нь зөв гэж хувьдаа харж байгаа юм. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд хамгийн эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм. Дараа нь Усны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай. Ингэж байж иргэд болон аж ахуйн нэгж хоорондын үүсээд байгаа маргаантай асуудалд цэг тавина. Нөгөө талдаа усны хомсдол, бэлчээрийн хомсдол, тоосжилт зэрэг олон асуудлаа шийднэ. Энэ хүрээнд гишүүнийхээ хувьд ажиллаж байна гэж ойлгож болно.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ А.АТАР:
“САУД ГОБИ КОАЛ ТРАНС”-ЫН ПАЛЕОНТОЛОГИЙН СУДАЛГАА ТАЙЛАН ЗЭРЭГ НЬ УЛСЫН БҮРТГЭЛД ОРООГҮЙ БАЙДАГ
-Гурвантэс суманд 2019 оны зургаадугаар сарын байдлаар 35 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 28 нь ашиглалтын зөвшөөрөл юм. Аймгийн хэмжээнд 40 гаруй ашиглалтын лиценз бийгийн 28 нь Гурвантэс суманд байгаа.
“Сауд гоби коал транс” компанийн тухай энд ярьж буй учраас байгаль орчны байцаагчийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаан дахь тус компанийн зөрчил, дутагдлын талаар мэдээлэл өгье. “Сауд гоби коал транс” компани 2017 оны нэгдүгээр сард үйл ажиллагаа явуулахаар кемпээ барьж эхэлсэн. Тухайн үед миний бие иргэдийн мэдээллийн дагуу гуравдугаар сард газар дээр нь очиж компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар, акт тавьж зогсоосон байдаг. Дөрвөн заалт бүхий үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон. Үйл ажиллагаа жил шахуу хугацаанд явагдаагүй. Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд тавьсан актын дагуу компани холбогдох зөрчлөө барагдуулсан учраас үйл ажиллагааг нь сэргээх тухай албан тоот орон нутагт ирснээр компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Байгаль орчны байцаагчийн хувьд хэлэхэд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй бүрдүүлэх 30 гаруй баримт бичгийн жагсаалт байдаг. Эдгээр баримт бичгийн хүрээнд хяналт тавихад тодорхой хэмжээнд бүрдүүлчихсэн байдаг.
Холбогдох баримт бичгийг хэрхэн яаж ямар замаар авсныг би мэдэхгүй. Миний зүгээс Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээний тухай хууль зэрэг хуулиудын зарим заалтыг тодотгох, хуулийг чангатгах хэрэгтэй болов уу гэж бодож явдаг. 2017 оноос хойш тухайн компанид төлөвлөгөөт хяналт шалгалтыг удаа удаа хийсэн. Хоёр жилийн хугацаанд 30 гаруй сая төгрөгийн торгууль эрх хэмжээний хүрээнд тогтоосон. Үйл ажиллагааг нь зогсоох хууль эрх зүйн өөр зохицуулалт байхгүй учраас яаж ч чадахгүй явж байдаг. Сая Б.Дэжид дарга хэлж байна. Хайгуулын ажлын судалгаа тайлан улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой гэж хэлж байна. Гэтэл газар дээрээ болохоор палеонтологийн судалгаа тайлан бичиг нь компани дээр байгаад байгаа хэрнээ цаанаа бүртгэлд ороогүй байдаг. Энэ ямар учиртай болохыг шалгаад явах хэрэгтэй байх.
ИРГЭН Х.ТҮМЭНДЭЛГЭР: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ГЭДЭГ БОЛ ТОГТВОРТОЙ БАЙГАЛЬ ОРЧИН
-Бид ямар нэг улс төрийн сонирхлоор энд ирээгүй. Говь нутгийг яагаад хамгаалах ёстой вэ гэдэг талаар хэлэх гэсэн юм. Би аялал жуулчлалын салбарт олон жил ажиллаж байна. Монголын говь дэлхийд танигдсан эко байдлаараа үлдэх үү, үгүй юу гэдгийг шийдэхийн тулд энд цугласан гэж ойлгож байгаа. Олон улсын байгууллагууд Монголын говийг судлаад тайлан гаргасныг би энд аваад ирсэн. Шийдвэр гаргагчид, уул уурхай эрхлэгчид уншиж үзэх ёстой. Тогтвортой хөгжил гэдэг бол тогтвортой байгаль орчин. Өмнөговь хөгжиж байгаа. Гэхдээ их үнээр, төлөөсөөр хөгжиж байгаа шүү. Дэлхийн олон эрдэмтэн судлаачид, хөхтөн амьтад, шувуу судлаачид надтай хамт ажилладаг юм.
