Р.Төрдалай: Дэлхийн хүчирхэг гүрнүүд Монгол Улстай хамтрах гол шалтгаан нь газарзүйн байрлал байсаар ирсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

-Их гүрнүүд аливаа бүс нутаг дахь сонирхлоо хамгаалах бодлого хэзээд байсаар байх нь гарцаагүй-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, Монгол-АНУ-ын харилцааг шинэ шатанд гаргаж стратегийн түншлэлийн түвшинд хүргээд байна. Ингэснээр Монгол Улс тав дахь улстайгаа ийнхүү стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн юм. Дэлхийн хамгийн том эдийн засаг, улс төр, геополитикийн асар хүчтэй улстай стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад нэр хүндэд эерэг нөлөө үзүүлэх түүхэн үйл явдал. Судлаачид үүнийг ОХУ, Хятад хоёр том гүрний дунд оршдог газарзүйн байршил нь нөлөөлсөн ч гэж дүгнэж байна. Ирээдүйд өсөн нэмэгдэх эдийн засаг, хоёр их гүрний дунд оршдог газар зүйн байршил аль нь ч байсан Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэх түүхэн үйл явдал.

Айлчлалын дараа хоёр улс хамтарсан тунхаглал гаргаж, АНУ-ын Конгрессын танхим Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцэж байна. Хоёр улсын харилцаа нэг шат урагшилсан талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгийн талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалайтай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын тухай ерөнхий асуултаар яриагаа эхэлье. Айлчлалын уур амьсгал, агуулга таны бодлоор ямар байв?

-Баярлалаа. Уншигч олондоо энэ өдрийн мэнд дэвшүүлье. Ярилцлагынхаа эхэнд тэмдэглэн хэлэхэд миний ярилцлага дан судлаачийн байр суурь шүү гэдгийг онцлохыг хүсэж байна. Үнэн хэрэгтээ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж хамт явсан албаны хүмүүс биш учраас судлаач бид айлчлалын эргэн тойрон дахь асуудлаар та бүхэнтэй бараг ижил түвшний мэдээлэлтэй л байна шүү дээ. Гэхдээ манай талын болон Америкийн албан, гадаад дотоодын бусад эх сурвалжийн мэдээллийг нэгтгэн харьцуулж үзвэл айлчлалын уур амьсгал бүхэлдээ халуун дулаан, ажил хэрэгч, үр дүнтэй болж өнгөрлөө гэдгийг аль аль талдаа хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь 2018 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалаар хүрсэн амжилтыг бататган хоёр улсын харилцааг шат ахиулсан айлчлал болсон. Харилцаа холбоо, мэдээллийн технологи хөгжсөн өнөөгийн чөлөөт ертөнцөд жижиг сажиг шүүмжлэл, сэтгэгдэл бол хаана ч байдаг л зүйл.

-Хоёр улсын харилцаа стратегийн түвшинд шилжсэнээр харилцааны уур амьсгал хэрхэн өөрчлөгдөх вэ. Монгол Улсад хэрхэн тусах вэ?

-Товчхондоо хоёр талын харилцаа улам бүр сайжрах боломж нэмэгдлээ л гэсэн үг. Яг үнэндээ ийм айлчлал, түүнээс гарсан албан бичгүүд их гүрэндээ гэхээс илүүтэйгээр хөгжиж буй улс орондоо илүү өгөөжтэй байх нь түгээмэл шүү дээ. Хэрвээ бид боломжийг алдалгүйгээр ашиглаж чадвал олон улсын тавцанд дахь манай нэр хүнд, эдийн засгийн чадавх боломж маань нэмэгдэх ирээдүй холгүй л харагдаад байна.

-Стратегийн түвшинд шилжсэнээр магадгүй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж дүгнэж болохоор харагдаж байна. Үүнийг тайлбарлавал?

