ОЛОН ӨНГӨ: Багшаа дурсахуй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Би Хөдөлмөрийн баатар, нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн отгон шавь нарын нэг юм. Багш маань хүнийг тэгтлээ загнаж муулаад байхгүй ч санаанаас гарахгүйгээр хатуу хэлэхийн зэрэгцээ магтана гэж үгүй. Хаа нэг бидэнд хичээл заадаг учраас тэр аугаа хүнээс үг сонсохыг хичээдэг ч эмээх нь илүү байсныг нуух юун. Нэг удаа Пүүжий багшийн цаг дээр Өвөрхангай аймгийн уугуул Ц.Батбаяр хичээл хоцрон хаалга тогшисоор орж ирэхэд багш түүний толгойноос хөл хүртэл нь ширвэн хараад “Батбаяр аа чиний наад гутал дээр чинь тариа тарихаар болж дээ” хэмээснээс хойш мань эрийн гутал тоосгүй явах болж билээ.

Мөн нэг удаа Төв аймгийн Д.Гомбосүрэн охид өдөж үймүүлээд байв. Багш маань шилнийхээ дээгүүр хараад “Гомбосүрэн хэдэн настай билээ” гэнэ. Өнөөх маань “Багшаа энэ жил 29 хүрч байна” хэмээн онголзоход “Лермонтов 27 настай сонгодог зохиолуудаа бичээд тэнгэр болчихсон байсан ш дээ. Юун охид өдөж суух” гэхээр л хулхи нь бууна. Үүний цаана асар том агуулга нуугдаж байдагт л бид сонсохыг зорьдог ч өөрийгөө ямар нэгэн байдлаар хэлчих вий гэхээс яс хавталзана.

Манай ангид “Утгын чимэг” наадмын тэргүүн шагналтан Дундговийн уугуул Ж.Сарантуяа, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч Н.Мандал, Хөтөлийн яруу найрагч, сэтгүүлч Р.Отгонбаяр, орчуулагч Б.Туяа гээд эгчмэд бүсгүйчүүд байв. Нэгэнтээ багш ангид орж ирээд мэнд ус ч үгүй “Танай ангид адуу захлаад үрээ байдас дагуулаад тэнээд явчихдаг зөнгөр хөгшин гүү шиг  хүн байх юм. Ийм гүүг тогоо тослоно гэхээр сувайрдаггүй, тослохгүй гэхээр үрээ байдас дагуулаад зөнгөртөөд, яаж ч болохгүй хэцүү л дээ” гээд гараад явахад Сараа эгч чимээгүйхэн улайн тонгойж байдаг сан. Учир нь хоёр гурван хоногийн өмнө Сараа эгч бидний хэдэн залуусыг дагуулан зугаалаад ирсэн хэрэг л дээ. Хичээл таслаад явчихгүй юу.

Энэ л дурсамжит он жилүүдэд буюу 2000 онд ангийн багш, Төрийн шагналт Д.Төрбатын ивээл дор өөрсдийнхөө шүлэг бүтээлээс бүрдсэн “Тамганы айраг” хэмээх ном гаргаад бөөн хөөр баяр. Д.Пүрэвдорж багш орж ирэхэд мишээл дүүрэн харцаар угтав. Гэтэл Пүүжээ багш юун баяр хүргэх манатай. “Төрөө ч та нарын номын өмнөх үгийг мөн ч харамгүй сайхан бичжээ. Ийм номонд хайран сайхан үг. Үг хармалмаар ном болжээ” гээд гараад явахад бидний хэдэн нөхдийн ханд ёстой нэг дарагдаж билээ. Магадгүй магтсан бол бид өдий зэрэгтэй үзэг түшиж яваа ч билүү, үгүй ч билүү. Тэр аугаа их хүн биднийг доромжилсондоо бус үг даах, ухаж ухаан суулгах, өөрийгөө эрэлхийлэхийн маш том сургаалийг мөч бүртээ айлдаж байсан хэрэг л дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.24.22) 2019 оны 08 сарын 06

ПҮРЭВДОРЖ ГУАЙ ӨӨРИЙН ТӨРСӨН ХҮҮХЭДГҮЙНЬ ХАРАМСАЛТАЙ

0  |  0
Top