Нутаг орны, байгаль орчинтой холбоотой асуудлыг засаг шийдлээ л гэж байна. Тэглээ гээд ямар болсон байна. Иргэдээсээ асуух ёстой байдаг юм. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргаж байж уул уурхайн компани ажиллах ёстой. Гэтэл багийн засаг дарга нь хуурамчаар бичиг баримт үйлдээд, тэрийг нь хуулийн байгууллага хуурамч гээд тогтоочихсон байна. Үүнийг авлига гэж харж байна.
ГУРВАНТЭС СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ДЭЖИД:
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУ ХҮНЭЭР ЖИШВЭЛ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛЧИХЛОО
-Надад эрх мэдэл, тамга байхгүй. Би нутаг орноо хамгаалахын төлөө л явдаг. Тост, Тосон бумбын нуруу хүнээр жишвэл хөгжлийн бэрхшээлтэй болчихоод байна. Тиймээс Засгийн газар үүнд анхаарал хандуулаасай. Тост, Тосон бумбыг бүхэлд нь хамгаалж авч үлдэх хэрэгтэй байна. “Сауд гоби коал транс” компани хуулийн дагуу ажиллаж байгаа бол би юм ярихгүй. “Сауд гоби коал транс” компанийн хууль бус үйлдлүүд хайгуулын лицензээс эхлээд яригддаг. Анх “Айвенхоy майнз” компани лиценз аваад “Саусгоби сэндс” гээд охин компани байгуулаад Гурвантэс суманд байх бүх лицензээ өгсөн. Тэднийд энэ лиценз байж байгаад хугацаа нь дуусаад хоёр жил болсны дараа Ашигт малтмалын газарт хоёр сая төгрөг төлж байгаад лицензийнхээ хугацааг сунгуулаад дараа нь “Сауд гоби коал транс” компанид зарсан байдаг. Энэ нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр нотлогддог. Энэ бүх зүйл бол баримтад тулгуурласан мэдээлэл. Ямар нэг зүйлийг нотлох баримтгүйгээр ярьж болохгүй шүү дээ. Тэдний лицензийн хугацаа дуусаад хоёр жил болж байхад нь Ашигт малтмалын газраас “ямар нэгэн илүү үйлчилгээ авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөөд авч болно” гэсэн журам гаргасан. Ийм журам гарангуут хугацаа нь дууссан лиценз дээр ашиглаад хоёр сая төгрөг төлөөд авчихсан байдаг.
Тэгэхээр энэ лицензийн хугацаа аль хоёр жилийн өмнө дууссан байсан учраас энэ журамд хамаагүй байхгүй юу. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Миний хувьд 2012 онд Гурвантэс сумын ИТХ-ын даргаар сонгогдоод энэ асуудлаар идэвхтэй ажиллаж эхэлсэн. 2010 онд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Үүнийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах эрх нь тэргүүлэгчдийн биш хуралдаанд байдаг учраас дараа нь Ашигт малтмалын газраас хуульд нийцүүлж хуралдааны бүрэн эрхийг тэргүүлэгчид хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр Тостын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хаслаа гэдэг мэдэгдэл 2014 онд ирсэн. Түүний дагуу 2014 оны дөрөвдүгээр сард ээлжит бус хуралдаан зарласан. Гэтэл Тост, тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай хуралдах байсан боловч хэлэлцэх асуудлыг хойшлуулж МАН-аас Б.Дэжидийг ажлаас халах тухай санал оруулж ирсэн. Тэр өдөр намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Гэсэн ч чадах чинээгээрээ хэлэлцэж байгаад Тост, Тосон бумбыг тусгай хэрэгцээнд авах тогтоолоо гаргуулж чадсан.