-Тэгж үзэж болох боловч бүхнийг зоосны нүх, эдийн засгийн үр ашиг гэж харахаас зайлсхийх хэрэгтэй болов уу. Мэдээж нөхцөл боломж нь нэмэгдэхийн хэрээр бидэнд хандсан хөрөнгө оруулалт, санхүүгийн боломж нэмэгдэх сайн талтай ч мөнгөөр хэмжих боломжгүй олон давуу тал үргэлж дагалдаж байдаг гэдгийг мартаж болохгүй.

-Айлчлалын дараа хоёр улсын тунхаглал гаргасан. Тунхаглалаас “Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах” гэдэг өгүүлбэр анхаарал татаж байлаа. Хамтран гаргасан тунхаглалын тухайд юу гэж хэлэх вэ?

-Хөндлөнгөөс харсан зарим нэг хүнд байдаг л нэг баримт бичиг шиг санагдаж магадгүй. Бодит агуулгаараа маш олон боломжийг бидэнд нээж өгч байна. Хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн ертөнцөд шинэ шинэ боломж нээгдсээр л байгаа.

-Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Монгол Улсын төрийн албаны нээлттэй, ил тод байдал, шударга ёс, салбарын сахилга батад хэр зэрэг нөлөөлөх вэ. Хоёр улсын хамтран гаргасан тунхаглалд энэ талын үг, өгүүлбэр байсан болохоор асууж байна л даа...?

-Тийм ээ. Манай хоёр улсын хамтын ажиллагааны үндсэн суурь нь ардчилсан ёс, ил тод байдал байсаар ирсэн цаашдаа ч байх биз. Хамтын ажиллагааны үр ашиг нь зөвхөн төрийн албаныхандаа биш нийт ард иргэддээ ашиг тусаа өгөхийн тулд энэ зарчмыг баримтлахаас аргагүй.

-Тунхаглалд “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт орших улсын бүрэн эрхийг хангана” гэдэг өгүүлбэр анхаарал татах өгүүлбэрийн нэг. Газар нутаг, бүс нутгийн дунд орших арлын маргаан эрчимжиж буй энэ цаг үед АНУ-ын байр суурийг хамгаална, дэмжинэ гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, нэр томьёоны хувьд АНУ-ын сүүлийн үеийн баримтлалаар Энэтхэгийг цохон нэрлэж оруулж ирдэг болсонтой холбоотой. Хоёрдугаарт, энэ бүс нутаг дахь аливаа маргааныг цэрэг зэвсгийн хүчээр шийдэхийг урьдал болгохгүй гэсэн санаа гэж харж байгаа. Энэ утгаараа манай гадаад бодлогын үндсэн зорилготой нийцнэ. Зөвхөн нэг талын ашиг сонирхлыг нөгөөдөө тулган хүлээлгэсэн гэж хармааргүй байна. Энэ бүс нутагт хилийн маргаантай байгаа арал, бүс нутаг цөөнгүй байсаар л байна. Манай гадаад бодлогын баримт бичгүүдэд салаа утгагүйгээр тусгасан байгааг харж болно.

Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд өнгөрсөн зууны түүхэнд дэлхийн хүчирхэг гүрнүүд Монгол Улсыг сонирхох, хамтран ажиллах үндсэн гэж хэлж болохуйц шалтаг, шалтгаан нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн газар зүйн байрлал шүү дээ. Өнөөдөр ч энэ шинж чанар үнэ цэнээ алдаагүй байгаа нь маргашгүй факт.

-Энхийг сахиулах ажиллагаа, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай нягт уялдаатай хамтран ажилласан нь стратегийн түвшинд шилжсэн гэж дүгнэх хүн цөөнгүй байна...?

-Үгүйсгэх боломжгүй дүгнэлт. Гэхдээ таны дурдсан хоёр зүйл бүх асуудлыг шийдсэн гэдэг бол нөгөө л хэт өрөөсгөл тайлбар. Нийгмийн аливаа харилцаанд нэг нь нөгөөгөө хошуучилж, чирч явдгийн адилаар харилцааны амжилттай хэрэгжиж буй салбар нөгөөдөө нөлөөлөх нь аргагүй.