Үүний дараа би шүүхэд хандаад хууль бусаар халагдсан нь тогтоогдож эргээд хагас жилийн дараа ажилдаа орсон. Эргээд “Сауд гоби коал транс” компани шүүхдээд Дээд шүүх дээр энэ тогтоолыг хүчин төгөлдөр авч үлдсэн. Ашиглалтын лиценз авахад байгаль орчны ерөнхий үнэлгээ батлагдах ёстой. Ерөнхий үнэлгээ батлагдаж байж ашиглалтын лиценз авах ёстой. Ерөнхий үнэлгээ батлагдаж байж сумын засаг дарга нь Байгаль орчны яаманд энэ төслийг дэмжиж байна гэсэн албан бичиг хүргүүлж байж батлагдах ёстой. Гэвч сумын Засаг даргаас тийм бичиг явуулаагүй. Харин уурхайд явуулсан бичгийг яам хүлээж аваад ерөнхий үнэлгээг нь батлуулчихсан. Тэгэхээр байгаль орчны яам өөрт нь хаягласан албан бичгийг үндэслэж үнэлгээ батлах ёстой болохоос сум болон компани хоорондын харилцсан бичгийг үндэслэсэн нь хууль бус үйлдэл байдаг.
СЭТГҮҮЛЧ Х.МАНДАХБАЯР: НАМАЙГ ЭНЭ ХҮМҮҮС ҮРГЭЛЖ ГҮТГЭЖ ИРСЭН
-Хэлэлцүүлгийн үеэр "Сауд гоби коал транс" компанийн захирал Д.Буянбат сэтгүүлч Х.Мандахбаярыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг шантаажилж, их хэмжээний мөнгө нэхсэн хэмээн ярьсан юм. Тэгвэл сэтгүүлч Х.Мандахбаяр дээрх асуудалд албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр "Намайг их хэмжээний мөнгө авч, шантаажилсан гэх асуудалд тайлбар өгөх нь зөв байх. Тийм зүйл байхгүй. Намайг энэ хүмүүс дандаа ингэж гүтгэж байгаа. Х.Мандахбаяр мөнгө шантаажилсан гэж гүтгээд, тэрийг нь Б.Чойжилсүрэнд "Тийм зүйл байхгүй, чамаас нэг ч төгрөг авахгүй" гэхээр намайг сонгуульд нэр дэвших гэж байна гэж харддаг. Би сонгуульд нэр дэвших хэмжээний том амьтан биш. Гэхдээ арга ядахдаа, энэ тэмцлийг мохоохгүй, олон нийтийг төөрөгдүүлэхгүйн тулд "Сонгуульд нэр дэвшихгүй" гэж мэдэгдэл хүртэл хийлээ. Өнөөдөр орж ирээд намайг их хэмжээний мөнгө шантаажилсан гэж гүтгэж байна. Би ганцхан зүйл л хэлье. Энэ бол цустай мөнгө. Энэ хэчнээн хүний амийг авч, хэчнээн амьтны голыг тасалж бүтсэн мөнгө гэдгийг мэдэхгүй. Ийм мөнгөнөөс шантаажлаад авах нь битгий хэл овоолоод тавьчихсан байхад нь хажуугаар нь өнгөрөхөөсөө сэжиглэнэ шүү. Тийм мөнгөнөөс атгаж аваад үр хүүхдэдээ зориулж байгаа бол энэ ухаан санаанд багтамгүй зүйл. Тийм зүйл байхгүй. Амьд байгаа эцэг, эхийнхээ нэрээр, эцэг дээдсийнхээ сүнсээр андгайлж байна. Би тийм зүйл хийхгүй. Энэ уурхайн хууль бус үйл ажиллагаа зогстол, энэ уурхайн лиценз хуулийн дагуу цуцлагдах хүртэл бүх хүчээ, байгаа бүх боломжоо ашиглаж, та бүхэнтэй тэмцэх болно" гэсэн юм.
Тэмдэглэсэн: Б.Төрбат, Э.Мөнхжин
Сэтгэгдэл ( 2 )
хэлэлцүүллэг нэртэй гүтгэлэг болсондоо
энэ хэлэлцүүллэг тэгээд зөвхөн нэг талаа хэт баримталсан байсан биздээ тийм л юм бол тэнд байдаг бүх уурхайг ярих нь яаасан юм Мандахбаяр ч гэсэн өөрөө уул уурхайн хувь эзэмшдэг гэсэн биздээ өөрчлөлтийг өөрөөсөө эхэд гэдэг юм шүү