-АНУ ер нь яагаад Монгол Улстай харилцаагаа шинэ шатанд гаргаж байгаа вэ. ОХУ, Хятад гэх хоёр том гүрний дунд байдаг нь харилцаагаа шинэ шатанд гаргах үндэс байв уу?

-Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд өнгөрсөн зууны түүхэнд дэлхийн хүчирхэг гүрнүүд Монгол Улсыг сонирхох, хамтран ажиллах үндсэн гэж хэлж болохуйц шалтаг, шалтгаан нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн газар зүйн байрлал шүү дээ. Өнөөдөр ч энэ шинж чанар үнэ цэнээ алдаагүй байгаа нь маргашгүй факт. Их гүрнүүд аливаа бүс нутаг дахь сонирхлоо хамгаалах бодлого хэзээд байсаар байх нь ч гарцаагүй. Харилцааны түвшнийг богино хугацаанд дараагийн түвшинд гаргаж чадсан нь нэг талаас манай талын ажлын үр дүн нөгөө талаасаа өнөөгийн дэлхий дахины улс төрийн үйл явц дахь АНУ-ын байр суурь гэсэн аль алиныг нь авч үзэх хэрэгтэй байх. Гэхдээ манай гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн чанар болсон хоёр хөрштэй харилцах харилцааг юугаар ч орлуулшгүй л дээ.

-Их гүрний гадаад бодлого ямар айхтар вэ гэдгийг энэ удаагийн айлчлалаас харж болохоор байна. Ялангуяа Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын Конгрессоор хэлэлцэх гэж байгааг дүгнэн тайлбарлавал?

-Тантай санал нэг байна. Ер нь манай гадаад харилцааны бодлогын хүрээнд яригдсаар ирсэн “Гуравдагч хөрш” гэсэн нэр томъёог анхлан Америкийн талаас гаргасан байдаг шүү дээ. Дэлхийн улс орнуудаас иймэрхүү нэр томъёог шууд хэрэглэж болохоор өөр улс байдаг эсэхийг мэдэхгүй юм. Тиймээс хуулийн нэршлээс л Монгол Улсад зориулсан хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож, боломж олгохоор яригдаж байгаад энэхүү айлчлал ихээхэн түлхэц үзүүлнэ гэсэн гэгээлэг хүлээлт л бидэнд байна шүү дээ.

-АНУ-тай Стратегийн түншлэлд шилжсэн нь ШХАБ-д элсэх тухай ярианд цэг тавьчихав уу гэж харж байна. Судлаач хүний хувьд юу гэж харж байгаа вэ?

-Үгүй, судлаачийн байр сууринаас тэгж харахгүй байна. Бүс нутгийн хамтын ажиллагааны ямар нэгэн байгууллага, механизмд элсэх, хамтран ажиллах эсэх талаарх тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх санаа агуулаагүй гэж харж байна. Цаг хугацаа бүгдийг харуулна биз.

-Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь хүлээж байсан хүлээлт үү, аль эсвэл хүлээсэн хүлээлтээс давсан уу?

-Төрийн дээд хэмжээний айлчлалын нарийвчилсан төлөвлөгөө, хэлэлцэх асуудал зэрэг нь тодорхой хугацаанд хаалттай байдаг учраас бидний зүгээс яг ямар хэмжээнд төлөвлөж очсоныг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л бид бүхний хүсэн хүлээсэн үр дүнд хүрсэн, аяны богц дүүрэн аялал болж хоёр талын харилцааны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно гэж хэлмээр байна. Аливаа хөгжил дэвшил зөвхөн биднээс л хамаарна, тиймээс хичээх л хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.80.211) 2019 оны 08 сарын 08

BIDNEES L HAMAARAH YM BNALDAA....

0  |  0
Top